Beautiful Plants For Your Interior
Өдөрт нэг хуудас

Миний хүндлэж байдаг, монголын толгой сэхээтнүүдийн нэг Ц.Балхаажав гуайтай амьд сэрүүн байхад нь тааралдаад жаахан ярьж зогстол “чи ер нь яагаад юм бичихгүй байна?” гэж гэнэт асуув. Би түгдчин байж “хэнд ч юу ч бичих билээ” гэх ухааны юм хэлтэл “чи өдөрт ганц хуудас юм заавал бичиж бай” гэж захиж билээ. Тэр үед Ц.Балхаажав гуай 90 хэдийнээ гарсан байсан юм даа.
Саяханаас ер нь долоо хоногт нэг хуудас юм бичиж байх үүрэг өөрийн “социалист уралдаанд” аваад хэдэн үг сараачдаг болов. Ингэхдээ:
- Бусдын харааагүй байгаа сэдвийг хөндөх, тэд харсан байсан ч арай өөр өнцгөөс асуудлыг хөндөх, зөвхөн гэрэл тусгах. Эрхбиш бичиг үсэг тайлагдсан хүмүүс өөрсдөө оюун дүгнэлт хийх ёстой. Бусдад “ингэж бод, ингэж дүгнэ” гэх мэтээр тулгаж огт болохгүй. Ингээд л эхлэвэл ямх ямхаар нөгөө тоталитар дэглэмийг дөхүүлж байгаа хэрэг гэж би үздэг. Аль болох хөндлөнгийн, хараат бус байдлаар асуудалд хандах гэж оролдох хэдий ч хэрэг дээрээ тэр болгон чадахгүй байгааг нуух юу билээ.
- Аль болох богино байх, “тааламжтай ба тустайг” хослуулах гэж чармайх. Олны анхаарал татаж шуугиж байвал сайн, гэхдээ дийлэнхдээ өөрөө өөртөө зориулсан бичвэрүүд бөгөөд өөрийн сайт www.amarjargal.org дээр байрлуулан холбоосийг нь Twitter, нүүр хуудас г.м.-д шидэж байгаа.
Одоохондоо, миний бичээд байгаа стиль нь дэндүү урт, академик лекц маягтай (44 жил багшилж байна), мэргэжлийн, нийгмийн явцуу хэсэгт хандсан гэдгийг би өөрөө мэдрээд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ аажмаар олон нийтэд сонирхогдохуйц, 300–500 үгэнд багтсан эссэ бичиж сурна гэж горьдож байгаа.
Ер нас 60-аас дээш гарсан хүмүүс үсэг цаас нийлүүлж байх нь чухал гэдгийг шинжлэх ухаан хэлээд байгаа. Харин сүүлийн үед AI их муу зан сургаж байна шүү.


