Намуудын Бар жилийн өнгө төрх

Улс төрийн нам нь арилжаалдаг цорын ганц бараатай - тэр нь АМЛАЛТ.

1/2 Памфлет

Одоогоос 8 жилийн өмнө энэхүү сайтанд Оросын нэрт философч, түүхч, нийтлэлч Ильин Иван Александровичийн Яд партийности гэсэн нийтлэл оруулан, мэддэг чаддаг нь орос хэлнээс орчуулан аль болох олон хүнд түгээгээрээ гэж байлаа. Орчуулаад сайтандаа оруулна уу гэж Баабараас гуйж байсан санагдана. Хичнээн хүн хүрсэн нь бүү мэт гэхдээ Билэгт нэрээр нэг коммент орж ирсэн бөгөөд

Мөн “дух партийности развращает народ и ведет государство к гибели” гэж хэлсэн байна, харин бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэмд “нам” гэдэг энэхүү институц яалтачгүй засгийн эрхийг барих субьект шүү дээ? гэж асууж байсан.

Олон жилийн дараа хэдий ч намуудын Бар Жилийн өнгө, төлөв байдал дараах дүр төрх бууж байх юм.

  1. Ямар ч том гэж өөрийгөө өргөмжлөж буй нам нь нийгмийн нэг л (зарим нь тун ч өчүүхэн) хэсэг. Том жижиг олон нам байлаа гээд (намын гишүүд нь давхардаагүй бол) нийгмийн үлэмж хэсгийг хамрахгүй.
  2. Гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь улс төрийн намын үндсэн үүрэг гэгдэж байсан цаг үе эргэлт буцалтгүй өнгөрсөн. Сонгууль дөхөөд ирэхээр зарим нэгэн сургалт явуулдаг бөгөөд сонгогчдыг яаж авилгалдах вэ? сонгуулийгяаж луйвардах вэ? гэдгийг л илүүтэй заана.
  3. Намууд өөрсдийн зөвхөн өөрсдийн маш тодорхой шиг сонирхолтой бөгөөд өөрсдийн асуудлаа шийдэх гэж оршдог. Харин улс нийгмийн эрх ашиг зэрэг нь халхавч.
  4. Нам эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд улс төр, эдийн засгийн хурц, харгис, ичгүүр сонжуургүй тэмцэл явуулж, хэн сайн нийгмийг хагалан бутаргадаг нь цэнгэлийн манлайд хүрнэ.
  5. Аливаа намыг худалдаж, худалдан авч, авилгадаж болох бөгөөд том, сүртэй уриа лоозунгаар халхавчилсан улс төрийн янхандалтыг намуудын хувьд хэвийн хэм хэмжээ болгож чадсан нь тодрох нигууртай.
  6. Намын оршин тогтнол нь мөнгө санхүүжилттээс шууд хамааралтай бөгөөд ихэнхдээ хууль бус аргаар олсон ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч үгүй бол тэд амь зуухгүй.
  7. Эдийн засгийн орчин тааламжгүй, хоцрогдол, хямралтай үед намуудын санхүүгийн цорын ганц эх үүсвэр нь улсын төсөв болдог бөгөөд түүнээс салсан нам мөхнө. Төрөл бүрийн хөшөө, суврага босгох зэрэг ямар ч хамаагүй арга замаар “буян үйлдэгч” жилдээ намын санд алт мөнгө элбэг болговол амгалан ирмүй.
  8. Гишүүд нэрээр түмэн шимэгчидыг намд шургуулан, үзэл баримтлалдаа үнэнч, зарчимч, шудрага гишүүдээ шахан зайлуулж, гутаан доромжлон, тойрон хүрээлэгчдыг үүсгэн, намын бүх шатанд мөнгө саадаг төгс төгөлдөр механизм бүрүүлэх нь одоо цагийн намын дарга нарын эрхэм зорилго. Ийм хаалттай бүлэглэл, мөнгө саах механизм бүрдүүлсэн намын удирлага төрхийн эрхийг хулгайлах, залилан болон булаан авах чадвартай.
  9. Намын дарга тойрсон даган баясагчид тойрон хүрээлэгчид нийгмийн баялагыг хорогдуулдаг, өвөрмөц бизнес эрхэлдэг бөгөөд улс төрийн нөхцөл байдлыг тасралтгүй донсолгоонд байлгаж түүнээсээ шууд болон тойруу замаар асар их хэмжээний ашиг хонжоо, хувь хүнийхээ хувьд хүртэх бөгөөд эс бөгөөс хоосромуй.
  10. Улс төрийн нам нь арилжаалдаг цорын ганц бараатай – тэр нь АМЛАЛТ. Амлалтаа тасралтгүй төгөлдөржүүлэх ёстой бөгөөд байнга гоёмсог “чихрын цаасанд” ороож, олны өмнө гайхуулан, иргэдийн сэтгэлийн хөдөлгөөнийг нь өдөөж, “чихэн дээр нь цэцэг ургуулах” юм бол бүх зүйл тэгшрэх ёстой.
  11. Амлалтаа иргэдэд хүргэх нь жилээс жилд амаргүй, үнэ өртөг ихтэй болж байгаа учраас улс төрийн – бизнесийн богино, дунд хугацааны холбоо, альяанс үүсгэх нь тун ээлттэй бөгөөд ингэж чадаагүй намд ширүүн жил болно. Төрөөс тэмбумтан төрүүлэх, төрийн албыг төрлийн алба болгох зэрэг нь орчин цагийн намын төлөвшилын дайвар үр дагавар нь юм.
  12. Намын байгуулалт буюу улс төрийн бодлого үйл ажиллагааны эд эс, эрэг шураг, үе мөч, алхам бүрийг арилжааны хэрэгсэл болгох хосгүй авьяастнуудаар л монгол улсыг залуулах тавилантай та бид намуудын өнөөгийн өнгө төрх иймэрхүү бууж байгааг эрхбиш анзаарах байлгүйдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *