Шүүх засаглалд шударга ёс илэрхий дутагдаад байна

С.Эрдэнэ нарыг шоронд илгээсэн шийдвэр гарахын өмнөхөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хууль хяналтын байгууллагад хаягласан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийг тойрсон янз бүрийн л таамаг, хардлага гарч байв. Нэг хэсэг нь шүүхийн шийдвэрт Ардчилсан нам нөлөөлөх оролдлого хийлээ гэж байхад нөгөө хэсэг нь Р.Амаржаргал гишүүний мэдэгдэл хууль, хяналтын байгууллагын талаар нийгэмд буй болсон шүүмжлэлийг илэрхийллээ хэмээн сайшаасан нь бий. Ийнхүү энэ сэдвийг хөндөхийн далимд улс оронд үүсээд буй нөхцөл байдлын талаар эрхэм гишүүнтэй ярилцав.

А. Сайхан хаваржиж байна уу. Та хууль хяналтын байгууллагын ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан мэдэгдэл гаргасан байсан. Яагаад тэр мэдэгдлийг гаргах болов. С.Эрдэнэ нарыг эрүүгийн хэрэгт татан шалгаад шүүх хурлаа хийхээс хэд хоногийн өмнө гарсан болохоор иргэд янз янзаар л хүлээж авах шиг болсон?

Х. Цаг хугацааны хувьд С.Эрдэнэ нарын хэрэгтэй давхацсан болохоос биш, улс оронд үүссэн нөхцөл байдлыг нэлээд урт хугацаанд ажигласан, бас иргэд, сонгогчидтойгоо уулзах явцад байнга гардаг шүүмжлэл санал ч нөлөөлсөн. Тэгээд л энэ мэдэгдлээ гаргасан юм. Хүмүүс мэдэгдлийн гол агуулга, мөн чанарыг нь ухаж уншилгүй хандаад байгаад харамсч байна. Гол санаа нь ганц шүүх засаглалд хандсан ч юм биш. Улс оронд маань шударга ёс үнэн хэрэгтээ байхгүй болж байгааг дурдаад, энэ сэдвээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой байсан. Онолын хувьд шударга ёс гэдэг философи, мораль, ёс зүйн чанартай ойлголт. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр, нийгмийн шинж чанарыг агуулсан цогц ойлголт гэж ойлгоход болно. Хүн төрөлхтний түүхийн аль ч үед шилдэг оюун ухаантнууд энэ л сэдвээр хандан бичиж байсан шүү дээ. Аристотель, Спиноза гээд бүгд л бичсэн. Сүүлийн жишээ л гэхэд “Готын программын шүүмжлэл” байна. Хоёр нөхөр яг адилхан ажил хийдэг, адилхан цалин авдаг. Гэтэл нэг нь эхнэр хүүхэдтэй, нөгөө нь ганц бие. Энэ шударга ёс мөн үү хэмээн асуудал хөндсөн байдаг биз дээ. Өнөөдөр хүүхдээр жишээ аваад үзье л дээ. Улаанбаатар хотын төвийн сургуулийн сурагч, захын хорооллын сургуулийн сурагч, хөдөө сумын сургуулийн сурагч гурвыг харьцуулъя. Адилхан л хүүхэд-сурагч. Харамсалтай нь байр сав, хичээлийн хэрэглэл, халаалт, цахилгаан, багшийн чадвар, ар гэрийн нөхцөл гээд өч төчнөөн ялгаа бий. Адилхан болгохын тулд юу хийх ёстой вэ гээд жишээ хичнээнийг дурдаж болно. Энэ бүгдийг шийдвэрлэхэд нөлөөлөх үндсэн арга нь нийгэмд шударга ёс тогтоох ёстой юм байна. Тэр нь сайн хуультай байх. Хууль иргэн бүрт тэгш үйлчлэх гэсэн гаргалгаанд хүрсэн байдаг. Одоо ойлгогдож байгаа биз. Шударга ёсыг хэрэгжүүлэгч нь шүүхийнхэн. Гурав дахь засаглал буюу Шүүх засаглал гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Тэгээд л мэдэгдэл гаргасан хэрэг.

А. С.Эрдэнэ нарын хэрэгтэй хамааралгүй гэсэн үг үү?

Х. Огт хамааралгүй гэж ойлгож болохгүй байх. Мэдэгдэл гаргах болсон нэг шалтгаан тэр мөн л дөө. Сонгууль будлиантай болсон тухай СЕХ-ны дарга өөрөө хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгч хүртэл УИХ-ын танхимд ийм шүүмжлэл хэлсэн. Гэтэл зөвхөн 25 дугаар тойргийг, тэр дотроо тухайн тойрогт ажилласан 5-6 хүнийг л хамаг хэргийн эзэн мэтээр таслан авч шийтгэсэн энэ үйлдэл миний мэдэгдэлд нэр заагдан тусгагдаагүй ч шударга ёс алдагдсаны нэг жишээ биш гэж үү. Түүнээс өмнө олон жишээ бий шүү дээ. Сонгуулийн булхай, долдугаар сарын 1-ний үйл явдал, хуульч Х.Бат-Ялалтыг баривчилж хорьсон гээд хангалттай ёс бус үйлдэл гарлаа. Тэвчинэ, тэвчинэ гэхэд яаж цаашид тэсэх вэ л гэдэг болсон юм. Х.Бат-Ялалтыг баривчилсан шалтгаан арай дэндүү, инээдтэй л шалтаг байна лээ.

А. Долдугаар сарын 1 гэснээс энэ хэргийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

Х. Утгагүй зүйл. Шийтгэсэн нь буруу гэж үзэж байгаа. Нэгэнтээ шийтгэсэн юм чинь хурдхан өршөөх хэрэгтэй л гэж бодож байна.

А. Өршөөх үү, цагаатгах уу?

Х. Ямар дараалалтайг сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн суллах л ёстой.

А. Өршөөлийн хууль гаргана гэж хамгийн их ярьсан, амласан улсууд чинь танай Ардчилсан нам биз дээ. Тэгээд одоо болтол дорвитой алхам хийсэнгүй. Хүмүүс шоронд нэмж орсоор л байна..?

Х. Би ч гэсэн намынхаа байр сууринд сэтгэл дундуур л байгаа шүү. Том, том л амлаад байсан.

А. Хамтарсан Засгийн газарт орсон болохоор хамаагүй дуугарч болохгүй байна уу. Нэг ёсондоо Ардчилсан намын Засгийн газар л гэсэн үг биз дээ?

Х. Энэ Засгийн газар Ардчилсан намынх биш.

А. Яагаад. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийднэ гэж гэрээ байгуулан хамтарсан шүү дээ?

Х. Уг нь тийм. Манай улс маш том сорилтыг давах гэж байна. Тиймээс нийгэмд шударга ёс тогтоохын төлөө жаргал зовлонгоо адилхан хуваалцаж, ачаагаа тэнцүүхэн үүрэлцэе л гэж хамтарсан гэж би ойлгож байсан. Дэлхийн II дайны үед Оросын ард түмэн нэгэн зорилго дор нэгдэж, ялалтад хүрсэн жишээ байна шүү дээ. Түүнээс биш нэг хэсэг нь бусдынхаа зовлон дээр дөрөөлж хувийнхаа ашиг сонирхлыг нэн түрүүнд тавиад байвал асуудал зогсоно биз дээ.

А. Хүнд үеийг хамт туулахын тулд хамтарсан. Нэг нэгнээ шүүмжлэлгүй хамтдаа урагшилъя л гээд яриад байгаа шүү дээ?

Х. Ярьж буй нь зөв боловч хийж буй үйлдэл нь эсрэгээр гараад байгаа юм биш үү. Жишээ нь өнөөдөр УИХ юу хийж бүтээсэн болоод ийм олон хоног амарч байгаа юм бэ. Бодоод үз дээ. Валютын нөөцийн бараг тал нь байхгүй болчихлоо. Инфляци хоёр оронтой тоонд хүрчихлээ. Ажилгүйдэл, ядуурал тоогоо алдлаа. Манай улсын бодит эдийн засгийн салбар болох мал аж ахуйн түүхий эдийн үнэ навс уналаа. Газар тариалан өнгөрсөн жил цаг агаарын таатай нөхцөлийн ачаар овоо их ургац хураасан. Гэтэл түүнийг нь авах газар олдохгүй шатацгааж байна. Барилгын салбар үндсэндээ зогслоо. Эрчим хүчний салбар өрийн сүлжээнд орчихлоо. МИАТ, Төмөр зам хоёр орших, эс оршихдоо туллаа. “Эрдэнэт” үйлдвэр маань зээлээр цалингаа тавин аргацааж байна. Томоохон компаниуд ажилчдаа цомхотгож эхэллээ гээд өч төчнөөн баримт дурдаж болно. Ийм нөхцөлд УИХ амарч болдог юм уу. Хийх ажил зөндөө байгаа биз дээ.

А. Сонгогчдодоо учир байдлыг хэлж, хямралаас хэрхэн гарах талаар ярьж яваа байх даа?

Х. Тийм л байх. Нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна шүү дээ. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа дэндүү удаан байна. Тодорхой цэгцтэй бодлого харагдахгүй л байна.

А. Танд эдийн засагчийн хувьд, бас Ерөнхий сайд байсан хүний хувьд тодорхой санал байна уу. Байгаа бол намынхаа бүлэгт асуудал болгож тавиад УИХ-аас дэмжлэг авч болно биз дээ?

Х. Байлгүй яахав. Манай эдийн засагт хямрал ийм байдлаар тусах нь байна. Сэргийлэх арга зам байна гэсэн агуулгатай тодорхой санал бичиж 2008 оны хоёрдугаар сард хэвлэлд гаргаж байсан. Эдийн засагчид, улстөрчдөд хандсан гэсэн үг. Дараа нь дөрвөн сард банк санхүү хямарч болзошгүй талаар холбогдох хүмүүст бичгээр зөвлөмж, санал явуулсан. Найм, ес, бас арваннэг, арванхоёрдугаар сард шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдэд тодорхой санал тавьсан. Намынхандаа ч. Хүлээж авсан нь бараг үгүй. Харин ч эсрэгээр дэлхийн эдийн засгийн хямрал Монголд хамаагүй, орж ирэхгүй л гээд томорцгоогоод байсан.

А. Саяхан “хоёр толгой”-г ашиглах анхны хэлэлцээр хийгдчихлээ. Ер нь энэ хоёроо ашиглаад эхэлчихвэл хямралаас гарах мэт ойлголт нийгэмд бий боллоо. Зарим хүмүүс зэсийн үнэ унаж, зах зээл хомсдон үнэ хямдарсан энэ үед “хоёр толгой”-гоо гадныханд өгөх нь буруу гэж байна. Нөгөө хэсэг нь авъя гэсэн дээр нь өгөх хэрэгтэй гэж байна. Та аль талд нь байна вэ?

Х. Энэ бол энгийн бөгөөд дэндүү хялбаршуулсан ойлголт. Асуудлын гол нь хоёр байгаа юм биш. Монголын эдийн засгийн хөгжлийн стратеги, концепц ямар байсан. Түүнд ч энэ гэрээ тохирч буй эсэхэд л байгаа юм. Ерөнхийдөө бол гадныхнаас хэдэн төгрөг салгаж аваад, нийгмийн голдуу арга хэмжээнд зараад ам хаах оролдлого л гэж харагдаж байна. Монголын маань эдийн засаг импортод шүтсэн гэхэд болно. Гаднаас бараг бүх зүйлээ авдаг шүү дээ. Тэгвэл 500 сая ам.долларын зээл авлаа гэхэд 400 сая нь эргээд л гадагшаа урсана. 900 саяын алдагдалтай гэж ойлгогдож байгаа биз. Тиймээс миний хувьд тэр гэрээнд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Тэгээд ч тэндээс мөнгө орж ирэхийг хүлээнэ гэвэл урт хугацаа шаардагдана.

А. Таныхаар өөр арга зам байна уу?

Х. Хамгийн гол нь дотоод зах зээлээ тэлэх шаардлагатай. Би сая Сэлэнгэ аймгийн Зэлтэр сум орсон юм. Тэнд “Гачуурт” гэж компани байна. Орчин үеийн фермерийн аж ахуй, махны үүлдрийн үхрийн аж ахуй байгуулсан байна лээ. Яг иймэрхүү ашигтай ажиллаж байгаа хэд хэдэн томоохон компаниудад төрөөс зээл, дэмжлэг үзүүлээд үүнтэйгээ адилхан аж ахуй байгуулахыг даалгачих. Давхар ажлын байр ч нэмэгдэнэ гээд хичнээн өгөөжтэй.

A. Энэ бол нэг арга нь байх. Өөр яаралтай шийдэх ямар асуудал байна?

X. Монголбанк дорвитой алхам хийх ёстой. Арилжааны банкууд зээл өгөх боломжийг Монголбанк бодлогоор шийдвэрлэх шаардлагатай.

А. Сая Монголбанкны ерөнхийлөгч солигдсон нь ийм алхам хийж байгаа байлгүй?

Х. Сураг алдарсан шүү дээ. Томилогдоод сар боллоо. Бодвол ажилтайгаа танилцаж байгаа юм байлгүй. Дэндүү удаан байна. Ам.долларын ханш 1500 хүрчихлээ, таг.

А. Засгийн газар, УИХ-ын гишүүд гадаадаас мөнгө хайхаар томилогдоод л яваад байгаа бололтой юм. Үр дүн гарах болов уу?

Х. Мөнгө зээлж чадвал сайн л байна. Чин үнэндээ бол энэ ажилдаа том бизнесменүүдээ ашиглах хэрэгтэй. Тэд аягүй бол УИХ-ын нэг гишүүнээс хавьгүй илүү мөнгө босгоод ирж чадна. Тэдэнд итгэл өгөх хэрэгтэй л гэж бодож байна.

А. Хэд хоногийн өмнө Дээд шүүхээс нэг мэдэгдэл гарсан байсан. Их хатуу үг өгүүлбэртэй. Сүрдүүлээд ч байгаа юм шиг…

Х. Ер нь төр, захиргааны ямар ч байгууллага буюу засаглалын салаа мөчрүүд иргэдийн зүгээс гарсан шүүмжлэлийг сайн анхаарч судлах ёстой. Хэн хэлсэн нь чухал биш. Яагаад гарах болов гэдэгт онцгой анхаарч байж хариугаа өгөх нь зөв. Тэр мэдэгдлийн хувьд бол арай л ёс суртахуунгүй л үйлдэл гэж хэлэх байна. Монголчууд маань нэг л хэлээр яриад байгаа мөртлөө ер ойлголцдоггүй. Өөрөөр хэлбэл, хэн хэн нь сонсч чадахаа больсон гэсэн үг л дээ. Төр, засаг, хуулийнхан ч гэсэн хуулиар олгогдсон үүргээ эрх гэж ойлгоод байдаг. Миний хэлээд байгаа ёс суртахуун төлөвшихгүй байна гэдэг энэ л дээ.

А. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох нь. Ардчилсан намаас нэр дэвшиж магадгүй хүмүүсийн дотор таны нэр дурдагдсан байсан. Сонгуулийн сургаар Р.Амаржаргал гишүүн хэвлэлээр мэдэгдэл энэ тэр гаргаад гэх яриа ч гарсан л байсан?

Х. (Инээв) Надад ёстой тийм бодол алга. Зарим нь бодсоноо болсон явдал мэтээр биччихсэн байдаг шүү дээ. Би ач холбогдол өгдөггүй. Нам хурлаараа л шийдэх асуудал биз дээ.

А. 1998 онд банкны системд хийх гэж байсан өөрчлөлтийг эсэргүүцсэн хүн нь таныг гэж сонинд бичсэн байсныг уншсан л байлгүй?

Х. Тийм л байна лээ. Баабарын нийтлэлийг хэлж байна уу. Зохиол бичдэг хүн болохоороо бага зэрэг уянгын халил хийсэн юм шиг байна лээ. Ер нь банкны хямрал хэд хэд болсон юм. Эхнийх нь 1989 онд. Тэгээд 1996 оных. Арилжааны банкууд их хүндэрсэн. Сангийн сайд П.Цагаан шинэчлэлийн бодлогыг эхлүүлсэн нь явсаар манай Засгийн газрын үед буюу 1999-2000 онд бүрэн хэрэгжиж, дараагийн Засгийн газрын үед цэгцрэн, мөнгөний урсгал жигдэрсэн юм. Илүү юм яриад хэрэггүй биз дээ. Аяндаа үнэн мөн нь ойлгогдох биз.

А. Эдийн засгийн хямралаас гарах өөр шинэ санаа байна уу?

Х. Эдийн засагчид, судлаачдынхаа үгийг сайн сонсох хэрэгтэй болов уу. Жишээ нь манай улсад хоёр төрлийн нүүрс байдаг. Нэг нь коксжсон, нөгөө нь хүрэн нүүрс. Хүрэн нүүрсний бүх ордын лицензийг зөндөө олон хүн хувьдаа авчихсан халааслаад тууж явна. Уг нь төрөөс зориуд бодлогоор хүрэн нүүрсний корпораци байгуулаад тэр олон жижиг лицензүүдийг нэг дор төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгвэл шинэ цахилгаан станц байгуулах, эрчим хүч гадагш гарах гээд маш их ашиг гарна даа.

А. Тэр жижгүүд үнэ хүргэж зарах гээд лицензээ өгөхгүй л болов уу?

Х. Ганц нэг тийм хүн гарах л байх. Гэхдээ л үхмэл хөрөнгө хадгалаад байхыг хүсэхгүй байлгүй. Төр сайн зохион байгуулж чадвал бүтэж л таарна.

А. Бодвол тэр лицензүүд нь эрх мэдэл бүхий нөхдийн гарт л очсон байх даа?

Х. Магад ч үгүй. Ер нь манайд чинь эрх мэдлийг атгасан төв, гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлдэг гар хөл бүхий сүлжээ бий болчихсон учир шинэ бүхнийг эсэргүүцдэг. Ашиг сонирхлыг нь хөндөөд эхэлбэл нөгөө бүлэглэлээ дотроос нь хагалж бутаргаж байж эрх мэдлээ авч үлддэг байдал ноёрхоод байгаа нь нууц биш болж дээ.

А. Олигархиуд гэсэн үг биз дээ?

Х. Тийм. Социализмын үед ч иймэрхүү бүлэглэл байсан. Гэхдээ одоогийнх бол илүү хорлонтой. Дарга дүр нь хувирч олигархи болчихсон оршин тогтнож байна. Тэдэнд нам эвсэл, том жижиг гэж ялгаа зааг байхгүй. Мөнгө гэсэн нэг л сонирхлоор нэгддэг.

А. УИХ дахь АН-ын бүлэг дотор 13-ын бүлэг үүслээ. Тэргүүнийг нь таныг гээд нэг хэсэг бичсэн. Одоо байна уу?

Х. Бүлэг ч юу байхав. Өөрсдийнхөө байр сууриа л адилхан илэрхийлсэн гишүүдийг л хэлсэн байх. Энэ намыг анхнаас нь байгуулалцаж, өдий зэрэгт хүрсэн хүний хувьд өөдтэй, өнгөтэй яваасай л гэж бодож явдаг шүү.

А. Нам таны нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл хүлээж авах уу. Ер нь АН-аас хэн нэр дэвших бол?

Х. Хариулт өгөхөд эртэдсэн асуулт байна. Манай намд Ерөнхийлөгч болох болзлоо хангасан улстөрчид олон бий шүү дээ. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж гээд. Бас Ц.Баярсайхан гишүүн ч байна. Удахгүй тодрох байх аа.

А. Н.Багабанди Ерөнхийлөгчийг АН-аас дэвшүүлэх байх гэсэн яриа ч гарсан байсан?

Х. Үгүй байх аа. Харин 2004 онд “Ард түмний шинэ сонголтын жил байх болно” гэж хэлснээрээ ардчилалд том хувь нэмэр оруулсан гавьяа Н.Багабанди гуайд зүй ёсоор ногдоно шүү. Ардчиллыг аварсан гэх хүмүүс ч байдаг л юм.

Өдрийн сонин, 2009.02.04, Лхагва; Олхонууд ШААБАР

One comment

  1. Нийгмийн байдалыг товч тодорхой өгүүлсэн бна . Баярлалаа!.
    Та болон бусад Ан-н нөлөө бүхий гишүүд яагаад ийм үлбэгэр бнаа! Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нам дотороо жирийн гишүүдийн дунд нэр хүнд өндөр байж яагаад намын удирдах зөвлөлөө хэдхэн хүний тоглоом болгоод цөөхөн хүний эрх ашиг болгоод байдаг юум бэ?
    Хатуухан хэлэхэд та нарын энэ байдал Ардчилсан намын нэр хүндийг унагаж байна!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *