Р.АМАРЖАРГАЛ ГИШҮҮНИЙГ “ЗУЛЫН ГОЛ” БОЛГОХ НЬ ЗӨВ ҮҮ?

Намрын шар навчис иш үндсээ орхин гунигтайхан хүнийсч байгаа энэхэн цаг үед бүхний анхаарал нэг л хүн рүү хандаж байна. Тэр хүн бол миний амьдардаг Сүхбаатар дүүргийн тойргоос сонгогдсон Ринчиннямын Амаржаргал гишүүн. Манай тойргийн сонгогчид зөв сонголт хийжээ. Бид түүгээр бахархаж байна. Бас түгшиж байна. Тэгвэл Амаржаргал гэж хэнсэн билээ? Миний харж байгаагаар тэр бол ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай төрийн төлөө тэмцэгч зүтгэлтэн. Тэр дүлий, хүйтэн хөх чулуу шиг биш. Халуун сэтгэлтэй, хүмүүнлэг мэдрэмжтэй улстөрч. Шинэчлэлийн Засгийн газар мөнгө нь байсаар байхад бүтээн байгуулалтын ажлыг жар далан хувь тасалжээ. Үүнээс болж хөдөөгийн эмнэлэг, сургууль, соёлын хэчнээн ч олон бүтээн байгуулалт жагсаалтаас хасагдсан гэв ээ. Би ядуу тарчиг ямаачны сэтгэхүйтэй хүн учраас юу юунаас түрүүнд ямаагаараа л зүйрлэж боддог. Ухаандаа, эм ямааны дийлэнх хувь сувайрсан байвал тэр сүргийн ухна нь ухна биш зүгээр л том хуухнагтай ямаа байж таарна. Тийм сүрэг үржих үү? Үржихгүй. Барагдах уу? Барагдана. Түүн лүгээ адил улс орны бүтээн байгуулалтын дийлэнх ажил нь ямаа мэт “сувайрсан” байвал тэр Засгийн газар нь Засгийн газар биш том том сэтэртэй улстөрчдийн цуглуулга байхаас хэтрэхгүй биз.

Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг үнэгүйдүүлэн ард түмний амьдралыг хорь гучин хувь дордуулсан баримт бас яригдлаа. Урд нь авдаг шиг хүнс бараагаа мөн тийм тоо хэмжээний төгрөгөөр авч дийлэхгүй байгаа бол монгол төгрөг нь хээ хуартай цаас болон үнэгүйдэж гэсэн үг. Гэтэл төгрөг гэдэг бол Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг нүд цавчихгүй манаж байдаг буу шийдэм агссан хилийн цэрэг мөн биз дээ. Тэгтэл тэр эдүгээ доллар жанжинд бууж өгөөд цагаан дарцаг өргөх болж байна. Монгол амьдралд долларын хэмжээгүй эрхт засаглал тогтжээ. Импортоор хооллож хувцасладаг тус орны иргэн түмэн ийм нөхцөлд баяжих уу, ядуурах уу? Бас л хариу нь тодорхой байна. Ингээд бодохоор энэ Засгийн газар байсан ч юм шиг, байгаагүй ч юм шиг. Түүнийг өмөөрөх шалтгаан үл олдоно.

Норовын Алтанхуягийн Засгийн газарт юу дутсан бэ? Олон зүйл дутаагүй. Хоёрхон зүйл дутсан. Нэгдүгээрт, үнэхээр сайн ажиллая гэсэн санаа сэтгэл дутсан. Хоёрдугаарт, тэднийг шахаж шаарддаг Парламентын хяналт хүчин мөхөстсөн. Байдал нэгэнт ийм болсныг мэдлэг туршлагатай улстөрчийн хувьд анзаарч хараад энэхүү болхи бүдүүлэг алхайрлын төлөө “Энэ Засгийн газар огцрох цаг нь болчихсон байна. Хэрэв огцрохгүй юм бол түүнийг ийм болгосныхоо төлөө би огцоръё” гэж Амаржаргал гишүүн үзсэн бололтой байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Миний ойлгож байгаагаар хоёр зүйл байх шиг. Нэгд, Засгийн газрынхаа өмнөөс би “Зулын гол болъё” гэж байна. Хоёрт, ард түмэнд тустай л юм бол төрийн түшээгийн суудлаа өгье л гэж байна. Эндээс үүдээд Засгийн газрын хүлээх учиртай улс төр-ёс зүйн хариуцлагыг Амаржаргал гишүүн өөртөө авч тийнхүү “зулын гол” болох нь зөв үү? гэсэн асуулт гарч байна. Би бол байж болшгүй завхрал болно гэмээр байна. Гэмтний өмнөөс гэмгүй нэгнийг зулын гол болгох аваас хамгийн бүдүүлэг улс төрийн хэлмэгдүүлэлт болно.

Улс орны амьдралыг ингэтэл дордуулж унагасан атал түүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй ажин түжин өнгөрвөл тэр нь бас яалт ч үгүй ард түмнийг нийтээр нь хохироосон нэгэн төрлийн хэлмэгдүүлэлт болно. Тэгэхээр гэмтэн Засгийн газартаа бурууг нь хүлээлгэх үүрэг хүссэн ч эс хүссэн ч Ардчилсан намын удирдлагуудад оногдож байна. Гэтэл Амаржаргал гишүүний энэ санаа бодлыг намынхан нь ойлгохыг хүсэхг үй мэдэн будилцгааж байна. Юу юу гэнэ вэ? Ерөнхий сайдын сэнтийд санаархахдаа худлаа дүр эсгэж байна гэж зарим нь мушгин гуйвуулж байна. Ардын намтай үгсэн хуйвалдаж өөрийн суудлыг тэдний талд гулсуулах гэж байна хэмээн улстөрж үүлж байна. Ганцхан хуудас цааснаа дундхан зайд бичигдсэн Амаржаргал гишүүний эл өргөдөл Монголын төрд бугшсан ёс суртахууны ялзралын бүрх үүлийг ийнхүү хуу татаж хаялаа. Чононд бариулж байхад нь ч зөвхөн амиа л бодон тойрч зугтаадаг адгуусны араншин өнөөгийн төр засагт ноёрхох болсныг ил тод гаргаж тавилаа. Энэ өргөдөл чингэхлээр манай Парламентын түүхэнд гарч байгаагүй шинэ асуудлыг хөндөж байна.

Өмнөх УИХ-ын гишүүдийн гаргаж байсан таван удаагийн өргөдөлтэй адилтгаж болохгүй огт өөр өргөдөл мөн. Тийм байтал үүнийг зарим нь сайн ойлгохгүй механикаар адилтгах гээд байна. Амаржаргалын энэхүү өргөдлийн тэрхүү учир шалтгааныг ардчилсан намын эрх баригчид огт олж харахгүй бүр гайхшаа барж зарим нь бүр дооглонгуй инээмсэглэж байхыг саяхны теле мэдээгээр харлаа. Энэ бол инээд биш ханиад баймаар бус уу. Тус Засгийн газрын ажил хэрэг нэг л явцгүй байгааг зөвхөн сөрөг хүчин нь ч биш ардчилсан намын түшээдийн дотроос эрүүл ухаанаар харж байгаа гишүүн хэд хэд байгаа бололтой. Батзандан гишүүн үгээ шууд хэлсэн. Ерөнхийлөгч маань саяхны ухаалаг төрийн тухай илтгэлдээ Засгийн газрын зүгт хөвөнд боосон чулуу зөндөөнийг шидэж харагдсан. Хашир улстөрч Д.Бямбасүрэн бас чухал сануулга өгч байна билээ. Өөр бусад олон хүн Амаржаргалын талд байгаа нь мэдээж. Гэсэн хэдий боловч “хоолноосоо салчихгүйн тулд” хэлээ хазаад тэвчиж суух шиг байна. Амаржаргалын өргөдлийг ингэс тэгсхийн царцаахын ялдамд Засгийн газраа цэвэрхэн авч үлдэх санаа бодлыг эрх баригчид нь сэмхэн сүүхэйлж байгаа хэмээн “жиргэж” байна. Тэгэхээр дарга нарын үзэмжээр Амаржаргалын хувь заяа шийдэгдэж дуусна. Сайд дарга нарын санаа бодлыг дийлдэг хүч одоохондоо байхгүй.

Х.ЦЭВЛЭЭ (Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

ӨНӨӨДӨР Сонин

2013.12.03 Мягмар

№279 (5073)

http://mongolnews.mn/i/47980

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *