Beautiful Plants For Your Interior
Тамгатай ч Шалдан Хаан
ЖИЧ: Дээр сонссон нэг түүхийг монголчлон буулгах гэж мунхаглав. Та баяжуулан хөгжүүлнэ биз дээ.

Эрт урьдын цагт хаант улсад хоёр оёдолчин ирж, онцгой нэгэн санал Хаанд тавьжээ. Танд хосгүй онцлог нэгэн тансаг дээл оёж өгч чадна гэв — “зөвхөн жинхэнэ үнэнч эх оронч хүн л түүнийг харж чадна” гэжээ.
“Эцсийн эцэст би бол хамгийн эх оронч, эх орон бол би, би бол эх орон” гэж Хаан тэр даруй зөвшөөрөв. Олон жил ордонд нуугдаж байгаа тагнуулчид, урвагчид, гадаадын агентууд болон өөрт нь үнэнч бус харьяатуудыг илрүүлэх сайхан боломж хэмээн Хаан бодож байв.
Оёдолчид улсын төсвөөс 60 тэрбум төгрөг гаргуулан авч студидаа очиж, сар сайхан зугаацав. Нэг сарын дараа тэд хааны гайхамшигт шинэ хувцасыг авчирч түүнд өргөн барив.
Хааны нүдэнд юу ч харагдсангүй. Мэдээж хэрэг дээл байхгүй болохоор юу харагдах вэ дээ. “Би харахгүй байгаа болохоор би жинхэнэ эх оронч биш гэж үү” гэсэн айдаст бодол түүний толгойд гэнэт харвасан ч тэр үүнийгээ огт илэрхийлсэнгүй. Харин ч “ямар сайхан дээл вэ, тэр товч, эмжээр, хаваас нь” хэмээн дуу алдан шагшиж эргэн тойрноо харав.
Түүний Ерөнхий сайд, ойр тойрны эрхэм гишүүд, нарийн бичгийн дарга нар, хамгаалагч нар, зөвлөхүүд болон архины нөхдүүд шинэ дээлийг аман дагуулан ихэд магтсанд хаан зоригжив. Тэр энэ дээлтэйгээ Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх болов.
Тэгээд Шинэ жилийн өдөр — эсвэл Цагаан сар байсан байж болно, эсвэл хүмүүсийн тэмдэглэдэг өөр ямар нэгэн ёслолын өдөр байсан байж болно — хаант улсын бүх дэлгэцэн дээр, гоёмсог чимэглэсэн гацуур модны өмнө хаан гарч ирэв. Шалдан.
“Энэ хэцүү, амаргүй жил байлаа” гэж тэр гараа далайн эхлэв.
Харьяат ардууд нь дулаан гэртээ хааныхаа цээж бэлхүүс, булчин шөрмөсийг ширтэн судалж байв.
Сайд нар болон эрхэм гишүүд энэхүү түүхэн мэндчилгээг яаран сандран сошиал хуудсандаа дахин дахин цацаж, хааны дээл хэчнээн гайхамшигтай байсныг, ирэх жил илүү сайхан жил болно гэж тэрээр хэчнээн тууштай амласныг бие биеэсээ уралдан магтав.
=====================
Тэгтэл говийн, эсвэл хангайн ойн гүнд амьдардаг харьцангуй олон дагагчтай нэгэн өөрийн сошиал хуудсандаа бичив: “Хаан шалдан биш гэж үү?”
Хоёр цагийн дотор тэр пост — хэрэв пост байсан бол — арван сая лайк, нэг сая share цуглуулав. Гайхсан олон нийт нүдээ нээв. Хаан шалдан байжээ. Тахал мэт энэ пост улс даяар тарж, мэдээ амнаас ам дамжин, гүйцэхийн аргагүй хурдаар тархаад өгөв.
Хаан шалдан байна.
Гэвч нийслэлийн нэгэн дүүрэгт, эсвэл алслагдсан захад амьдардаг, мөн л гайгүй олон дагагчтай өөр нэгэн сэтгэгч өөрийн хуудсандаа бичив: “Яагаад ийм чимээ шуугиан дэгдээж сүржигнэж байгааг огт ойлгохгүй байна. Би хааны хувцасыг харсан. Гайхамшигтай хувцас. Зүгээр л маш минималист — гүехэн олны хувьд ер бусын. Хааны хувцасыг харж чадахгүй байгаа хүмүүсийн тухайд бол надад бүгд ойлгомжтой” хэмээн постлов.
Түүний пост ч, мөн нэг цагийн дотор арван сая лайк,
нэг сая дахин share авав. Дахиад л гинжин урвал явагдаж, шинэ мэдээ ам дамжин улс даяар тархав.
Хаан үндэсний их тансаг дээлтэй байлаа.
Дараа нь эрх баригч намын сонины ерөнхий редактор гарч ирж — хаан үнэхээр шалдан байсан, гэхдээ зөвхөн бүсэлхийгээсээ дээш — хэмээн зарлав.
Маргааш нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг намын хэвлэлийн төлөөлөгч гарч ирж — хаан үнэхээр нүцгэн байсан, гэхдээ зөвхөн бүсэлхийгээсээ доош — хэмээн зарлав.
Хааны сангийн сайд гарч ирж — энэ дээлийг 60 тэрбумаар оёсон гэх яриа нь гадаадын тусгай албадын мэдээллийн дайралт мөн — гэв.
Хөнгөн үйлдвэрийн сайд гарч ирж — хааны хувцас бол эх орны инновацийн технологи бөгөөд манай улсын гурван жилийн нийт төсөвтэй тэнцэх үнээр далайн цаадах түнш нарт аль хэдийн зарагджээ. Удахгүй дэлхийн бүх хаад зөвхөн ийм хувцас өмсөнө — гэж мэдэгдэв.
Хаанд массаж хийдэг байсан хуучин массажист гарч ирж — тэрээр хааныг олон удаа шалдан харсан бөгөөд тухайн Шинэ жилийн шөнө телевизэнд харуулсан шалдан мах бодь нь хааных биш. Магадгүй хааны толгойг өөр биед шилжүүлсэн байж болзошгүй — гэж мэдэгдэв.
Дараа нь төрөл бүрийн академийн академич нар гарч ирж шивнэн байж — маш нарийн нууц шүү, энэ мэдээг сонсох хүн бүрээс улсын нууц задруулахгүй гэсэн гарын үсэг авч байгаад — хааны толгой шилжүүлгэ хийгдээгүй, учир нь хаан Шинэ жилээс өмнө нас барсан. Шинэ жил болтол тусгай хөргөгчид хадгалагдаж байна. Мэндчилгээний бичлэгт түүний орлон тоглогч орсон бөгөөд тэр хүний амраг нь одоо чимээгүйхэн улсыг удирдаж байна — гэжээ.
Хааны анхны хатан гарч ирж — тэр ер нь новшийн хүн байлаа — гэдэг юм байна.
Нэгэн эмийн санч гарч ирж — яг үнэнийг бид хэзээ ч мэдэхгүй юм байна даа — гэв.
Арван мянган дагагчтай блогер гарч ирж — бүх улс даяар хааныг шалдан харуулах нь хэнд ашигтай байсан бэ гэдгийг бодоцгооё — гэж шинэ өнцөг гаргаж ирэв.
Зуун мянган дагагчтай блогер гарч ирж — яагаад төр энэ асуудлыг мөрдөн шалгалгүй орхив? Олон нийтийн сонсгол нэн яаралтай хийхийг шаардаж байгаагаа мэдэгдэв.
Нэг сая дагагчтай блогер гарч ирж — асуудалд хөнгөн хандаж болохгүй, илүү гүнзгий харах хэрэгтэй. Үнэхээр хааныг орлуулсан байсан бол яах вэ? “Шалдан” гэдэг нь ер нь юу гэсэн үг, юуг илэрхийлэх вэ? Хэрэв “шалдан” гэдэг нь хэдэн зууны турш биднийг ямар хувцастай байх, байхгүйг тогтоодог байсан гадаад дайсан болон далд колоничлолын тулгасан ухагдахуун бол яах вэ? Харин бид хааны хөлний хумсны тухай биш, харин нүцгэн шалдан байдал нь радикал эрх чөлөөний бэлэгдэл, хулгайч авилгачидтай тэмцэж, хүч хүрэхгүй байгаа хааны аргаа ядсан тэмцлийн хэлбэр, улс төрийн тунхаг юм гэж ойлгох болох уу — гэж асуугаад эхлэв.
=================
Тэр дорхноо улс даяар уриа лоозун бүхий сурталчилгааны самбарууд цэцэглэж эхлэв:
“Би хувцасыг харж байна.” “Шалдан гэдэг нь чөлөөт гэсэн үг.” “Жинхэнэ эх оронч хүн даавуугаа үргэлж мэдэрдэг.”
Хүн бүр аль нэг талыг сонгох болов. Зарим нь прагматик байдлаар хэд хэдэн талыг нэгэн зэрэг сонгож, хүүхдүүдээ өөр өөр фракцид хуваарилав. “Smart Eyes Club” байгуулагдав. “Үл Үзэгдэх Оёдолчдын Нийгэмлэл” үүсгэн байгуулагдав. “Ил Тод Даавууны Нам” бүртгүүлэв.
Нэг онцгой авъяаслаг эрхэм гишүүн энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд “Та эргэлзэгч үү, эсвэл хааны хувцасыг харсан уу?” гэсэн сэдвээр үндэсний санал асуулга явуулж, үр дүнд нь бүх харийнхныг хаант улсаас хөөн гаргахыг санал болгов.
Улс даяар хааны дээлийн загварыг хуулбарлах патентын эрхийн төлөө тэмцэл эхлэв. Дизайнерууд “Үл Үзэгдэх Кутюр” цуврал санал болгов. Дуучид тайзан дээр яг тийм хувцасаар гангарав — өөрөөр хэлбэл, шалдан. Хаа сайгүй шалдан үдэшлэг, тэр байтугай рейвүүд болов. Ясли цэцэрлэгүүд “зайлшгүй үзэгдэх ёс журам” сэдэвт тэмцээн зохион байгуулдаг болов.
Хүмүүс маргалдав. Зөрчилдөв. Safari, Chrome, Edge, Opera зэрэг хөтчийнхөө цонхоор бие биенээ матаж, муулан, гүтгэж доромжлох социалист уралдаан өрнүүлэв. Эх оронч бус үзэлтэй этгээдүүдийг ангуучлах өргөн аяныг эрх баригч нам санаачлан хэрэгжүүлэв.
Хаант улс хэд хэд хуваагдав. Гайхамшигт дээл харсан хүмүүс. Харсан дүр үзүүлсэн хүмүүс. Юу ч байгаагүй гэж баталсан хүмүүс. Юу ч байхгүй байсан, гэхдээ хоосон чанар, шалдан байдал нь эх оронч чиг баримжаатай үндэстний оюун санааны хамгийн дээд илрэл мөн гэдэгт итгэсэн хүмүүс. Дээл байх нь байсан, гэхдээ буруу энгэртэй байсан гэж үзсэн хүмүүс. Цээжний хэсгийг харсан боловч хормойн хэсгийг харааагүй хүмүүс. Дээлд итгэхгүй боловч хаанд итгэсэн хүмүүс. Хаанд итгэхгүй боловч дээлд итгэсэн хүмүүс. Эцэст нь — үүний тухай огт юу ч сонсохыг хүсэхгүй, дээлд сонирхол байхгүй гэсэн хүмүүс.
====================
Зөвхөн нэг хүүхэд гэрийнхээ босгон дээр сууж, саарал тэнгэрт ширтэн, өөртөө чимээгүйхэн шивэгнэж байв:
– “Тэр зүгээр л шалдан байсан ш дээ. Юунд маргаад вэ? Тэр зүгээр л шалдан байсан. Хэрэв би үүнийг чангахан хашхирсан бол хүн бүр сонсох байсан. Хүн бүр харах байсан. Тэгээд л үлгэр дуусах байсан.”
Яг тэр мөчид хүүхдийн дэргэд нэгэн Мэргэн өвөө очиж хэлэв: “Ингэж гуниглаад яахав. Амьдрал хэцүү. Та нар үлгэр дотор амьдардаггүй юм шүү дээ.”
-“Тэгвэл бид яах вэ?” гэж хүүхэд гайхишрав. “Үүрд ийм л байх уу?”
-“Тийм — ихэнхдээ ийм л байх болно. Гэхдээ, юу ч хийж болохгүй гэсэн үг биш. Хүн төрөлхтний төлөө, Монголын төлөө маш олон зүйл хийж болно. Магадгүй өчүүхэн бага зүйл ч байж болно. Жишээ нь, дээрх тэнэглэлд оролцохгүй байх сонголтыг чи хийж болно.”
-“Тэгэхэд л болоо юу, ийм өчүүхэн зүйл үү?” гэж хүүхэд гайхширан Мэргэн өвгөн өөд харав.
-“Өчүүхэн бага зүйл мэт санагдах ч, энэ бол хамгийн хэцүү зүйл. Харыг хараар, цагааныг цагаанаар харах. Хуваагдал, дайсагналыг үзэн ядах. Түүнийг өдөөгч аливааг эсэргүүцэх. Зөрчилдөөний галд өөрөө тос нэмэхгүй байх. Аливааг эрүүл саруул ухаанаар харах. Хэчнээн хэцүү нөхцөлд ч хүн хэвээр үлдэх.”
-“Үүнд хэрхэн хүрэх вэ?” гэж хүүхэд асуув. “Санал нийлэхгүй байх, зөрчилдөх гэхээр уургын морь мэт, эв эе гэхээд ургаа хад чулуу мэт. Ховордоод сураггүй болж буй энэрэнгүй өрөвч сэтгэлийг юугаар яаж нөхөх вэ?”
-“За, чи ёстой ухаантан хүн шиг ярьж байна. Тиймээс шидэт чанартай дөрвөн мөрийг чамд хэлье. Зөвхөн оюун санаа, зүрх сэтгэл нь цэвэр хүн, дотоод сэтгэлдээ өчүүхэн ч хорон санааны үр үгүй хүн л энэхүү үгсийг жинхэнэ утгаар нь ойлгож чадна.”
Хүүхдийн царай гэрэлтэв. Нүдэнд нь найдварын гал анивчив.
“Нууцаа надад задал. Би хэзээ ч дахин хорон санаа бодохгүй.”
“За тэгвэл уншаарай” гэж хэлээд
энэ дор буулгав.
Хүүхэд ганцаар гэрийнхээ босгон дээр сууж үлдэв. Тэр нууцыг тайлан унших гэж хүлээсэн хэвээр байв


