Beautiful Plants For Your Interior
Шилжилт, учир шалтгаан ба дуусаагүй төсөл
2026-03-25

Засгийн газраас “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах шийдвэр гаргасны дараа энэхүү механизмын талаарх санал бодлоо хуваалцах нь зүйтэй болов. Зөвлөлдөх санал асуулгын механизмыг Монголд нэвтрүүлэхэд Г.Занданшатар тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хэд хэдэн сэдвээр ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Гэхдээ энэ нийтлэл ээ тухайн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, чанарын үнэлгээнээс илүүтэйгээр зөвлөлдөх, зөвшилцөх механизм, түүний ардчилсан нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар төвлөрүүлэхийг зорьж байна.
Шинэчлэл, шилжилтийн үйл явцыг үнэлэхдээ түүний үр дүнг бүхэлд нь үгүйсгэх эсвэл магтан дуулах гэсэн хоёр туйлын хандлагаас зайлсхийх нь чухал. Постсоциалист нийгмүүд 1990-ээд оны шилжилтийн үр дүнг хэрхэн үнэлэх вэ гэсэн төвөгтэй асуулттай тулгарч байна. Шинэчлэл бүр “хожигч, хохирогч” хэсгүүдийг бий болгодог бөгөөд аль аль нь үр дүнд сэтгэл дундуур байх нь элбэг. Гэхдээ шинэчлэлийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж, тайлбарлаж ирснийг гүнзгий судлахын оронд түүнийг бүхэлд нь няцаах нь асуудлыг буруу оношилж буй хэрэг байж болно.
Германы философич Юрген Хабермас (1929-2026) орчин үеийн нийгмийн хямралыг “Соён Гэгээрлийн төслийг” дутуу хэрэгжүүлсэнтэй холбон тайлбарласан. Түүний үзэж байгаагаар орчин үеийн эмгэгүүдэд хүргэсэн шалтгаан, алхамууд нь өөрөө алдаатай байсандаа биш, харин тэдгээр нь бүрэн дүүрэн хэрэгжиж чадаагүйтэй холбоотой. Энэхүү санаа нь шилжилтийн эдийн засаг, улс төрийн нөхцөлд дараах байдлаар хамааралтай: шинэчлэлийн алдаа, дутагдал нь шинэчлэл өөрөө буруу байсан гэсэн баталгаа биш, харин уг шинэчлэл дуусаагүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай байгааг илэрхийлж болно.
Эдийн засгийн шилжилтийг шүүмжлэхдээ олонтаа онолын суурь, институцийн хязгаарлалт, түүхэн нөхцөлийг харгалзахгүйгээр зөвхөн харагдах үр дүнд төвлөрдөг. Тэгш бус байдал, нийгмийн доройтол, “алдаатай бодлого” гэх мэт дүгнэлтүүд нь учир шалтгааныг системтэй шинжлэхгүйгээр гаргасан, нарийн төвөгтэй үйл явцыг хэт хялбарчилсан хандлагын үр дүн юм.
Томоохон шинэчлэлийн учир шалтгаан нь шугаман, нэг утгатай байдаггүй. Шилжилтийн эхэн үед шийдвэр гаргагчид мэдээлэл хомс, институц сул, дагаж мөрдөх бэлэн загвар бараг байхгүй нөхцөлд ажиллаж байсан. Өнөөдрийн мэдлэгийн түвшнээс харахад алдаа мэт санагдах шийдвэрүүд тухайн үедээ өгөгдсөн боломжийн хүрээнд харьцангуй рациональ сонголт байсан байж болзошгүй. Өнөөдөр ч илүү их өгөгдөл, мэдлэгтэй болсон ч нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар шийдвэр гаргагчид хамгийн оновчтой шийдсэн гэж бодож байгаа ч шинжээчид хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүдийг гаргасаар байгаа нь эдгээр асуудал шийдэгдээгүй, нухацтай хэлэлцүүлэг шаардлагатай хэвээр байгааг харуулж байна.
Илүү гүнзгий авч үзвэл шинэчлэлийн хүндрэл нь рациональ гэх учир шалтгааны өөр өөр хэлбэрүүдтэй холбоотой. Орчин үеийн нийгэм “зорилгод хүрэх хэрэгслийн рациональ” (instrumental rationality)-ыг гайгүй хөгжүүлсэн. Энэ нь тодорхой зорилгод хүрэх (А цэгээс В цэгт хүрэх) хамгийн үр ашигтай аргыг сонгох чадвар юм. Харин хамгийн чухал асуулт болох “В” цэгийг, “зорилгоо хэн, яаж тодорхойлох вэ?” гэдэг нь хариултгүй үлддэг. Хэрэв зорилго нь маргаантай эсвэл тодорхойгүй бол instrumental rationality нь ямар ч үр дүнг зөвтгөх хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй.
Нийгэм зорилгоо хамтдаа тодорхойлох механизмгүй үед хүн бүр өөр өөр байр суурийг баримталж, мэдээлэлд итгэх итгэл буурдаг. Ийм нөхцөлд олон ургалч үзэл суларч, нэг үзэл санаа давамгайлах эрсдэл нэмэгддэг. Ялангуяа мэдээлэл, хөрөнгө, эрх мэдлийг төвлөрүүлсэн бүлэг өөрийн ойлголтыг тулгах боломжтой болдог.
Энэ асуудлыг шийдвэрлэх нэг арга зам бол Хабермасын дэвшүүлсэн “харилцааны рациональ” (communicative rationality) юм. Энэ нь харилцан ойлголцол, зөвшилцөлд чиглэсэн арга бөгөөд шийдвэр нь нэг талын шахалтаар бус, нээлттэй, тэгш, мэдээлэлтэй, үндэслэлтэй, үнэн – зөвийг олох гэсэн чин сэтгэлийн эрмэлзэлтэй хүмүүсийн хэлэлцүүлгийн дүнд бий болох ёстой гэж үздэг.
Гэхдээ энэ арга нь хэд хэдэн нөхцөлийг шаарддаг: хэл яриа ойлгомжтой, нэг утгатай байх; хэлэлцүүлэг бодит үр дагавартай гэдгийг оролцогчид хүлээн зөвшөөрөх; талууд чин сэтгэлээсээ байр сууриа илэрхийлэх; маргаан нь талуудын хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлсийн хүрээнд өрнөх. Эдгээр нөхцөл хангагдсан үед хэлэлцүүлэг нь гадны дарамт шахалтгүйгээр цаашдын үйл ажиллагааг зохицуулах механизм болж чадна.
Бодит байдал дээр улс төр, эдийн засгийн яриа, хэлэлцүүлэг ихэвчлэн “стратегийн рациональ” (strategic rationality)-д тулгуурладаг. Энэ тохиолдолд зөвлөлдөх процессын зорилго нь ойлголцох биш, харин нөлөөлөх, өөрийн байр суурийг “зарах” тухай болж хувирдаг. Үүний үр дүнд олон нийтийн итгэл буурч, хэлэлцүүлэг нь үнэнийг хайх орон зай биш, харин ашиг сонирхлын өрсөлдөөн болж хувирдаг.
Энэ утгаараа ардчилал зөвхөн сонгуулиар хязгаарлагдахгүй, харин тасралтгүй явагдах харилцааны процесс юм. Өнгөрснийг үнэлэх, ирээдүйг тодорхойлох, өөр өөр үзэл бодлыг нэгтгэх үйл явц нь өргөн хэлэлцүүлгээр дамжиж чадвал ардчилсан шинж чанартай болдог.
Гэвч бодит оролцооны хувьд иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн дарамт нь тэднийг гүнзгий хэлэлцүүлэгт оролцох боломжийг хязгаарладаг. Мэдээлэл нэмэгдэж байгаа ч түүнийг шүүн тунгаах чадвар тэр хэмжээгээр өсөхгүй байгаа нь өөр нэг бодит хязгаарлалт юм. Үүнтэй зэрэгцэн төр ба эдийн засгийн зааг бүдгэрч, эрх мэдэл төвлөрөх нөхцөл бүрдэж байгаа нь хэлэлцүүлгийн орчинд нэмэлт сорилт үүсгэж байна.
Ийм нөхцөлд бодлогын чанарыг сайжруулахаас гадна бодлогыг хэлэлцэх, ойлгох процессыг бэхжүүлэх шаардлагатай. Хэрэв хэлэлцүүлэг үнэнч, мэдлэгт суурилсан бус бол сайн бодлого ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байх эрсдэлтэй.
Шинэчлэлийг дууссан процесс гэж үзэх нь буруу. Энэ нь тасралтгүй үргэлжлэх, өөрчлөгдөх, сайжрах шаардлагатай үйл явц юм. Шилжилтийн алдаа, дутагдал нь татгалзах шалтгаан биш, харин илүү гүнзгий оролцох, хэлэлцүүлгийг сайжруулах, алдаа дутагдалаа залруулах замыг тодорхойлох шаардлага гэж үзэх нь зүйтэй.
Эцэст нь, шинэчлэлийн ирээдүй нь зөвхөн техникийн мэдлэг, институцийн хүчин чадлаас гадна нийгмийн хамтын сэтгэлгээ, харилцан ойлголцлын чанараас хамаарах бөгөөд эдгээрийг хөгжүүлэх нь өөрөө нээлттэй, үргэлжилсэн үйл явц юм. Энэ утгаар “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах тухай шийдвэр гаргасан нь зөв алхам юм.


