Эмэгтэй сайдаа золиослоод утааны асуудлыг шийдэх юм байхдаа

Салбарын сайд (бас тэгээд тун ховор эмэгтэй сайдаа шүү) аа золигт гаргаад өөрөө нэг л мундаг хариуцлага тооцсон, утаатай тэмцсэн хүн болж ээлжит жүжгээ тавьж буй Засгийн газар гунигтай, шившигтэй, ичгүүртэй харагдаж байна.

Улаанбаатарын утаа/агаарын бохирдол өндөр байна түүний шалтгаан нь шахмал түлшний чанар, нийлүүлэлтийн ложистик, ажлын хариуцлага гэх мэт олон шалтаг заасаар Н.Уртнасан сайд, дэд сайд, ТНБД зэрэг хэдэн хүнийг огцруулах, халах зэрэг арга хэмжээг Засгийн Газрын рейтинг дээшлүүлэх компанит пи-ар болгон шуугин байгаа ч асуудал нь шийдлээ хүлээсэн хэвээр.

Нэг бодлын зөв: ажлын хариуцлага байх ёстой. Гэхдээ төрийн бодлого ялангуяа түүний хэрэгжилтийн талаар бодох зүйл нийлээд байна.

  1. Товчлох үүднээс би бас “утаа” гэж бичих хэдий ч олон жил яригдаж буй нарийн төвөгтэй агаарын бохирдолтын тухай complex асуудлыг хөндөж байгаа юм шүү.
  2. Энэ төвөгтэй асуудлыг салбарын сайд буюу яаманд хариуцуулсан нь буруу.
    1. Салбарын сайдын хэмжээнд шийдэгдэх асуудал биш бөгөөд түүний эрх мэдэл нь хүрэхгүй харин асуудлын цар хүрээ, ач холбогдлоор үзвэл Ерөнхий сайд өөрөө хариуцах ёстой бөгөөд үгүй юм аа гэхэд шадар сайдын хэмжээнд зангидах ёстой.
  3. Өмнө нь У.Хүрэлсүх асуудлыг шийдсэн гэж рекламдаад байсан. Нэгэнт шийдсэн асуудал учраас салбарын Сайд хяналт тавьсан болоод байж болно гэж энэ Засгийн Газар үзсэн бололтой.
    1. Илүү өндөр түвшинд зангидаж асуудал болгон яриад байвал У.Хүрэлсүхтэй хамтран худлаа ярьж, асар их хэмжээний хөрөнгө үрэн таран хийсэн гээд бөөн асуудал үүснэ.
    2. Нэгэнт л шийдсэн гэж зарласан (шийдсэн биш харин зарласан) болохоор “шийдэгдсэн” болоод байж байг гэсэн эрх баригчдын тун явуургүй улс төр Л.Оюун-Эрдэнэийн засгийг газрыг барьцаалжээ. Ёстой нөгөө “Le mort saisit le vif” гэж энэ дээ.
    3. Бодиттой нь У.Хүрэлсүхийн үед асуудал огт шийдэгдээгүй бөгөөд агаарын бохирдол хэвээр байсан. Нүдэнд үзэгдэх утаа нь гайгүй болсон гэж сар гаруй шуугиад байсан ч хорт агууламж нь улам ч нэмэгдэж, өчнөөн хүн угартаж үхсэн гэдгийг мартах ёсгүй.
  4. Асуудлыг шийдсэн гэсэн улс төрийн хүсэлдээ, өөрсдийн өрнүүлсэн пиардаа итгэсэн нь Засгийн Газар, түүнийг толгойлж буй Л.Оюун-эрдэнэ-ийн том алдаа.
  5. Салбарын сайд хэдий ч Засгийн Газрын гишүүн гэдэг утгаараа Н.Уртнасанд асуудлыг хариуцуулсан байж болох ч түүний эрх мэдэл, ялангуяа шуурхай шийдвэр бие даан гаргах эрхгүй, заавал бусад сайд, агентлаг болон орон нутгийн удирдлагатай “зөвшилдөхөөс” өөр аргагүй Н.Уртнасанд амаргүй байсан нь ойлгомжтой.
  6. Иймэрхүү маягаар ажил үүргийн хуваарилалт хийсэн нь Засгийн газрын тэргүүний маш том алдаа.
  7. Давтан хэлэхэд
    1. Утаа, агаарын бохирдлын асуудал нь ганц жилийн дотор шийдэх асуудал биш ээ, жилийн дотор шийднэ гэж ярьж байсан, ярьж буй хүмүүс санаатай бусдыг төөрөгдүүлж, хуурч буй хүмүүс.
    2. Асуудлыг шийдэхийн тулд олон жилийн тууштай, цэгцтэй, цогц арга хэмжээг эдийн засаг, захиргаа, нийгмийн бодлогын төрөл бүрийн механизм, аргаар шийдэх юм. Улс төрийн зориг, асуудлыг шийдэх (шийдэж буй мэт дүр эсгэх биш) гэсэн чин хүслэн нэн чухал.
    3. Утаа гэх “яршигтай, төвөгтэй, гайтай, ялтай” асуудлаас төвөгшөөж, зугтсан засгийн газарт дашрамд анхааруулахад Улаанбаатар гээд л байгаа болохоос биш аймгийн төвүүдийн утаа агаарын бохирдол зарим газар гамшигийн хэмжээнд хүрсэн нь нууц биш.
  8. Үнэхээр асуудлыг шийдэх хүсэл байсан бол Ерөнхий Сайд эсвэл Шадар сайдын хэмжээнд зангидаж улмаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, Хотын дарга нарын түвшинд координаци хийх эрх мэдлийг нэгтгэн эдэлсэн эрх мэдэлтэн зөвхөн энэ асуудалд төвлөрөн ажиллах ёстой юм аа. Учир нь:
    1. Ийм том эрх мэдлийг төвлөрүүлж асуудлыг шийдэх эхлэл л тавигдах бөгөөд утааны асуудлын учир шалтгаан нь гэр хороололд хэдэн хүн түүхий нүүрс, нууц сүлжээгээр хотод оруулж ирээд түлээд байгаа гэх мэтэд байгаа юм биш ээ.
    2. Харин нийгэм эдийн засгийн гүн гүнзгий үндэс; шийдэл, эс шийдэл нь хол хүрэх үр дагавартай юм. Тухайлбал, социализмын үед хүнийг оршин байгаа газарт нь гадаслаж байсан алдарт социалист-хамжлагат ёс, МАН (МАХН) супер олонхи бүхий БНМАУ-ын Ардын Их хурлаар баталсан Үндсэн хуулиас, Улаанбаатарын хот төлөвлөлтийг хариуцаж байсан эрх дархтангууд зэрэг олон үрэгдсэн бөгөөд үлдсэн субьектуудаас хайх хэрэгтэй болно.
  9. Утааны асуудлыг шийдэхдээ тулбал, хот төлөвлөлтийн асуудлыг зоригтой эргэн харах, шийдэх, гудамж төслийг хэрэгжүүлэх, ипотек, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг гаргаж тавих шаардлагатай бөгөөд эдгээрийг зангидан дэвшүүлэх, шуурхай удирдлагаар хангах, шийдэх эрх мэдэлтэн байх ёстой юм аа. Асуудлыг захиргааны гэхээс илүү эдийн засгийн механизмаар шийдэх учиртай юм.
  10. Ядуурал, эдийн засгийн хоцрогдол, пиар хийхээс өөр зүйл мэдэхгүй төрийн тэргүүнээс эхлээд баг хорооны дарга нар, асуудлыг шийдэх зориулалтаар гаргаж буй мөнгийг хулгайлдаг мафи маягийн сүлжээ гээд түмэн д асуудлыг утаа агаарын бохирдолтой холбож тавих ёстой бөгөөд энэ бүгдийг ил тод хэлж асуудлыг тал бүрийн оролцоотой хамтран шийдэх арга замыг хайхын оронд салбарын сайд (бас тэгээд тун ховор эмэгтэй сайдаа шүү) аа золигт гаргаад өөрөө нэг л мундаг хариуцлага тооцсон, утаатай тэмцсэн хүн болж ээлжит жүжгээ тавьж буй Засгийн газар гунигтай, шившигтэй, ичгүүртэй харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *