Beautiful Plants For Your Interior
Монголын шатахууны хямрал: жинхэнэ хомсдол нь бензин биш, улс төрийн зориг
Шатахуун түгээх станцад бөөн дараалал үүсчихлээ. Хүмүүс “шатахуун дуусчихлаа” гэж боддог. Үнэндээ дууссан зүйл нь шатахуун биш. Харин бодит нөхцөлтэй нүүр тулах улс төрийн зориг дутаад байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд Монголд шатахууны хомсдол үүсэж, автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгох, худалдан авах хэмжээг хязгаарлах зэрэг арга хэмжээ хэрэгжиж эхэллээ. Нэгд, энэ хомсдол үе үе давтагддаг үзэгдэл болчихлоо. Хоёрт, дээрх захиргааны шийдвэрүүдийг харахад төр иргэдээ тэгш “харж үзэж” байгаа мэт сэтгэгдэл төрдөг: бүгд ижил үнээр шатахуун авч, бүгд ижил журамд захирагдаж байгаа тул шударга мэт харагдана.
Гэвч харагдаж байгаа энэ шударга байдал нь эдийн засгийн хувьд зөв шийдэл биш юм.
Монгол Улс хэрэглэж буй шатахууныхаа бараг 95 хувийг ОХУ-аас импортолдог. Хэрэв нийлүүлэлт саатвал, эсвэл экспортын хориг тогтоох буюу хэмжээг хорогдуулбал бид дахин хомсдолтой тулна. Товчхондоо, өнөөдрийн асуудал нь зөвхөн бензин оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд, шатахуун түгээх станцын ажил биш. Энэ бол олон жил яригдсаар одоо болтол шийдэгдээгүй, ганц нийлүүлэгчээс хэт хамааралтай болсон бүтцийн үр дагавар билээ.
Миний хувьд, 26 жилийн өмнө монголчууд бид улс төрийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан, харин одоо эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах ёстой бөгөөд үүний тулд хоёр зүйлийг — газрын тос, шатахуун ба цахилгаан эрчим хүчний асуудлыг — шийдэх шаардлагатай гэж анхааруулж байсан. Тиймээс ямар ч үнээр хамаагүй, ганц литр бензиныг ч гэсэн бид өөрсдөө үйлдвэрлэж сурах ёстой гэдгийг хаана явсан ч ярьж, ухуулж ирсэн хэдий ч олигтой тайлбарлаж чадаагүй байжээ.
======================
Хомсдол ил нүүрлэсэн ийм үед төрийн хамгийн түгээмэл арга хэмжээ бол хэрэглээг захиргааны аргаар хязгаарлах явдал байдаг. Гэвч ийм арга хэмжээ хомсдлыг арилгадаггүй, түүнээс үүссэн хохирлын үнэ өртгийг өөр хэлбэрт шилжүүлдэг.
Эдийн засгийн утгаараа литр бензины үнэ нь ШТС дээр зарласан 3000 төгрөг биш юм. Өдөржин дугаарлах, шатахуун үлдэх эсэхийг таамаглах, ажил хэргээ хойшлуулах, ачаа бараа хоцрох, бизнесийн бүтээмж буурах — эдгээр нь үнэндээ шатахууны далд бөгөөд бодит үнэ юм.
ШТС дээр хямд харагдаж болох ч эдийн засгийн өөр өөр хэсэгт бид илүү өндөр төлбөр төлж байдаг. Алдагдсан боломжийн өртгийг хэн ч тооцдоггүй. Энэ хомсдолоос үүдэн монголчууд шатахуунтай машиндаа зам тавьж өгч чадахгүй хэрэлдэж байна; улсын дугаартай эсвэл жуулчны машин түрүүлж үйлчлүүлэх эсэх маргаан гардаг; холын зам гарах гэж буй жолооч нэг газраас 50 мянгаар аваад дараагийн газарт очиж дахин шөнөжин нойргүй очерлож; дахин дахин авах гэсэн хардалт сэрдэлт; иргэний үнэмлэхээ бүртгүүлж, шалгуулах гээд эцэс төгсгөлгүй маргаан хэрүүл дагалддаг. Төр засаг худал яриад байна гэж иргэд бухимдана: “шатахуун асуудалгүй” гэж байсан гэтэл одоо 1.2 их наядын хохирол амсах болоод байна хэмээн аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид гомдоллож байна.
Энэ бол улс төржих асуудал биш гэсэн эрхэмүүд цөөнгүй байна.
Шатахуун тойрсон төрөл бүрийн татварыг тэглэнэ гэж зарлаж байгаа ч хэдэн сарын дараа иргэд ямар санхүүгийн дарамт үүрэх нь бүү мэд. Үүнийг бүгдийг мөнгөөр илэрхийлбэл литр бензины бодит үнэ хэд байх бол?
Эдийн засагчид үүнийг хэдэн зуун жилийн өмнөөс тайлбарласан. Хэрэв үнэ бодит хомсдлыг илэрхийлэх боломжгүй бол “картын бараа” алга болохгүй, харин зах зээл өөр аргаар л хуваарилна: дараалалд алдаж буй цаг хугацаа, арын хаалга, танил тал, эрх мэдлээ ашиглах зэрэг олон арга байгаа.
Тиймээс урт дараалал нь зах зээл бүтэлгүйтсэний шинж биш. Харин үнэ ажиллахгүй, бодит мэдээллээ дамжуулж чадахгүй болсны илрэл юм. Үнэ нь эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсныг л илэрхийлж байна.
Мэдээж энэ нь шатахууны үнийг хүссэнээр нь өсгөх ёстой гэсэн үг биш гэдгийг шууд хэлье. Шатахууны үнэ өсөхөд хүнс, тээвэр, барилга, уул уурхай гээд бараг бүх салбарын өртөг нэмэгдэнэ. Эцэст нь өрх бүрийн амьжиргаанд дарамт болно, ялангуяа бага орлоготой өрхөд хамгийн хүнд тусна. Үүнийг уншигч та надаар хэлүүлэлгүй сайн мэднэ.
Гэхдээ бодит байдлыг нуух, худал хэлэх, хий хоосон амлалт өгснөөр асуудлыг шийдэхгүй.
Шатахуун үнэхээр хүрэлцэхгүй болсон бол ямар ч арга хэрэглэсэн хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Дугаараар хуваарилах уу, сугалаагаар өгөх үү, эсвэл дараалал үүсгэх үү — нийлүүлж буй шатахууны хэмжээ өөрчлөгдөхгүй.
Тиймээс гол асуудал бол энэ бүх нуугдмал төлбөрийг хэн төлөх, энэ ачаа дарамтыг хэн үүрэх вэ гэдэгт биш. Иргэд тэртээ тэргүй төлбөрийг нь төлж, ачаагаа үүрч байгаа. Асуудал нь нэгэнт бий болсон энэ өртгийг яаж хуваарилах тухай юм.
Засгийн газрын одоогийн шийдэл иргэдэд ил далд дарамт учруулсан, эдийн засгийн бүх шатанд бүтээмжийг бууруулсан, түр зуурын аргацаасан алхам л юм. Харин зах зээл шийднэ гэвэл үнэ чөлөөтэй тогтоогдох ёстой. Аль ч шийдвэр байлаа ч — засгийн газрын захиргааны эсвэл цэвэр зах зээлийн — угаасаа бүрэн шударга байж чадахгүй.
Зах зээлийн үнэ — мэдээлэл дамжуулдаг нэн чухал давуу талтай
Үнэ өсөхөд хүмүүс хэрэглээ зохистой болох учиртай: шаардлагагүй аяллаа хойшлуулна. Үнэндээ ямар ч шаардлагагүй байхад машин унаад, дэмий зардал гаргаж, тансаглан зугаацаж буй хүмүүс дэндүү олон байгаа. Тансаглах хүсэлтэй бол илүү өндөр үнээр шатахуун дүүргээд явна биз. Шатахууны үнэ өссөн тохиолдолд компаниуд хүргэлтээ илүү оновчтой зохион байгуулна. Импортлогчид шинэ нийлүүлэгч хайж эхэлнэ. 5000 төгрөгөөр А95 орж ирэхэд бэлэн байгаа сурагтай; Өмнөд Солонгос ч гэсэн шатахуун нийлүүлэхэд бэлэн гэж.
Харин захиргааны зохицуулалтын дор бол – тэгш, сондгойгоор шатахуун түгээх журмаар – сэлгүүцэн зугаалах гэж буй автомашин ч, түргэн тусламж, эм тариа тээвэрлэж яваа ачааны машин ч адилхан үйлчлүүлдэг. Зориулалтаар эрэмбэлэн нь ялгаварлан үйлчлэх нь илүү зөв биш гэж үү?
Үнэ хэт удаан барих өөр нэг сөрөг тал бий: албан бус зах зээл үүсдэг. Хар захын бензин 6000–10000 төгрөгт хүрсэн тухай мэдээ гарч эхэлсэн. Ар өврийн хаалгаар, хямд үнээр авсан шатахууныг дамлан өндөр үнээр худалдах боломж бий болдог. Ингэснээр хямд бензин энгийн иргэдэд бус, харин эрх мэдэлтэй, гарц олдог, завшаанч хүмүүст ашиг болж очдог. Товчхондоо асуудал шийдэгдэхгүй, хомсдол болон түүнийг тойрсон бухимдал хэвээр байна, зөвхөн далд хэлбэрт шилжинэ.
Энд бас улс төрийн асар том хүчин зүйл нуугдаж байгаа. Үнэндээ улс төрийн ашиг сонирхол болон эдийн засгийн ашиг сонирхол үргэлж давхцдаггүй. Өнөөдөр, яг одоо байгаа хомсдол, дараалал, түүний үүсгэж буй бухимдлаар л засгийн газрыг шүүмжилдэг. Харин стратегийн нөөц бүрдүүлэх, шинэ нийлүүлэгч олох, агуулах барих, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг шийдвэрийн үр дүнг хэдэн жилийн дараа л харна. Эдгээр асуудал цаг хугацаандаа шийдэгдээгүй нь монголчууд бидний тогтмол хийдэг сонголтын үр дагавар. Гэхдээ буруугаа хүлээх, алдаагаа засах сэтгэлийн тэнхээтэй хүн цөөхөн.
Тиймээс эрх баригчдын хувьд богино хугацаанд улс төрийн хожоо авах захиргааны арга хэмжээ нь урт хугацааны шинэчлэлээс илүү ашигтай санагддаг байх. Дахин сонгогдох, рейтингээ өсгөх гэх сонирхол нь улс төрчдийг хөтөлж өнөө маргаашийн дуулианд төвлөрөх байдалд оруулна.
Захиргааны аргаар асуудлыг шийдэх оролдлого нь асуудлыг хойшлуулан, нэг удаа аргалсан мэт болдог ч энэхүү хямралтайгаа дахин дахин нүүр тулна. Харин шинэчлэлийг зоригтой хийсэн улс орнууд иймэрхүү хямралаас айдаггүй.
Бидний дуурайх дуртай Япон, Өмнөд Солонгос болон Европын Холбооны олон улс шатахууны хомсдлыг дараалал үүсгэж биш, харин урьдчилан бэлдэж шийдсэн. Тэд стратегийн нөөц бүрдүүлж, нийлүүлэгчдээ төрөлжүүлж, ложистикоо сайжруулсан. Үнэ нь бодит нөхцөлөө илэрхийлдэг ч орлого багатай иргэдээ зорилтот шууд мөнгөн дэмжлэгээр хамгаалдаг.
Бодоод үзвэл, литр шатахуун бүрт татаас өгөх нь (эрэлт нийлүүлэлтийг илэрхийлээгүй хямд үнэ) үнэтэй жийп унадаг айлд ч, ажилдаа явах гэж хөл залгуулж буй хуучин машин хэрэглэдэг өрхөд ч адилхан очно. Харин шатахууны дэмжлэгийг үнэхээр хэрэгцээтэй хүмүүст чиглүүлэх нь илүү үр дүнтэй гэж судлаачид үздэг. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулахдаа анхаарахгүй бол “аравтын дарга” нар, хорооны нийгмийн ажилтан, засаг даргаар дамжаад сонгуулийн хэрэгсэл – хүнсний талон шиг – болж хувирдгийг мартаж болохгүй.
Өнөөдрийн шатахууны хомсдол ганц удаагийн саатал биш. 1990 оноос хойш байнга л яригдаж, үе үе хурцдаж ирсэн.
Энэ бол Монголын түлш, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлын сул талыг дахин сануулсан дохио юм.
Тиймээс нэн түрүүнд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах асуудалд онцгой анхаарах ёстой. Тус үйлдвэр ашиглалтад орвол нөхцөл тодорхой хэмжээгээр сайжирна. Гэхдээ ганц үйлдвэр бүх асуудлыг шийдэхгүй. Бидэнд олон эх үүсвэртэй импорт, стратегийн шатахууны нөөц, хангалттай агуулах, ил тод үнийн тогтолцоо, найдвартай ложистикийн сүлжээ бүгд хэрэгтэй. Жишээ нь, цахилгаан машин нэг шийдэл гэж яригддаг. Мөн, шийдэл боловч, асуудлыг бүрэн хэмжээнд шийдэхийн тулд улс орныг хамарсан өндөр чанарын автозамын сүлжээ, дэд бүтэц шаардлагатай.
==================
Өнөөдрийн дараалал удахгүй алга болно. Дараагийн шатахуун ачсан галт тэрэг ирнэ. Хязгаарлалтууд цуцлагдана. Хүмүүс энэ асуудлыг мартаж эхэлнэ.
Харин хамгийн чухал асуулт үлдэнэ: энэ удаагийн хямралаас бид сургамж авах уу? Эсвэл өмнөх шигээ мартаж, дараагийн удаа дахин л колонк дээр урт дараалал үүсэхийг хүлээх үү?
Хэрэв өнөөдөр бүтцийн шинэчлэл хийхгүй бол дараагийн шатахууны хомсдол гэнэтийн зүйл биш байх болно. Энэ нь урьдчилан мэдэж байсан эрсдэлийг үл тоомсорлосны төлөөс байх болно.
Хомсдолыг захиргааны аргаар арилгах боломжгүй.


