Монголд эдийн засгийн чөлөөт уналт эхэллээ

А. Эдийн засгийн хямралын талаар эдийн засагчдын байр суурийг сонсох хэрэгтэй байна? Энэ хямрал ямар учиртай вэ? Юунаас үүдсэн хэрэг вэ?

Х. Капиталист эдийн засгийн системийн салшгүй нэг хэсэг нь эдийн засгийн хямрал байдаг л даа. Тэр нь мөчлөгийн шинж чанартай, дээр үед манайхан “хэт үйлдвэрлэлийн” гэж нэрлэдэг байсан юм. Тийм хямралаас яаж гарах бэлэн “жор” ч байдаг. Харин өнөө дэлхий даяараа бүтцийн хямралтай учирсан бололтой. Иймэрхүү хямрал хамгийн сүүлд өнгөрсөн зууны 70-аад оны эхээр болсон нефтийн хямрал юм.

Ер нь орчин үеийн эдийн засаг хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй гэж болно. Анхдагч нь миний ойлгож байгаагаар бодит эдийн засаг буюу материаллаг үйлдвэрлэл. Нөгөө нь санхүүгийн зах зээл. Санхүүгийн зах зээл нь салаад явчихсанаас энэ хямрал үүссэн гэж судлаачид үзэж байна.

А. Яахаараа салаад явчихдаг билээ?

Х. Хувьцаа тойрсон маш олон үүсмэл санхүүгийн хэрэгслүүд гарч ирсэн. Хувьцаа эзэмшигчдийн сонирхол бодит үйлдвэрлэгчийнхээс хол зөрүүтэй. Үнэндээ хөдөлмөрийн бүтээмжээс хамааралгүй орлого нэмэгдээд байх бололцоог санхүүгийн шинэ зах зээл бүрдүүлсэн юм шүү дээ. Материаллаг баталгаа нь нимгэрээд байдаг. Сагаж хөөс үүсдэг дээ түүнтэй л адил зүйл болсон юм. Хөрсөн дээр буух цаг ирж л гэж ойлгох уу даа.

А. Гэхдээ манайд санхүүгийн зах зээл нарийсаж барууных шиг хөгжөөгүй шүү дээ.

Х. Манай хямрал бол эдийн засгийн өнөөгийн бүтэц ядмаг байгаагаас, мөн санхүүгийн зах зээл нь хэтэрхий болхи хоцрогдсоноос үүдэлтэй гэж боддог. Сонин шүү. Баруунд хэт нарийсаж хөгжсөнөөс үүдэлтэй бол манайд хөгжөөгүй хэтэрхий бүдүүлэг болхи байгаагаас болсон гэж ойлгож болно. Банкны зээл зогсоход л орлох зүйл алга байна шүү дээ.

А. Манайд байдал ер нь ямар байна гэж та дүгнэдэг вэ? Сангийн сайд хямрал манайд нөлөөлөхгүй л гээд байсан. Одоо болохоор хямралын эсрэг мундаг хөтөлбөр боловсруулсан, гаднаас бөөн мөнгө орж ирэх гэж байна гээд л байх юм.

Х. Байдал маш хүнд болсон. Макро талаасаа инфляци хоёр оронтой тоонд хүрсэн, валютын ханш нь жолоодлогогүй өгсөж эхэллээ. Ямар нэгэн дохио мэдээлэл өгөхөө больсон. Ажилгүйдэл нэмэгдээд байна. Далд ажилгүйдэл ил болж эхэллээ. Гадаад худалдааны бөгөөд урсгал тэнцэл түгшүүрт хэмжээнд хүрсэн. Төсөв алдагдалтай. Бодит эдийн засаг талаасаа ганц нааштай байсан барилгын салбар зогссон. Хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ тасралтгүй унаж байна. Газар тариалан хүнд байна. Энэ жил өмнөх жил шиг тариалалт хийж ургац авах эсэхийг мэдэхгүй байна. Жижиглэн худалдаа унтарч эхэллээ. Үйлчилгээний салбар эхнээсээ хумигдаад, тээвэр зуучлал эрс муудлаа. МИАТ УБЖД төмөр замаас гадна авто тээвэр ч эрс буурлаа. Эрдэнэт хүндэрсэн. Эрчим хүчний салбар өрийн сүлжээнд дахин орлоо. Банкууд зээл олгож эхэлтэл нэлээд удах янзтай. “Манайх жижиг эдийн засаг хурдан босно” гэх мэтийн зүйл сайд нар ярьж байхыг сонссон. Гэхдээ тодорхой шуурхай арга хэмжээ авахгүй, хоосон ярьсаар байгаад энэ “чөлөөт уналтанд” хүргэлээ шүү дээ. Дахиад л давтагдаж байна.

А. Нэлээд гутармаар дүрс харагдаж байна шүү.

Х. Би ер нь бодит байдлын талаар нэг их дуугарахгүй байгаа шүү дээ. Их л зөөлөн дүрсэллээ. Гэхдээ байгаа нь л энэ.

Ардын эрх сонин, 2009.02.06-ны Баасан гариг. С.ЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *