Таны бичих арга барилыг сонирхож байна

Нийтэлж буй зүйлдээ нухацтай ханддаг сэтгүүл дээр нийтлэгдсэн материалыг би унших дуртай. Бичихийн хувьд уул нь, нэг санаа хэлчих юмсан, нэг асуудлыг ч гэсэн өөр өнцгөөс хараасай гэж бодож байдаг. Сүүлийн үед бусдад хүргэх урам сонирхол эрс багасаж, өөрийнхөө сониучлалд хөтлөгдөөд юм бичээд байна уу гэж өөрийгөө “хардаж” суугаа шүү.

Сониучхан клубын оюутнуудын асуултанд хариулсан байдал.

2024-01-23

  • Та сайт (www.amarjargal.org) хөтөлж, сонин хэвлэлд нийтлэл бичиж, ярилцлага өгч харагддаг. Бид эссэ бичих гээд л бөөн юм болдог. Таны бичих арга барилыг сонирхож байна?
  • Арга барил гээд сүртэй юм байхгүй. Миний “үндсэн ажил” нь унших бичих. Хамаг цагийн 80-90 хувь нь унших, үлдсэн нь тэмдэглэл хийх, бичих. Гэхдээ завсраар нь уулзалт хурал, яриа хийх гэх мэт зайлшгүй мөртлөө, үр дүн тун багатай ажлууд зөндөө гардаг. Элдэв хурал зөвлөгөөн дээр харах унших ёстой зүйлээ урьдчилан бэлтгээд очдог учраас нэг талын зүгээр болов ч, хүмүүс ярьж байхад нь өөр юм хийгээд байх муухай л даа. Тиймээс бусдад анзаарагдахгүйгээр унших зүйлээ уншиж сурсан. Түгжрэл гэж “сайхан юм” байна. Унших бололцоогүй хэдий ч, би сонсох ёстой подкастууд, төрөл бүрийн лекцүүдийг татаж аваад машиндаа, алхаж байхдаа сонсдог. Англи орос хэлээр гайгүй ойлгодог учраас лекц ярианы хурдыг нь 1.25 заримдаа 1.75 тавьж байгаад сонсдог болохоор нэлээн юм сонсож амждаг.
  • Юм бичих орчны талаараа яриач? хаана, ширээ сандал?
  • Голдуу л гэртээ, эсвэл ажлын өрөөндөө бичнэ. Ширээ компьютер байхад л хангалттай. Заримдаа дэвтэр цаасан дээр бичихдээ их таашаал авдаг. Харамсалтай нь цаасан дээр бичсэн зүйлээ тэртээ тэргүй компьютерт оруулах шаардлагатай байдаг учраас нэг ажлыг хоёр хийгээд байгаа юм шиг. Тиймээс голдуу л компьютерт шууд оруулдаг.
    Өмнө нь, оффисын программыг МАС дээр суулгаж байгаад хэрэглэдэг байсан учраас заавал өөрийн ширээндээ суух хэрэгтэй байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд word, notion, roam research, outlook гэх мэтийн миний тогтмол хэрэглэдэг апп-ууд бүгд онлайн байгаа учраас интернэт сүлжээнд холбогдсон аль ч компьютер дээр ажиллах боломжтой. Ялангуяа гадаадад явж байхад тун тустай. Тэгээд ч iPad гэж нэг сайхан юм байна. Энд бараг гурван мянга шахам ном зохиол судалгааны ажил багтаж байгаа. iPhone дээр ч ойр зуурын юм бичнэ ш дээ. Саяхан journal гэж апп IPhoned ороод ирсэн түүнийг нэлээд сонирхож туршиж байна.
    Мөрөөдөл гэвэл – ой модтой ууланд, нэгэн модон байшинд, сонирхсон зүйл ээ бичээд суух мөрөөдөл байдаг. Мөрөөдөл л юм даа.
  • Юм бичиж эхлэхээсээ өмнө та яг яадаг вэ? үзэг цаасаа цэгцлэх гэх мэт?
  • Аа, бас жаахан маяглана аа, ширээн дээрх юм аа нааш цааш болгох гэх мэт. Аяга кофе хажуудаа тавих шиг гэх мэт юм бий. Гол нь бичих гэсэн сэдвээ барьж авхаас зүрхшээгээд л байгаа хэрэг. Хэн нэгэнд захиалгаар юм бичих, сонирхолгүй сэдэв хэдий ч зайлшгүй нэг юм бичих ёстой гэх мэтчилэн. Ёстой нөгөө дургүйд хүчгүй гэдэг л дээ. Гэхдээ өөрийгөө сахилгажуулан шаардлагатай, хэрэгтэй, албатай, үүрэгтэй, ёстой гэх мэтээр хүчлэн өөрийгөө суулгаад эхний санаа, өгүүлбэрээ бичээд авбал цааш гайгүй урсаад явдаг.
    Асуудал нь толгойнд цэгцрээд эхлэхээр бичих хялбар, гэхдээ бас зөв нэр томьёо томьёолол олох гэж нэг ажил байдаг. Болдогсон бол монгол, англи, орос үгс, нэр formula, terms и сравнение нэг өгүүлбэрт хутгаад бичдэг бол тун амар аа гэж боддог. Тэнэг бодол байх л даа гэхдээ. (инээв) Миний мэддэг хэлний үгийн запас (сан) тус тусдаа их бага гэж би өөрийгөө голдог харин гурван хэлнийхээ, мөн дээр нь франц, немец, хятад, япон зэрэг хэлээр түгээмэл хэллэг ашиглавал хүмүүс ёстой жонхуу гэх байх л даа.
    Дайн ба Энх ийг аваад үзээрэй: орос франц. Сүүлийн үеийн уран зохиолд нэг хэсэг нэг хэлээр тэгснээ өөр хэлээр, тэгснээ бүр гуравдах хэлээр бичсэн байдал нэлээд үзэгдэх болсон. Глобалчлалын үр дагавар. Надад бол сонин авууштай санагдсан. Нөгөө талаас үндэсний онцлог, ялгарлаа алдахгүй байхын тулд эх хэлээ цэвэр байлгах ёстой гэсэн аргумент бас л анзаарууштай. Ямар ч болсон би хувийн тэмдэглэл бичихдээ хамгийн цөөн үг хэрэглэж буй хэлээр нь бичдэг юм билээ. Тэгээд ч нэг хэлнээс нөгөө рүү шилжин бичих нь, ярих, сэтгэх нь тархи толгойн ажиллагаанд тун тустай гэж хаана билээ нэг судалгаа уншиж байсан юм.(инээв)
  • Одоогийн хүмүүс гарчигнаас хэтэрч юм уншихаа больсон гэдэг. Та …
  • Харин тийм. Бусдыг, ямар ч болсон бусад улс төрчдийг бодвол би харин сайн уншдаг шүү. Хэн нэг нь хүч хөдөлмөр, цаг зав гаргаад хийсэн зүйл. Хүнд хэрэгтэй ямар нэгэн тоо баримт, санаа байх ёстой гээд л үзэг харандаа бариад л доогуур дээгүүр нь зураад л уншдаг. Миний шүүлтүүр сайн: улс төр, эдийн засгийн сэдвээр хэнийг унших эсэхээ гадарладаг болсон хойно нэг их ачаалалтай биш. Шинэ юм хэлдэг хүн ховор. Тухайлбал, улс төрд орж буй залуусын дунд мэдээжийн үнэнийг давтсан, хоосон цэцэрхсэн нь хэтэрхий олон байгаад харамсаж байна. Нэг тийм популист байхгүй бол болдоггүй юм байлгүй дээ. Нийтэлж буй зүйлдээ нухацтай ханддаг сэтгүүл дээр нийтлэгдсэн материалыг би унших дуртай. Бичихийн хувьд уул нь, нэг санаа хэлчих юмсан, нэг асуудлыг ч гэсэн өөр өнцгөөс хараасай гэж бодож байдаг. Сүүлийн үед бусдад хүргэх урам сонирхол эрс багасаж, өөрийнхөө сониучлалд хөтлөгдөөд юм бичээд байна уу гэж өөрийгөө “хардаж” суугаа шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *