Ажлын хэсгийхэн Зүүнбаянгийн нефтьтэй танилцав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтран газрын тосны хайгуул, олборлолтын компаниуд бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу хэрхэн ажиллаж байгаа байдалтай танилцах ажлын хэсэг байгуулжээ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, З.Энхболд, Я.Батсуурь, Ц.Цэнгэл, Р.Раш, Р.Буд, Б.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн өнгөрсөн ням гаригт Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянд нефтийн хайгуул хийж байгаа Доншен компанийн ажилтай газар дээр нь танилцлаа.

Доншен компани нь Зүүнбаян, Цагаан элсний талбайд бүтээгдэхүүн хуваах зарчмаар газрын тосны эрэл хайгуулын ажил гүйцэтгэж байсан Австралийн Рок Ойл (Говь) компаниас тавьсан саналын дагуу 2001 оны зургадугаар сарын 16-нд “Хамтран ажиллах тухай” гэрээ ёсоор тус компанийн Монгол дахь сонирхлын 49 хувийг эзэмшин ажиллажээ. Энэ ажлын хүрээнд 2082 метр, 2844 метр гүнтэй хоёр цооног өрөмдсөн байна. Ингээд Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Рок Ойл компанитай 2003 оны хоёрдугаар сарын 15-нд “Эрх шилжүүлэх тухай” гэрээ хийжээ. Өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу хайгуул, олборлолт явуулж улсын төсөвт арван тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Бүтээгдэхүүн хуваах зарчим гэдэг нь тухайн компани үйл ажиллагаа явуулж эрсдлээ зуун хувь хариуцдаг. Тодруулбал газрын тосны хайгуул, олборлолт явуулсан Доншен компани эрсдлээ бүрэн хариуцсан гэсэн үг. Харин манай улсын хувьд нефть эрж, хайх, олборлох ажиллагаанд мөнгө зарцуулаагүй. Тус компани энэ жил 485 мянган баррель нефть экспортлохоор тооцжээ. Гэвч одоогийн байдлаар 158 мянган баррелийг экспортолсон байна. Газар дээрээ 66 насостой. 300-500 тоннын багтаамжтай торхнууд нь дүүрчээ. Энэ нь тавдугаар сараас эхлэн экспорт зогссонтой нь холбоотой аж. Экспорт зогссон гол шалтгаан нь тус компаниас шалтгаалаагүй. Харин БНХАУ-ын Эрээн хотын шилжүүлэн ачих байгууламжаас хамааралтай аж. Эл байгууламж дээр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж байна гэдэг үндэслэлээр түр хаасан юм байна. Гэвч одоо болтол хэвийн ажиллагаанд ороогүй байгаа нь манай улсын түүхий нефть экспортлох ажиллагаанд нөлөөлөөд байгаа аж.

Доншен компанийнхнаас эндээс олборлож байгаа нэг тонн түүхийн нефтиэс хэдэн хувь нь шатахуун болдог талаар ажлын хэсгийнхнийг асуухад тэд энэ талын мэдээлэл бидэнд байхгүй гэсэн хариу өглөө. Гэхдээ биднийг явсны дараа танай түүхий нефтийг авч нэрж бензин болгож байгаа үйлдвэрээс тодорхой мэдээлэл авч өгөхийг хүслээ. Харин манай улсын нутаг дэвсгэрээс олборлож байгаа түүхий нефть тухайлбал Тамсагбулагийнх гэхэд шатахуун гарах хувь хэмжээ нь дэлхийн дунджаас дээгүүр байдаг байна.

УИХ-ын гишүүд тухайн компанийн ажилтай танилцахын зэрэгцээ Зүүнбаянгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Иргэдийн хувьд Доншен компанийг маш их хэмжээний олборлолт хийж байгаа. Газрын тосыг юүлчихлээ гэж ойлгодог юм байна. Гэвч тус компани Цагаан элсний бүс нутагт хайгуулын хүрээнд хийж, олборлолт явуулдаг аж. Гэтэл Цагаан элсний хэв­лийд ямар хэмжээний нефть байгаа талаар нөөцийг нь тогтоогоогүй. Зүүнбаянгийн нефтийн нөөц нь өнгөрсөн зууны дундуур ОХУ-ын мэргэжилтнүүдийн тогтоосноос өөрчлөгдөөгүй байгаа аж. Одоогоор энэ бүс нутагт үйлдвэрлэлийн хэмжээний олборлолт явагдаагүй байна. Нөгөө талаар зүүнбаянчууд Сайншанд сумын нэг баг гэж нэрлэгдэх тун дургүй бололтой юм. Багийн статусыг сумынх болгох, энд нефтийн үйлдвэр барих, Доншен компанид нутгийн иргэдийг олноор нь ажилд авах гэсэн тодорхой заалтуудтай 500 иргэн гарын үсэг зурж регистрийн дугаараа бичсэн шаардах бичгийг УИХ-ын ажлын хэсгийнхэнд гардууллаа.

ЭХ СУРВАЛЖ: “Өдрийн сонин” 2008.10.21-ны Мягмар гариг. Сэтгүүлч Г.Эрдэнэбат

One comment

  1. хуний нохой идэхээс өөрийн нохой идсэн дээрдээ !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *