Beautiful Plants For Your Interior
Оч нь үсэрвэл хэзээ ч дэлбэрэхэд бэлэн дарьтай торхон дээр монголчуудыг суулгаж байгаагаа Монголбанк мэдэхгүй байна гэж үү?

Монголбанк бодлогын хүүгээ хэвээр 12 хувь байлгахаар сая шийдлээ. Үүний нэг тайлбар нь банкны цэвэр хүүгийн орлого (Net Interest Margin) буурна. Улмаар ашиг нь буурч, санхүүгийн тогтворгүй байдал хүргэнэ гэсэн болгоомжлол юм байх. Энэ бол Монголбанкны улиг болсон стандарт тайлбар бөгөөд залхуугийн илрэл гэж би дүгнэдэг.
Жишээ нь, 2008 оны хямралын дараа АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ долоон жил “0” тэг хувьд барьсан хэдий ч банкны NIM нь 3% байсан. Харин бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн үед (2002–2006), маржин нь 4%-аас 3.5% болтол буурсан байдаг. Евробүсийн банкууд олон жил NIM -ийг 1.4–1.6% хадгалж ирсэн, Японы банкууд 0.5–0.7% маржинтай олон жил зүгээр л байна.
Монголыг эдгээр оронтой харьцуулах аргагүй ш дээ гэж хэлэх байх. Үнэхээр ч харьцуулах хэцүү гэхдээ NIM-ийг багасгах нь тодорхойлолтоорой аюултай гэсэн муйхар ойлголтоосоо Монголбанк салах болсон гэдгийг л сануулж байна.
Эцсийн дүндээ NIM нь зөвхөн бодлогын хүүгээс хамааралтай биш, харин арилжааны банкуудын бүтээгдэхүүнийхээ үнэ бүрдүүлэх идэвх, санаачлага (биеийн амрыг бодоод суух биш) болон эрсдэл тооцох, залах чадвараас шууд хамааралтай. Харин Төв банк бодлогын хүүгээ өндөр байлгах, буулгах арга замаа мэдэхгүй байх нь банкуудад “залхуураад, биеийн амрыг хараад суух” чиглэл өгч байгаатай ижил утгатай юм. Бодлогын хүү (ТБҮЦ хүү) нь инфляциас 3-5 хувь илүү байдаг тиймээс эрсдэлгүй хүү, ашиг хүртээд налайгаад суух сонирхол арилжааны банкуудад төрөх нь ойлгомжтой.
Засгийн газар хэрэгтэй, хэрэггүй газар төсөв тэлээд тэнэгтэхийн дээдээр тэнэглэсэн нь үнэн. Ар өврийн хаалгатай, нам болон улс төрийн нөлөөтөй нэг хэсэг нь банкнаас зээл аваад “усанд хаясан чулуу шиг” алга болдог, эсвэл чанаргүй зээл болгон “хаалгадаг” практик нь бизнесийн орчинг эрүүлжүүлж байгаа хэрэг яасан биш. Энэ бүгдийг тоо баримттай нь Монголбанк мэдэж байгаа, ийм луйварчдыг хатуу цээрлүүлэх ёстой гэдгийг Шүүхийнхэн мэдэж байгаа, шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг холбогдох агентлагууд мэдэж байгаа. Энэ бүгд төвөггүй ажиллах, эрх зүйн орчин бүрдүүлэх, ажлыг шуурхай хангах ёстой гэдгийг УИХ мэдэж байгаа. Товчхондоо, яах ёстойг мэдэх ёстой этгээдүүд бүгд мэдэж байгаа.
Тэгээд яагаад тэр хулгай авилгалаа тэмцээд тэмцээд дийлдэггүй юм вэ? Миний бодлоор “тэмцээд” байгаа гэдэгт эргэлздэг. Г.Занданшатар “улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй… хулгайтай би эвлэрэхгүй” гэж мэдэгдэж байгаа ч хийж буй хамаг үйлдэл нь хулгайч нарыг аргадсан, тал зассан байдалтай байна.
Миний ойлгож байгаагаар Монголд баялагийн анхан шатны хуримтлал бүрэлдэх түүхэн процесс төгсгөлын шатандаа орж, хуваарилалт-дахин хуваарилалтын үе эхэлжээ. Баялагийн дахин хуваарилах, хянан залах эрх мэдлийн төлөө алалцаан өрнөж байна. Түүний нэг жишээ нь, ор нэр болсон төрөл бүрийн сонгууль. Зарим томоохон аж ахуйн нэгжүүд ажилчдаа зохион байгуулалттайгаар аль нэг намд шургуулах, царцаа болгон нүүлгэж сонгуульд санал өгүүлэх, улс төрд төлөөний этгээдээ шургуулах зэрэг нь хэвийн үзэгдэл болсон. Буруутгаж эсэргүүцэж, шийдэл хайсан бодит үйлдэл хийж байгаа эрх дархтан хаана байна вэ?
Дээр төсөв тэлсэн тухай хэлсэн, гэхдээ төсвөөс шууд хамааралтай бизнес нь хэд билээ! 2000-3000 л байгаа. Харин кофе шопоос эхлээд иргэдийн болон өрхийн орлогоос хамааралтай бизнес тооны хувьд хамаагүй олон биз дээ! Голдуу худалдаа импорт эрхэлдэг л хүмүүс байгаа. Нийт аж ахуйн нэгжийн 90+ хувь шүү дээ. Гэтэл зээлийн олдоц, өндөр хүү, заримдаа ханшаар дамжуулан тэдний бизнесийг нуурааж байна. Энэ бизнесийнхэн хөдлөж чадахгүй боллоо. Энэ 90+ хувийн бизнесийн хуримтлалаас хөрөнгө оруулалтын эх үүсвэр гарган авч, урт хугацааны барилга гэх мэтийг санхүүжүүлэх ёстой байдаг. Гэтэл эл эх үүсвэр, мөнгө нь банкаар дамжаад гадаад руу яваад тэнд хулгайлагдаад, буцаж орж ирэхдээ бетон арматур болоод ББСБ барьсан барилгуудад материалын нийлүүлэлт нь болж байна. Ингэж томоор хийгдэж буй мөнгө угаалт нь хэдэн тэрбумаар буцаж орж ирэхдээ баячуудын мэдлийн хэдэн арван барилга, орон сууц болдог.
Тэр орон сууц, бизнесийн талбайг худалдан авах, түрээслэх гэхээр зээл нь олдохгүй, гацсан түгжигдсэн хэдэн хүмүүс. Энэ мөнгө нь буцаж орж ирэхдээ засгийн газрын бонд болон угаагдаж байгаа бий. Гэхдээ бодит байдал дээр Засгийн газар ба хот хоёр хүссэн ч эдгээр бондыг төлж чадахгүй.
“Бидэнд хамаагүй дараагийн үе төлнө биз” гэж хэлэх нэг бас байгаа. Эдийн засгийн өсөлт нь туйлдаа, хязгаартай тулчихаад цаашдаа өсөх магадлал алга болсон өнөөдөр яах уу? Нэгэнт л тогтвортой дорвитой өсөлт үгүй бол Засаг, Хот хоёроо “өр тавихаа боль, нэн даруй зогсоо” гэж шаардах субьект байна уу? Дандаа оффтейкээр өрийг зохицуулна гэвэл дахиад бараг 20 хувь-ийг алдана. Энэ дүн бол шууд л дефолт руу зааж байгаа юм. Ганц хятадын зээлээр дефолт зогсохгүй ш дээ. Бид чинь гадаад бонд гаргасан биз дээ. Тиймээс, бүр мөсөн туугаад тавьчихгүйн тулд санхүүгийн сахилга баттай байхаас өөр аргагүй гэдгийг Монголбанк ойлгох ёстой. Монголбанкны удирдлагыг томилдог дарга нар ойлгох ёстой.
“Ойлгох ёстой” гэж байгаа ч, УИХ-ыг зөвхөн нэгдсэн хуралдаан эсвэл гадны банк оруулж ирээд хүү буурна гэсэн ойлголттой дарга нараас нэг их юм хүлээгээд хэрэггүй дээ. УИХ, түүний удирдлагад бас их учир байна. Мэдлэг нь тун ядмаг юм. Дүүрсэн хэрэг, улс төрчид нь популист байдаг юм байгаа биз, гэхдээ дор нь байгаа нөхөр мэргэжлийн мэргэшсэн байх ёстой биз дээ. Хараат бус байдал юу болов?
Энэ бүгдийн нэгэн учир шалтгаан нь миний бодлоор шууд биш ч тойруу замаар Монголбанкны бодлогын алдаа, арчаагүй байдалтай хамааралтай юм. Бодлогын хүү өндөр байлгах нь өөрийн дарамтийг хүндрүүлэх, улмаар хөрөнгө оруулалт ба хэрэглээг хумьж байгаа гэдгийг Монголбанк мэдэхгүй байна гэдэг юу л бол.
Жишээ авья. Монголбанкны үнэт цаас 1-3 сарын хугацаатай бөгөөд арилжааны банкууд төв банкинд илүүдэл төгрөгөө түр хадгалуулж байдаг. Эл үнэт цаас нь улирлын чанартай чөлөөт мөнгийг эдийн засгаас татах хэрэгсэл. Гэтэл бодит байдал дээр нийт мөнгөний 20-25 хувьд Монголбанк хүү төлөөд, эргэлтийн гадна байлгаж байна. Өмнө нь бизнесийн цикл унадаг өвлийн улиралд ТБҮЦ нэг их наяд хүрч харин нь хавар бизнес сэргэх үед тэг рүү тэмүүлж, энэ мөнгө нь буцаад эдийн засаг руу ордог байсан. Харин сүүлийн 10 гаруй жилд бизнесийн мөчлөг үл харгалзан өвөл зунгүй эдийн засагт эргэлдэх ёстой мөнгө ТБҮЦ болж түгжигдээд байна. Зөвхөн сүүлийн 10 жилд ТБҮЦ-д төлсөн хүү арван их наяд хавьцаа байсан.
Тэгээд ТБҮЦ нь гурав, таван жилийн хугацаатай байсан бол бас эрсдэлийг тарааж байна гэж унших гэтэл гуравхан сарын хугацаатай ш дээ. Гурван сарын дараа дахиад л сунгана. Богино хугацаатай энэ асар их төгрөг нь инфляцийг өдөөж байгаа төдийгүй, ханшны асар том эрсдэл дагуулж байгаа. Жишээ нь, Украйны дайны эхээр ханш ₮2800 аас ₮3500 хүргэсэн гол буруутан нь Монголбанк юм. Учир нь ТБҮЦ болон байршиж байсан мөнгө сарын дотор гадаад валютын албан нөөцийн бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний хоёр тэрбум ам. доллар руу хөрвөж, валютын нөөцийг шавхсан байдаг.
Ер нь хүү буулгах, зээлийн эх үүсвэр нэмэх сонирхол Монголбанкинд байна уу? Энэ бүгдийн хохирогч нь хүртээмж, өндөр хүү, ханшны огцом хөдөлгөөнд барьцаалагдсан бизнес. Бизнес буцаад бартерт шилжиж байгаа нь хүй нэгдэл рүү эргээд бууж байгаатай адил юм.
Өндөр хүү, инфляци нь хүн амыг бүхэлд дарамталж байдаг. Гэхдээ хүн амын давхарга бүрт харилцан адилгүй тусч байгаа. Тэтгэврийн хүмүүсийг аваад үзье. Тэтгэвэр 8 хувь нэмж байгаа гэсэн ч тэдний хэрэглээний багцын инфляци нь 30 хувь шүү дээ. Энэ зөрүү тэтгэврийн хүмүүсийг сөхрүүлж байгаа нь хөдлөшгүй факт. Мөн нүдэн дээр ширгэж буй дундаж давхаргад очих ёстой ипотекийн зээлийг элдэв хуйвалдаанаар зогсоож, хаасан. Төсөв болон бусдаас хулгайлдаг хулгайч нарын гаднаас оруулж ирж буй арматур, цемент зэрэг нь мөнгө угаах шалгарсан хэлбэр болж борлогдохгүй, түрээслэгдэхгүй элдэв барилга, амралтын газрууд болсон.
Бизнесийн хоосон талбай хаа сайгүй буй болсон. Энэ бүх хоосон талбай нэгд, хэний өмч билээ, хоёрт түрээслэхгүй, худалдахгүй яаж болоод байна, гуравт, эдгээрийн санхүүгийн эх үүсвэр нь хаанаас билээ гэдгийг асуух ёстой юм. ЖДҮ-ийн зээл тойрсон шуугианыг санаж байна уу? Эрх мэдэлтэн улс төрчид ёстой нөгөө иргэдэд очих ёстой байсан жижиг зээлийг хуваан авч ББСБ байршуулан 50+ хувийг хүү хүртээд сууж байсан. Энэ мэт замаар олсон мөнгөө угаах ёстой. Угаасан мөнгө нь өнөөгийн хоосон барилгын талбай билээ. Яг ийм схемийг өнөөдөр илүү томоор хэрэгжүүлэх бололцоог тухайлбал Монголбанкны алдаатай бодлого олгож байна.
Монголын эдийн засгийн өнөөгийн бүтцийн онцлогоос хамааран богино хугацаанд бид өөр бусад эх үүсвэр олох болон өөр бусад экспорт хийх чадалгүй орон юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөөд монголчууд баяжиж байна гэж байгаа боловч, нэгд, цөөн тооны этгээдүүдийн хөрөнгө нэмэгдэж байгаа, хоёрт, борлогдохгүй байгаа хоосон талбайг яах билээ. Түүнийг түрээслэх чадвартай бизнес алга байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд асар том ангал, дисбаланс үүсээд байна. Үүний нэг учир шалтгаан нь мөнгөний нийлүүлэлтээ зохиомлоор бариад байгаа явдал юм. Ядаж Монголбанкны талаас нь чөлөөлөөд өгвөл ядуу хүн ч гэсэн ухаантай бол зээл аваад бизнес хийгээд босоод ирэх бололцоо байгаа шүү дээ. Зээлийн хүртээмжийг хангана гэдэг нь эдийн засгийн ардчилал юм шүү дээ, гэтэл бурангуй нийгэм шиг хулгайч нар нь мөнгөтөйгээ үлдэх, түүнийгээ тавь жаран хувиар иргэддээ хүүлдэг тогтолцоо хамгаалж байна.
Өрхийн орлого зарлагын зөрүү хэдэн жилийн өмнө 20К байсан бол одоо 100К хэдийнээ давсан. Өрхийн өр зээл нэмэгдээд байдаг. Шийдэх ёстой банкны зээл нь хязгаарлагдсан учраас өрхүүд 50+ хүүтэй банк бус, эсвэл аппликейшны зээлд бүрэн барьцаалагдсан. Гар утас, түүн дээрээ банкны, банк бусын аппликейшны суулган хүн бүхэн өрийн сүлжээний намагт улам гүнзгий живж байна.
Оч нь үсэрвэл хэзээ ч дэлбэрэхэд бэлэн дарьтай торхон дээр монголчуудыг суулгаж байгаагаа Монголбанк мэдэхгүй байна гэж үү?
Ер нь Монголбанк мөнгийг яавал бодит эдийн засаг руу мөнгө оруулахгүй байх вэ гэдгийг бодоод суудаг юм уу гэж асуумаар. Ингэж их мөнгө хулгайлаад, хулгайлсан мөнгөө буцаж оруулж ирээд, түүгээрээ ингэж их өр үүсгээд юу болох вэ? Эцсийн дүндээ төр засаг нь хулгайч нартаа өртөө болоод дуусаж байна. Тэр өрийн гайг ард иргэд, энгийн бизнест үрүүлэх л болно. Төгрөг нь, валют нь бэлэн байна түүнийг хараад шүлс нь гойжоод сууж байгаа шуналтнууд зүгээр байх уу? Улам л томоор хулгайлаад алга болно.
За дүүрсэн хэрэг, цагдаа шүүх нь хулгайч нараа барьж шийтгэж чаддаггүй юм байж. Мөнгө гэдэг нь зогсоод байдаг зүйл биш эргэлдэж, ийш тийш урсах ёстой гэж “Тунгалаг тамирын” Итгэл баян хүртэл мэдэж байсан. Монголын мөнгөний олон салаа урсгалын ачаар хүн амын 10 хувь нь баяжаад байгаа бол үлдэж буй 90 хувьд нь эдийн засгийн болон экспортын өсөлтөөс хүртээх ёстой юм байгаа биз дээ? Экспортын 15 тэрбум доллароос энэ 90 хувьд жаахан юм үлдээх ёстой биз дээ. Саяхан Н.Учрал “татварын дарамтыг 2,5 их наядаар буруулах” гэж байна гэж мэдэгдэв. Энэ нь нийт экспортын орлогын 4,6 хувийг энэ 90 хувьдаа өгнө, үлдэж байгаа 95 хувийг эрхтэн дархтан 10 хувьд өгнө гэж байгаатай адил юм. Ийм бодлогын дараа орлогын ялгарал туйлдаа хүрэх нь ойлгомжтой. Ийм мөнгө, сангийн бодлого гэгч нь иргэний дайнд ч хүргэх аюултай.
Товчхондоо, эдийн засгийг тэлэх крантыг Монголбанк хаагаад байна. Одоо бүр улаан цаймдаа гараад ТБҮЦ-ийг гуравхан банк, хэдэн арван ББСБ, аппликейшн монопольчилж байна. Үүний цаана нөгөө л улстөрчид, нөгөө л хулгайн мөнгө явж байна. Зүгээр л мөн угаалт.
Инфляцийн суурь шалтгааныг Монголбанк бүрэн ойлгоогүй бололтой. Өнгөрсөн жилийн эрчим хүчний шокоосоо гараагүй байхад мах, шатахуун үнэ галзуурах дохио ирээд байна. Дулааны үнэ нэмэгдэх яриа байна. Дахиад нэг Украйны шок шиг юм ороод ирвэл дуусаа. Иргэд, бизнес бүсээ чангалах цаг ирлээ.
Иргэдийн, тэр 90 хувийн хөрөнгө орлогыг хайрлаж, хамгаалах эзэн үгүй боллоо.
Банкны хөрөнгөд тавигдах шаардлага, стресс тест, зээл барьцаа хөрөнгийн үнэлгээний харьцаа, зээл хадгаламжийн харьцаа, ТБҮЦ, өр, өөрийн хөрөнгийн харьцаа зэргийн хязгаар тогтоох, банкыг дахин санхүүжүүлэх хэрэгслүүд, чанаргүй зээлийг шүүхийн оролцоогүй шийдэх механизм зэрэг санхүүгийн эрсдлийг зохицуулах олон хэрэгсэл байгаа ч эдгээрийг бүрэн ашиглахгүй байгаа нь 700-800 хүнээр дүүрсэн Монголбанкны үйл ажиллагаатай шууд холбоотой.
Ер нэг зүйлийг анхаарах ёстой! Санхүүгийн тогтвортой байдал гэдгээр халхавчлан мөнгөний бодлогыг механикаар ойлгож буй нь Монголбанкны мэргэжлийн болон удирлагын ур чадвар, сэтгэлийн тэнхээ, хараат бус байх чадвар илт дутагдаж байгаагийн илрэл юм.


