Р.Амаржаргал: Тулалдаанд шонхорууд л нисдэг

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай, мөн таатай орчинтой хэмээн үнэлэгддэг. Гэтэл үнэндээ татварын төрөл олон байгаа нь дээрх таатай үгсийг үгүйсгээд байх шиг?

Өнөөдөр дэлхийн олон орон бизнесийн орчноороо өрсөлдөж байна. Энэ утгаар нь авч үзвэл Монголын татварын орчинг ОХУ, Хятадтай харьцуулахад илүү таатай гэж хэлж болно. Гэхдээ сэтгэл амарч, баярлаад байх хэмжээнд хүрсэн үү гэвэл ярих зүй л их бий. Ганц л зүйлийг хэлэхэд татварын хувь хэмжээгээрээ манайх бусад оронтой харьцуулахад хамаагүй таатай. Татварын орчин гэдэг нь хууль, тогтоомж, хувь хэмжээнээс гадна олон зүйлийг агуулж байдаг. Татварын менежмент нь өөрөө яаж зохион байгуулагдаж байна гэдэг нь бас нэг асуудал. Тухайлбал, татвартай холбоотой маргаан гарвал шүүхийн хаалга татахаас өөр аргагүйд хүрдэг. Гэтэл манай шүүх ямархуу байдалтай байгаа билээ. Гэхчлэн олон хүчин зүйл нөлөөлж байна. Эерэг талаас нь аваад үзвэл манайх гарцаагүй таатай орчинтой.

Гэхдээ бусад оронтой харьцуулахад татварын төрөл зүйл олонтой. Энэ нь таатай гэхээсээ илүү сөрөг үр дагаварыг бий болгоод байгаа юм биш үү?

Татварын дотоод ангилал нийгмийн өөрчлөлтөө дагаж улам нарийсч байх ёстой. Манайх тэр жишгээр л явж байгаа гэж ойлгож болно.

Татвар төлөөгүй нь Өршөөлийн хуулиар аврагдаж, татвар төлсөн нь хохирдог гажуудал манай улсад өнөө хэр нь үйлчилсээр байх юм. Өршөөлийн хуулийг энэ төрлийн гэмт хэрэгт үзүүлэхгүй байх талаар хуулийн заалт хэрэгтэй юм болов уу?

Энэ асуудал эртнээс яригдаж байсан. Гэхдээ өдгөө тулгамдсан чухал асуудал болтлоо даамжирсан зүйл харагдахгүй байна. Татварын хууль шинэчлэгдэн батлагдаж, нэг шатлалтай тогтолцоонд шилжсэний дараа татвар төлөлт харьцангуй сайжирсан гэж боддог. Татварын орлого энэ жилийн эхний улиралд л гэхэд төлөвлөгөө давуу биелүүлсэн үзүүлэлттэй байна. Төлөвлөсөн нь 84 сая төгрөг байсан бол миллярд гарсан байх жишээтэй. Энэ мэтчилэн татвар төлөлт сайжирсан.

Гадна, дотны хөрөнгө оруулагчдад татварын орчин тэгш үйлчлэх талаар аж ахуйн нэгжүүд гомдоллодог. Хөрөнгө оруулагчдын даллах зорилготой 1990 оны тогтолцоо өнөө хэр үйлчилсээр байгаа нь хэр зөв бодлого юм бол?

1990-ээд оны үеэс гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор баримталж байсан төрийн бодлого. Тэр бодлого тухайн үедээ ялангуяа газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ, татварын тогтвортой байдлын орчин гэх байдлаар тусгагдсан. Гэхдээ олон аж ахуй нэгжийг хамарсан зүйл байхгүй. Цөөн хэдэн аж ахуйн нэгжид л тусгагдсан байх. Үр дүн, нийтлэг зан чанараараа татварын орчин гадаад, дотоод гэлтгүй адил байгаа.

Гэхдээ 1990 оны бодлого нийгэм шинэчлэгдчихээд байхад үйлчилсээр байгаа нь зүйд нийцэх үү?

Үйлчлэхээс өөр аргагүй. Тухайн үед тийм гэрээ байгуулчихсан юм чинь. Гэрээний хугацаа дууссан үед л үйлчилэхээ болино байх.

Тэгвэл Монгол Улсын татварын орчин өөлөх зүйлгүй таатай байгаа гэж ойлгож болох уу?

Гол нь асуудал хуульдаа биш. Хуулийн хэрэгжилт манай улсад алга. Тухайлбал, шүүх засаглалыг сайн хөгжүүлж, чанарын шинэ шатанд гаргаж ирэхгүй бол горьгүй нь. Эдийн засгийн суурь ойлголтууд гэдэгт өмчийн эрхийн тухай ордог. Хүн өмчтэй байх ёстой. Тэр өмч нь хуулиар хамгаалагдсан байх учиртай. Бид юу гэж ойлгодог вэ гэхээр өмчийг хамгаалахын тулд хуульдаа заагаад өгчихөөр л боллоо гэдэг. Гэтэл маргаан болохоор асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ. Гэтэл шүүх төгс төгөлдөр мөн үү гэвэл биш. Нэгэнт л асуудлыг шүүх хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Гэтэл шүүхийн шийдвэр хэрэгжиж байгаа эсэх нь мөн л бүрхэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын чадавхи, хүчин чадал нь юу билээ. Энэ мэтчилэн уялдаа холбоо шаардсан олон асуудал бий. Энэ бүхэнд анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй бололтой. Түүнээс биш гаргасан хуулийг шүүмжилснээр асуудал шийдэгдэхгүй.

Монгол Улсад далд эдийн засаг их бий гэдэг. Магадгүй энэ нь компанийн засаглал хөгжөөгүйтэй холбоотой юм болов уу?

Далд эдийн засаг манай улсад нэмэгдэж байна гэж би хэлэхгүй. Харин ч хумигдсан. Олон ч зүйл ил болсон гэж боддог. Гэхдээ компанийн засаглалын асуудлыг нухацтай хэлэлцэж, хийх юм их бий. УИХ-аар Компанийн тухай хуулийг хэлэлцэж, батлах гэж байна. Хуульд шинэ заалтууд нэлээд тусгагдаж буй. Ялангуяа компанийн үйл ажиллагаа, тайлан мэдээ, сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаануудыг ил тод болгох талаар тусгагдсан. Компанийн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлыг бодлогын хүрээнд авч хэлэлцэх л хэрэгтэй.

Үүнтэй зэрэгцэн татварын байгууллагыг бас шинэчлэх хэрэгтэй байх?

Тиймээ. Татварын байгууллагын үндсэн зорилго нь татвараа л цуглуулж авах болж. Гэтэл татвараа цуглуулахаас гадна татвар төлөгч нартайгаа ажиллах, тэдний боловсролыг дээшлүүлэх, татварын аргачлалуудыг боловсронгуй болгох, норм стандартыг нэгдсэн журамд оруулах, түүнийгээ ил тод болгох гэхчлэн олон асуудал хийгдэх ёстой. Энэ асуудал дутагдалтай байгаа нь үнэн.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр үндсэний аж ахуйн нэгжүүдэд худалдаална. Гэтэл аж ахуйн нэгжүүд 10 сая төгрөгийн дүрмийн сантай байх юм. Компаниудын чадавхи ийм сул байгаа нь магадгүй татварын орчинтой холбоотой юм болов уу?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 10 сая төгрөгийн л дүрмийн сантай байна. Хуульдаа ийм заалттай. Яваандаа дүрмийн сан гарцаагүй нэмэгдэх учиртай. Тухайн компани зөвхөн аймаг, нэг дүүрэг, сум дээр биш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, цаашдаа олон улсын зах зээл дээр гарах сонирхолтой л бол томрохоос өөр аргагүй. Үүний гол үзүүлэлт нь гарцаагүй дүрмийн сан. Дүрмийн сан нь найдвартай, баталгаатай, тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа аж ахуйн нэгж олон улсын зах зээл дээр гарахад итгэл найдвар нь хамаагүй өндөр байна. Харин 10 сая төгрөгийн дүрмийн сантай аж ахуйн нэгжтэй серозны юм ярих уу, үгүй юу.

Тэгэхээр хуульдаа ч гэсэн өөрчлөлт оруулах шаардлагатай болно гэсэн үг үү?

Өөрчлөлт оруулах л ёстой. Гэхдээ манайд дүрмийн сан нь 10 сая төгрөгөөс биш хэдэн миллярд гарчихсан компаниуд бий. Тэр компаниуд олон улсын зах зээл дээр гарчихсан.

Олон улсын судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэхэд хамгийн хэцүү нь замын түгжрэл гэсэн үзүүлэлт гарсан байсан..?

Замын түгжрэл гэхээсээ илүү дэд бүтцийн хөгжлийн асуудал байгаа юм. Өнөөдөр барилгын компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах эсэх нь Улаанбаатар төмөр замаас л шалтгаалж байх жишээтэй. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрүүлэх хүчин чадал, бараа материалаа гаднаас авдаг компаниуд цаг тухайд нь авч чадаж байна уу, үгүй юу гэдэгтэй шууд холбоотой. Жилийн жилд Замын-Үүдэд түгжрэл үүсч, бараагаа татах гэж буй хувь хүн, компаниудад бөөн асуудал тулгардаг. Энэ нь нөгөө компанийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг зайлшгүй нэмэгдүүлдэг. Тэр хэмжээгээрээ тухайн компанийн өрсөлдөх чадвар нь буурдаг, цаг хугацаа алдна. Дэд бүтцийг хөгжүүлэх асуудал нь гарцаагүй том асуудал.

Манай улс гадны хөрөнгө оруулагчдыг уул уурхайгаараа татаж байгаа боловч дэд бүтцээрээ үргээж байна хэмээн зарим эдийн засагчид ярьдаг?

Энэ бол үнэн. Иймээс дэд бүтцийн асуудалд онцгой анхаарах ёстой. Юм хийгдэж л байна. Гэхдээ санасан хэмжээнд хүртэл хийгдсэн зүйл алга. Дэд бүтэц гэдэг ганц зам харилцаа биш. Эрчим хүч, цахилгаан, дулааны асуудал байна. 40 мянга, 100 мянган айлын орон сууцны эрчим хүчний эх үүсвэр, дулаан хангамж нь эцэслэн шийдэгдээгүй байна. Улаанбаатар хотод эрчим хүчний V эх үүсвэрийн асуудал хэзээ, яаж барих нь ойлгомжгүй. Энэ бүхэн уялдаа холбоотой гарч ирэх ёстой. Тэгэхээр гүйцэтгэх засаглал энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Ажил удааширч байгаа гол шалтгаан нь юунд байна вэ. Бодлого, хөрөнгөндөө байна уу, эсвэл хэрэгжүүлж байгаа субъектүүддээ юү?

Олон зүйл л бий байх. Нэг хэсэг санхүүгийн эх үүсвэргүйгээс болж ажил хойшилдог, удааширдаг байсан. Харин одоо тийм асуудал байхгүй. Санхүүгийн эх үүсвэр дотооддоо бүрдэж эхэллээ. Өөр эх үүсвэрүүдээс хөрөнгө босгох бололцоо ч бий. Тухайлбал, Концессийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх олон боломж бий. Гол нь энэ бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна л гэж дүгнэдэг.

Засгийн газар бонд гаргах нь нэмэгдлээ. Нэг талаар асуудлыг түргэн шийдвэрлэж байгаа давуу талтай ч, эргээд сөрөг үр дагавар ихтэй бололтой?

Бонд гаргана гэдэг байдаг л зүйл. Засгийн газар шинээр санаачилсан зүйл биш. Чухам зориулалт, ашиглалтад нь юу гэдэг нь чухал. Тухайлбал, төсвийн гүйцэтгэл улирлын шинж чанартай. Хэсэг хугацаанд санхүүгийн эх үүсвэргүй болсон тохиолдолд, дараагийн улирал нь нөхөөд олох боломжтой гэдгийг нь мэдэж байгаа бол богино хугацааны бонд гаргаж, санхүүжүүлэхэд болохгүй зүйлгүй. Харин үр ашиг муутай зүйлд санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, татварын мөнгийг дахин хуваарилахыг дэмжих аргагүй. Тухайлбал, “Зоос” банкинд гаргасан бондын асуудлыг би тухайн үед нь эсэргүүцэж байсан. Одоо ч гэсэн буруу шийдвэр гэж үздэг.

Хамгийн сүүлд ноолуурын салбарт бонд гаргаж өгөхөөр боллоо?

Ноолуур бол тухайн цаг үеийн түүхэн байдлаас хамраад бонд гаргаж байна гэж үзээд хүлээн зөвшөөрч болох талтай. Гэхдээ энэ нь шийдэл биш. Шийдэл нь шаталсан татварын тогтолцоо ч юм уу, өөр бодлого үгүйлэгдэж байна.

Та сонгуулийн пропорциональ тогтолцоог илүүд үзэж байсан. Гэтэл хоёр намын бүлэг холимог хувилбар дээр тогтож байх шиг байна. Энэ тогтолцоог дэмжиж байгаа юу?

Нэг алхам урагшиллаа. Байхгүй байсан зүйл шинээр орж ирлээ гэдэг утгаар нь хүлээн авч байгаа. Миний хүсэн хүлээж байсан 100 хувь пропорциональ мөн үү гэвэл биш. Сэтгэл дундуур байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр улс төрийн намууд, улстөрчид пропорциональ тогтолцоог бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрээгүй байна л гэсэн үг.

Гэхдээ 50:26 байх уу, 52:24 үү гэдэг нь бас л эргэлзээтэй. Хэрэв 52:24 болбол пропорциональ элемент ороогүйтэй адил гэж үзэх хүн цөөнгүй байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

Үгүй одоо яах вэ дээ. Чамлахаар чанга атга гэгчээр ядаж 24-т нь пропорциональ элемент орлоо.

Листний эхэнд намын лидрүүд бичигдэж, парламентад ноёрхлоо тогтоох нь. Ингэснээр залууст халгаатай хууль болох нь гэдэгтэй та санал нийлэх үү?

Үгүй байх аа. Тулалдаанд шонхорууд л нисдэг. Тийм учраас можаритор тогтолцоонд төлөвшсөн, лидрүүд гэж томьёолоод байгаа тэр хүмүүс илүү орох байх.

Эмэгтэйчүүдийн квотын асуудлын талаар тодорхой тусгагдахгүй бололтой?

Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед квотын тухай асуудал зайлшгүй яригдана. Гэхдээ миний бодлоор энэ асуудлыг Улс төрийн намуудын тухай хуулиар зохицуулчих хэрэгтэй юм шиг. Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлэхдээ өөрсдөө тэр хэмжээний эмэгтэйчүүдийн төлөөллөө бүрдүүлэхэд л хангалттай.

 

Эх сурвалж: Нийгмийн толь сонин 2011.05.26-ний өдөр, сэтгүүлч Л.Нинжсэмжид

 

 

 

Leave a Reply