Ирэх оны төсвөөс шинэчлэл харагдахгүй байна

Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж эхэллээ. Шинэчлэлийн гэх тодотголтой Зас¬гийн газрын өргөн барьсан анхны төсөв танд ямар санагдав. Энэ төсөв Засгийн газрынхаа шинэчлэлийн гэх тодотголд нь нийцэж байна уу?
Олон хүн яг тэгж харж байна. Шинэчлэлийн гэх Засгийн газар шинэчлэлийн төсвөө оруулж ирсэн үү гээд асууж байна л даа. Ний нуугүй хэлэхэд, шинэчлэлийн гэдэг юм хаана илэрч байгаа нь харагдахгүй байна. Хайгаад хайгаад олдохгүй нь. Уг нь 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо АН маш тодорхой таван чиглэл гаргаж ирсэн шүү дээ. Ажилтай, орлоготой монгол хүн бидний эрхэм зорилго гэж тодорхойлсон. Энэ өнцгөөс харвал ажилтай, орлоготой монгол хүн бий болгох зүйл төсөвт байх ёстой биз. Гэтэл алга. Угаасаа төсөвт уламжлал болоод явдаг юмнууд л явж байна. Өөрөөр хэлбэл, шинэ¬лэлийн шинж чанартай тэр юмнууд хаана байна вэ гэхээр хара¬дахгүй байгаа юм. Ха¬гийн наад захын нүдэнд тусч байгаа юм нь гэвэл шинээр байгуулсан яам, агентлагуудынхаа л урсгал зардлыг нааш, цааш хуваарилсан төсөв болж. Харин нөгөө ажилтай, орлоготой монгол хүн бий болгох юм нь төсөв дээр алга.

Яагаад шууд тэгж дүгнэж байгаа юм бэ?
Хамгийн энгийн зүйлээс эхэлье л дээ. Монгол Улсын ажиллах хүчний балансыг аваад үзье. Жилд хэчнээн хүн ажиллах хүчний зах зээлд орж ирдэг, хэчнээн нь гарч явж байгаа билээ. Энэ зах зээлд орж ирж байгаа хүмүүсийн хүйсийн бүтэц ямар байна. Хэд нь эрэгтэй, хэчнээн нь эмэгтэй хүмүүс байна вэ. Нутаг дэвсгэрийн хувьд хаана, ямар байна вэ. Говийн аймгуудад хэчнээн хүн ажиллах хүчний зах зээлд орж байхад, баруун аймгуудад ямар байгаа бол. Зөвхөн ажиллах хүчний зах зээл гэдэг өнцгөөс авч үзээд ерөнхий динамик нь ийм байна, ерөнхий хандлага нь ийм байна гээд гаргах ёстой. Энэ хандлагадаа тулгуурлаад ийм, ийм бодлогын чанартай зүйл дэвшүүлье. Өнөөдөр ажиллах хүчний зах зээлийн хамгийн эмзэг цэг бол баруун аймгууд. Тэгвэл баруун аймгуудад хөдөлмөрийн зах зээлийг зохицуулсан ийм, ийм ажил хийхээр төлөвлөлөө. Хөрөнгө оруулалтын чанартай юмнууд нь энэ байна, боловсролын чанартай нь энэ, ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлтэй холбоотой зүйлс нь энэ гээд заагаад өгөх хэрэгтэй юм. Тэр нь төсөв дээр уншигдаж байвал шинэчлэл явж байгаа юм байна, үнэхээр юм хийхээр оролдож байгаа юм байна гэж харагдана. Үнэнийг хэлэхэд, тийм юм огт харагдсангүй.

Тэгвэл бусад зорилт ямар байна вэ. Жишээ нь, аюулгүй орчинтой монгол хүн гээд АН-ын “Монгол хүн 2020” хөтөлбөрт орсон зорилт бий шүү дээ?
Ялгаа алга, төсөвт суусангүй. Аюулгүй орчинд монгол хүн амьдрах ёстой гэсэн том зорилт дэвшүүлсэн. Тэр маань чухам юугаар хэрэгжиж байна вэ гэхээр бас л харагдсангүй. Эцсийн дүндээ Х.Тэмүүжин гэдэг нэг сайд эмнэлгийн барилгыг өөрийн оффис болгож авснаар аюулгүй орчин сайжрах гээд байгаа юм уу. Үнэндээ тийм л асуудал болж хувирчихлаа. Өөрөөр хэлбэл, энэ зорилт дээр ч гэрэл гэгээтэй юм харагдахгүй байна.
Эрдэм боловсролтой монгол хүн гээд бидний дэвшүүлсэн зорилт бас бий. Энэ нь төсөвт ямар байдлаар туссан бэ гэхээр ердөө л сургууль, цэцэрлэгийн галч, нийгмийн ажилтан, эмч зэргийг чөлөөлөх, тэнд гарч ирэх 150 тэрбум төгрөгийн асуудал болж гарч ирлээ. Тэгж эрдэм боловсролтой монгол хүн гарч ирэх юм уу, бүү мэд. Эрүүл чийрэг монгол хүн гэж бий. Гэтэл эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт чухам хаашаа яваад байгаа юм бэ гэдэг нь огт харагдахгүй байна. Энэ утгаараа шинэчлэлийн шинж чанартай төсөв орж ирлээ гэж хэлэх ямар үндэсгүй болчихоод байгаа юм.

Энэ төсөвтөө тэгээд Ерөнхий сайд ямар байр сууринаас хандаж байгаа юм бол?
Сэтгэл санаа цочирдуулсан нэг зүйл нь наадах чинь. Ерөнхий сайдын төсвийн танилцуулга хийхдээ хэлсэн үгийг хүмүүс сонссон байх. “Энэ 2013 оны төсвийг чинь ер нь бид сүрхий хамгаалаад байхгүй шүү” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн. Тэгэхээр хэн гүйх юм бэ, яах юм бэ. Ерөнхий сайд нь оруулж ирсэн төсвөө бид тоохгүй, хамгаалахгүй, та нар дураараа бол гэж болох уу. Хэн үүний төлөө хариуцлага хүлээх юм бэ. Хэн энэ төсвийн төлөө явах болж байна аа. Н.Алтанхуяг хариуцлагагүй гэхэд хэтэрхий хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Ийм байж болохгүй. Уг нь өөрөө хариуцлагын тухай яриад байгаа биз дээ. Хариуцлагыг сайжруулна, дээшлүүлнэ гэдэг мөртлөө 2013 оны төсвийг би хариуцахгүй шүү гэх юм. Би зууралдахгүй, та нар өөрсдөө мэд гэдэг их л гунигтай сонсогдож байна.

Ерөнхий сайд, бас Эдийн засгийн хөгжлийн сайдын амнаас төсвөө дөрвөн жилээр төлөвлөдөг болно гэсэн үг гарсан. Энэ нь магадгүй нөгөө шинэчлэл нь юм болов уу. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, хөгжлөө шинээр төлөвлөж байгаа гэсэн. Шинэчлэлийн эхлэл, урьтал болгоод 2013 онд ядаж ганц ч зүйл төсөв дээр орж ирсэнгүй гэж үү?
Тийм ээ, харагдахгүй байна. Тэдний хийж байгаа танилцуулгыг харахад жаахан хольж хутгасан юм байна уу гэсэн ойлголт надад төрсөн. Монгол Улсын төсвийн шинэчлэл гэдгээ төсөв боловсруулах, хийх процессоо гэж ойлгоод байх шиг ээ. Төсвөө шинэчилье гэдэг юмыг бид олон жил ярьж байгаа. Арван хэдэн жил энэ сэдвээр л ярилаа. Орлого талаа яаж бүрдүүлэх, ямар шинэчлэл хийж болох. Төсвийн зарлагаа яаж гаргах, ямар өөрчлөлтүүд байж болох вэ гээд ярьсан. Төсөв боловсруулах процесс маань ямар дэс дараатай яаж явах вэ. Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо чухам юу байх юм бэ. Төсвийн зарлагад хяналт тавьдаг механизм нь юу байх вэ гээд ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн процедур тойрсон шинэчлэлийн талаар олон жил ярьж байгаа юм. Энэ хүрээнд ажил хийгээгүй биш хийсэн. Хэд хэдэн чиглэлээр шүү. Тухайлбал, 2013 оны төсвийг батлахдаа 2014, 2015 оны төсвийн төсөөллийг цуг баталдаг. Өөрөөр хэлбэл, төсөв гурван жилээр батлагдаж байна гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө их дажгүй процесс шүү. Гэтэл үүнийг мэдэхгүй юм шиг, гэнэт л ер нь дөрвөн жилээр баталдаг болно гэж ярих юм. Олон жил явж байгаа замаа мэдэхгүй байгаа юм уу гэж асуумаар болгож байна л даа. Энэ оны төсвийг батлахдаа бид 2013, 2014 оны төсвийн төсөөллийг баталсан. 2011 оны төсвийг батлахад ч бас 2012, 2013 оны төсөөллийг батлаад явж байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж гаргаад, тэр хүрээндээ төсвийн ерөнхий рамуудаа зангидаж, хязгаарлалтаа хийж өгсөн. Тэр хүрээндээ төсвөө боловсруулаад явж байна. Гэтэл төсвийг батлах процессыг шинэчлэх гэдэг юмыг эдийн засгийн шинэчлэлтэй хольж хутгасан юмнууд яриад байна. Би үүнийг буруу гэж бодож байгаа шүү.

Төсвийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийлээ. Ингэхэд Ерөнхий сайд багцад шинэчлэлийн хөтөлбөрт зориулсан гэх 50 тэрбум төгрөг суусан байна лээ. Энэ мөнгөөр чухам юу хийх юм бэ. Шинэчлэл хийх гээд байгаа юм биш үү? 
Ерөнхий сайд УИХ дээр хийж байгаа мэдээлэлдээ УИХ ер нь л төсвийн эрэг, шурга, боолт руу ороод байх шаардлагагүй гэж хэлсэн л дээ. Бүхэлд нь томоор нь баталчихаач, шинэтгэлийн 50 тэрбум төгрөгийг тэр чигт нь батлаад өгөөч гэж яриад байгаа юм. Энэ бол маш буруу. Монгол Улсын төсөв гэдэг өөрөө хууль. Тэр хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ягштал мөрдөх учиртай. Тэгж мөрдөх үйл ажиллагааг нь хариуцах байгууллага бол гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын тэргүүн өөрөө. Нэгд, хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай биз дээ. Хоёрт, төсөв гэдэг Дорж, Дондог, Дулмаагийн мөнгө биш. Нийт ард түмнээс татвараар аваад зарцуулж байгаа мөнгө. Тийм учраас энэ мөнгө хаашаа явж байгаа вэ гэдэгт ард түмэн маш хатуу хяналттай байх учиртай.
Зориулалтын бусаар төсөв зарцуулж байна, улс төрийн намын төлөө мөнгө зараад байна. Хэсэг бүлэг хүний эрх ашигт зарцуулаад байна гэдэг шүүмжлэл яваад байдаг шүү дээ. Тэрийг хянадаг гол механизм юу гэхээр төсвийг батлахдаа ёстой эрэг, шургаар нь хэлэлцэж батлахыг хэлдэг юм. Манай өнөөдөр баталж байгаа төсөв бол ийм л цаас байна /хоёр см орчим зузаан цаас үзүүлэв/. Харин төсвийн соёл төлөвшсөн, шинэтгэл гэдэг юм хийсэн газар бол төсөв чинь ийм юм байгаа /ойролцоогоор нэг метр орчим зузааныг дүрслэн үзүүлэв/. Зарим газарт төсөв баталж байна гээд хэдэн авдар дүүрэн цаас парламент дээрээ авчирдаг шүү дээ. 20, 30 хайрцаг төсвийг баталдаг. Яагаад гэхээр тэнд бүх юмыг ширхэгчлээд заачихсан байдаг. Танай байгууллага энэ жил хэдэн ширхэг цаас бичиг хэрэгтээ хэрэглэнэ. Үүнээс хэд нь А4, хэд нь А3-ын цаас байна. Нэгдүгээр зэрэглэлийн цаас төдөн ширхэг, хоёрдугаар зэрэглэлийнх тийм хэмжээтэй гээд заачихсан байдаг. Чи тэрийг л авах ёстой. Хэрэв зөрчвөл хэд хэдэн асуудал гарч ирнэ. Нэгд, чи юмаа мэддэггүй нөхөр байна. Анх төсөв боловсруулж байхдаа юу бодож байсан юм бэ. Чи юмаа мэдэхгүй байсан юм байна ш дээ гэнэ. Хоёрт, хууль зөрчсөн байна гээд хариуцлага тооцдог механизм байдаг. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөр дамжуулж хяналт тавина гэдэг бол маш хүчирхэг хэрэгсэл. Хяналт тавихын тулд жирийн иргэн аль ч байгууллага дээр очоод төсвийн задаргааг нь үзэж, танайх тийм цаас, харандаа, хайч, цавуу хэрэглэх ёстой байсан гээд маш тодорхой хардаг. Бид ийм л тогтолцоо руу явах ёстой юм. Гэтэл тэрнээс бүр холдож, татгалзаж, 50 тэрбум төгрөг тавиад өгчих л дөө. Бүхэлд нь батлаад өг гэх юм. УИХ 50 тэрбум төгрөг тавиад өгч болно. Харамласан хүн нэг ч алга. Үнэхээр шинэчлэл хийх шаардлагатай мөнгө юм бол өгнө. Гэхдээ чухам чи юунд зарах юм бэ гэдгээ тодорхой болго л гэж байгаа. Ерөнхийд нь батлаад өг гэдэг бол ажлаа мэдэхгүй байгаагийн илрэл. Юмыг яаж мэдэх вэ гэдэг үүднээс мөнгө тавьж байгаа нь ажил хэргийн мэдлэг дэндүү сул байгаагийн жишээ гэж би хувьдаа ойлгож сууна. Миний хэлэх гээд байгаа санаа бол төсвөөр дамжуулж хяналт тавьдаг механизмаас хэрхэвч ухарч болохгүй. Тэрийг өргөжүүлэх ёстой. Үүний тулд төсвөө улам бүр нарийвчилж эрэг, боолт, шургийг нь ил гаргаж байж батлах учиртай юм.

Эрэг, шураг, боолтоор нь хэлэлцэх байтугай Ерөнхий сайд нь төсвөө хамгаалахгүй гээд байгаа юм биш үү. Энэ тохиолдолд ер нь яах ёстой юм бэ?
Ёстой хэлж мэдэхгүй юм. Ардчилал Монголд төлөвшсөнөөс хойш хорин хэдэн жил анх удаа л ийм юмтай учирч байна. Олны өмнө, УИХ дээр би энэ төсвөө хамгаалахгүй ээ гээд хэлчихээр чухам юу болох юм бол. Монголын төр, засгийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл юу болон хувирч байгаа юм бол доо. Учир нь олдохгүй л зүйл болчихлоо. Би хувьдаа яах ёстойг ёстой хэлж мэдэхгүй нь.

Танай нам олонхиороо батлаад өгөх л байх даа?
Тэгэх л байх даа.

Магадгүй энэ нь төсөвт хяналт тавих ёстой сөрөг хүчнээ УИХ-д бүлэг ч үгүй байлгаж байгаатай холбоотой юм шиг ээ. Төсөвт хяналт тавих ёстой Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны ажил ч жигдрээгүй байна. Бас улсын төсөвт хяналт тавих ёстой Үндэсний аудитын газрын даргыг зургаан жилийн хугацаанаас нь өмнө УИХ чөлөөлж, шинэ хүн томилчихлоо?
Харин тийм ээ, хариуцлагын тогтолцоо гэж байхгүй болчихлоо. Өөрөө хариуцлага ярьж, хариуцлагатай байна шүү гэж хэлчихээд Ерөнхий сайдын үйл ажиллагааг илэрхийлдэг, хариуцлага байгаа эсэхийг илэрхийлдэг хамгийн гол зүйл болох төсвөө би хариуцахгүй шүү гэдгийг юу гэж ойлгох юм, бүү мэд. Ер нь л төсвийн гүйцэтгэл, төсвөөр дамжуулж хяналт тавьдаг механизм манайд олигтой төлөвшиж өгөхгүй л байна даа. Огт хоосон гэж болохгүй байх. Юм явж байгаа. Гэхдээ санасан хэмжээнд хүрэхгүй байна. Би сайн санаж байна. Улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэж УИХ-д нэг юм бий.

