Харин одоо л танайхаар дамжуулээд нэр дэвшихээ илэрхийлье


УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай уулзаж ярилцлаа.

А. Чуулганы завсарлагаар юу хийж байна даа?

Х. Чуулган завсарлалаа ч энэ хороонд хийх ажил зөндөө. Төр ба хувийн хэвшлийг тойрсон эрх зүйн баримт бичиг тодорхой хэлбэл хуулийн төсөл боловсруулах ажил дээр л хамаг цагаа зарж байна. УИХ-аас энэ чиглэлийн түр хороо байгуулсан, үүнийг би ахалж байгаа. Хямралаас гарах төлөвлөгөө, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төр ба хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг эрх зүйн хувьд яаралтай зохицуулах заалтууд орсон. Ямар ч гэсэн энэ чиглэлийн ажлаа цэгцлээд дөрөвдүгээр сарын дунд гэхэд хуулийн төсөл бэлэн болгож, тэрийгээ Их хуралд өргөн барьчих санаатай байна. Хажуугаар нь гадаад, дотоодын хоёр гурван томилолт байсан, тэрийг ч амжууллаа.

А.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслөөр юуг зохицуулах юм бэ?

Х.Ер нь эдийн засгийн суурь хувийн өмч дээр тулгуурласан, хувийн хэвшил авч явна гээд байгаа. Эдийн засгийн хөгжлийг хангах гол гол ажил үүргийн юуг хэн яаж хариуцаж байх юм, энэ хоёр эрх зүйн хувьд ямар зохицуулалттай байх вэ гэдгийг тодорхой болгох юм. Манайд ийм хэлбэр байхгүй биш янз бүрээр байгаа. Тухайлбал, тодорхой объектуудыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн хэвшилд шилжүүлээд юм хийлгэх гэж оролдож байна л даа. Болж байгаа ганц нэг юм ч байна, болохгүй юм их байна. Болохгүй байгаагийн нэг учир шалтгаан нь эрх зүйн хувьд зохицуулагдаагүй, орхичихсон байгаа. Хамгийн сонгодог жишээ бол Лүнгийн зам байж байна. Улсын төсвөөс гурван тэрбум төгрөг гарчихсан байдаг. Өнгөрсөн жил ашиглалтад оруулах ёстой байсан зам одоо болтол сураг чимээгүй байж байх жишээтэй. Хэн энэ дээр ямар хариуцлага хүлээж байгаа юм. Ямар ч юм алга байна. Татвар төлөгчдийн мөнгө үндсэндээ урсаад алга болж байна, энэчлэн. Ийм юмыг л зохицуулах гэж хуулийн төслийг яаралтай хийх гээд байна. Гол утга нь энгийнээр хэлэх юм бол төр, хувийн хэвшил хоёрыг “гэрлүүлэх” гээд байгаа юм. “Гэрлэж” байгаа тохиолдолд маш мундаг гэрээ байгуулна, тийм ээ. Салах юм бол яах вэ гэдгээ тодорхой заасан байх жишээний. Цаашдаа том том төслүүд хэрэгжүүлээд эхлэх юм бол ийм хууль хэрэгтэй. Урагшаа тавих төмөр зам, авто зам, цахилгаан дулааны шугам сүлжээнүүд, том том цахилгаан станц барих, уурхайнуудыг ашиглах гээд өчнөөн юм яригдаж эхэллээ. Энэ бүгдийг чинь Төр ба хувийн хэвшлийн тухай хуулиар зохицуулж өгөх шаардлагатай болох юм.

А.УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээний төсөлтэй танилцаж байгаа. Та танилцаж байгаа биз дээ?

Х.Гэрээний төслийг УИХ-аар сая ерөнхийд нь хэлэлцээд хойшлуулчихлаа. Нэлээд дутуу дулимаг юм хийгдсэн байна. Өргөн барьсан хэлбэрээрээ бол Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй юм байна гэсэн дүгнэлтийг УИХ-аас өгсөн. Тэгээд ажлын хэсэг байгуулж, юуг яаж өөрчлөх гэдэг дээр ажиллаж байна.

А.Та Ерөнхий сайд байсан хүн, бас сайн эдийн засагчдын нэг. Энэ гэрээг байгуулах цаг болсон уу, ер нь энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Х.Энгийн утгаар бол гэрээ нөхцөл байдал ашигтай байхад хийгдээгүй. Зэсийн үнэ зургаа, долоон мянга байхад, тийм ээ. Өнөөдөр зэсийн үнэ унаж, хоёр гурав дахин доошилсон байхад гэрээ хийнэ гэдэг гайхамшигтай болж чадахгүй л дээ. Зэсийн үнийг зургаа, долоон мянга болтол хүлээнэ гэвэл юу билээ. Би нэг л юмыг хэлж байгаа. Монгол Улсын Засгийн газар ямар байр суурьтай байгаа юм бэ. Засгийн газраа нэг бол дэмжье, эсвэл дэмжихгүй гэдгээ маш тодорхой болгох. Энэ гэрээг батална гэдэг Засгийн газраа дэмжиж байна гэсэн үг. Батлахгүй байна гэдэг надад итгэхгүй байна, намайг дэмжихгүй байна л гэсэн үг. Тиймээс болъё оо гэдгээ хэлэх ёстой байхгүй юу. Хэн юу хариуцах нь тодорхой байж байж л явна.

А.Тантай уулзаж байгаагийн гол зорилго маань таныг Ерөнхийлөгчид нэр дэвших болсон тухайд. Та нэр дэвшихээ үнэхээр илэрхийлсэн юм уу, танд тийм бодол байсан юм уу?

Х.Надад албан ёсоор илэрхийлж ярьсан юм бол байхгүй. Гэхдээ намын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн дотор миний нэрийг оруулж дурдсан байна лээ. Тэрийг тойроод хүмүүс янз янзаар асууж сонирхож байсан. Би өнөөдрийг хүртэл албан ёсны байр сууриа илэрхийлээгүй. Харин энэ бололцоог ашиглаад одоо танай сониноор дамжуулаад илэрхийлчихье гэж бодож байна. Ямар ч байсан Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаанд би оролцоно гэсэн үг. Цаг хугацаа нь болохоор ном журмын дагуу намын даргадаа албан ёсоор бичиг сачиг өгнөө гэсэн бодолтой байна.

А.Н.Алтанхуяг дарга та нарыг нэр дэвшихээ илэрхийлсэн гээд байгаа ш дээ?

Х.Үгүй ээ, би илэрхийлээгүй байсан. Би зөв ойлгосон бол тухайн үед албан ёсоор илэрхийлсэн хүн бол Л.Гүндалай гишүүн байсан гэж ойлгож байгаа. Түүнээс бус өөр нэр дэвшихээ илэрхийлсэн хүн байхгүй, харин сонин, хэвлэлээр ярьж байхдаа “Би тийм бодолтой байна”, “Ер нь тэгэж бодож байгаа ч гэдэг юм уу, тийм ээ”, эсвэл “Миний шалгуур бол ерөнхийдөө хангагдсан ч гэдэг юм уу”. Иймэрхүү маягаар хүмүүс ярьж байсан байх.

А.Та өмнө нь “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байна” гэж ярьж байсан уу. Би л олж хараагүй?

Х.Би огт яриагүй. Анх удаа өнөөдөр л өөрт чинь хэлж байна.

А.Н.Алтанхуяг дарга хэвлэлийн бага хурал дээр гэнэт Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн гээд олон хүний нэр хэлсэн. Энэ мэдэгдэл Ардчилсан намын гишүүдийн дургүйцлийг нэлээд төрүүлсэн гэсэн. Тийм зохисгүй зүйл болсон юм уу?

Х.Би даргын өмнөөс хариулахад хэцүү байна. Ямар бодолтой, яах гэж тэгж хэлсэн юм. Сонгуулийн арга тактик бүх юмыг бодох л ёстой байх л даа. Намын дарга олон юмыг харьцуулж тунгааж байгаад нэр дурдсан байх гэж ойлгож байна. Ямар ч байсан Ардчилсан намын эрх ашгийн үүднээс энэ нэрнүүдийг хэлсэн болов уу гэж бодож байна.

А.Намын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ, Их хурлаас танд нэр дэвшин гарах “шаанс” хэр байгаа бол?

Х.Ний нуугүй хэлэхэд “шаанс” бага. Гэхдээ Ардчилсан намаас нэр дэвшээд сонгуульд өрсөлдөхөөр болбол ямар ч гэсэн намын гишүүдийнхээ болон дэмжигчдийнхээ нүүрийг улайлгахгүй гэж бодож байна.

А.Та тэгээд юунд найдаж байгаа юм бэ. Фракцдаа найдаад байгаа юм уу, эсвэл намын удирдлагад уу? Таныг МҮДН-ын фракцынхан зүтгүүлэх гэж байгаа гэж хэвлэлээр бичээд байгаа шүү дээ.

Х.Нэг их сүрхий фракц гээд байх юм байхгүй. Ерөнхийдөө үүссэн нөхцөл байдлыг бодитой үнэлээд Ардчилсан намаас хэн Ерөнхийлөгчид нэр дэвшвэл сонгогчдод хүрэх магадлал нь хэнд илүү байна вэ гэдэг дээр л шийдэл гаргаасай гэж би бодож байна. Намаасаа гараад ирэх магадлалтай хүн тэр болгон сонгогчдын дунд очоод бүгдийг дагуулаад явчихна гэдэг юу л бол. Манай нэр дэвших магадлалтай гээд нэр дурдагдсан хүмүүс бүгдээрээ л сайхан хүмүүс. Гэхдээ тэр дотроос нэг нь арай илүү өндөр магадлалтай байгаа ш дээ. Би ямар ч байсан өөрийнхөө нэрийг дэвшүүлээд Та нар харьцуулаад үзэцгээ. Энэ дотроос нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, дэмжлэг авах магадлалтай хүн хэн бэ гэдгийг сонгох бололцоо та нарт байна гэдгийг гаргаж өгч байна гэж хувьдаа бодож байна.

А.Хэрвээ та намаасаа гарахгүй бол, гарах “шаанс” харагдахгүй бол хэнийг дэмжих вэ?

Х.Надад тэрийг дэмжинэ, энийг дэмжинэ гэж хэлэхэд хэцүү байна. Гарахгүй бол намаас гарсан хүнийг дэмжээд л явна. Тэр бол ойлгомжтой.

А.Та ер нь хэнийг гарах байх гэж бодож байна?

Х.Би Ардчилсан намд ялалт авчрах магадлалтай, чадалтай тийм хүн л гараасай гэж бодож байна. Чухам хэн байх вэ гэдгийг намын тухайн шатны байгууллагууд шат шатандаа шийдээд явах байх.

А.Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрын нэг гарах болов уу гэсэн таамаг байгаа?

Х.Энэ хоёрын хувьд намаасаа нэр дэвшээд гараад ирэх магадлал их өндөр байгаа. Нийгэмд очоод өрсөлдөхөд хэн нь илүү вэ гэдгийг би өнөөдөр хэлж чадахгүй байна.

А.Та нэр дэвшээд ялалт байгууллаа гэж бодъё. Р.Амаржаргал гэдэг Ерөнхийлөгч юу хийх вэ?

Х.Үгүй ээ, одоо хийх юм ч их байна л даа. Ер нь барьж авах чиглэлийн асуудлууд сүүлийн үед их тодорхой болж байна. Түүнд анхаарлаа хандуулж ажиллана байх. Гэхдээ би нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлогдсон ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байна гэдэг заалтыг ягштал мөрдөж чаддаг хүн байх ёстой, нэгдүгээрт. Хоёрт, тодорхой хэмжээний хуулиар олгогдсон эрх мэдэл байдаг боловч тэрийгээ юм юман дээр хэрэглээд ашиглах гэж гүйдэггүй хүн байх ёстой гэж бодож байна. Хамгийн сүүлчийн мөчид л тэр эрхээ эдэлдэг байх, өөрөөр хэлбэл ард иргэдээс олгогдож байгаа мандатыг маш ухаалаг зөв бодлогыг барьж ашиглаж чаддаг тийм хүн байх ёстой гэж ойлгодог. Гуравдугаарх нэг гол шалгуур юу вэ гэвэл. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнх нь яг өмнө байгаа тэр ажлыг л хийдэг байх учиртай болов уу. Бусад юм руу хутгалдан ороод байх шаардлага байхгүй. Гүйцэтгэх засаглал гээд Үндсэн хуулийн нэг субъект хийх юмаа хийх ёстой, хийх бололцоог бүрдүүлж өгөх ёстой юм. Түүнээс бус хажуугаар нь хутгалдаж ороод л энийг ч тэг, тэрийг ч ингэ, ингэж өөрчил, тэгэж зас гээд байх нь тэр болгон зүйтэй биш байх аа. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар тогтоогдсон засаглалын хуваарилалтыг гажуудуулах гээд байдаг тал бий. Дөрөвдүгээрт, миний ойлгож байгаагаар бол нийгэмд байгаа хамгийн зангилаа асуудал юу юм бэ. Тэрийг олж харж томъёолж чаддаг, бодлогын хэмжээнд гаргаж тодорхойлж чаддаг байх ёстой гэж боддог. Өнөөдөр тухайлбал, шударга ёсны тухай асуудал их яригдаж байгаа. Ялангуяа эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа, амьдрал хүндрээд байгаа энэ үед юуг хүсдэг вэ гэвэл шударга байхыг л хүсдэг байхгүй юу. Орлого буурч болно, цалин буурч болно гэхдээ бүх юм шударга байх хэрэгтэй. Шударга ёс гэдэг юм улс төрийн хүрээнд яаж илэрч байх ёстой, эдийн засгийн хүрээнд, нийгмийн салбарт ямар илрэл байх ёстой юм. Шударга ёсны манаанд зогсож байдаг, хэрэгжүүлж байдаг өнөө гол шүүх гэдэг засаглал маань өөрөө ямархуу янзын байдалтай байгаа билээ. Энэ бүгдийг ерөнхийдөө харж, томъёолж, холбогдох байгууллагын анхаарлыг хандуулж өгдөг байх ёстой гэж ойлгоод байна. Энэ бол Ерөнхийлөгчийн баримталж ажиллах ёстой зарчим, чиг хандлага юм л даа.

А.Өнөөдрийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Та улстөрчийн хувьд дүгнэлт өгвөл юу гэхсэн бол?

Х.Би дүгнэлт өгөөд яахав. Энэ хүн албаа хэр хашсан бэ гэдэг нь тавдугаар сарын 24-нд л тодорхой болно.

А.Та иргэн хүний хувьд дараагийн Ерөнхийлөгч ямар хүн байвал улс орноо аваад явна гэж бодож байна вэ?

Х.Би янз бүрийн алба 20-иод жилийн хугацаанд хашлаа. Ажиглаж байхад хүн хэдий чинээ дээшээ алба хаших, ялангуяа Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн хүн өөрөө их хүмүүн төрхтэй хүн байх ёстой гэж бодож байна. Монгол Улсын иргэн болгоны зүрх сэтгэл санаа оноог мэдэрдэг байх, мэдэх биш. Мэднэ гэдэг бол чамд тоо баримт, судалгаа ийм байна гээд хэлээд өгнө гэсэн үг. Ялангуяа хүний зовлон, жаргалыг мэдэрч чаддаг тийм хүн байвал төрийн бодлогыг тодорхойлох, төрийн үйл ажиллагааг цэгцтэй, замбараатай, тогтвортой байлгахад жинтэй хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна.

А.Одоо Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хүмүүсийн хамгийн түрүүнд асуух зүйл бол долдугаар сарын 1-ний хэрэг явдал. Та энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Х.Долдугаар сарын 1 гээд л байна. Чухам яагаад тийм олон мянган хүн гудамжинд гарсан бэ гэсэн асуултад хэн ч хариу өгөөгүй байгаа шүү дээ. Тэд шударга ёсыг хүсч л гудамжинд гарсан. Би долдугаар сарын 1-ний үйл явдлыг хоёр уншигдахааргүйгээр тухайн үед нь тодорхойлж, илэрхийлж байсан. Талбай дээр очоод өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн ард иргэдийн хувьд ямар нэгэн буруу байхгүй гэдгийг маш тодорхой мэдэж байгаа. Энэ хүмүүсийг тодорхой хэмжээгээр хэлмэгдүүлээд шүүгээд байна гэдэг ёстой утгагүй зүйл гэж бодож байна. Ард иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу санал бодлоо илэрхийлсэн.

А.Та өөрөө Ерөнхий сайд байсан хүн. Өнөөдрийн С.Баярын Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

Х.Сүүлийн үед сэтгэл жаахан дундуур яваа. Тэрийгээ ч гэсэн нэг их нуухгүй байгаа. Гэхдээ Их хурал, намын бүлэг дээр ганц зүйлийг л ярьж байгаа. Засгийн газартаа ажиллах бололцоог олго. Оруулаад ирж байгаа юмыг нь дэмжээд өг. Нэгэнт чи энэ Засгийн газар болж бүтнэ гээд л өөрсдөө сонгоод, өөрсдөө байгуулсан юм бол ажиллах бололцоог нь олгох хэрэгтэй. Гэхдээ хариуцлагагүй, хамаг юмыг нь өршөөгөөд байна гэсэн үг биш. Юм хугацаатай байдаг. Тодорхой хугацааг нь заагаад өг. Сая гэхэд хямралын эсрэг багц арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар батлуулах гэж оруулж ирсэн. Хүмүүс тэрүүн дээр маргаж. 1.5 их наяд байх юм уу, 1.4 ч юм уу, 2.4 ч юм уу гээд л янз бүрийн саналтай байсан. Би хэлсэн. Засгийн газар 1.5 их наяд гэж оруулж ирлээ. Угаасаа хариуцлагаа хүлээх ёстой байгуулага чинь энэ байгууллага. Тийм учраас хариуцлагаа ухамсарлаад өөрсдөө ийм ийм зүйл хийвэл болно, бүтнэ гэж байгаа бол тэрийг нь батлаад өгчих. Харин хугацаа заагаад өгчих. Зургаан сар гээд. Зургаан сарын дотор өөрийн чинь ярьж, төлөвлөж байгаа юм чинь үр дүнгээ өгөхгүй бол өчиггүй яваарай. Тайлбар тавиад суугаад байх шаардлага байхгүй гэдгийг хэлээд өгчих ёстой гэсэн байр суурьтай байсан.

А.ОУВС-гаас мөнгө авахаар боллоо. Ерөнхий сайд С.Баяр гадаадын хэд хэдэн оронд томилолтоор явж байна. Бодвол мөнгө олох гэж байгаа байх. Энэчлэн мөнгө олчихвол хямралаас хэзээ гарах юм бол? Хүмүүс энэ хямрал чинь хэзээ дуусах юм бэ гэж байнга асууж байна л даа.

Х.Би бол нэг л юмыг хэлээд байгаа ш дээ. Юмыг битгий хялбаршуул. Ард иргэддээ худлаа, хуурсан, тайвшруулсан мэдэгдэл битгий хий. Бодит байдал ямар байгааг маш тодорхой хэл. Ийм нөхцөлд ийм арга хэмжээ авах гэж байна. Ийм хугацаа шаардах нь гэж ярих ёстой байх. Миний ойлгож байгаагаар яг энэ төлөвлөсөн маягаар явбал жилээс наашгүй. Гэтэл төлөвлөснөөр явж чадаа ч үү, үгүй ч үү. Тэгэхээр хугацаа шаардах нь тодорхой болчихоод байгаа юм. Энэ нөхцөлд давхар бодох юм бий. Хямрал нэг талаас аюул занал боловч нөгөө талаас бололцоог бүрдүүлж байгаа гэдгийг үгүйсгэх арга байхгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн мөчлөг уналт руу орж ирчихээд дараа нь тодорхой хугацааны дараа дахиад өсөлтийн үе ирэхэд бид юмаа бэлтгэчихсэн байх ёстой байхгүй юу. Тэр чиглэлийг харж ирээдүйгээ харж ажиллавал илүү оновчтой юм болов уу гэсэн санаагаа Засгийн газрын гишүүдэд, УИХ дээр ч илэрхийлж байсан. Өнөөдөр хямралтай тэмцэж байна гээд хамаг хөрөнгөө хүчээ зарж хаяснаас энэ бол тэртээ тэргүй болдгоороо болчихсон гэдгийг харж байгаа юм чинь ирээдүйдээ хандаж төсөв, хөрөнгө оруулалтаа юунд чиглүүлэх вэ, гадны хөрөнгөө оруулалтыг аль салбарт илүү оруулах, мөнгөө санхүүгийн бодлогоор яаж дэмжих вэ гэхчилэн ажиллаасай гэсэн зөвлөгөө маягийн зүйлийг хэлж байсан.

А.Хоёр нам хамтраад Засгийн газар байгуулсан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч болно. Үүнийг яаж тайлбарлах вэ?

Х.Наадхийг чинь тайлбарлахад хэцүү л байна. Олон хүн асуугаад байгаа. Ялангуяа манай намын зарим гишүүн наадах дээр чинь их шүүмжлэлтэй хандаж байгаа. Би юу гэж харж байна гэхээр энэ бол өнөөдөр байгаа өгөгдөхүүн. Бодит зүйл. Үүнийг сарын дотор өөрчилж, нийгмийг тодорхой хэмжээгээр хөдөлгөөнд оруулж хэрэггүй байх. Ямар ч гэсэн цугаараа Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг ном ёсных нь дагуу зохион байгуулж төрийн тэргүүнээ сонгочихъё. Ард иргэд маань чөлөөтэй, ямар нэгэн дайвар луйваргүй хийчих бололцоог бүрдүүлэх нь чухал байх гэж бодож байна.

ЭХ СУРВАЛЖ: www.news.mn 2009.03.23-ны Даваа гариг, сэтгүүлч С.Гантогоо

2 Comments

  1. Сайн байна уу? юуны өмнө таны улс төрийн ажил болон хувийн амьдралд амжилт хүсье! Би таныг цөөн хэдэн чадварлаг улс төрчдийн нэг гэж хүндэтгэж явдаг. Манай орны улс төрийн тавцанд тань шиг чадварлаг эдийн засагч нар олон байгаасай гэж хүсдэг. Эрдэмтэй хүн даруу гэдэг таны зарчим болов уу. Таныг болон танай намын үйл ажиллагааг дэмжигчийн хувьд, ардчилсан нам, ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаанд таныг оролцож байгаад талархал илэрхийлэн, амжилт хүсье. С.Баярийн засгийн газрын үйл ажиллагааг бид бүхэн нүдээрээ харахаас илүүтэйгээр биеэрээ амслаа гэж үзэж байгаа. Ард түмэн, тэр тусмаа залуу үеийнхэн ардчилсан нам, ардчилсан намын лидеруудийн нэг танд итгэл хүлээлгэж, танаас ихийг хүсч байна..

  2. Ta Yeronkhiilogchiin songuulid biye daan ner devshij boloh uu? Yeronhiilogch baij chadah hun bol ta l shuu dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *