Монголд ардчилал ямар утгаар хэрэгжиж байна вэ

-Үүнээс бүх зүйл шалтгаална-

interview-R.Amarjargal

-1990 оны ардчилсан хөдөлгөөний тугийг барилцаж явсан хүний хувьд таны эхлүүлж, эх орондоо нутагшуулсан ардчиллыг хорь гаруй жилийн дараа эргээд харахад тогтворгүйдэж, гажуудсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Монголын ардчиллын тухай гэхээр л төрийн өнөөгийн тогтолцоог хэмээн ойлгох нь түгээмэл болжээ. Тиймээс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй болох болохгүй бүхнийг ардчилалд нялзааж байна. Нөгөө талаас “Ардчилал” гэдэг үг, ухагдахууныг нийгэмд тун ч замбараагүй “хэрэглэх” болсон. Хаа сайгүй л ардчиллын нэрийг барьж, ардчиллаар бамбай хийсэн зүсэн бүрийн тулгалт, шаардлага, эрэлт хүсэлт, амлалт тааралдах юм. Эрүүл ухаантай, чигч шударга хэн ч алмайрч гайхмаар. Ардчиллаар гул барьсан луйвар булхай, “хулхидалт” энд тэндгүй олширчээ. Хэн сайн луйвардаж, хуурч, жүжиглэж байгаа нь жинхэнэ ардчилагч болж хувирах шинжтэй.

Ерэн оны хувьсгалд оролцож байсан хүний хувьд, төрийн оролцоо, эрх мэдлийг хязгаарлах, хууль дээдлэх зарчим, хувь хүний эрх чөлөө, өмчийн болон хэлцлийн эрхийг хамгаалан хэрэгжүүлэх, төр засагт хяналт тогтоох хэрэгсэл гэж ойлгож байсан “ардчилал” өнөөдөр ямар ч хэм хязгааргүй өргөжиж, хүнээр бол хүнсээ ихдүүлэн “таргалж, бүдүүрсэн” гэлтэй. 

Мэдээж, энэ бүгдэд ардчилал хэмээх ухагдахуун юуны буруутай байх билээ. Харин түүнийг санаатай, санамсаргүй мушгин гуйвуулсан, буруу зөв уншсан хүмүүс бидэнд л учир байна.

Засгийн газрын энэ тэр бодлого, үйл ажиллагаа нь зөв гэдгийг олонхиороо хэлэлцэн хүлээн зөвшөөрдөг, шийдвэр гаргах механизмыг би зүйд нийцнэ л гэж боддог. Гэхдээ 4 жил буюу түр зуур олонхи болсон хэсгийн шийдвэрийг хянах механизм бас байх ёстой гэж итгэдэг. Тэр ч үүднээс засаглалын хуваарь, харилцан тэнцвэржүүлсэн тогтолцоо байх ёстой гэж үздэг.

Зарим нэгэн жишээ татах ёстой байх л даа. Хууль тогтоох засаглалыг аваад үзье. Тухайлбал, чухам ямар зүйлийг хуульчлах ёстой вэ гэсэн асуулт гарч байна. Эрх мэдэл олонхио хадгалахын тулд олонхи үндсэндээ хүссэн болгоноо хуульчлан, бусдыг хуулиа дээдлээч гэж даажигнаж байна. УИХ-аар Оюутолгой, Тавантолгой, ноолуур ноос, барилгын татаасын тухай ярих ёстой юм уу, эсвэл ашигт малтмалын хууль, уул уурхайн бодлого, ярих ёстой юм уу? Хэлэлцэх асуудлаа оновчтой тогтоож чадахгүй байгаа учраас бүтээмжийн тухай ярих нь утгагүй боллоо. Хяналтын үүрэг гэж байгаа, гэхдээ эл үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа нь төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаагаас тод харагдана. Сонгогдоогүй, иргэдээсээ мандатаа аваагүй ямар ч субьект хууль батлах учиргүй гэхдээ УИХ зөвхөн үндсэн хуулиар хязгаарлаж өгсөн хүрээнд л хууль батлах учиртай шүү дээ. Засгийн ажилд хэтэрхий хутгалдан ажлыг нь булааж аваад хийгээд байгаа юм биш биз.

Дараа нь бас хууль тогтоох засаг хэрхэн бүрдэх ёстой вэ гэж асууж болно. Олонхи дотроо олонхи болсон цөөнх эрх мэдэл, ашиг сонирхолдоо нийцүүлэн шийдвэр гаргаж, түүнийгээ бусдад тулган хүлээлгээд зогсохгүй бусдынхаа эрхийг хааж, боогдуулж болдгийг хамтарсан нэртэй өнөөгийн засгаас харж болно.

Ардчилсан маягаар байгуулагдсан өнөөгийн хамтарсан нэртэй олонхи дотроо олонхи болсон цөөнх хувийн ажлаа эсвэл тэрхэн хэсэгтээ л тохирсон зүйлдээ “хөдөлж”, бусдад туйлын хойрго хандаж байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаас томруулах шилгүй харж болно. Энэ бол ардчиллын эмгэнэл гэхээс өөр юу гэх вэ.

Түүнчлэн олон хүнээс УИХ-ын гишүүн сонгох нэг хэрэг, харин асар их эрх мэдлийг урвуулан ашиглахгүй байх, улс орны ирээдүйг өнөөгийн шийдвэртэйгээ уяж чадах хүнийг сонгох хоёр адилгүй. Сонгууль дөхсөн үед энэ бол бодох ёстой асуудал шүү дээ.

Хууль бус авирлахыг хуульчилсан тогтолцоо ардчиллын нэрээр бүрдэж болдог юм байна. Иргэнээ хөсөр хаяж, шахан хавчиж, тарчлаан зовоох нь дарангуйлагчийн зоргоор уу эсвэл хуулийн дагуу юу гэдэг нь нэг их ялгаатай зүйл биш л дээ. Хэм хязгааргүй ардчиллаас чигч шударга, хууль дээдлэгч ардчилсан биш төр илүү гэж үзэх хүн ч цөөнгүй болжээ.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлсэн нь Засгийн газрыг ямар ч хяналтгүй, хуулийн гадна үлдээсэн байна. Өөрөө хуулиа бичиж, өөрөө баталж, өөрөө хэрэгжүүлдэг засаг, төр ард олны хүсэл зоригийг дээдлэнэ гэдэг юу л бол.

Цаашилбал, УИХ төрийн бодлого тодорхойлох цаг завгүй, харин Засгийн газартаа дөнгөлөгдөн хөтлөгдөж, тэдний үүргийг албажуулах гэж “зүдэрч” явна. Шударга бус оновчгүй, болхи  шийдвэр гаргаж байгаагаа мэдсээр байж, олонхи гэсэн тоонд багтан, дахин нэр дэвших эрхээ хадгалахын тулд буруу зүйлтэй эвлэрэн, дуугүй өнгөрч байгаа гишүүд бий. Энэ мэтчилэн тоочвол олон  асуудал байгаа.

Бас нэг жишээ. Шүүх засаг бол төр юм байна. Хичнээн сайн сайхан хууль гаргаад, түүнийг нэг мөр унших, сахин мөрдүүлэх шударга шүүх үгүй бол улс орон өөдлөх тухай ярих ч хэрэггүй юм байна.

Гүйцэтгэх засаглал, улс төрийн намууд, засаг захиргаа, төвлөрөл сааруулах асуудал гээд л салбар чиглэл болгонд шийдлээ хүлээсэн асуудал олон байна. Гэхдээ энэ бүгдийг шийднэ, чадна гэж 20 жилийн тэртээ бид гарч ирсэн шүү дээ.

-Нийгмийн ардчилал, либертари ардчилал хэмээх ардчиллын хоёр хэлбэрийг онолын хувьд тодорхойлж, манай уншигчдад товч боловч тайлбарлаж өгөхгүй юу?

-Үнэндээ ардчилал бол шийдвэр гаргах арга хэрэгсэл, олонхийн засаглалыг хангах механизм юм. Тэрнээс бус ардчилал нь биднийг дарангуйлал, ган зудаас хамгаалдаг, эдийн засгийн өсөлтийг авчирдаг зүйл биш. Гэхдээ таалагдахгүй байгаа эрх баригчдаас биднийг тайван замаар салгаж өгдөгт нь, найдвар тавьж буй хүн, улс төрийн хүчинд олонхийн нэрийн өмнөөс шийдвэр гарган улс орныг залах эрх олгодог хэрэгсэл болдогт нь ардчиллын утга учир байгаа гэж би ойлгодог юм.

Манайхан либерализм болон демократи гэдгийг хольж хутгаад байгаа санагддаг. Хамгийн энгийнээр тайлбарлахын тулд нөгөө эсрэг талыг нь нэрлэе. Либерализмын эсрэг нь тоталитаризм, демократигийн эсрэг нь авторитаризм байдаг. Энэ утгаар нь үзвэл, миний дээр хэлсэн явцуу утгаар нь – шийдвэр гаргах механизм- хэмээн ардчиллыг ойлгож байгаа юм. Либерализм нь төрийн эрх мэдлийн хязгаарын тухай ярьж байгаа бол ардчилал гэдэг нь хэн төрийн эрхийг барих вэ гэдгийг ярьж байгаа юм. Тэгэхээр ардчилсан засаг тоталитар байх, авторитар засаг либерал зарчим хэрэгжүүлэх бололцоо байна гэсэн үг л дээ.

Сонгодог утгаар нь либерализмыг Д.Юм, А.Смит, Э.Бурке зэрэг суутнууд хуулинд захирагдсан хувь хүний эрх чөлөө гэж ойлгож байсан. Токьювилли, Кант, Шиллер, Гумбольд, Мадисон гээд олон алдартнууд либерализмыг онол, арга зүйн хувьд их баяжуулсан байдаг юм. Хүний эрх чөлөөг хангах нь төрийн эрх мэдэл, оролцоог хязгаарлах гэж тэд ойлгож байсан. Харин яваандаа эл ойлголтыг өөрөөр уншиж эхэлсэн. Ялангуяа 20 дугаар зуунд олонхийн хязгааргүй эрх мэдэл гэсэн ойлголт түгээмэл болсон. Ийм ойлголт дэлгэрсэн нь Францын их хувьсгалаас эхлэлтэй гэж би боддог. Ер нь, сүүлийн 20-30 жилийн хөгжлийн хандлагыг ажиглаад байхад, либерализм болон ардчилал гэдэг ойлголтуудын хувьсал тун сонин, гарцаагүй гүнзгий судлах асуудлын нэг болоод байна. Ялангуяа монгол хөрсөнд ямар хэлбэр, агуулгаар илэрч байгааг судлах ёстой.

-Нийгмийн ардчилал байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлдэг. Энэ утгаар манайд идээшиж байгаа ардчилал нь нийгмийн ардчилал мөн үү?

-Өөрийн чинь асууж буй аксиомыг би олж хараагүй учраас мэдэхгүй байна. Байгальд ээлтэй эдийн засаг гэдгийг sustainable development гэж томьёолдог юм билээ. Гэхдээ би дээр хэлсэн. Эдийн засаг байгальд ээлтэй байх эсэхийг ардчиллаас хайх хэрэггүй гэж.

Харин байгальд ээлтэй шийдэл хайдаг, түүнийг хөхиүлэн дэмждэг эдийн засгийн (зах зээлийн) арга механизмыг өргөн нэвтрүүлэх ёстой юм. Гар дор бэлэн байгаа, нэмэлт хөрөнгө мөнгө шаардахааргүй боломжийг ч өргөн ашиглах ёстой. Тухайлбал, монгол хүний генд нь байгаль орчинтойгоо амин шүтэлцээтэй аж төрөх ухаан байдаг гэж хувьдаа боддог. Уул усаа дээдлэх монгол уламжлалт соёл, үр хүүхдээ хүмүүжүүлж байсан арга туршлага зэрэг олон шийдлийг зэрэг ашиглах хэрэгтэй. Зөв шийдэл олоход нь ардчилал тус нэмэр болно л доо.

-Ардчиллын үнэлэмжүүд гэж ярьдаг хэдий ч түүнийгээ хамгаалах арга замаа тэр болгон ойлгож, чадахгүй байх шиг санагддаг. Хамгаалахгүй бол ардчилал устаж, дарангуйлал ирж болох талтай юу?

-Би зарим нэг санааг дээр цухуйлгасан. Ардчилал гэдгийг явцуу утгаар нь хэрэглэдэг, харин либерализм талаас нь авч үзвэл таны асуугаад байгаа зүйл багтах байх. Үг хэлэх эрх, хэвлэлийн, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдал гэх зэрэг заяагдмал эрхийг хамгаалан хэрэгжүүлдэг бол ардчилал үйлчлэнэ, ажиллана. Эдгээр эрх зөрчигдөөд эхэлбэл ардчилал доголдоно.

Манай Үндсэн хуулинд хүний заяагдмал болон олдмол эрхийг тунхагласан байгаа. Тэгэхээр Үндсэн хуулиа дээдлэн, ягштал дагаж мөрдөх нь ардчиллын баталгаа шүү дээ.

Энд нэг зүйл санаа зовоодог юм. Манайд Үндсэн хууль дээдлэх уламжлал, соёл дөнгөж соёолж байна. Хүн бүрийн мах цус, ясанд энэ үзэл шингэтэл ядаж 100 жил хэрэгтэй байх. Цаг тэвчээр шаардах зүйл. Харин бид яаран сандран Үндсэн хуулиараа оролдоод байвал түүний үнэ цэнэ унах байх. Энэ бол ардчиллыг хамгаалах нэг л чиглэл. Өөр бусад чиглэл бишгүй л байгаа шүү дээ. Ер нь тэгээд ард иргэд нь өөрсдөө мэдлэг боловсролтой бол ардчиллыг хамгаалах хүчирхэг орчин тогтжээ гэж бод.

-Хариуцлагатай ардчилал гэж онолчид гайгүй ярьдаг юм билээ. Тийм ардчилал хаана байгааг, мөн бишийг нь хүмүүс ямар үзүүлэлтээр ойлгож болох бол?

-Ер нь ардчилал маань тун өргөн утгаар хэрэглэгдэж байгааг өөрөө ажигласан байх. Өөрөө хүртэл нийгмийн ардчилал, хариуцлагатай ардчилал гэх мэт ойлголтыг хэрэглэж байна.

Хариуцлагатай ардчилал гэдгийн тодорхойлолт ямар байдгийг би хэлж мэдэхгүй. Миний ойлгож байгаагаар, ард түмнийхээ сонголтыг эрхэмлэн, үйл ажиллагаандаа удирлага болгож байгаа бол хариуцлагатай ардчилал мөн. 1990 онд монголчууд сонголтоо тун тодорхой хийсэн: Төрийн тогтолцоо-төлөөллийн ардчилалд суурилсан парламентын засаглал, эдийн засгийн тогтолцоо нь хувийн өмч, чөлөөт үнэд суурилсан зах зээлийн систем гэж.

Улс төрийн нам хүчнүүд, өөрийгөө улс төрч хэмээн үздэг хүн бүр өөрийн хэлж ярьж байгаа зүйл нь, ажил үйл хөдлөл нь дээрх сонголтыг хэрэгжүүлэх, гүнзгийрүүлэхэд чиглэж байна уу үгүй юу гэдэг шалгуурыг л тогтмол ашиглаж байх ёстой байх. Иргэд сонгогч ч гэсэн дээрх шалгуураар улс төрчид, улс төрийн нам хүчнүүдийг дүгнэн шүүх ёстой гэж би боддог.

-Төр, зах зээл, иргэний нийгэм гэсэн удирдлагын гурван хэрэгслийг ардчиллын хөгжилд бид ашиглахдаа төрийн хэлбэрийг монополь байдалд хүргэж, улс төрийн удирдлагыг цалгардуулаад байгаа юм биш үү?

-Шинэ зууны эхний арван жил шувтарлаа. Хачин сайхан арван жил байлаа гэж хэн ч хэлэхгүй байна. Гэтэл өнгөрсөн арван жилд манай улсын эдийн засаг дөрөв дахин өссөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) бараг тав дахин өссөн.

Гэсэн хэдий ч сэтгэл нэг л дундуур байна. Улс төр нийгэм, эдийн засаг, соёл уламжлал, үүх түүх гэх мэтийн нийлбэр, хольц, бүхэлдээ нэг л иймэрхүү сэтгэгдэл үлдээж байна. Монголын өнөөг тодорхойлогч төр, бизнес, нийгэм гэсэн гурван том субъект бий. Эдгээр гурван хүчин зүйл хэл амаа ололцолгүй өдий хүрсэнд хэргийн учир байгаа юм.

Энэ гурвын харилцан хүлээн зөвшөөрсөн нийгмийн зөвшилцөл, нийгмийн гэрээ, хэлцэл хэмээх чухал хөшүүрэг үгүй өдий болтол явсан учраас бид нэг “иймэрхүү л” байна. Төр, нийгэм, бизнес гуравт 20 жилийн өмнө харин тохиролцсон зүйл бий. Тэр нь хуучнаа эвдэх, нураах. Гэтэл нураачихаад эргээд яаж бүтээх, хэрхэн босгох вэ гэдэг дээр харилцан тохиролцоонд хүрч чадаагүй юм. Тиймээс тус тусдаа амиа бодож, бие биенээ үгүйсгэн зүтгэсээр ирсэн.

Эл гурвын хооронд харилцан ойлголцол, үр ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлэх үйл ажиллагаа орхигдсон. Тэд нэгэн зүг чигт хүчээ нэгтгэн, бие биенээ хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө хүндэтгэн хамтран ажиллаж чадаагүй юм. Үүнээс улбаалан асар их боломж, бололцоог алдсан.Тэгээд ч бид сэтгэл дундуур арван жилийг үдэж байна.

Харин одоо төр, нийгэм, бизнесийн гурвалсан зөвшилцөөг ядаж ирэх арван жилээ бодолцон хангах сорилттой тулж байна. Энэхүү зөвшилцөөнд хэн, ямар эрх, үүрэгтэйг тодорхойлж өгөх юм. Жишээ нь, хэрэв өнгөрсөн арван жилд төр 60 хувийн жин татаж, бизнес 20, нийгэм мөн 20 хувьтай байсан бол ирэх арван жилд энэ харьцаа 40:40:20, түүний дараах арван жилд 25:50:25 болно хэмээн тохирч болох юм. Энэ тоо бол миний л субъектив үзэл, чухам ямар байх өөрөөр хэлбэл, хэн хэдий хүртэл ямар хүндийг үүрэхийг “нийгмийн гэрээндээ” тусгах ёстой болно.

Өнгөрсөн жилүүдэд нийгмийн дэг журмыг сахиулан, төр гэж байгаа шүү гэдгийг харуулах үүргээ төр гүйцэтгэсэн. Ирэх арван жилд харин нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүргийг төр илүү анхаарч гүйцэтгэх байх.

Түүний дараах арван жилд төр иргэддээ үйлчлэгч байх, тэдэнд хэрэгцээт чанартай үйлчилгээг хүссэн газар, цагт нь хүргэж өгөх хэмжээнд хүрэх бололцоотой.

Бизнесийн хувьд өнгөрсөн жилүүд хөл дээрээ босож өндийх, эргэн тойрондоо учир начраа олох цаг хугацааны шалгарал байлаа. Төрийн өмчийн нэгжүүд бусдадаа орон зайгаа тавьж, үндэсний хэмжээний компаниуд соёолж эхэлсэн.

Ирэх арван жилд үндэсний том хөрөнгөтнүүдийг, үндэсний хэмжээний томоохон компаниудыг бодлогын чанартайгаар дэмжин өсгөн бойжуулж, дэлхийн зах зээлд түрэн гаргах цаг ирэх байх. Үндэсний томчууд араасаа өч төчнөөн жижиг, дунд үйлдвэрийг (ЖДҮ) дагуулан байж нийгмийнхээ ач буяныг хариулах юм. Тиймээс ирэх гуравдахь арван жилд эдийн засгийн тулгуур болсон дундаж анги хамгийн эрч хүчтэй (динамик) ЖДҮ дээр тогтох юм.

Нийгмийн хувьд өнгөрсөн жилүүд амаргүй байсан. Аливаа юмны эхлэл түүчээ нь байж, нийгмийг манлайлах гэсэн санаа нь иргэний нийгмийн анхдагч эд эсийг бүрдүүлж өгсөн. Тэгсэн хэдий ч төрөө дагах, төртэйгээ тэрсэлдэхгүй байх, шилжилтийн хүнд хэцүү сонголтын үед төрөө дэмжиж түших үүрэгтэй нүүр тулсан юм. Ирэх арван жилд төр, бизнестээ итгэл үзүүлэх, үнэнч байх нь нийгмийн үндсэн үүрэг байх болов уу.

Төрийн бус байгууллага (ТББ) улам бүр идэвхтэй ажиллах болно. Харин түүний дараагийн арван жилд жинхэнэ утгаараа иргэний нийгэм ноёрхсон байх юм.

Ямартаа ч нийгмийг бүхэлд нь хамарсан зөвшилцлийг төр, бизнес, нийгэм буй болгож, үндэсний хэмжээний хөгжил, дэвшлийн үзэл баримтлалыг саадгүй хэрэгжүүлэхүйц нөхцөл бүрдүүлэх түүхэн сорилт одоогоор бий болжээ.

Leave a Reply