Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн төлөв

Эдүгээ дэлхий даяар хүн нийгэм, аж үйлдвэрийн хувьсгалуудын дээд цэг: мэдээллийн, хиймэл оюун ухааны эрин үед шилжлээ хэмээн үзэж хөгжил дэвшлийг хүлээж буй боловч нэн эгзэгтэй, өндөр эрсдэлтэй тодорхой бус нөхцөлд амьдарч байна. 

2022 оны 9 сарын 1-ний нээлтийн лекц

Олон жил нээлтийн лекцийг Ц.Даваадорж багш маань уншиж ирсэн бөгөөд эдүүгээ 93 насыг зооглож буй багш маань энэхүү хүндтэй лекцийг намайг хий гэж хэлсэн юм аа. Энэ дашрамд хичээлийн шинэ жилийн мэндийг Ц.Даваадорж багшдаа болон СЭЗИС-ийн нийт эрдэмтэн багш нар, нийт ажилтан албан хаагч нартаа хүргэж, мөн эрдмийн оргилд тэмүүлэн буй оюутан залуус та нарт ихийг сурч, хамгийн гол нь эрдэм боловсролоо өөрийн болгож, гартаа оруулж авахыг хүсэн ерөөе.

Ирэх 3-4 жилд оюутан залуус та бүхэн үндсэн мэргэжлийн мэргэшлийн олон сэдвүүдийг судлан үзэх хэдий ч чухам ямар орчинд амьдрал өрнөж буйг тун сайн төсөөлөх ёстой. Амьдрал гэгч юмны зургийг томоор нь харж сурах энэ үйлсэд хөтлөх багш нарт ч гэсэн энэ лекцинд хөндөгдөж буй сэдвүүдийг мэргэжлийн хичээлтэй нь уялдуулан зааж сургах үүрэгтэй юм.   

Эдүгээ дэлхий даяар хүн нийгэм, аж үйлдвэрийн хувьсгалуудын дээд цэг: мэдээллийн, хиймэл оюун ухааны эрин үед шилжлээ хэмээн үзэж хөгжил дэвшлийг хүлээж буй боловч нэн эгзэгтэй, өндөр эрсдэлтэй тодорхой бус нөхцөлд амьдарч байна. 

2019 онд эхэлсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахал одоо ч үргэлжилсээр. Үүний зэрэгцээгээр цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам ихэсч, мөн бодит дайн эхэлснээс шалтгаалан дэлхийн соёл иргэншлийн, ялангуяа эдийн засгийн хямралт байдал улам гүнзгийрч, инфляц олон арван жилд тохиолдоогүй түвшинд хүрсэн зэргээс шалтгаалан хүн нийгэм нийтдээ цочирдож, сэтгэл түгшүүртэй хүлээн авч байна.

Ялангуяа ердийн хямралуудыг намжааж, арилгадаг арга хэрэгслүүд, эдүгээ, үр нөлөөгүй болсон ба ойрын ирээдүйд хөгжих, өсөх, тэлэх ресурс улам л хомс болсон нь хүн нийгэмд мөн гайхал төрүүлж байх шиг. 

Эдгээр байдлаас үндэслэн улс орнуудын макро эдийн засагт, дэлхийн эдийн засагт, ер нь онолын эдийн засагт үлэмжхэн өөрчлөлт орох төлөвтэй. 

Дэлхий нийтийн эдийн засгийн динамик үлэмжхэн хэлбэлзэж, тогтвортой байдлаа алдаж байгаа ба ойрын ирээдүйн төлөв тодорхой бус боллоо. 

Хэлбэлзэл, савалгаа, тогтворгүй, тодорхойгүй байдал хэвийн үзэгдэл буюу new normal боллоо.  Энэ нөхцөлд эдийн засгийн шинжлэх ухааны  онолын талын судалгаагаа гүнзгийрүүлэх, салбар дундын болон салбар хоорондын уялдаас, зүй тогтолыг тодотгох, нээх томоохон сорилттой учирлаа. 

Урьд өмнө эдийн засгийн төлөв байдлыг тайлбарлаж байсан парагдимууд, онолын гаргалгаа зэргийг эргэн харах, судлагааны цоо шинэ арга зүйг эрэлхийлэх, төрөлжсөн эдийн засгийн судалгааг антропоцен буюу хүний хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөр нөлөөтөй хамтад нь судлан хөгжүүлэх хандлага потенци чухал юм. 

1. Нэг чухал асуудал хүн ам зүйн эдийн засаг. Эдийн засгийн ойрын ирээдүйг төсөөлөх хувь хүний бодол, хандлагын чухал индикаторын нэг болох гэрлэлт, төрөлт, хүн амын цэвэр өсөлт, ялангуяа хөгжингүй орнуудад абсолют тоогоор ч багасах хандлага ажиглагдана. Дашрамд дурдахад НҮБ-ийн хүн амын асуудал эрхэлсэн байгууллагын тооцоогоор 2022 оны 11 сард дэлхийн хүн ам 8 тэрбум хүрэх ажээ. Монгол улсын хувьд хүн ам зүйн асуудлын хүрээнд хүн амын өсөлт, бууралтын учир шалтгаанаас гадна хүйсийн газар зүйн байршил дэх тэнцвэргүй байдал тун түгшүүртэй боллоо. Энэ байдал нь хөдөө орон нутаг эзгүйрэх, хүн ам, өрх гэргүй шахам засаг захиргааны нэгж олшрох, алс ирээдүйд монголын identity – нүүдлийн соёл иргэншлийг тээгч нар нь үгүй болох аюултай юм. Энэ бүгдийн учир шалтгаан шийдлийг эдийн засгийн ухаан хайх ёстой бөгөөд энэ чиглэлийг анхаарахыг уриалж байна. Төр засаг ч ийм судалгааны эрэлтийг буй болгох үүрэгтэй. 

Дэлхий нийтийн ДНБ-ий өсөлт (%)

Он20192020202120222023
ДНБ-ий жилийн өсөлт (%)2.61-3.275.83.63.6
ДНБ (триллион ам.доллар)87.684.996.199.6103.2
Нэг хүнд ногдох ДНБ (мян ам.доллар)11.310.812.212.412.9
2022, 2023 оны үзүүлэлт төсөөлөл болно.

Эх сурвалж: World Economic Outlook (International Monetary Fund 2022)

2. Дээрх хүснэгтэд харуулсан 2022, 2023 оны төсөөллийг Олон Улсын Валютын сангийн 2022 оны 4 сард боловсруулсан тоо баримтуудаас эшлэн авсан тул Орос Украйны дайны хөнөөл уршгийг харуулж амжаагүй. Харин дэлхийн эдийн засгийн 2022, 2023 оны тайлангаас дайны эдийн засгийн хор уршгийг баримжаалан тооцоолох боломжтой болно. Энэ байдлаас дүгнэн үзвэл дэлхийн эдийн засгийн 2022, 2023 оны төсөөлөл нэлээд хэмжээгээр багасах магадлалтай.  

Монголын эдийн засгийн хувьд бол харьцангуй тогтвортой, жилийн 3-5%-ийн өсөлттэй байх төлөв, боломж буй хэдий ч манайд нүүрлэж буй эрсдэлүүд, ялангуяа эдийн засгийн болхи бүтэц, санхүүгийн зах зээлийн хоцрогдол зэргээс бүх нийтээрээ сэрэмжлэх нь чухал гэдгийг тэмдэглүүштэй. 

3. Хүн нийгмийн соёл иргэншлийн динамикийн буруу ташаа чиглэл хандлагууд, дэлхийн улс орнуудын явцуу сонирхол, хоорондын зөрчил, дайсагнал зэрэг нь өнөөгийн хүндрэлтэй, эрсдэлтэй байдалд хүргэсэн  нь тодорхой.

Дэлхийн соёл иргэншлийн шинэхэн түүхийн 2000 гаруйхан жилд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хувьсгалууд гарч, техник технологи үлэмжхэн хөгжсөн боловч тэдгээрийн үр ашгийг ихэнх төлөвдөө төрийн дээд удирдлагын улс төрийн ба гео бодлогыг хэрэгжүүлэх явцуу сонирхол болон цэрэг дайны зориулалтаар ашиглан хуримтлуулж ирсэн түүхтэй.

Хүн нийгэм эдүгээ ч тоталитар дэглэмүүдээс салж чадахгүй хэвээрээ, тэдгээр нь дайн дажин үүсгэх гол сэжим болсоор л. Өнөөдөр XXI зуун гэхэд л харьцангуй өндөр хөгжилтэй хүчирхэг Орос орон, өөрийнхөө ах дүү үндэстэн Украйнд дайтан орж хүн нийгмийн, нийтийн ресурсийг буруу чиглэлээр ашиглан Украйныг, дэлхийг, өөрийнхөө эдийн засгийг ч бусниулж, цаг уур, байгаль орчны аюул занал дээр нэмэгдэл хохирол учруулж байна. 

Өөрөөр хэлбэл цэрэг дайны, дайчилгааны, хорио хязгаарлалтын эдийн засаг гэгч шинэ үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах шаардлага гарч байгаа нь энэ. Өндөр хөгжилтэй орнууд, жишээлбэл Америкт Дайн судлалын институт гэж тусгайлсан судалгааны байгууллага (Institute for the Study of War) ажилладаг шиг улс орон бүр цэрэг дайны аюулаас сэрэмжлэх, болзошгүй аюулыг урьдчилан тооцоолох, судлах байгууллага, институцтэй болох шаардлага гарлаа. 

Ер нь сүүлийн жилүүдэд хүн нийгмийн амьдралын асар олон өвөрмөц, шинэлэг тогтвортой бус хэлбэр төлөвшиж буйн дагуу мөн олон төрлийн эдийн засгийг судлах шаардлагатай боллоо. Хүн нийгмийн амьдралын гадаад орчин, цаг уурын өөрчлөлт, ховор тохиолддог түр зуурын цаг агаарын аюулт үзэгдлийн хэлбэрээс хальж байнгын, тогтмол нөлөөлөх нэн их аюул хохиролтой, үлэмжхэн оюун ухаан, хөдөлмөр ба олон төрлийн ресурсийг нэмж зарцуулах шаардлагатай боллоо. 

Эдүгээ хүн төрөлхтөн шинийг бүтээн босгох, хөгжин дэвших гэхээсээ илүү учирсан хохирлоо нөхөх, шинэ аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүч хөрөнгөө чиглүүлэх, зохих хэмжээний ресурсийг резерв хэлбэрээр хадгалах зэрэг хандлагатай болох нь. 

Тухайлбал, цар тахал гэхэд л ганц хоёр жил дайраад өнгөрөх аюул төдий бус, хүн нийгмийг байнга түгшээх, хүн нийгэмтэй хамт орших аюул занал хэлбэрээр үргэлжлэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл Хоукины (Stephen Hawking 1942-2018) зөгнөл бүрэн хэрэгжиж, хүн нийгэм нь вирусын орчин, тахлуудын дотор, тэдгээртэй байнга тэмцэж амьдрах шаардлагатай болж байх шиг.

Энэ байдал нь тахлын ба өвчин эмгэгийн эдийн засгийг төрөлжүүлэн судлах, ер нь эрүүл мэндийн эдийн засгийг онцгойлон судлах шаардлагыг тавьж байна. Өнөөгийн эдгээр том аюул занал, өөрчлөлтүүд нь гэнэтхэн гарч ирээд яваандаа, аяндаа усгаж үгүй болох нөхцөл, орчин биш бололтой. 

4. Нөгөө талаар мэдээллийн эрин үед шинэ техник, технологи гарч дэлхийн соёл иргэншлийн хөгжилд тус нэмэр үзүүлэх боломж харагдаж байна. Мэдээллийн 6G систем нэвтэрснээр мэдээлэл дамжуулах хурд 2 зэрэглэлээр нэмэгдэж, саатал үлэмжхэн багасаж, найдвартай, баталгаатай байдал эрс сайжрах төлөвтэй. Гэхдээ л мэдээллийн эрин үеийн өндөр технологи, хиймэл оюун ухааны амжилтууд ч төрийн удирдлагын сонирхол, томоохон бизнесүүдийн маркетингийн албадуудын хүрээгээр хязгаарлагдаад өнгөрөх магадлал өндөр хэвээрээ. Мэдээллийн, хиймэл оюун ухааны эрин үед ихэнх хүмүүс инфо-оркууд хэлбэрт шилжиж, өөрийн гэсэн бодол санаагүй, санаачилга сонголтгүй хувийн мэдээллийг хадгалах, нууцлах боломжгүй болох нь. 

2022 оны байдлаар дэлхий даяар 2 тэрбум гаруй инфо-оркууд “төрж” мэдээллийн системд хамрагдаж байна гэсэн тооцоо гарчээ.

Жишээ болгон Илон Маскийн үйлдвэрийн бүтээсэн TESLA автомашины цахим хэрэгсэлүүдийн боломжийг дурдаж болно. TESLA эдүгээ 3 сая гаруй шинэ цахилгаан автомашин үйлдвэрлэжээ. Тэдгээр бүх автомашинууд GPS системээр хангагдсан ба жолоочийн үйлдэл, замд тохиолдсон бүх тохиолдлуудыг зургаар харуулан цахим системийн ой санамжинд хадгалах боломжтой бөгөөд зарим мэдээллийг жолоочид мэдэгдэлгүйгээр TESLA-ийн серверт шилжүүлдэг ажээ. Энэ мэдээллээ ашиглан TESLA компани саяхан шатсан машиныхаа талаарх шүүхийн процесст хохирол багатай гарч чаджээ. Учир нь тэдгээр машины жолооч нар олон удаа машины хурдыг хэтрүүлж (145км/цаг) байсныг илчилсэн байна.    

5. Ялангуяа цаг уурын өөрчлөлтийн аюултай өөрчлөлтийг зогсоох, багасгах судалгааны болон хэрэгжүүлэлтийн ажилд онцгой анхаарах цаг болжээ. Энэ жилийн таатай бус олон мэдээллийг та бүхэн сонссон биз ээ. Европ тивд өмнөх 500 жилд тохиолдоогүй ган гачиг одоо ч үргэлжилсээр байгаа гэнэ. Зөвхөн цөөн зүйлээс дурдхад дэлхий ертөнцийн хойд хэсэгт хэт халалт ердийн үзэгдэл болж, асар хүчтэй салхи, шуурга олширч, аадар борооны улмаас олон хүн үрэгдэж байна. 

Эрчим хүчний салбарт урьд өмнө оновчтой, зохистой хэмээн тооцогдож байсан сэргээгдэх эрчим хүч-нарны, салхины цахилгаан станцууд нь мөн л явцгүй болох төлөвтэй. 

Мөн Орос Украйны хооронд үргэлжлэн буй дайн нь Европын орнуудыг эрчим хүчний хомсдолд оруулах төлөвтэй. Энэ зуны хэт халалт Европын ба Азийн олон орнуудыг зун цагт ч эрчим хүчний хомсдол үүсгэсэн шинэ тохиолдол боллоо.  

Ер нь ойрын ирээдүйд эрчим хүчний гол ресурс нүүрс, нефтээс бүрэн татгалзах боломжгүй мэт харагдана. Өөрөөр хэлбэл өнөөгийн дэлхийн дулаарлын гол шалтгаан болох нүүрсхүчлийн хийн ялгарлыг ойрын ирээдүйд багасгах боломжгүй, хуучнаараа үргэлжлэх төлөвтэй.  

6. Хүнсний хомсдол, хүн амын агуу их нүүдэл, дүрвэгсдийн асуудлууд, дэлхийн хүн амын цэвэр өсөлтийн тоо хорогдох хандлагатай болсны шалтгаан болон улс орнуудаар хуваарилагдсан байдлыг ч нарийвчлан судлах, ойрын ирээдүйн прогнозыг боловсруулах шаардлага гарч байна. Эрдэмтдийн урьдчилан судалснаас үзэхэд манай гариг дэлхийн биоресурс сүүлийн 40 жилд 1/3 багассан дүгнэлт гарчээ. Мөн хүн нийгэм байгалийн ресурсийг хэрэглэх цар хүрээгээ 1966 оноос хойш 2 дахин өсгөн нэмэгдүүлжээ гэсэн тооцоо гарчээ. 

Цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх ажиллагаа хоосон ярьсаар цаг хугацааны хувьд ерөнхийдөө бодит байдлаас үлэмжхэн хоцорсон. Эдүгээ цаг уурын өөрчлөлтийг урьдчилан таамаглах, тооцоолох, хор хохирлыг багасгах асуудлыг л ярилцах нөхцөлтэй тулгарчээ. Өөрөөр хэлбэл цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох, учирсан хохирлыг нөхөх, шинэ эрсдэлтэй нөхцөлд арай илүү зохицсон хот төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой нөхцөлд өргөжүүлэх ялангуяа ирээдүйн хүн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон төрлийн шинэ ажлыг хийх шаардлагатай боллоо. 

Манай орны хувьд бол ган гачигтай, цөлжилттэй тэмцэх, хүн ба малын аюулт өвчнүүдийн тархалтыг зогсоох зэрэг ажлыг гүйцэтгэх шаардлага гарлаа. Ганцхан жишээ дурдахад 2015-2022 онд Улаанбаатар хотод 886,8 мянган хүн амьсгалын дээд замын өвчлөлд өртөж, тэднийг эмчлэхэд 345,2 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гарчээ. 

Эцэст нь дурдахад онолын эдийн засгийн олон шинэлэг асуудлыг нарийвчлан судлах шаардлага гарч буйг анхаараарай хэмээн эдийн засгийн бүх төрлийн ухааны хичээлийг зааж, боловсруулж буй багш нар та бүхнээс хүсэж байна. 

Дэлхийн аль ч орны эдийн засагт монополь, олигополиудын дарамт, ноёрхол хэт дэлгэрч, ялангуяа санхүүгийн системийн хөөсрөл үлэмжхэн тархсаныг онцлон судлах шаардлагатай боллоо. Мөн эрчим хүчний, бараа бүтээгдэхүүний, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж, инфляцийн түвшин ойрын жилүүдэд тохиолдоогүй хэмжээнд хүрсэн учир шалтгаанд ч анхаарлаа хандуулах нь чухал боллоо. 

Манай сургуулийн экономиксийн тэнхимийн багш нар Д.Гансүлд, Д.Гантөмөр, Д.Мөнхцэцэг, С.Өнөр, П.Уранбилэг нар Экономиксийн шинэ ном орчуулж шинэлэг сэтгэлгээг оюутнуудад олгож байгааг талархан тэмдэглэж байна. Мөн санхүүгийн удирдлагын тэнхмийн багш Ж.Дэлгэрсайхан телевизийн нэвтрүүлэгт тогтмол оролцож байгааг сайшаан тэмдэглэж байна. 

Эдгээр  жишээгээр манай багш нар, судлаач эрдэмтэд дэлхийн ба монголын эдийн засгийн динамикийн талаарх судалгааны ажлуудыг улам өргөжүүлээрэй хэмээн уриалж байна.                 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *