Эдийн засагч байна гэдэг бол…

Эдийн засагч байна гэдэг бол их чухал. Гэхдээ чухам юу юм вэ гэдгийг хүмүүс мэддэггүй юм. Юуны тухай ч яриад байгаа юм? Яах гэж ч яриад байгаа юм? Осолдолгүй нэг орлого, зарлага гэж байдаг, тэр хоёрын баримжааг нь хараад байж байвал эдийн засагч гэж бодоод байх шиг. Үнэндээ үгүй л дээ, эдийн засагч байна гэдэг бол миний ойлгож байгаагаар юуны өмнө эх орон, ард түмэн, нийгмээ гэсэн том сэтгэл байх ёстой. Яавал энэ улс орны амьдралыг аятайхан авч явах вэ? Яавал энэ нийгмийг зөв голдирогод нь оруулж, зөв чиглүүлж явах вэ? Яавал ард иргэдийн амьдрал ахуй дээшлээд байх вэ? Яавал нийгэмд тэр шударга ёс гэдэг нь байх вэ? Энэ бүх юм бол үндсэндээ эдийн засаг гэдэг ойлголтын үндсэн ухагдахуун юм. Бид нар бол макро эдийн засаг, микро эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт гэсэн ийм томьёонуудыг л эдийн засаг гэж ойлгодог. Үгүй ээ, нэр төр гэдэг бол эдийн засгийн ойлголт, үнэнч байна гэдэг бол эдийн засгийн ойлголт, шударга байна гэдэг нь бас эдийн засгийн ойлголт юм. Энэ бүх юмыг бид нар эдийн засгийн хэл рүү хөрвүүлж ойлгож, уншиж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн шинж юм шүү!