Нийгмийн шинэ гэрээ байгуулагдах магадлал

Мунхаг миний бодлоор өнөөгийн ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийн шинэ гэрээ байгуулагдах бөгөөд түүний гол утга учир нь амьжиргаа, аюулгүй байдал (эрүүл мэнд г.м) хангах хүчнийг хүлээн зөвшөөрч харин дарангуйллын эсрэг, эрх чөлөөний төлөө тэмцэл, элдэв мөрөөдөл горьдлого зэргийг нэг хэсэгтээ хойш нь тавих сэтгэлгээ нийгэмд давамгайлсан байна.

Өнгөрсөн 4 дүгээр сард Сант-Марал ээлжит судалгаагаа нийтэд танилцуулсан юм. Тухайн үед нь гүйцэд танилцаагүй юм. Харин өчигдөр өнөөдөр жаахан харж суухдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидын уриа нь хир оновчтой, цаг үеийн шаардлагыг илүү тусгаж чадсан нь хэн бол гэсэн өнцгөөс сонирхож үзлээ. (судалгааны линк https://830a862d-3fe6-40e6-b731-5a65590fd0cf.filesusr.com/ugd/915e91_2b975f5354c8419e9d5c365700b08f0b.pdf)

Эдийн засгийн өнөөгийн байдлыг “муу, маш муу” гэж 54.9 хувь нь үзэж байгаа бөгөөд үүн дээр “сайн ч биш, муу ч биш” яахав дээ гэж байгаа 36.8 хувийг нэмбэл тас харанхуй. За яахав, байдал муу юм байж гэхдээ тэнхрэх горьдлого байгаа эсэхэд 85 хувь нь итгэхгүй байгаа нь бүр ч гунигтай. 

Баялагтаа эзэн суух асуудлыг үнэмлэхгүй олонх дэмжиж буй нь илт байгаа бөгөөд судалгаанд хамрагдагсдын 88.4 хувь нь уул уурхайн ордуудынхоо 51-100 хувийг улсын (төрийн) өмчид байх ёстой гэсэн бол, харин гадаадын хөрөнгө оруулалт илүү байх ёстой гэж хэлж зүрхлэх хүн бараг олдсонгүй. Тэр ч байтугай уул уурхайн ордуудыг монгол хувь хүн, хөрөнгө оруулагч байж өмчлөхийг дөнгөж 4.4 хувь нь таалсан байна. 

Өнөөгийн эдийн засгийн тэтгэж буй Эрдэнэт, ТТ, ОТ-д ард иргэдийн эрх ашиг тусгагдаагүй харин эрхтэн дархатны эрх ашиг илүү байна гэж 90 шахам хувь нь итгэж байгаа юм байна. 

Нийгэм улс төрийн тулгамдсан асуудлыг ажилгүйдэл, эрүүл мэнд (К19), эдийн засаг (үйлдвэрлэл), амьжиргаа, боловсрол, авилга, нийгмийн шударга ёс (хуваарилалт), төрийн алба, захиргаа, инфляц, хуулийн хэрэгжилт гэж эрэмбэлсэн байгаа бөгөөд дарангуйлал, нэг намын ноёрхол гэх мэт огт сураггүй, эдгээрийг яг өнөөдрийн тулгамдсан асуудал гэж үзэхгүй байгаа нь илт байна. Хэдийгээр асуулгад хамрагсадын 1/3 нь “дарангуйлалруу яваад байна” гэж дүгнэсэн ч, энэ нь тархи угаалтын “үр шим” мэт өнчин харагдаж байгаа юм. 

АН-ын зүгээс Жэнко гэж дарангуйлагч, нэг намын дарангуйлал гэсэн “мангас” үүсгэж, “салхин тээрэмтэй” тэмцэх тэмцэлд уриалаад байгаа ч иргэдийн зүгээс санал нийлж буй зүйл харагдахгүй байна. Учир нь өнөөгийн нөхцөлд улс орныг хэн залж чиглүүлж явах ёстой вэ гэсэн асуултад ардчилсан сонгуулиар гарч ирсэн төлөөлөгчид буюу парламент гэж 75.9 хувь нь үзэж байгаа юм байна. Харин энэ ардчилсан тогтолцооны хүрээнд хүчтэй удирдагч хэрэгтэй гэж 62.8 хувь нь үзэж байхад, мэргэжлийн, жинхэнэ төрийн “хар хүн”-ээс бүрдсэн баг улс орныг удирдвал зүйтэй гэж 68.8 хувь нь үзжээ.

Нийгэм – улс төрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн Газар болон ТББ манлайлан оролцох ёстой гэж дийлэнх нь үзэж, харин Ерөнхийлөгчийн үүрэг ролийг 10 гаруйхан хувь л онцолсон байна. 

Эдийн засгийн өсөлтийг хангаад хангалттай ажлын байр буй болгож, ажилгүйдлийн асуудлыг шийдэж чадахгүй, харин Засгийн Газар идэвхтэй, шууд оролцоотой байж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэж 71 хувь үзжээ. Ялангуяа баян хоосны (орлогын) ялгарал эрс нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд төр засаг шууд оролцож шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэж 85 хувь нь хүсэж байна. Орчуулбал, баячууд, баялаг бүтээгчдээс авах татвар, элдэв хураах, булаах юмыг нэмэгдүүлж, бусдад өг, намайг халамжил гэсэн санаа юм.  

Нэн түрүүнд шийдэх асуудлыг дараах байдлаар эрэмбэлсэн байна: ажлын байр буй болгох, цалин хөлс,тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх улмаар амьжиргааны чанар, эдийн засгийг сайжруулах, төрийн албаа өөрчлөн шинэчлэх, авилгатай тэмцэх, хүртээмжтэй чанартаа боловсролын тогтолцоо бүрдүүлэх, ардчилсан шинэтгэл хийх, орон нутгийг хөгжүүлэх зэрэг болно. 

Дээрх асуудлыг шийдэх, улс төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоо бараг байхгүй, бидэнгүй асуудал шийдэгдэж байгаа гэж 70 хувь нь үзжээ. Иргэдийн оролцоо үгүй, төр засгийн арчаагүй байдлаас үүдэн дэндүү шударга бус нийгэм бүрэлдээд байна гэж 94 хувь нь үзсэн хэдий ч шударга бустай нүүр тулаад асуудлаа яаж шийдэх вэ гэсэн асуултад 60 хувь нь ямар ч болсон шүүхээр явна гэж хариулаагүй бөгөөд шүүх, хууль хяналтынханд итгэх итгэл тун ч доогуур буйн илрэл юм. 

Нийгмийн мораль, ёс суртахуун алдагдсан гэж 78 хувь нь үзэж байгаа бөгөөд хуулийн засаглал буй гэдэгт дөнгөж 14 хувь л итгэж байна. Уг нь хуулийн өмнө бүгд л ижил тэгш байх ёстой гэж 2/3 нь үзэж байгаа бөгөөд үүнийг хангахын тулд Ерөнхийлөгчийн засаглал тохирно гэж бараг ½ нь үзсэн нь сүүлийн хэдэн жил Ерөнхийлөгч- шүүхийн томилгоо (шударга бусын хонгил зэрэг) тойрсон хэл амтай холбоотой. Шударга шүүх байх эсэх нь Ерөнхийлөгчөөс хамааралтай гэж иргэд үздэг бололтой. 

Сайн мэдээ бас байна аа, тухайлбал, Монгол хүн гэдэгтээ 90 гаруй хувь нь бахархаж, 94 хувь нь ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлдөг нь Монгол Чадна гэдгийн баталгаа гэлтэй. Учир нь бидний 2/3 нь “би өөрөө л хувь заяаныхаа эзэн” байна гэж үздэг бөгөөд 1/3 нь энэ төр засгаас юу ч горьдож хүлээгээд хэрэггүй гэж үздэг байна. Харин өөрийн хохирсон эрх, биелэгдээгүй хүлээлтийг хангах, гүйцэлдүүлэхийн төлөө 43.4 хувь нь “хөдлөхгүй, хараад хүлээгээд сууж” байна гэж байгаа нь жаахан тийм юм уу даа. 

  • Мунхаг миний бодлоор өнөөгийн ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийн шинэ гэрээ байгуулагдах бөгөөд түүний гол утга учир нь амьжиргаа, аюулгүй байдал (эрүүл мэнд г.м) хангах хүчнийг хүлээн зөвшөөрч харин дарангуйллын эсрэг, эрх чөлөөний төлөө тэмцэл, элдэв мөрөөдөл горьдлого зэргийг нэг хэсэгтээ хойш нь тавих сэтгэлгээ нийгэмд давамгайлсан байна.   

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply