Сайд, яамд тодорхойлолтоороо хамтран ажиллах үүрэгтэй, хуультай биз дээ?

3 min read

2025–09–15

Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж, Ерөнхий Сайдын бодлого шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан болон танхимын зарчим баримтлан ажиллаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээх эсхүл ЗГ-ын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээ авах юм гэнээ. Энэ нь “хууль дээдлэх ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үлгэрлэл болно” гэжээ.

Үлгэрлэл гэснээс одоо сайд нар нь яамныхаа ажилтан, ажиллагсадтай мөн хариуцлагын гэрээ байгуулах юм байна л даа. Мөн яамд, сайд нар хоорондоо хамтын ажиллагааны “хариуцлагын гэрээ” байгуулах гэж бөөн сүржигнэл, хөл хөдөлгөөн болох нь ээ дээ. Хачирхалтай шүү! Сайд, яамд тодорхойлолтоороо хамтран ажиллах үүрэгтэй, хуультай биз дээ?

Монгол улсын Засгийн газрын гишүүн нь, тодорхойлолтоороо хариуцлагатай, ажил хэрэгч, үүргээ ямар ч тулгалт шахалтгүй гүйцэтгэдэг этгээд байх ёстой гэж биш бил үү? Хариуцлагын гэрээ гэдэг нь бусад улс орнуудад байдаг гэх үндэслэл гаргаж ирсэн байна лээ. Үнэндээ, тэнд бол “амьдрал сайхан болоод” биш, бүтэлгүйтээд л “хариуцлагын гэрээ” гэдгийг хэрэглэж буй юм. Тэгэхлээр манайх бас эл гэрээтэй болж байгааг бодвол бүтэлгүйтээд байгаа юм аа даа!

Эл гэрээг дэмжих нэг шалтгаан нь хууль, эрх зүйн цоорхой. ЗГ-ын гишүүнд ямар хариуцлага, хэзээ яаж тооцох нь тодорхой биш, холбогдох хуулинд бүрхэг заасан байдаг аваас тодорхой болгож буй хэлбэр, арга юм гэж тайлбарладаг. Магадгүй! Гэхдээ хуулиас давсан “хариуцлагын гэрээ” гэж юу л байв гэж.

Хариуцлагын гэрээ байгуулж буй нь арга ядсан, зангарага хүч, нэр хүнд (авторитат нь) илт дутсан Ерөнхий Сайдын үйлдэл гэлтэй. Сүүлийн жилүүдэд Үндсэн хууль болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхий Сайдын эрх мэдлийг эрс нэмэгдүүлсэн бөгөөд ямар нэгэн “гэрээ”-гүй ямар ч сайдыг шууд удирдлагаар ханган, хариуцлага нэхэн ажиллуулах бүрэн боломжтой, тийм ч үүрэгтэй.

Гэтэл “хариуцлагын гэрээ” гэдгийг сүржигнэн байгуулж, зарлан сурталчилж буйг бодвол нийгэмд хандсан үзүүлэх тоглолт, шоу, реклам, популизм гэлтэй. Шоу хийх нь олон түмний анхаарлыг өөр тийш нь хандуулах, сарниулах зорилготой байж болох юм.

Үнэхээр л өргөн хэрэглээний барааны үнэ, ханш, ургац алдалт, сургуульд сандал ширээ хүрэлцэхгүй байгаа, улаан бурхан, тарваган тахалын тархалт, ДЦС3, ДЦС4-д гарсан аваар, өвөлжилт, нүүрсний борлуулалт, төсвийн алдагдал, ирэх оны төсөв, аймгийн намуудын санхүүжилт, төрийн өмчийн компаниудын захирлуудын цалин, тэнд нүүрлэсэн хулгай, сайд нарын нэр холбогдсон хэргүүд, нам, УИХ доторх зөрчил, хуваагдал гэх мэт бишгүй олон, дэлбэрэхэд ойрхон асуудлаас зайлсхийх, ингэхдээ ажил хийж буй дүр эсгэх, зорилготой байж болох юм.

Засаглал нь явахгүй байгаа болохоор иймэрхүү шоу гэмээр үйлдэл нэмэгддэг. Засагт, Ерөнхий Сайдад ард олон итгэхгүй байгааг мэдрээд хийж байгаа юм уу? Эсвэл Ерөнхий Сайд хүн таньдаггүй, зөв боловсон хүчнээ шилж, сонгох чадваргүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй, хэн нэгний утсан хүүхэлдэй юм уу?

Ерөнхий Сайд нь ёс зүйтэй, итгэл даах, ажил даалгахад хоёргүй сэтгэлээр, өөрийн амин хувийн эрх ашгийг хойш тавьж зүтгэх, төрийн ажилд чин сэтгэлээр хандах хүнийг олж сайдаар томилох учиртай, ёстой хэдий ч бодит байдал, ялангуяа улс төрийн бодит байдал, эрх ашиг (эрх мэдлээ хадгалах, алдахгүй байх, түүний төлөө үхэн хатан тэмцэх) тэнгэр газар шиг ялгаатай юм.

Улс төрд бол меритийн асуудал нэлээд хойгуур тавигдана. Сайд томилоход мэргэжлийн ур чадвар харгалздаг хэдий ч улс төрийн лоялность, томилсон хүндэ үнэн ч байх чанар дээгүүр явдаг. Парламентийн тогтолцоотой улс орнуудад нам, фракцуудын төлөөлөл, хүчний тэнцвэр хангах нь чухал. Энэ утгаар, Ерөнхий сайдын сонголт нь түүний нэгдүгээр хүсэж байсан сонголт биш, 3,4 дүгээр эрэмбийн сонголт байдаг. Аль нэгэн нам, ашиг сонирхолын бүлэглэл, фракцаас “томилогдсон”, “уригдсан” нөхөд Ерөнхий Сайд гэхээсээ цаад илгээсэн субьектийн эрх ашгийг дээгүүр тавьдаг.

Товчхондоо, нам, УИХ, засаг доторх хүчний харьцааг хангах нь ярвигтай, ёстой нөгөө “чоно нь цатгалан, хонь нь бүтэн” тэгсэн мөртлөө нэг хашаанд хамтдаа амьдрах тухай асуудал юм. Энэ нөхцөлд, формально өөрөө томилсон хэдий ч Ерөнхий Сайд нь сайд нартаа, сайд нь Ерөнхий Сайддаа үл итгэх орон зай байнга байдаг бөгөөд түүнийг дээрх “хариуцлагын гэрээ” гэгчээр шийдэх гэж оролдож байгаа юм байх аа.

Ийм “цаас” гэрээгүй, зангидагдан нэгэн үзүүрт чиглэн ажиллаж чадахгүй байгаа засгийн газар нь нийт нийгмийн төлөө засаг байж, ажиллаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлнэ. Мөн Ерөнхий Сайд нь өөртөө итгэлтэй (ийм итгэл, улс эх орны нийтлэг том эрх ашгийн төлөө зүтгэж буй нөхцөлд үүсдэг), сайд нартаа итгэж байвал ажил ундарч, үйл хэрэг төвөггүй өрнөх бөгөөд элдэв цаас/гэрээ хэрэггүй.

Ерөнхий сайд нь сайд нартай итгэхгүй буй учраас тэднийгээ огцруулах шалтгаан арга замаа хайж, эртхэн бүрдүүлж буй хэрэг. Мөн өмнөх Засгийн газар нь дотоод хагарал, хямралаас нурсан түүхээс сургамж авч, асуудал үүсвэл сайд нараа түлхээд өөрөө хариуцлагаас мултрах арга гэж хардмаар. Энэ гэрээ нь сайд нарыг алдаа дутагдлаа нуух, халхавчлах сэтгэлгээнд, үйлдэлд шууд түлхэж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *