2020 оны уналтаас салгалан гарч 2019 оны түвшинд очиж буй нөхцөлд цаашид яах вэ гэдгээ бүрэн мэдэхгүй, тэмтэрсэн төсөв болжээ.

Эцэст нь: Төсөв-эдийн засгийн төвлөрсөн илрэл. Эдийн засаг - улс төрийн төвлөрсөн илрэл. Улс төр бол эрх баригчдын сонголт. Энэ логикоор 2022 оны төсвийг уншаарай.
  • Засгийн газар бидний мөнгийг ирэх жилд яаж үрэх, цаашилбал 2024 он хүртэл юу төсөөлж байгаагаа илэрхийлсэн төсвийн төслөө УИХ өргөн барилаа.
    • Дүгнэвэл: 2020 оны уналтаас салгалан гарч 2019 оны түвшинд очиж буй нөхцөлд цаашид яах вэ гэдгээ бүрэн мэдэхгүй, тэмтэрсэн төсөв болжээ. 2.4 трлн алдагдалтай (ДНБ-д 5.1%) батлахаар санал болгож буй төсвийн үндсэн философи нь газар шороогоо улам л гүнзгий, яаран сандран ухаж “урд хормойгоорой хойд хормойгоо нөхөх”.
  • Энэ утгаараа өмнөх жилүүдынхээс (төсөв) онцгойрох юмгүй хэдий ч зарим зүйлийг тодотгон үзвэл:
  • Нэг. Гай газар дороос гэгчээр ямар ч ковид нь дэлгэрэх, ямар ч худалдааны дайн нь эхлэх, нийлүүлэлтийн гинж нь хаана тасрах, доголдох, геополитикийн ямар ч өрнөл болзошгүй, тэр байтугай хэчнээн ч Greta Thunberg, шүгэл үлээгч Frances Haugen, Evergrande тодрох, манай “эх орончид” яаж ч аашлахыг тооцох аргагүй нөхцөлд макро-эдийн засгийн төсөөлөл хийх ярвигтай. Ярвигтай учраас төсвийн төлөвлөлт нь индикатив байхаас өөр аргагүй бөгөөд түүнийгээ УИХ тогтоолд тусгайлан тусгах шаардлагатай юм.
  • Хоёр. 2 жил гаруй үргэлжилж буй цар тахал тойрсон өрнөлөөс ямар нэгэн сургамж авсан эсэх нь төсөвт харагдахгүй байна. Дежурын хэдэн дүгнэлтээс хэтэрсэнгүй. Гэтэл явсаар байгаад хүн, түүний эрүүл мэнд, боловсрол хоёрыг л сайжруулах, хангах биет болон биет бус дэд бүтцийг нэн яаралтай баталгаажуулах ёстой нь ойлгомжтой болсон. Энэ нөхцөлд ядаж багш эмч, сувилагч нарын цалинг хоёр дахин нэмэх, төрийн албыг цомхтгож, чадавхижуулах чиглэлд дорвитой хөдлөх төсөв хэрэгтэй байлаа.
  • Гурав. Өөдрөг прогнозоор иргэддээ тайвшруулан, хуурах нь гэм биш зан болжээ. Цар тахлаас бүрэн ангижраагүй, -4.6 хувийн уналттай байхдаа эдийн засгийн өсөлтийг 6.5 хувиар тооцож алдсан бол ирэх жилийн өсөлт 5 хувь байна, инфляц 6.7% байна, зэсийн үнэ $9000 (гэхдээ бид $6306 тооцсон), нүүрс $130-140 байгаа (гэхдээ бид $73.4 тооцсон), мөн алт $1821, төмрийн хүдэр $120-140, мөн газрын тос нь $65/баррель болж буурна гэх мэтээр иргэдийнхээ тархийг угааж, тайтгаруулан тайвшруулж, “эдийн засгийн сэргэлтийн төсөв” зэрэг содон шошго зүүж байгааг бид хараад л сууж байна. Дээрх тооцоо нь дэлхийн зах зээлийн хандлага илэрхийлсэн мэт боловч, тодорхой технологи, чанарын шаардлага, газар зүйн байршил зэрэг олон хүчин зүйлсээс хамааран манайд биеллээ олдоггүй гэдгийг зарим нь мэддэггүй байх. Хамгийн наад зах нь мөнгөний болон сангийн бодлого ямар нэгэн учир шалтгаанаас хамааран “чангарвал” эдийн засгийн зорьсон өсөлт баяртай болно. Санхүүгийн зах зээлд өрнөж буй процессыг анхаарвал санхүүжилтийн нөхцөл улам дордох магадлалтай анхааруулах нь зүйтэй.
  • Дөрөв. Хүн төрөлхтөнтэй хөл зэрэгцэн явах ёстойг мэдэж байгаа бол жишээ нь, цаг уурын өөрчлөлтийн асуудлын хүрээнд газраас ухаж гаргаж буй бүхний хэрэглээг багасах, улмаар эрэлт, буурч үнэ унах хандлага дэлхий даяар тодорхой болж, зарим улс орон нь эрчим хүчний нүүрснээс бүрэн татгалзах он жилээ хүртэл тодорхой зарлаж байгааг анзаарахгүй байж болохгүй ээ.
  • Ийм нөхцөлд хувийн хэвшилд шаардлагатай “платформ” – хөрсийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч мөнгө зарах ёстой. Жишээ нь, манай эдийн засгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хандах хүчин чадал хангалтгүй , өөрчлөн шинэчлэхэд хөрөнгө оруулалт, технологи онц чухал хэдий ч санхүүгийн боломж ядмаг зэргийг тооцсон бодлого төсөв суусангүйгээ.
  • Төсвийн алдагдалаа засгийн газрын үнэт цаасаар санхүүжүүлэх тооцоо байгаа ч, ямар үнэ төлөх нь тодорхойгүй юм. Мөн архины татвараар төсвөө бүрдүүлнэ гэж тооцож буй нь архидалтыг багасгах зогсоох уриа, зарласан шийдвэрүүдтэй нь илт зарчилдөж байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн заалт бүр нь иргэд, өмчлөгчид, цаашилбал нийгмийн эсрэг утгатай болжээ.
  • Тав. Хөрөнгө оруулалт нэмэх хасах нь чухал биш ээ, хэрэгтэй болоод л байшин барилга, зам гүүр тавьж байгаа, харин түүний санхүүжилтийг яаж хийх, төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах, дундаас нь зувчуулах, хулгайлахгүй байхад “төгрөгөөр тавих хяналт”, “төсвийн сахилгыг” хангах механизмыг онцгой анхаарсан төсөв энэ жил хэрэгтэй юм. Хэрвээ төгрөгөөр төсвийн зарцуулалтад хатуу хяналт тогтоож, төсвийн сахилгыг мөрдүүлж чадахгүй бол (одоохондоо тийм механизмыг ажиллуулж чадахгүй байгаа бол) багш эмч нарынхаа цалинг 2-3 дахин нэмээд, тэтгэврийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлчих. Энэ мөнгийг хулгайлах хэцүү!!!
  • Татварт ямар нэгэн өөрчлөлт ороогүй бололтой мэт боловч, ухвал эвгүй юм зөндөө гарч ирэх янзтай. Ядаж хөрөнгө оруулалтын шинэчилсэн хуулиа хэл амгүй, хоёр уншигдахаар үгүй хийж чадсангүй. Уул нь энэ хямралт байдал, түр хугацаанд олгогдоод байгаа онцгой эрхээ зөв ашиглаж, татварын хуулиндаа тухайлбал, хүн амын орлогын татварт олон шатлалтай болгож өөрчлөлт оруулах, дивидентэд хязгаар тогтоож, давсан хэсэгт нь татвар оногдуулах, цаашилбал, татвар оногдуулах, тооцох, хураах зэрэг ажиллагааг бүрмөсөн цахимжуулах, татварын алба нь ихэрхэн даргалдаг биш харин иргэд, бизнест үйлчилгээ үзүүлдэг болгон өөрчлөх боломжийг алдсан нь харамсалтай. Татвар орлого бүрдүүлэлтийг төгөлдөржүүлэх хүрээнд Монгол банкны сеньоржийн эрхийн асуудлыг ч ил тод болгох ёстой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *