ТӨК-аас хулгай хийнэ

ТӨРИЙН ӨМЧИЙН ХУЛГАЙЧ НЬ ЦАЛИНГАА ГОЛСОН ЗАХИРЛУУД БАЙХ НЬ

2025-09-17

6 min read

Төрийн Өмчит Компаниудын захирлуудын цалинг гурван сая болговол (одоо дундаж цалин 2,6 сая төгрөг) “хулгай дийлдэхгүй, тэр хүмүүс амьдрахын тулд хулгай хийнэ” гэж нэгэн хурган дарга саяхан мэдэгдэж байх юм. Хачирхалтай, тун сонин логик! Төрийн Өмчийн Компанийн (ТӨК) захирал төрийн өмчийг нүдний цөцгий мэт нандигнан, өсгөж үржүүлж, арвижуулах үүрэгтэй, ямар ч тохиолдолд хулгай хийх сэдэлгүй хүн баймаар даа! Гэтэл хулгай хийнэ шүү дээ гэж батлан ярьж байх юм. Анхнаасаа хулгайч сэтгэлгээтэй, завшигч этгээдүүдийг ТӨК захирлаар шилж сонгон томилдог нь ямар учиртай юм бэ?

Өнгө мөнгө харж, “цүнх баригч”-ийн шагналд ТӨК-д ирсэн хүн байхад, өөрийгөө хэрэгжүүлж, өөрийн чадал, чадварыг сорих, улс нийгмийн төлөө гэсэн боловсон хүчин байх л ёстой. Эсвэл “цүнх баригч” нарыг анхнаас нь улс төрийн мөнгө угаагч буюу сонгуулийн “шархаа нөхөх”, дарга сайдуудын дараагийн сонгуулийн санхүүжилт босгох үндсэн үүрэгтэй, завсар зайлхайгаар нь хувийн хэтэвчээ зузаатгаарай гэж томилсон хэрэг үү? Тийм бол ТӨК нь хэдэн зуун тэрбумын алдагдалтай байдаг “шахаасны хүмүүсээр” чигжигдсэн байдаг нь аргагүй л дээ.

Саяхан Спикер Д.Амарбаясгалан УИХ-ын намрын чуулганыг нээж, хэлсэн үгэндээ “Эдүгээ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үлэмж доогуур байна. Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол Нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Орон нутагт энэ байдал дээрдэх зүйлгүй. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Өнөөдөр төрийн өмчит 107 компанийг 9 яам, агентлаг харьяалан удирдаж компаниудын үр ашиг, өгөөжийг хянаж, гүйцэтгэлийг шаарддаг, хариуцлага тооцдог мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байна” гэж шүүмжилсэн юм. Байдал ийм байгаа ч хэдэн арван сая төгрөгийн цалин аваад, тэгээд цалин буурвал ТӨК-д хулгай дийлдэхгүй шүү гэж хэлээд хээв нэг сууж байдаг болжээ. Төрийн өмчийн гол хулгайч нь захирлууд болон тэднийг томилсон том дарга нар юм байна л даа!

Ёстой нөгөө “айлд малаа тавихаар хорогдоод байдаг, айлын мал өсөөд байдаг” гэдэгтэй адил юм болж байх шив дээ. Чононд (ТӨК-ийн захирал) хонио (төрийн өмч) хадгалуулсан үлгэр юм даа.

Энэ бүх илрэлийн цаана учир шалтгааны гол асуудал байгаа юм. 1990-ээд оны өмч хувьчлалыг зүхэж, буруутгаж, ер нь ардчилал зах зээл хэрэггүй гэх аястай сэтгэлгээг олны дунд тасралтгүй түгээж ирсэн, одоо ч түгээж буй хэсэг бүлэг байгаа.

1990-д оны өмч хувьчлалын үүх түүхийг сөхөж үзвэл өмч хувьчлалаар нэн түрүүнд өмчтөй болсон этгээдүүд нь тухайн үеийн эрх баригч МАХН-ын сайд дарга нар, дотоод мэдээлэлтэй байсан “улаан захирлууд”, нэгдэл, сангийн аж ахуйн дарга нар юм. Тэд хамгийн их хожсон бөгөөд хувьчлалаар үнэгүй авсан обьектоо олигтой авч явж чадалгүй сүйтгээд, бүхий л бурууг ардчилалд, реформ хийсэн хүмүүст түлхэн тохож ирсэн билээ. Тэд өөрсдийн арчаагүй, мэдлэггүй, чадваргүй байдлаа нуун дарах гэж, улсын өмчийг үрэлгэн сүйтгэснээ цайруулах гэж, нарийн яривал хэргээс мултрах гэж реформистүүдийг “золигт гаргах” гэж чармайсаар ирсэн.

Улсын өмчийг хувьчилж аваад дажгүй босгоод ирсэн цөөхөн хэдэн захирал байгаа боловч дийлэнх нь сүйтгэж устгасан. Ингэж сүйтгэхдээ тэд хэзээ ч өөрийн тэнэглэл, мунхагаас болсон, өөрийн сувдаг сэтгэл, шунал — аас (хурдхан шиг амиа бодож хэдэн юм салгаад алга болох ) болсон гэж боддоггүй ба өөртөө хир халдаахгүй, хэн нэгнээс бурууг хайж заншжээ. Энэ ч аргагүй биз. Учир нь тэртээ социализмын үед улсын өмч эзэнгүйдэж, түүнд хүнийрхсэн, хүйтэн цэвдэг хандаад байна гэж тухайн үеийн засаг төрийг удирдаж байсан коммунистууд илэн далангүй ярьж, шүүмжилж байсан юм.

Жишээ татвал:

  • Манай нийгмийн урагшлах хөдөлгөөнд саад болж байгаа хүнд суртал гаргах, хөдөлмөрөөс зайлсхийх, өмч хөрөнгө үрэгдүүлэх, хуурч мэхлэх, эрх тушаал, нэр төр хөөцөлдөх, бялдуучлах, ууж согтуурах, хууль ёс, нийгмийн хэв журам зөрчих зэрэг алив харш үзэгдэл /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
  • Аливаа асуудалд түүний дотор хөдөлмөрчдийн үйлчилгээ хангамжийн асуудалд хуваарилалтын социалист зарчмыг гажуудуулах, танил тал татах, шударга бус орлогоор амьдрагч зальт этгээдүүдэд идэж ашиглах, хулгайлах боломж олгох /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
  • Улс, хоршооллын өмч хөрөнгийг янз бүрийн хэлбэрээр үрэгдүүлдэг, социалист өмчид хүйтэн, цэвдэг сэтгэлээр ханддаг, нэр төр хөөцөлдөн хуурч мэхэлдэг аливаа илрэлтэй эвлэршгүй тэмцэл явуулахад жинхэнэ ёсоор, зөв тавигдсан бүртгэл, хяналт, аж ахуйн тооцоог гол хэрэгсэл болгож ашиглавал зохино. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
  • Хэнтий аймгийн Биндэр суманд 2 жилийн өмнө барьж ашиглалтад өгсөн 2 сая гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 400 үнээний энгийн фермийг одоог хүртэл ашиглаагүй байна. Эдгээр баримт бол улсын өмч зарим газарт эзэнгүйдэж ноцтой хохирол учирч байгаагийн тодорхой илрэл мөн. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
  • Тоног төхөөрөмж эвдэж, тонох үнэт материал, сэлбэгийг үрэгдүүлснээс улс нийгэмд хохирол учруулж байгаа баримт цөөнгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
  • Өмчийн харьцаанд ялангуяа манай орны хувьд гарсан нэг ноцтой гажуудал бол улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин, хөдөлмөрчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах эдийн засгийн чадварыг харгалзахгүйгээр хоршооллын өмч дээр суурилсан аж ахуйг улсын болгосон явдал юм. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
  • Хоршоодын болон хувийн хөдөлмөр эрхлэх нэрийн доор зарим зальт этгээдүүд улсын өмч хөрөнгийг хямд үнээр авах, дамлах, завших, хөдөлмөрчдийг хуурах, мэхлэх зэрэг бусад башир аргад шилжих бололцоог бүх талаар хоригловол зохино. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
  • Хөдөлмөрөөс зайлсхийж, хөдөлмөрийн бус орлого, хөнгөн хялбар аргаар амьдрах, социалист өмчийг бүрэлгэх, нийгмийн шударга ёсыг зөрчих, хүнд суртал гаргах, нэр төр, албан тушаал хөөцөлдөх, архидан согтуурах, танхайрах зэрэг харш үзэгдлүүдтэй эвлэшгүй тэмцэл хийх замаар нийгмийн амьдралд ёс суртахууны цэвэр ариун байдал, хүнлэг энэрэнгүй ёсыг тогтоох нь бүх нийтийн үйл хэрэг мөн. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
  • Социалист өмч эзэнгүйдэж, хуваарилалтад тэгшитгэл бий болж, хөдөлмөрөөр хуваарилах социалист зарчим алдагдаж, социализмын шударга ёс зөрчигдөхөд хүрсэн байна. Амин хувийн сонирхлыг нийгмийн сонирхлоос дээр тавих /нөхцөлд/ социалист өмчийг үрэгдүүлэх, идэж шамшигдуулах, эрх тушаалаа хортойгоор урвуулан ашиглах зэрэг харш үзэгдлүүд гарах үүд хаалгыг нээхэд хүргэж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
  • Хулгай, дамын наймаа хийх, хээл хахууль авах, өгөх, нийгмийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулах үрэгдүүлэх албан тушаалыг хортойгоор ашиглах, архидан согтуурах, гэр бүлийг сарниулж үр хүүхдийг өнчрүүлэх, осол эндэгдэл гаргаж, нийгэм болон иргэдэд ноцтой хохирол учруулах, бусад гэмт хэрэг үйлдэх явдал байсаар байхад намын байгууллагуудад тэдгээрийг үл тэсвэрлэх нөхцөл байдал тэр болгон бий болоогүй байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
  • Үүний тулд хөдөлмөрийн биш орлогоор амьдарч байгаа этгээдүүдэд эвлэрэнгүй ханддаг амарлингуй байдлыг … шийдвэртэй өөрчлөх хэрэгтэй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
  • Юм л бол улсаас нэхэж байхаас өөр аргагүй байдалд ингэж бий болсон. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
  • Одоо улсын хэмжээгээр тоногдсон, байршлыг буруу сонгосон, усгүй болсон шалтгаанаар 70 шахам сая төгрөгийн өртөгтэй 2 мянган худаг ашиглалтгүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
  • Өмчийг эздээс нь салгаж захиргааны мэдэлд өгсний гайгаар захиргааны гэж хэлж болох ганцхан хэлбэрийн өмчтэй болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/

Социализмын үед энэ бүх гамшигт үйлдлийг үйлдэж байсан этгээдүүд 1990 оны хувьчлалаар өмчтэй болсон, сүйтгэсэн.

Дээр дурьдсан нөхцөл байдлаас үүдэн эзэнгүйдээд байгаа өмчийг нэн түрүүнд эзэнтэй болгох, амьдралаас ургасан бодит шаардлагаас “өмч хувьчлах”-ыг санаачилсан юм. Дахин сануулахад, МАН-ын ортодоксуудын ярьдаг шиг хэдэн “шалдан пацанууд” гарч ирээд өмч хувьчилсан юм биш. Өмч хувьчлалын хэрэгжилтийг МАХН буюу өнөөгийн МАН гардан хэрэгжүүлсэн хэдий ч олигтой үр дүнд хүрээгүй билээ. Харин 1990-ээд оны реформистууд хувийн өмчийг хүлээн зөвшөөрүүлж, хуульчилсан юм.

Ямар ч байсан 1990 оноос өмнө улсын (төрийн) гэж нэрлэсэн өмч явуургүй гэдгийг тухайн үеийн коммунистууд хүртэл хүлээн зөвшөөрч байжээ. Гэтэл МАН энэ сургамжийг огт авсангүй (эсвэл санаатай авсангүй, улс төрийн эрх мэдлээ хадгалж байвал эдийн засаг сүйрч байсан ч яахав гэсэн сэтгэлгээ), ТӨК дахин дахин байгуулж, төлөөний хүмүүсээ захирагчаар нь суулгаж, тэрбум тэрбумаар алдагдалтай байлгаж, гарз хохирлыг ирээдүй, хойч үеийн нуруунд үрүүлж байна.

ТӨК-ийг нэн яаралтай хувьцаат компани хэлбэрт шилжүүлээч гэж олон жилийн өмнөөс үе үеийн Ерөнхий сайд нарт хэлж, ярьж байгаа ч тунхаглал мэдээллээс цаашгүй байсаар ирлээ. Одоо бүр албан ёсоор “ТӨК-аас хулгай хийнэ” гэдгээ нийтэд зарлаад амжлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *