Ц.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч байлаа

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үг

Амар сайн байцгаана уу? Авьяас төгөлдөр эрхэм хүн Цэрэндоржийн Балдорж сэтгүүл зүйн цэлмэг тэнгэрээс гэгээн өдрөөр харван одсон гэрэлт нэгэн од байлаа. Эрдэнэт бие нь та бидэнтэй хамт байхгүй ч үйлс бүтээл, үлдээ­сэн өв нь Монголын сэтгүүл зүйн тэнгэрээс мэргэжил нэгт нөхдөө гэрэлтүүлэн гийгүүлсээр байна. Сэтгүүл зүйд юу өгч, юу үлдээж, юу нь үргэлжилж байгаагийнх нь төлөө Ц.Балдор­жид талархал илэрхийлэн, мэхийн хүндэлж, дээдлэн дурсах учиртай. Юуны түрүүнд Ц.Бал­дорж Монгол оронд ардчилсан, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн үрийг суулгаж, эх орноо хэвлэлийн эрх чөлөөний хаант улс бол­гох их үйл хэргийг зөн билгээрээ үүсгэн эх­лүүлж, атрын шанг нь татаж, тулган дахь галыг нь асаан бадраасан шинэчлэгч, ирээдүйг дөт­лөн ойртуулсан авьяас билэгтэн байсныг нь жил болгоны энэ өдөр дээдлэн дурсаж байх үүрэгтэй, бид.

Ц.Балдорж агуулга гүн, арга барил онцлог, асуудал нь шинэлэг сайхан бичдэг, сайн бичдэг, сайн сэтгэдэг сэтгүүлч байлаа. Сайхан бичих гэдэг нь нэгэн зэрэг сайхнаар сэтгэж, сайх­наар мэдэрч, сайхнаар илэрхийлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшихэд оршино. Ц.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч. Түүний тэнгэрлэг авьяас, өндөр боловсрол нь их мөрний усыг тэтгэгч ширгэшгүй ундаргат булаг адил бүтээл туур­вилыг нь тэтгэн амилуулдаг байсан юм. Одоо ч гэсэн тэрбээр үзэг нэгт залгамж үеэ сайн бичих, сайхан бичих, шинийг сэдэх, шилдгийг туурвих оргил өөд зам гарган, хөтөч мэт дагуулсаар байна. Авьяастныг араас нь түлхэх юм уу, гараас нь хөтөлж чангаах хэрэггүй, тэд өөрсдөө замаа гарган, бусдыг дагуулан, өмнө нь явцгаадаг юм.

Сэтгүүлчид үндэстнийхээ хэл соёлын дарх­лааг хадгалан хамгаалахад тэргүүн эгнээнд ухаан бодлоо хөвчлөн, хурц зэвсгээ агсан, хил манасан хилчин адил нүд цавчилгүй зогсож байх оюуны салбарын дайчид билээ. Төрөлх хэлнийхээ жинхэнэ мэдлэггүй хэн ч гэсэн хэзээ ч жинхэнэ сэтгүүлч байж чадахгүй. Тө­рөлх хэлээ хүндэтгэдэггүй хүн төрөлх ард түм­нээ хүндэтгэдэггүй. Агуулга ядмагхан хэвш­мэл хэдхэн үгэнд эргэлдсэн, утгын болон хэл зүйн алдаа нь хэрээс хэтэрсэн, үлбэгэр болхи бичвэр уншигч, сонсогч, үзэгчдийн дургүйг хүргэж, шүүмжлэлийн бай болно уу гэхээс, тэдэнд таашаал хүртээж, анхаарлыг нь татаж, ой тойнд нь шингэхгүй нь тодорхой. Сэт­гүүлчид аялгуут сайхан монгол хэлнийхээ нэн баялаг үгийн сангийн далайгаас үнэт шүр сувд шүүрдэх адил сонгон хэрэглэж, төрөлх хэл­нийхээ мартагдсаныг сэргээж, бүдгэрснийг нь тодруулж, улам улмаар баяжуулж, хэл соёлоо хамгаалан хойч үедээ буухиалан дамжуулах мэргэжлийн хийгээд иргэний үүргээ төгс сайн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хэл соёл бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монгол түмний дангааршин хадгалах дээд үнэт зүйл мөнөөс мөн.

Сэтгүүл зүй шударга ёсыг сахин хамгаала­хад хана хэрэм мэт бат зогсож, шударга ёсны аврал, шударга бусын айдас, шударга бусын золиос болон доромжлогдон гадуурхагсдын өмгөөлөгч, шударга бусыг үйлдэн давран сагагч­дын даруулга байх ёстой. Шударга ёс цэцэглэж байгаа орчинд л хүмүүс шударга ёсыг сахидаг.

Ц.Балдорж сэтгүүл зүйг шударга ёс цэцэглэ­сэн ариун тансаг орчин байлгахын төлөө тэм­цэгч байсан юм. Шударга хүн шударга бусыг хэзээ ч үйлдэхгүй. Хэнд ч харагдахгүй, хэнд ч сонсогдохгүй, хэнд ч мэдэгдэхгүй шударга бус үйлдэл хийх боломж олдсон ч тийм үйлдэл хийдэггүй хүн чин шударга. Шударга бусын золиос болон хохирсон хүмүүсийн аврал эрэн хөнддөг авран хамгаалагчид нь сэтгүүлчид би­лээ. Шударга бусыг бие махбодиороо амссан хөөрхий хүний зовлонг яг өөрийнх шиг мэдрэн хүлээн авч, ган үзгээ шүүрэн, галтай цогтой үгээ бэлдэн тулаанд ордог сэтгүүлч шударга бусыг үйлдэхгүй, шударга ёсны манаанд бат зогсох болно. Шударга байх мэргэжлийн ёс зүйн үүргээ шударга бусын сүүдэрт нуусан, үнэнийг өгүү­лэх ёс суртахууны тангаргаа худлын намагт живүүлсэн хүн сэтгүүл зүйн ариун эгнээнд байх учиргүй. Өвдсөн хүнд эм, цангасан хүнд ус авчирч өгөх нь буянтай үйлс мөн. Сэтгүүлчид нийгмийн ёс суртахууны доройтлыг эмчлэх, шударга ёсны цангааг тайлах ариун үйл хэрэгт үйлчлэх ач буянт хувь тавилангаа бүрэн дүүрэн эдлээсэй билээ.

Шударга ёс худалдагдахаараа хумхын тоос адил арилан замхардаг. Сэтгүүлчид амьдрах, бас бичих боломжтой байхын тулд мөнгө олох ёстой боловч шударга ёсыг худалдан байж мөнгө олох нь тэдний мэргэжлийн ёс зүйд гал, ус мэт харш. Дээдэлдэг үнэт зүйлээ өөрийн гараар устгаж болно гэж үү. Сэтгүүлчид мөнгө амласан атгаг бодолт, буруу үйлдэлт хүмүүсийн гутлын өсгийд наалдсан шавар шавхай мэт болж доош орон, өөрийн хийгээд мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэлж, нэр төрөө гутаах ёсгүй.

Үгээр хүнийг үхүүлж болно, сэхээж чадна, үгээр хөгжлийг хурдасгаж болно, үгээр хөгжлийг сааруулж чадна, барьж байгаа үзэг нь ч бичиж байгаа үг нь ч ирлэсэн илднээс илүү хурц зэвсэг мөн гэдгийг Ц.Балдорж алхам тутамдаа санаж, хамтран зүтгэгчдэдээ сануулж ухааруулдаг байсан юм. Ц.Балдорж юу бичихээ, яаж бичихээ, юуны тулд бичихээ сайн мэддэг, бичсэн зүйлээ үнэний шүүлтүүрээр оруулж, шударга ёсны шүүлтүүрээр шүүж, хэрэгтэй, хэрэггүй, тустай, тусгүйг нь нягталж дэнслэн байж олны хүртээл болгодог байсныг түүний үлдээсэн өвөөс нь түвэггүй харж, суралцах үүд хаалга бүхэнд нээлттэй байна.

Залгамж үетэйгээ зэрэгцэн явахын тулд сэтгүүлчид өөрийнхөө цаг үеэс түрүүлж сэтгэн, эрин үеэсээ түрүүлэн алхаж, олон түмнийг араасаа дагуулах нийгмийн түүчээ юм. Бид мэдлэг боловсрол, сэтгэлгээ, арга барил, ур чадвараараа эрин үеэсээ түрүүлж чадаж байгаа билүү гэдгээ үе үе бодож эргэцүүлж байх нь сэтгүүлчид өөрсдөдөө тавих өндөр шаардлага, байнга өсөж хөгжихийн нэг эх булаг мөн билээ. Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагнал сэтгүүлчдийн мэр­гэжлийн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээг өргөжүүлэн тэлж, өдөөн идэвхжүүлж, сэтгүүл зүйн хөгжлийг нэгэн жилийн хугацаанд толь­дон харж, үнэлэн дүгнэж болохуйц ил тод, бодит хэмжүүр болж байгаад сэтгэл дүүрэн талархалтай байдаг юм.

2017-09-12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *