Beautiful Plants For Your Interior
“Түүхий” гишүүдийг таних хамгийн хялбар арга

Саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа (https://bit.ly/3Nd0FQn) ийм нэгэн жишээ татсан юм.
“Яаж яваад тийм муухай хүмүүс шийдвэр гаргагчид болоод байна вэ? Би нэг жишээ татъя. Коузын теорем. Удирдах албан тушаалд мэргэжлийн ур чадвар, туршлага зэрэг нь яг ижил хоёр хүн байна гэж саная. Нэг нь зарчимч, нөгөө нь зальт этгээд. Хэн нь дарга болох вэ? — Зальт этгээд нь юм болов уу? — Зөв. Яагаад гэвэл зарчимч нэг нь ёс бус үйлдэл хийхгүй. Харин зальт этгээд нь албан тушаалд очихын тулд өрсөлдөгчөө гүтгэх, харлуулах, авлигадах гээд л бүхий л аргыг хэрэглэнэ. Үүнээс үүдээд чамаас дахиад нэг зүйл асууя. Манай дээш гарсан дарга нар дандаа ямар хүмүүс вэ? (инээв).”
Үүний тод жишээг УИХ-ын нэгдсэн хуралдаанаас ажиглаж болно. Дэгийн тухай хуульд “Гишүүн хэлэлцэж буй асуудлаар л үг хэлнэ” гэж маш тодорхой заасан байдаг. Зарчимч гишүүн нь яг л хуулиа дагаад, олгогдсон хугацаандаа багтааж, хэлэлцэж буй асуудлаар үг хэлдэг. Гэтэл зальт нэг нь хаа хамаагүй хадуурч, улс төр, популизм хийгээд явчихна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүн асуулт асуух үед ч мөн адил. Асуулт асуух ёстой байтал зальт нэг нь асуулт биш, үг хэлээд эхэлдэг. Энд хэн нь “хожиж” байна вэ? Хэлэлцэж буй асуудлаар яг асуулт асууж, үг хэлсэн нь олны анхаарлыг татахгүй. Харин “хадуураад явсан” нэг нь сүржигнэл, популизмаараа олны өмнө “хурц”, “дайчин”, “үнэнийг илчлэгч” гэх мэт дүр эсгэж тодорно.
Эрхэм гишүүд асуулт асуух, үг хэлэх хоёрын ялгааг мэдэхгүйдээ (заримдаа үнэхээр мэддэггүй юм болов уу гэсэн бодол төрдөг) биш юм. Гол нь эрхэм гишүүд иргэн, төрийн түшээ болж төлөвшсөн эсэхэд л асуудал байгаа юм.
Үүнээс үүдээд нэгэн санаа төрж байна. Эрхэм гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгогчид ялгаж салгах хялбар арга бий. Асуулт ба үг хэлэхийг ялгаж чадахгүй байгаа бол эрхэм гишүүн “түүхий байна”, хэлэлцэж буй асуудлаар биш, хаа хамаагүй зүйл чалчаад байгаа бол мөн л “түүхий байна” гэж дүгнэх хэрэгтэй.
Иймэрхүү статистикийг улс төр судлаачид хялбархан гаргаж, сонгогч олонд хүргэдэг болоосой. Энэ бол төрийн босгыг өндөрсгөх энгийн бөгөөд төсөр боловч нөлөөтэй хэрэгсэл юм.


