Beautiful Plants For Your Interior
ЕАЭЗХ-ын Чөлөөт Худалдааны Хэлэлцээр: Монголын хөдөө аж ахуйд юу өгөх вэ?
2026 оны 7 дугаар сарын 22-наас хүчин төгөлдөр болсон ЕАБХБ-ын Худалдааны түр хэлэлцээр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт юу өгөх вэ? Боломж болон бодит сорилтуудын талаар шинжилгээ.
ЕАЭЗХ-ын Худалдааны Түр Хэлэлцээр: Монголын хөдөө аж ахуйд юу өгөх вэ?
Нийтэлсэн: 2026 оны 7 дугаар сарын 18 | Amarjargal Rinchinnyam
2026 оны 7 дугаар сарын 22-ноос Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болно. Нилээн маргаан дагуулж оны өмнөхөн батлагдсан энэхүү хэлэлцээрийг чөлөөт худалдааны хэлэлцээрийн “тахир дутуу” хэлбэр гэж нэрлэмээр. Манайх зовж зовж Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан бөгөөд түүнийхээ ид шидийг одоо болтол (япондоо төмрийн хаягдал болсон хуучин приусаар дүүрсэнийг эс тооцвол) амсаагүй яваа билээ. Харин ЕАЭЗХ-той байгуулж буй гэрээ нь элдэв “түншлэл” гэх мэтийн тодотголгүй, худалдааны ТҮР хэлэлцээр гэж байгаа нь оролцогч талуудын итгэлцэлийн түвшинг илэрхийлсэн юм. Ямар ч болсон түр хэлэлцээр нь Монголын эдийн засгийн түүхэн анзаарагдах алхам юм — гэвч бодит үр дүн нь бодлого боловсруулагчдын хүсэл тэмүүллээс нилээд зайтай байж болно.
Хэлэлцээрийн үндсэн агуулга
Худалдааны түр хэлэлцээрт Монголын нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хамрагдаж, тарифын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээр тохиролцсон. Хэлэлцээр хэрэгжсэнээр “манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой” гэж Н.Учрал тайлбарласан.
Монгол талаас ЕАЭЗХ-ны зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж бүхий гол бараа нь:
- Мах (адууны мах, үхрийн мах, хонины мах, махан консерв, дотор эрхтэн)
- Сүүн бүтээгдэхүүн (тараг, бяслаг)
- Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн (ноос, утас, нэхмэл, трикотаж хувцас)
Статистикийн мэдээллээр, уг хэлэлцээрт хамрагдаж буй Монголын экспортын 97.5% нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээр нь манай мал аж ахуйн салбарт илүү боломж олгоно гэсэн хүлээлт байгаа юм.
186 сая хүний зах зээл — боломж болон бодит байдал
ЕАЭЗХ нь Орос, Казахстан, Беларусь, Армени, Кыргызстан гэсэн 5 орныг хамардаг бөгөөд нийт 186 сая хүний зах зээлтэй. Худалдааны эргэлт тасралтгүй өсөж 95 тэрбум ам.долларт хүрч байгаа тухай 2025 онд мэдээлсэн. Үүний 20 гаруй хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн юм.
Нөхцөл байдлыг бодитоор дүгнэх гэж үзвэл: Монгол болон ЕАЭЗХ-ын орнуудын хооронд газар нутгийн хувьд орон зай нэг их саад болохгүй хэдий ч логистик, стандарт, мал эрүүл мэндийн шаардлага зэрэг нь бодит түгжээс хэвээр байна. ОХУ болон Казахстан зах зээлд нэвтрэхийн тулд Монголын үйлдвэрлэгчид эдгээр техникийн шаардлага болон төрөл бүрийн “тарифын бус” – авилга, хахууль, рекет г.м дарамт шаардлагад өртөх нь дамжиггүй.
ЕАЭЗХ-аас Монголд орж ирэх бараа
Зөвхөн Монголын экспортын талыг харах нь дутуу дүгнэлт болно. Хэлэлцээрийн дагуу ЕАЭЗХ-ын экспортын 90% гаруй буюу хамгийн багадаа 2 тэрбум ам.долларын бараа Монголд чөлөөтэй орж ирэх бөгөөд үүнд:
- Улаан буудай, эрдэнэ шиш, сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, мах
- Металлурги, автомашин, химийн бүтээгдэхүүн
- Эм тариа, бордоо, дугуй, тамхи
Энэ нь Монголын дотоодын үйлдвэрлэлд өрсөлдөөний дарамт учруулж болзошгүй юм. Ялангуяа хүнсний үйлдвэрлэл болон хөнгөн үйлдвэрт нөлөөлөл мэдрэгдэж болно.
Бодлогын үүднээс авч үзэх асуудлууд
Энэхүү хэлэлцээр нь 3 жилийн хугацаатай бөгөөд сунгах боломжтой. Гэвч дараах асуудлуудыг нухацтай авч үзэх шаардлагатай:
- Мал эрүүл мэндийн сертификат: Монголын экспортлогчид ЕАЭЗХ-ын стандартыг хангах баримт бичгийн шаардлагыг биелүүлэх ёстой — энэ нь жижиг бизнест хэцүү байж болно.
- Тээвэр, логистик: Монгол-Оросын хилийн боомтуудын хүчин чадал хязгаарлагдмал хэвээр байна.
- Валютын эрсдэл: Рублийн ханшийн тогтворгүй байдал нь Монголын экспортлогчдын орлогод шууд нөлөөлнө.
- Геополитикийн эрсдэл: ОХУ-д ногдуулсан олон улсын хориг арга хэмжээ нь ЕАЭЗХ-ын зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлаж болзошгүй.
Дүгнэлт: Алхам зөв, хэрэгжилт чухал
ЕАЭЗХ-тай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь Монголын гадаад худалдааг төрөлжүүлэх, бусдаас хамаарлыг бууруулах стратегийн зөв алхам юм. Гэхдээ хэлэлцээрт гарын үсэг зурсанаар ажил дуусдаггүй — хэрэгжилт, стандартын нийцэл, логистикийн дэд бүтэц бол дараагийн том сорилт юм.
Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид — ялангуяа мал аж ахуй эрхлэгчид — энэ боломжийг ашиглахын тулд төрийн дэмжлэг, мэдээлэл, техникийн туслалцаа хэрэгтэй. Бодлого боловсруулагчдын хувьд энэ нь яаралтай анхаарах асуудал юм.
English Summary
Mongolia’s Interim Trade Agreement with the Eurasian Economic Union (EAEU) entered into force on July 22, 2026, covering 367 commodity categories and opening a market of 186 million people. While 97.5% of Mongolia’s exports covered by this agreement are agricultural and livestock products — including meat, dairy, and wool — the agreement also opens Mongolia’s market to over $2 billion of EAEU goods. Key challenges remain: veterinary certification standards, logistics capacity at border crossings, ruble exchange rate volatility, and geopolitical risks. The agreement is a strategically correct step toward trade diversification, but successful implementation requires urgent policy support for small and medium producers.