Сөрөг хүчин удирддаг дэд хороо…?
Тийм. Сөрөг хүчинд өгчихсөн байдаг юм. Цагтаа би бас тэр хороог чинь хариуцаж байсан ухаантай. Төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийгээд зөрчлийг нь гаргаад ирж байгаа юм. Энэ сайд төсвөө ингэж хэтрүүлжээ. Энэ агентлагийн дарга чинь төсвөө ингэж буруу зарцуулжээ. Төсвийн хуулийн дагуу, Төрийн албан тухай хуульд зааснаар эдгээр хүн хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэлт гаргаж байлаа. Төсвөө хэтрүүлсэн энэ хүн ажлаа өчиггүй өгөх ёстой гэдэг ч эрх барьж байгаа улс төрийн нам тэрийг авч хэлэлцдэггүй. Нөгөө хүнээ огцруулдаггүй. Ямар сайндаа би УИХ-ын чуулган дээр “Төсвийн гүйцэтгэлээр ийм зөрчил илэрлээ. Ийм сайд ажлаа өгөх учиртай. Мэдээж энэ хүнээ та нар хамгаалаад гарах юм чинь би энд төсвийн зарлагад хяналт тавина гэж суугаад яах вэ. Энэ ажлаа ав” гээд өгч байлаа.
Ийм процесс манайд зогсохгүй яваад байгаа гэсэн үг л дээ. Уг нь Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үүрэг засагт нь байгаа л бол тэр Засгийн газар төсвийн хуулиа ягштал мөрдөж, зөрчиж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой байхгүй юу. Намын харьяалал үл хамаарч төсвөө хэтрүүлж, зориулалтын бусаар зарцуулсан бол огцордог байх хэрэгтэй. Төсөв боловсруулах процесст ч хариуцлагагүй хандсан бол хариуцлага хүлээх ёстой. Тэгж байж төсвийн сахилга гэж юм бий болно. Ард түмний мөнгийг хэмнэе гэдэг юм биеллээ олно.
Ер нь бол гарч ирээд амаараа гоё, гоё мэдэгдэл хийх чихэнд их гоё л сонсогддог. Чимэгтэй юм их олныг ярьж болно. Олон зүйлийг тайлбарлаж болно. Гэхдээ яг бодит ажил юу вэ гэдгийг баримжаалж болдог хоёр л баримт бичиг бий. Нэг нь мөнгөний бодлого, нөгөө нь төсөв. Энэ хоёр дээр бүх юм тусгагдаад гарч ирж үү гэдгээ чухам юу гээд байгааг нь, ямар үр дүнд хүрэх гээд байна вэ гэдэг нь харагддаг.

Тэгэхээр 2013 онд бол АН-ын мөрийн хөтөлбөр биелэх ямар ч үндэсгүй болж байгаа гэсэн үг үү. Мөнгөн дүнгээр илэрхийлэх ёстой төсөвт шинэчлэлийн үнэр харагдахгүй байгаа гэж би таны ярианаас ойлголоо?
Мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй л гэсэн үг. Шинэчлэлийн чанартай юмнууд гарч ирэхгүй. Уг нь мөрийн хөтөлбөрт суусан зүйлсээ мөнгөөр баталгаажуулж өгөх нь төсөв шүү дээ.

Шинэ зүйл төсөвт байхгүй юм байна. Өмнөх төсвүүдээс муудав уу, сайжрав уу. Харьцуулалт хийж болох уу?
Өмнөх төсвүүдээс шинээр гарч ирж байгаа зүйл бол төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд захируулж хийсэн төсөв болсон. Тэр утгаараа бол дажгүй төсөв боллоо гэсэн ойлголттой явна. Манайх чинь үе шаттай шийдэх хэдэн зорилт тавьсан шүү дээ. Тухайлбал, ДНБ-д улсын төсвийн эзлэх хувийн жинг шат дараатай буулгах асуудал бий. Өнгөрсөн онд 48 хувь байсан бол энэ жил 42 болтол нь бууруулж байх жишээтэй. Ерөнхийдөө Сангийн яам өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд төсвөө боловсруулаад ороод ирсэн. Тэрийг шүүмжилж, буруутгаад байх юм огт байхгүй. Харин шинэчлэлийн шинж чанартай юмыг улстөрчид томъёолж өгөх ёстой. Бид ажилтай, орлоготой монгол хүн дээр жишээ авахад ийм юмыг анхаарч, ийм өөрчлөлт оруулах ёстой гээд төсөвт ийм мөнгө зоо гэж улстөрчид хэлж өгөх ёстой юм. Эрх барьж байгаа улс төрийн хүчин хөтөлбөрөө ингэж л хэрэгжүүлэх хэрэгтэй.

Дэлхийн эдийн засгийн хямрал айсуй гэж эдийн засагчид дүгнэж байна. Хямрал боллоо гэхэд Монгол бэлэн байдалд байж чадаж байна уу. Ирэх оны төсөвт хямралаас сэргийлсэн ямар зарчмууд туссан байна вэ?
Төсөвт тусгалаа олсон юм алга. Дэлхийн эдийн засгийн хямрал хэр зэрэг өрнөх юм, цар хүрээ нь ямархуу байх юм, Монгол чухам ямар сувгаар орж ирж, ямар салбарыг цохих юм гэдгийг тооцож, түүнд тулгуурлаж хийсэн юм огт байхгүй байна лээ. Бүр нарийн авч үзвэл улсын төсвийн орлого талыг бүрдүүлж байгаа зүйлс дээр эргэлзээтэй тоонууд их байна. Жишээ нь, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 400 гаруй тэрбум төгрөгийг Оюутолгойгоос авна гэсэн. Тэр бол зүгээр өөрийнхөө хүслийг бичиж байгаа хэлбэр. Авна гэсэн үг огт биш. Авахын тулд нөгөө талтайгаа гэрээ хэлэлцээрт орж, тохиролцох ёстой. Тэр нь албажиж байж энэ хэмжээний мөнгө орж ирнэ шүү дээ. Түүнээс би тэгж хүсч байна гэж биччихээд ард түмэнд сайхан болно гэж ярьж, УИХ-ыг батлаад өг гэж тулгаж болохгүй.
Хоёрт, дэлхийн зах зээл дээр бидний орлого олж байгаа гол түүхий эдүүдийн үнэ яаж бүрдэх вэ гэдэг асуудал гарч ирлээ. Нүүрс гэхэд эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байгаад нэг үнэ бүрдэх байх. Гэхдээ эдийн засгийн хямрал чинь бодитой болоод өргөжөөд ирэх юм бол эрэлт, хэрэгцээ буураад л явчихна. Тэр хэмжээгээр нүүрсний үнэ буурна. Тэр хэмжээгээр улсын төвийн орлого багасна. Тэгээд нийгмийн чанартай зардлууд багасч, хөрөнгө оруулалтын зардал гээд ер нь бүгд буурчихна. Жишээ авъя л даа. Нүүрсний үнийг нэг үнээр тогтоё. 120 ам.доллар байж байгаад хямралаас болж 100 дээр ирж тогтлоо гэе. Энэ бол нэг хандлага. Бид зах зээл дээр нүүрсээ борлуулахдаа тонн бүрээс 20 доллараа алдах нь гэсэн үг. Дараагийн нэг асуудал бол дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ 100 доллар боллоо гэхэд бид тэр үнээр нь зарж чадах уу гэдэг асуудал байгаа юм. Яагаад гэвэл, газар зүйн байрлал гээд олон юмнаас хамаараад үндсэндээ манай гол хэрэглэгч бол нэг л субъект. Тэр нь БНХАУ. Гэтэл тэдний эдийн засгийн өсөлт саарчихсан. Хүнд байдалд орохгүйн тулд 2013 онд ямар ч байсан дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжинэ, дотоод зах зээлээ дэмжиж ажиллана гэсэн мэдэгдэл хийчихлээ. Юу гэсэн үг вэ гэхээр нүүрсний хэрэгцээгээ дотоодын уурхайгаасаа хангана гэсэн үг. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр 120 ам.доллар байсан үнэ чинь 100 болчихдог, 100-гаар нь борлуулъя гэхээр нөгөөдүүл чинь дотоодын үйлдвэрлэгчээ бодохгүй бол болохгүй нь, уучлаарай гэвэл яах вэ. Төсвийн орлого талд суусан энэ тоонууд туйлын эргэлзээтэй болж байна. Зөвхөн нүүрс ч биш төмрийн хүдэр дээр ч байдал ийм болчихлоо. Хятад өөрөө шийдэж чадахгүй зарим түүхий эд бий л дээ. Тухайлбал, зэсийг бол заавал гаднаас авна. Тэгэхээр төсвийн орлого талыг тооцохдоо дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг маш нарийн бодох ёстой. Би хувьдаа төсөв дээр байгаа долоон их наяд төгрөгийг хараад ээдээ мөн ч их хоосон юм энд байгаадаа л гэж бодож сууна.

Төсвийн төслийг харахад, хөрөнгө оруулалтыг нэлээд танажээ. Энэ юутай холбоотой вэ?
Нэлээд багассан шүү. Яасан гэхээр 2012 онд хийхээр байсан хөрөнгө оруулалтыг 2013 он руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжил нэг жилээр хоцорлоо, хойшиллоо. 2012 онд хийх байсан юмнууд бүгд 2013 он руу шилжчихлээ ш дээ.

Үүнийгээ тэгээд юу гэж тайлбарлаж байх юм?
Шинэ засаг төр гарч ирсэн, урьдах ажлууд хугацаа алдсан гэж ярих л байх. Би хувьдаа тийм тайлбар хүлээж авахгүй. Угаасаа бүх асуудлыг шийдэхийн тулд засаг байдаг биз дээ. Улаанбаатар хотын даргаар ажиллаж байгаа Э.Бат-Үүл баатар, ИТХ-ын дарга манай Д.Баттулга хоёр яагаад Улаанбаатарынхаа асуудлыг гонгинохгүйгээр барьж аваад өдөр, шөнөгүй зүтгээд, шийдээд байгаа юм бэ. Болж л байгаа биз дээ. Үр дүн гарч ирж байна. Хүмүүс маш сайн дэмжээд шийдэж байна. Гэтэл наана нь засгийн хэмжээнд болохоор би хариуцахгүй шүү, нөхдөө уучлаарай гэж хэлээд яваад байгаа нь ойлгогдохгүй л байна.

Ийм байхад хяналт тавих ёстой парламент нь юу хийгээд байгаа юм бэ?
УИХ хяналт тавьж чадахгүй байна. УИХ-ын нийт гишүүний бараг 90 хувь нь сайд, дарга болчихсон. Өөрөө өөрийнхөө шийдвэрийг УИХ-аар дамжуулаад хянана гэдэг үндсэндээ үлгэр маягийн юм болоод байна. Дээр нь олонхиороо түрээд хүссэн юмаа батлаад байдаг жишиг рүү орчихлоо. Үүндээ их эрдээд яваад байна л даа. Энэ бол буруу.

Ингэж яваад байвал эцсийн үр дүн яаж гарах бол оо?
Эцсийн үр дүн гэдэг явсаар ард иргэдийн нуруун дээр л ирж бууна. Бизнесийнхний нуруун дээр ирж бууна. Өөдрөгөөр хэлэхэд асар их хэмжээний боломжоо алдана. Жаахан ухаад үзвэл магадгүй өнөөдрөөс хүндэрсэн юмнууд гараад ирэхийг үгүйсгэх аргагүй л болчихлоо.

Төсвийн урсгал зардал нь яаж байгаа бол. Яамдын тоог нэмээд шинэчлэгдсэн зүйл байна уу?
Үнэндээ бол сая хийсэн зохион байгуулалтын өөрчлөлтөө л санхүүжүүлэх хэмжээнд урсгал зардал хийсэн. Энэ дээр шинэ юм бол байхгүй. Гайгүй юм гэвэл, урсгал тэнцлээ ашигтай гаргаад байгаа. Ганц энэ жил ч биш л дээ. Сүүлийн дөрвөн жил урсгал тэнцэл ашигтай гарч байгаа.

Таны блогтоо бичсэн сэтгүүлч, оюутнуудад тавьсан асуултаар ярилцлагаа дуусгая. 2013 оны төсөв хэр жендерийн мэдрэмжтэй төсөв болж байна вэ гэсэн асуултдаа та өөрөө хариулаач?
Би ямар утгаар тэрийг гаргаж тавьсан гэхээр гурван үндэслэл бий. Нэгд, Пакистан улсад охидын боловсролын төлөө тэмцэж байсан 14 настай охины толгой руу талибанчууд буудаж гэмтээсэн. Эмэгтэй хүнийг эрдэм боловсролтой байлгахын тулд ярьж байсан охин буудуулсныг сонсоод их харамссан. Хоёрт, Дэлхийн банк бас “Жендерийн тэгш байдал” гээд эдийн засгийн тойм илтгэлээ гаргасан. Маш хүчтэй илтгэл. Ер нь энэ жендерийн асуудал ямар байгаа юм. Эдийн засаг, улс төр, нийгэм талаасаа ямар янзтай байгааг дэлхий даяар судлаад гаргасан илтгэл л дээ. Тэрийг манай хэвлэлийнхэн сайн судлах ёстой юм. Их олон санаа байгаа. Тэр өнцгөөс нь улсын төсвөө ч үзэх юм бол сонин юм гарч ирнэ гэж бодсон юм л даа. Гуравт, төсөв дээр чинь ярих юм байхгүй байна ш дээ. Үүнийг илэрхийлж, даажигнасан байдлаар бичсэн ухаантай юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан, 2012.10.15-ны өдөр, II, IX нүүр, сэтгүүлч Ч.Гангэрэл

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *