ЗАСАГ ОГЦОРСОН БА ЗАВСРЫН ҮЕИЙН ТАТВАР

Image

2026-03-29

Ерөнхий сайд огцорч, шинэ засаг бүрэлдэх үед нийгэмд “завсрын үеийн татвар” хэмээх далд өртөг бий болдог. Өмнөх засаглал огцорсноос хойш шинэ бүтэц зүгширтэл багагүй хугацаа зарцуулагддаг бөгөөд энэ шилжилтийн үе нь сайн муу ч явж байсан системийг ганхуулж, нийгэмд “завсрын үеийн татвар” учруулдаг байна. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд “ангуучдын томилгоо” буюу “олзны систем” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь төрийн байгууллагыг мэргэжлийн загвараас “ивээн тэтгэгчийн “загварт шилжүүлж, улс орныг тогтворгүй болгодог.

Энэхүү тогтолцооны хамгийн том аюул нь институцийн ой санамж алдагдах явдал юм. Шинээр томилогдсон сайд нар улс төрийн мандаттай боловч салбарын ажил хэрэг, төрийн албаны үйл ажиллагааны талаар мэргэжлийн ойлголт тун хомс байх нь элбэг. Тэдэнд туслах ёстой туршлагатай түшмэдүүд нь сайдынхаа яамны “нарийн ширийн юм” мэдлэггүй байдлыг ашиглан түүнийг өөрөөсөө хараат болгож, “толгойг нь базах” замаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг. Нөгөө талд, өмнөх сайдын томилсон хүмүүс шинэ сайдын ажлыг бойкотлож, алдаа гаргахыг нь хүлээж суудаг бөгөөд тэднийг халах тохиолдолд эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан үүсэж, ажил зогсдог. Мөн шинэ ирсэн түшмэд өмнөхөө үл тоон “дугуйг дахин нээж” эхэлснээр асар их цаг хугацаа алддаг байна.

Түүнчлэн, хэрэв сайд мэргэжлийн мэдлэггүй, сул хүн байвал үлдсэн түшмэд “хүлээж бай, харж бай” гэсэн тактикт шилжиж, хүнд суртал, бичиг цаас овоолох замаар удирдлагаа залхаан цээрлүүлдэг. Үүний үр дүнд сайд түшмэлээс бүрэн хараат болж, бодлогын саажилт үүсдэг. Энэхүү гацсан байдал ихэвчлэн 3-6 сар үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд улс орон эзэнгүй завь шиг далайд савлаж, бодит ажил биш зөвхөн пиар, тууз хайчлах зэрэг дүр эсгэсэн үйл ажиллагаа л явагддаг.

Энэхүү завсрын үеийн “татварыг” иргэд болон бизнес эрхлэгчид шууд үүрдэг. Тодорхойгүй байдлаас болж хөрөнгө оруулалт зогсож, ханш унаж, ДНБ-ий өсөлт саардаг. Төрийн үйлчилгээ саатаж, чадалтай боловсон хүчин дайждаг бөгөөд тэднийг буцааж авчрах нь маш өндөр өртөгтэй байдаг. Академик түвшинд эл байдлыг “Principal-Agent” харилцааны бүтэлгүйтэл гэж тодорхойлдог бөгөөд ур чадвараас илүү сайдад лояал, үнэнч байдлыг шалгуур болгосон “сөрөг сонголт”-ын систем нь ажиллаж эхэлнэ. Чадвартай хүмүүсийг биш, бялдууч, зальт этгээдүүд үлддэг байна.

Эл байдлаас сэргийлэх, “төрийн хар хүнийг” түших түмэн арга зам байгаа. Гэхдээ манайд нэгэнт бүрэлдээд байгаа төрийн албаны тогтолцоог бүхэлд нь цэвэрлэхгүй бол мөрөөдөл төдий л үлдэнэ. Жинхэнэ “төрийн хар хүнийг” түшсэн тогтолцоо бүрдүүлж чадвал засгийн газар солигдох нь “хөдөлгүүрийн эвдрэл” биш, зөвхөн чиглэлийн өөрчлөлт болдог бөгөөд иргэдийн амьдрал, эдийн засаг тогтвортой хадгалагддаг.

#ЗавсрынҮеийнТатвар #ИнституцийнОйСанамж #ОлзныСистем

#БодлогынСаажилт #МэргэжлийнТөрийнАлба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *