Ерөнхий сайд асан Р.Амаржаргал:1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр эрх чөлөөг институци болгох цаг болсон

Өдрийн сонин, сэтгүүлч Э.Мөнхтүвшинд өгсөн ярилцлага. 2026 – 03 -09

-Юуны өмнө танд Гал морин жилийн мэнд дэвшүүлье. Та сайхан хаваржиж байна уу. Ойрд ямар ажил дээр төвлөрч байна, эсвэл суурин байна уу??

-Та бүхэнд ч гэсэн сарын шинийн мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд би идэвхтэй улс төрийн албан тушаал хашихгүй байгаа ч дотоод, гадаад асуудлыг нэг ч өдөр алгасалгүй ажиглаж сууна. Миний үндсэн ажил бол ердөө л унших, бичих хоёр юм. Цагийнхаа ихэнхийг ном, судалгааны материал уншиж, түүнийгээ нийтлэл, эссэ хэлбэрээр боловсруулахад зарцуулж байна. Черчилль нэгэнтээ “Удирдагч хүн унших цаг гаргаж чадахгүй бол бодох цагаа ч олохгүй” гэж хэлсэн байдаг. Энэ бол маш гүн утгатай үг. Гэтэл өнөөгийн манай дарга нарыг ажиглаад байхад уншдаг нь дэндүү бага юм уу даа гэж анзаарагддаг. Уншихгүй байна гэдэг чинь бодохгүй, асуудлыг том зургаар нь харахгүй байна л гэсэн үг. Тиймээс л би өөрийн Amarjargal.org сайтаар дамжуулж Монголын эдийн засаг, институцийн чанар, төрийн бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлж, судалгаа шинжилгээний ажлаа хуваалцаж сууна. Энэ сайт бол зөвхөн миний бодол, ажиглалтыг хуваалцах, нийгмийн бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой платформ юм. Мөн энэ тэндээс лекц унших, хэлэлцүүлэгт оролцох, залуустай санал бодлоо солилцох урилга ирэх юм. СЭЗИС-ын ажил гэж байгаа. Ямар ч болсон сул суугаад байх зав чөлөө бас тэр болгон гарахгүй л юм.

-Морь жил гарлаа. Тэртээ 1990 оны Цагаан морь жил Ардчилсан хувьсгал ялж, Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орсоноос хойш өдгөө хүнээр ойлговол 37-ны жил нь орж байна. Анх та бүхний тэмцэж, хувьсгал хийсэн тэрхүү Ардчилсан хувьсгалын зорилго, чиг зүг өдгөө хэрхэн өөрчлөгдсөн гэж бодож байна. Монголын ардчилал өнөөдөр яг ямар түвшинд байна вэ?

-1990 оны хувьсгал бол орчин цагийн Монголын түүхэнд системийн шинжтэй, “тевтоник” эргэлт, шилжилт байсан. Тэр үед бидний зорилго нь хөмөрсөн тогооноос гарч, соёлжсон хүн төрөлхөтөнтөй хөл зэрэгцэн алхах л хүсэл. Үүний тулд ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шилжих зорилт байсан. Улс орны бүх салбар, салаа мөчирт асар их, маш  тодорхой ахиц гарсан нь үнэн. Жишээ нь 1990 онд Монголын ДНБ 2-3 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 20 тэрбум орчим болсон. ДНБ, үйлдвэрлэл, экспорт, төсөв гэх мэт тоон үзүүлэлтээс гадна улс орны ахиц дэвшлийг илэрхийлдэг чанарын олон үзүүлэлтүүд сайжирсан. Дундаж наслалт 63 жилээс 70 гаруй жил болсон. Эх нялхс, нярайн эндэгдэл яаж буурсан билээ. Эдгээр тоо баримт бахархууштай бодит амжилт. Гадаад нэр хүнд ч өссөн.

Нөгөө талаас, бидэнтэй нэгэн зэрэг коммунизмаас салсан Польш, Унгар, Чех зэрэг хуучин соц орнуудтай, эсвэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан заримтай  харьцуулбал чамлах зүйлс бас байна. Өнөөдөр тэд ЕХ-ны гишүүн, хүний хөгжлийн индексээр дэлхийн тэргүүлэгч орнуудын дунд байна. Ялгаа нь юу вэ, яагаад зарим улс орон богино хугацаанд хөгжөөд, зарим нь боломж байсан ч хоцордог вэ гэсэн асуултын хариуг Монголын өнөөгийн нөхцөлтэй харьцуулж судалж эрэлхийлэхээр хариулт үргэлж нэг цэг дээр ирэх юм. Институци. Дотоод гадаад олон хүчин зүйлс үйлчилсэн нь мэдээж гэхдээ тэд институцийг төлөвшүүлэхэд улс төрийн зориг гаргаж илүү анхаарсан.Тууштай ажилласан.

Польшийн Лех Валенса “Эрх чөлөө бол зөвхөн эхлэл, зорилго биш” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Ний нуугүй хэлэхэд, манай Ардчилсан нам улс төрийн болон эдийн засгийн “хос реформ,  нэгэн зэрэг” хийх гэж яваад, хууль дээдэлсэн төрийн чадварлаг институци бүрдүүлэхийг орхигдуулсан даа гэсэн дүгнэлтэй сууж байна. Нэгэн зэрэг хос реформ эхлүүлэх нь тун ч амаргүй, цаг хугацааны цейтнотод орсон нүсэр зорилт байсан. Гэхдээ түүнийг эрх зүй, институционал талаас нь хамжихгүй бол урагшлах хөдөлгөөн удааширч, заримдаа эргэн буцаж, авилга хахуулдаа бүрэн идэгдсэн, тэр нь бараг үнэт зүйлс, “new normal” болсон нийгэм бүрэлддэг гэдгийг одоо үзэж байна. Товчхондоо, ардчилал гэдэг бол зөвхөн сонгууль биш. Ардчилал бол институцийн чанар юм. 1990 онд бид эрх чөлөөний хаалгыг нээсэн. Манайд улс төр ихэвчлэн институцээсээ илүү субьектив нөлөөнд төвлөрөх хандлагатай байсаар ирсэн. Өнөөдрийн үеийнхэн энэ алдааг залруулан, эрх чөлөөг бат бөх институцид суулган, гүйцэт хөрслүүлэх ёстой. 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр эрх чөлөөг институци болгох цаг болсон.

-Ардчилсан намын шинэчлэлийн асуудлаар яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Улсын Дээд шүүх АН-ын шинэ дүрэм, хөтөлбөрийг бүртгэж авсан. Үүний хүрээнд тодорхой шинэчлэл АН-д өрнөж байна. Та энэ намын туршлагатай лидерийн хувьд уг шинэчлэлийг хэрхэн харж байна?

-Улс төрийн нам гэдэг бол хэдэн хүний клуб, хувийн өмч биш. Нам бол институци. Амьд организмын хувьд тасралтгүй, хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, цаг үедээ нийцүүлэн дүрэм, хөтөлбөрөө байнга шинэчлэн батлаж байх нь зөв алхам. Гэхдээ бичиг баримт батлагдлаа гээд шинэчлэл автоматаар хэрэгжинэ гэсэн үг биш. Латин Америкийн олон улс цаасан дээр Европынхоос дутахааргүй сайн Үндсэн хуультай байсан ч институцийн соёлгүйгээс болж хэрэгжээгүй гашуун түүх бий. Цаасан дээрх үг үсэг нийгэм улс төр, сэтгэлгээний соёл болоогүй байсан. Монголын намуудын нийтлэг өвчин бол яг энэ. Монголын улс төрийн намуудын нийтлэг сул тал бол улс төрийг институцийн логикоор биш, хувь хүний субьектив логикт захируулдаг хандлага юм. “Хоёулаа явбал нэг нь дарга, ганцаараа бол малгай нь дарга” гэдэг үг чинь л институцийн тухай хэлээд байгаа юм. Намууд бодлого боловсруулдаг институци байх ёстой атал сонгуулийн “машин” болоод удаж байна. Нам сонгуульд зориулсан машин биш, бодлого боловсруулдаг институци байх ёстой.

-Гишүүдийн бүртгэл үргэлжилж байгаа. Ингэхдээ “Гэрэгэ” гэх чип бүхий паспортой болгож байна. Уг паспортын хүрээнд нийгэмд гадаад улс оронд зорчих давуу тал болно гэсэн яриа дэгдсэн. Үнэхээр барууны ардчилсан орнууд руу зорчиход энэ паспорт давуу тал болж чадах уу?

-Манайхан ч үе үе нүүр хийх газаргүй болтол мэдэгдэл хийнэ шүү дээ. (инээв) Ингэж шоудах ямар ч хэрэг байсан юм бүү мэд. Би ч өөрийнхөндөө их хатуу ханддаг, илүү их шаардлага тавидаг хүн дээ. Шууд хариулъя. Улс орнуудын хооронд зорчих асуудлыг намын үнэмлэх шийддэггүй, үүнийг эрүүл саруул ухаантай хэн ч мэднэ. Хэрэв нам гишүүддээ “онцгой эрх” олгоно гэж байгаа бол энэ нь 1990 онд бидний устгах гэж тэмцсэн нэг намын тогтолцооны логиктой яг ижилхэн сонсогдож байна. Харин орчин цагийн цахим технологи ашиглан намын бүртгэлийг сайжруулах нь буруу биш. Гэхдээ намын үнэ цэнэ картад биш, бодлогод байдаг.

-Таны хувьд Ардчилсан намд албан ёсны оролцоотой албан үүрэг гүйцэтгэж байгаа юу. Нөгөөтэйгүүр АН-ын шинэ удирдлагуудын сэтгэж, бодож, төлөвлөж байгаа үйл ажиллагаа таны хувьд ямар санагдаж байна вэ. Залуучуудын хувьд шинэчлэл өрнүүлэхдээ хурдтай ч гэсэн бодлогын хөнгөн алдаа гаргах нь их байдаг гэдэг шүү дээ…?

-Улс төрийн намын тухай хуулийн дагуу, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар намын дэргэд бодлогын судалгааны тинк-танк байгуулсан. Түүний удирдах зөвлөлд намайг урьсан одоо тэнд харьялагдаж байгаа. Энэ тинк-танк жинтэй дуугарна гэж бодож байна. АН-ыг сонгуулийн мөчлөгөөс цааш харж чаддаг сэтгэлийн тэнхээ, эр зоригтой удирдагч нар бэлтгэгдэж, намаа удирдаж, залж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Улс төрийн нам мэргэжлийн институц болох ёстой гэж ярьдаг. Харамсалтай нь институц гэдгээ ойлгохгүй улс төрчид, намын гишүүд цөөнгүй байна. Монгол Улсын хувьд ардчилсан, парламент засаглалтай. Энэ утгаараа парламент, төрийн бодлогыг улс төрийн нам авч явдаг. Тэгэхээр бид яалт ч үгүй улс төрийн намын төлөвшил, мэргэжлийн байдалд нь анхаарах шаардлагатай байх, тийм үү?

-Зах зуухаас нь дээр хариулсан. Анхаарах ёстой болоод л улс төрийн намын тухай хууль гарлаа, түүний дагуу намуудыг бүртгэж байна. Гэхдээ улс төрийн намаас гадна бусад институци, мөн орчин цагийн шаардлага хангах ёстой юм. Тухайлбал, намуудыг бүртгэж буй Дээд шүүх, Сонгуулийн хороо, Цэц, хэвлэл мэдээлэл зэрэг мөн л эрүүлжих ёстой. Хэн юу хийхийг тэд мэдэмхийрээд, өөрсдийн хэмжээндээ ойлгон тулгаад байх юм бол бүх өөрчлөлт талаар болно. Улс төрийн намын реформ нь цогцоор өрнөх ёстой л гэсэн санаа. Улс төрийн намуудыг бүртгэхгүй байх, ёс бодож буцаах зэрэг нь улс төрийн далд ажиллагааны хэрэгсэл болох аюултайг эрхбиш тал талдаа ойлгож байгаа байлгүй дээ.

-Дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хүндхэн, хурцадмал байна. Монголоос хол дайн, байлдаан, мөргөлдөөн, элдэв хориг арга хэмжээ хийгдэж байгаа ч дэлхий бол хавтай гэдэг шиг бидэнд ч энэ хүндрэл цаг хугацааны эрхэнд мэдрэгдэж таарна. Ер нь энэ хаврын гэлтгүй энэ жил, ирэх жилүүдэд үүсэх хүндрэл таны харж байгаагаар яг юу байна. Бид одооноос эдийн засгийн хувьд ямар бодлого барьж, юуг анхаарч, урьдчилан бэлдэх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Энэ хэтэрхий өргөн сэдэв байна. Хэрэгтэй гэвэл дараа нь тухайлан хэлэлцье. Энэ удаа базаад хэлбэл, харилцан хамааралгүй юм энэ хорвоод үгүй. Бидэнд нөлөөлөх, мэдрэгдэх зүйлс нь ирж л таарна. Тэр нь ямар хэлбэрээр, хэзээ гэдгийг таамаглах хэцүү боловч, хэд хэдэн хувилбар бэлтгэх учиртай юм. Одоо бусдад найдах юм байхгүй болсон. Гал гарсан хойно нь унтараах биш, гал гаргахгүй байхаар төрийн бодлогоо залж явуулах ёстой. Дотоод зөрчил, үймээн самуунаас хол байх үндсэн арга зам нь орлогын ялгаралыг өөгшүүлэхгүй байх, өмчийн эрхийг бүх талаар баталгаажуулах,  улмаар эдийн засгийн өсөлт хөгжилийг хангах явдал юм.

-Уул уурхай гэсэн ганцхан салбар дээр Монголын эдийн засаг тогтож байна. Энэ утгаараа геоэдийн засгийн асуудлаас үүдэлтэй хямралд өртөх нь их. Тэгэхээр эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэдэг зүйлийг олон жил ярьсан ч бодитой үр дүн харагдахгүй л байна. Энэ нь төрийн бодлогын алдаа юу. Эсвэл ганцхан төрийн бодлогын алдаа гэж бодох нь муйхрал уу?

-Өнгөц тайлбарлаж, хялбарчилсан дүгнэлт хийж болохгүй байх. “Үрэгдэгсэд нь үлдэгсэдээ чангаана” гэдэг үг К.Марксын “Капитал” зохиолд байдаг санагдаж байна. Өнөөгийн эдийн засгийн бүтцийг тайлбарлаж буй нэг хүчин зүйлс юм даа. Бид “Голланд өвчин” гэж онолоор сонсдог байсан бол одоо л биеэрээ үзэж байна. Нэг салбарын огцом өсөлт бусад салбараа дарж, эдийн засгийн бүтэц гажсан тухай асуудал юм. Норвеги, Канад, Сингапур зэрэг улсууд үүнээс сэргийлж чадсан. Би УИХ-ын гишүүн байхдаа Баялгийн сангийн хуулийг батлуулж байсан ч одоо тэр хуулийг нь ашиг сонирхлын бүлгүүд тал талаас нь тасдаад, сан дахь хэдэн төгрөгийг нь сонгуулийн мөчлөгт зориулаад дуусгаж байна. Яагаад зориулалтын бусаар үрээд байна вэ гэхээр энэ нь эдийн засаг гэхээсээ илүү улс төрчдийн шунал, хувхай сэтгэл, түүнийг хязгаарлах институци ажиллахгүй байгаатай л холбоотой. Парламентын бус, зөвхөн “сонгуулийн” ардчилал ямар ч эдийн засгийг сүйрүүлэх аюултайг ухаарах цаг болсон.

-Та Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, мөн туршлагатай мэргэжлийн эдийн засагч хүн. Энэ утгаараа танаас эдийн засгийг яаж өсгөх вэ, яавал Монгол Улс хөгжих вэ гэдэг асуултыг дахин дахин л асуумаар байна. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбараа бид яаж эдийн засгийн бодит өсөлт, өрсөлдөөн рүү оруулах ёстой бол?

-Эдийн засгийг тоон талаас нь өсгөх тун амархан, шийдлийг нь хөрөнгө оруулалт, бүтээмж гэх мэтчилэн СЭЗИС-ын оюутнууд ч хэлнэ. Гэтэл тэрбум доллар оруулаад ирвэл тэр хирээр эдийн засаг өснө гэж ярьдаг дарга нар бий ч өсөлт гэж юу болохыг гадарладаг нь хэрэгтэй байна. Эдийн засгийн ухаанд хөшүүрэг сэдэл  (мотиваци, incentive) гэсэн ойлголт бий. Төрийн түшмэл авилга хахууль авахгүй, төрийн төлөө шудрага зүтгэх эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Бизнест өсөж өндийж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн бус нутгийн зах зээлд хүчээ сорих эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Энэ мэтчилэн цаашид үргэлжлүүлж болно. Харамсалтай нь манайд шинэ шинэлэг, инновацилаг бүхнийг далавч нь ургаж бэхжихээс өмнө цавчаад байна. Цавчиж устгах нураах ажлыг улстөрчид л хийж байна. Тэдний хувьд эрх мэдлээ хадгалах, төсөвт ойрхон байх нь эдийн засгийн хөшүүрэг нь юм. Хөдөө аж ахуйн салбар, жишээ нь, мал аж ахуй туйлын боломжтой гэж үздэг. Гэтэл 70 гаруй сая толгой малаас олох орлого маш бага. Учир нь энэ салбар, зах зээлийн харилцаанд бүрэн шилжиж чадаагүй өдий хүрлээ. Бид ноолуураа бренд болгож чадаагүй, тиймээс түүхий эдийнхээ үнийг авдаг ч харин брэндийнхээ үнийг авдаггүй.  Дэд бүтэц логистикийг хангах, экспортын стандартыг мөрдүүлэх, нэмүү өртөг шингээх гээд л яах ёстойг бараг бүгд л мэддэг, ярьдаг атлаа урагшилсан зүйл харагдахгүй байна. Учир шалтгаан нь эдийн засгийг эдийн засгаар удирдахгүй, дандаа захиргаадалтаар, нэг сайхан шуурч дайрсан, сэлэм эргүүлсэн арга барил. Эдийн засгийн ашиг сонирхол, түүнийг төрүүлэх эдийн засгийн арга механизм гэж байгаа шүү дээ. Жаахан тогтуун баймаар байна.

-Монгол Улсын эдийн засгийг өсгөхийн тулд мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэдэг. Мэдээж хөдөлгөх нь зөв. Харамсалтай нь хөдөлж байгаа төсөл болгон нь улс төржилтэй, эсвэл авлига, хулгайн үүр болчихоод байгаа нь ямар учиртай юм бэ. Нэг том төсөл хөдөлгье гэхээр улс төрийн гал нь ихсдэг, үүнээсээ болоод улс төрчид нь хоорондоо зөрчилддөг, нэгнийгээ барьж хорьдог, эсвэл гадаад улсад орогнуулахаас өөр сонголт өгдөггүй. Ийм нэг чөтгөрийн тойргоосоо Монгол Улс, монголын төр хэзээ, яаж салах вэ. Монголд мега төслүүд яагаад улс төржилтөд ордог вэ?

Институци сул байвал том мөнгө улс төрийн зэвсэг болдог. Асуудлыг шийдэх арга зам байна уу гэж та асууж байна. Тодорхой жишээ татья. Чили 1980-аад онд Эскондида зэсийн уурхайг хөгжүүлэхдээ олон улсын тендер зарлаж, гэрээний нөхцлийг нийтэд ил тод болгож,  хөрөнгийн орлогыг хуулиар тогтоосон санд хуримтлуулсан. Улс төрчид тэр гэрээнд хүрч чадахгүй байхаар хийсэн.

-Монголд яагаад тэгж болохгүй байна вэ?

-Оюу Толгой, Тавантолгой зэрэг том төслүүдийн гэрээний нөхцлийг энгийн иргэн бид ойлгож, зөв дүгнэлт хийх нь юу л бол. Харин эл байдлыг сувдаг этгээдүүд ашиглан олны тархийг угаах үйлдэл хийж байна. Ялангуяа, нууцлалд авсан гэрээ бол авлигын хамгийн сайн орчин. Ил тод байлгах зэрэг нь тодорхой ашиг сонирхолын бүлэглэлд халтай бөгөөд тэдний эдийн засгийн болон эрх мэдлээ хадгалах хүсэлд огт нийцэхгүй байгаа учраас л тэд үүнийг эсэргүүцэж байгаа юм. Энд нэгэн сонин зүйл байдаг юм. Бага зэрэг хошигнолтой сэдэв. Яаж яваад тийм муухай хүмүүс шийдвэр гаргагчид болоод байна аа гэж. Би нэг жишээ татья. Коузын теорем. Удирдах албан тушаалд мэргэжлийн ур чадвар, туршлага зэрэг нь яг ижил хоёр хүн байна. Нэг нь зарчимч, нөгөө нь зальт этгээд. Хэн нь дарга болох уу?

-Зальт этгээд нь юм болов уу?

-Зөв. Яагаад гэвэл зарчимч нэг нь ёс бус үйлдэл хийхгүй, харин зальт этгээд нь албан тушаалд очихын тулд өрсөлдөгчөө гүтгэх, харлуулах, авилгадах гээд л бүхий л аргыг хэрэглэнэ. Эндээс чамаас дахиад нэг зүйлийг асууя. Манай дээш гарсан дарга нар дандаа ямар хүмүүс вэ? (инээв). 

-Ойлгомжтой байх. Сүүлд танаас Монгол Улсын төсвийн асуудлаар асуумаар байна. Намрын чуулганаар төсвөө баталдаг. Баталсан даруйдаа дараа жилийн төсвөө ярьж, боловсруулж эхэлдэг. Харамсалтай нь парламентад сонгогдсон тэр дундаа тойргоос сонгогдсон гишүүд тойрог тойрогтоо төсвөө татсаар байгаад төсвийн бодит үр өгөөж сулардаг. Товчхондоо төсвийг чадамжгүй болгодог гэж ойлгодог. Ер нь Монгол Улс төсвийн бодлогодоо өөрчлөлт, реформ хийх цаг болсон гэж та үздэг үү, төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай юу?

-Төсвийн талаар би бишгүй ярьсан. Миний сайт www.amarjargal.org болон ютюб ээс залхуурахгүй хайгаарай. Төсөв нь зөвхөн хэдэн тоо биш. Төсвийн философио гүнзгий ойлгох шаардлагатай. Энэ бол эдийн засгийн хөгжлийн, стратегийн хэрэгсэл юм. Энэ бүгдийг ойлгоогүй хүмүүс төсвийн реформ хийнэ гэдэг юу л бол. Төсөв гэдэг макро эдийн засгийн хүчирхэг хэрэгсэлийнхээ мөн чанар, агуулгыг бүрэн мэдэх тийм Ерөнхий болон Сангийн сайдтай хэзээ нэг болох байлгүй дээ.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн гэдэг төр, засгийн удирдагчаар ажиллаж байсан гэсэн үг. Ер нь таны бодлоор удирдагч хүн ямар байх ёстой юм бэ. Нөгөөтэйгүүр монголчууд бид ямар удирдагчидтай байснаа таг мартсан бололтой гэж санагддаг. Өөрөөр хэлбэл өөрт нь буюу улс төрийн карериар, бүр амь насанд нь эрсдэл дагуулах байсан ч хамаагүй улс орны удирдагч хүн ард түмний төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө улс төрийн зоригтой шийдвэр гаргаж чаддаг ийм төр, засгийн удирдагч сүүлийн 10 гаруй жил гарч ирсэнгүй гэж ярих хүмүүс их байна. Энэ утгаараа би танаас удирдагч хүн ямар байх ёстой бол гэсэн асуултыг асууж байгаа юм. Танаас хойш 12 хүн Ерөнхий сайдаар ажилласан байна шүү дээ…?

-Нэг зүйлийг тодруулах ёстой байх. Энэ нөхөр Ерөнхий сайд байхдаа юу хийсэн юм бэ гэж асуудаг хүмүүс тааралддаг. Миний Ерөнхий сайдын алба хашиж байсан үеийн нөхцөл байдал өнөөгийнхөөс тэс өөр байсан. Хорин зургаан жилийн тэртээ, миний удирдлага дор ажиллаж байсан төрийн түшээд арай жудагтай байсан. Тэр үед эдийн засгийн хямралыг зогсоож, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах асуудал нь орших, эс оршихын асуудал байсан юм. Түүнийг шийдсэн. Цахилгаан станцийн жил бүрийн урсгал зардалд 10 сая ам.доллар хаанаас олох вэ гэдэг толгойны өвчин байсан. Тэр үеийн Монголын эдийн засгийг тоож харах гадаадын хөрөнгө оруулагч байгаагүй юм шүү дээ. Арилжааны банкууд нь дампуурчихсан, инфляци нь гурван оронтой тоотой, эдийн засаг дэхь “цусны эргэлт” буюу мөнгөний эргэлт нь зогссон, стратегын болон валютын нөөц үгүй, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй гээд л тоочвол зөндөө юм бий. Тэр бүгдийг шийдэж, зах зээлийн эдийн засгийг удирдахад шаардлагатай бүх хэрэгсэлийг нь бүрдүүлэн үлдээсэн.  Би сэлэм эргүүлэн, уриа хашгирдаг хүн биш харин учирлан тайлбарлах нь чухал гэж үздэг хүн. Тиймээс болзошгүй хэцүү асуудлыг урьдчилан таниж, бага дээр нь шийдэж ирсэн. Харамсалтай нь манайд гал түймэр тавиад, түүнийгээ баатарлагаар унтраадаг хүмүүс нь “ардын баатар” болдог болж. Удирдагч хүн гэж хэн бэ гэсэн таны асуултад хариулъя. Алсын хараа, уужуу ухаан, тогтуун зан чанар, чигч шудрага, зарчим ч чанар л орчин цагийн удирдагчийг тодорхойлох болов уу. Хамгийн гол нь их хүнлэг, бусдын зовлонг мэдрэх чадвартай байх ёстой. Сингапурын Ли Куан Ю институцийг хүнээс чухалчилсан бол Венесуэлын Уго Чавес институцийн оронд хувь хүний “харизма”-г чухалчилсан. Үр дүн нь ямар байгааг бид харж байна. Монголд бусдыг хошгируулан дагуулагч биш, институцийг бэхжүүлдэг удирдагч л хэрэгтэй. Эцсийн эцэст “Монгол бол миний намаас, миний хүсэл сонирхлоос том” гэж ойлгох ёстой.

-Ирэх жил бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай жил. Одооноос ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төр нэлээд явж байна. Парламентад суудалтай улс төрийн намуудаас өөрсдийгөө нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа хүмүүс ч цөөнгүй гарч ирлээ. Нөгөөтэйгүүр улс төрд оролцоотой иргэдийн хувьд дэмждэг, үзэл бодол нэгтэй улс төрийн намаасаа тийм хүнийг нэр дэвшүүлчихээсэй гэсэн саналаа илэрхийлсээр байна. Энэ утгаараа Ардчилсан намаас таныг нэр дэвшчихээсэй гэсэн хүмүүс цөөнгүй байна л даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд таны нэр яригдаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

Дэвшихгүй ч гэсэн дэвшинэ гэж бусдыг дарамтлах ёстой гэдэг биз дээ. (Инээв) Сонгууль дөхөхөөр янз бүрийн яриа гардаг нь хэвийн. Бас ч гэж мартагдаагүй, эрэлттэй байгаагаа хараад дотроо элдэв зүйл бодож л суудаг юм. Миний зарчим энгийн. Аливаа албан тушаалыг хувь хүний хүсэл сонирхлоор биш, хариуцлагын мэдрэмж, улс орны хэрэгцээний хүрээнд авч үзэх ёстой.

-Та өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Байна. Надад хандан танил бизнесмэн “би эрийн сайндаа ингэж яваа биш, та нарын ач тусаар, ардчилал, зах зээлийн ачаар өмч хөрөнгөтөй болж, элдэв улсаар явж, юм үзэж нүд тайлах, тансаглах хэдэн төгрөгтөй болсон. Танд талархаж явдаг шүү. Хийж бүтээе гэсэн санаа оноо олон байна. Гэхдээ монголчууд бид эдийн засгийн хувьд нэг л тамир суухгүй өдий хүрлээ” гэж хүүрнэсэн юм.  Эзэн Богд мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэж байсан,  Нэлсон Мандела “Эрх чөлөөг авах нь эрх чөлөөг ашиглаж сурахаас хялбар” гэж байсан, М.Тэтчер авхай “2-3 үед солигдож байж л зүгшрэх болов уу” хэмээн сануулж байсан.  1990 онд бид эрх чөлөөг авчирсан. Зах зээлийн харилцаанд шилжсэн. Энэ бол бидний үеийнхний ололт. Гэхдээ тэр эрх чөлөөг хууль дээдлэх ёс, бат бөх институци, тогтвортой бодлоготой хослуулж сурахгүй бол хамаг ололт маань талаар болж, утга учираа алдах бодит аюул байна. Монгол Улсын хамгийн сайхан гэрэл гэгээ өнгөрсөнд биш, ирээдүйд байна. Үүнд би итгэдэг. Гэхдээ тэр ирээдүй өөрөө ирдэггүй. Бид өөрсдөө барьж байгуулах ёстой.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *