ГАДААД ОРЧИН ТААМАГЛАХЫН АРГАГҮЙ ТОГТВОРГҮЙ, ДОТООДОД Ч ОЧ ҮСЭРХЭД БЭЛЭН БАЙНА

Товчхондоо, их л эвгүй юм болох янзтай, их л хэцүү цаг эхлэж, маш том алдаа, сүйрэл рүү бид яваад байна гэж би дүгнэж байгаа юм. Ойрын хоёр жилээс хэтрэхгүй тун жигшүүрт муухай, нийгмийг бүхэлд нь хамарсан, төр эргэхэд хөтөлсөн ямар нэгэн юм гарч болзошгүй гэж би айж байна

2021-05-09

Сүүлийн үед өрнөж буй явдалаас үүдэн та бүхэнд ийнхүү хандаж байна. 

Би энд болон гадаад ертөнцөд өрнөж буй юмс үзэгдлийг анхааралтайгаар  ажиглан, цаашдын өрнөлийг олж унших гэж оролддог хүн. Ямар нэгэн зүй тогтол байгаа эсхийг олж харах гэж оролдож ирсэн хэдий ч урьдчилан хэлэх, таах аргагүй, тодорхой бус, тогтворгүй, маш хурдан хувьсан өөрчлөгдөж буй орчинг тайлах аргагүй юм. 

Ийм орчинд бүхнийг мэддэг, бүх юманд бэлэн зэлэн хариулттай, хорвоо, амьдралыг хоёрхон өнгөөр хардаг хүмүүсийг хараад гайхах нэг талаас, нөгөө талаас атаархах сэтгэл төрдөггөө нугаад яахав. Тэнэгийн дотор харанхуй гэж – ямар аз жаргалтай хүмүүс вэ? Над шиг хэрэгтээ хэрэггүй юм бодохгүй, сонголт хийхдээ манайх танайх гээд л гүйцээ.  Маш энгийн ойлгомжтой. Гэтэл байгалын хуулиар энгийн болхи байх тусмаа амьдрах (орших) болон үржих чадвар нь нарийн (сложный) организмаас хэдэн эрэмбээр илүү байдаг нь сонин. 

Эдгээр энгийн болхи организмын сонирхол нь хүртэл энгийн  (анандбазар, АН-ын тамга, Номингийн хувцаслалт гэх мэт) гэтэл нөгөө талд нь өдөр болгон шахуу мэдээлж байгаа амиа хорлолт, ялангуяа залуучууд, цар тахлаар 288 хүн нас барсан, өөрийгөө талбай дээр шатааж байгаа хүн, аймшигт гэмт хэрэг, давтамж нь ойртоод нэмэгдээд байгаа газар хөдлөлт – энэ бүгдийг бид анзаардаггүй, огт тоохгүй шахуу өнгөрдөг болжээ. 100 мянган төгрөгөө хэзээ өгөхөөс амин чухал асуудал бидэнд үгүй. 

“Mob” гэсэн үг англи хэлэнд байдаг, утгачилан орчуулвал улайрсан (хүн) сүрэг гэлтээ. АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага конгресс болон сенатын ордонруу тэд дайрч бусниулан сүйтгэж, хүний амь нас үрэгдсэн. АНУ асуудлыг хяналтандаа оруулсан гэж бодож байгаа ч, нэг удаа “цусны амт “ авсан “mob” одоо зогсохгүй л дээ. Тэд улам ихийг л хүснэ, нэхнэ, айлган сүрдүүлнэ. Одоогийн эрх баригчдын эсрэг бүлэг, “дайсанууд нь” хүн сүргийг өрдөж өгнө. Нөгөө талд нь эрх баригчид  улам ихийг тарааж (өөрсдийнх нь мөнгийг өөрсөддөд нь буцаан), намжаах гэж оролдоно. Энэ мэтчилэн тасралтгүй эргэж эргэж, асар их үнээр нийгэмд хүчний харьцаа шинээр бүрэлдэнэ. Энэ үйл явц цаг хугацааны хувьд хэд хоногоос хэдэн арван жил хүртэл үргэлжлэх магадлалтай бөгөөд дээдэс хир хурдан хэл амаа олж, наймаагаа албажуулж чадсанаас хамаарна. Хүн төрөлхтөний түүх ийм л юм даа.

Өнөөгийн монголын улс төрийн хүчнүүд “mob”-ийг өөр өөрийнхөөрөө өөгшүүлэн, эрх мэдлийн төлөөх тэмцэлд ашиглаж байгаа нь “mob” -оос бусдад нууц биш ээ. Нэг монгол нь нөгөө монголоо дарж, дийлж авах гэж байгаа бүхнээ туугаад тавихад бэлэн. Эцсийн эцэст алтан загасны үлгэрт гардаг шиг эвдэрхий тэвштэй үлдсэн тэр, хир удаан тэсэх бол? 

Ямар ч болсон, “mob”-ийн хамгийн адгийн хүслийг хангах гэж хөнгөн сэдвээр онц сонирхолтой жүжиглэж буй, нийгмийн анхаарлыг хөнгөн сэдэвт, санаатай хандуулах, чиглүүлэх зорилготой, нэг л их ардчилал, ард түмэнд ярьдаг хулхи эх орончдод та бид ямар амархан хууртагдаж, даган намирч байна вэ? Бид өөрсдөө хууртагдах маш их сонирхолтой.     

Байж байгаа төрөө харвал: Төрийн төлөө үйлчлэх ёстой албан хаагчид нэг намын албат болсон гэдэг үнэн. Нам төрийн ялгаа зааг үгүй болсон. Дээд шүүхээс эхлээд л бусад хуулийн байгууллагууд, ҮХЦ, СЕХ бүгд л эрх баригч намд аль ашигтай шийдэл гаргаж, тал засаж, зусардаж байдаг.

Эдийн засгийн байдлаа харвал: Байгалийн баялаг буюу уул уурхай, Улсын төсвийн зарцуулалт, ялангуяа хөрөнгө оруулалт хөгжлийн, ард түмний аж байдлын төлөө гэж тунхагладаг хэдий ч шунал нь барагдахгүй бэрд нарын төлөө үйлчилдэг болоод удаж байна. Энэ удаагийн сонгуулийн гол утга нь энэ бүх баялагт хэн эзэн суух вэ гэсэн л асуудал байгаа. Ард түмэн баялагтаа эзэн болно гэдэг шиг худлаа юм байхгүйг та мэдэж байгаа байх. Тэд төсөв, уул уурхайн рентээр дамжуулан төрийн бүх өндөрлөг, орон нутгийн бүх өндөрлөгийг, чөлөөт, хараат бус байх учиртай хэвлэл мэдээлэлийг гартаа бүрмөсөн оруулсан.  

-Төсөв, уул уурхайн рентээр амьдардаг бүхэл бүтэн давхарга үүсэж нийгмийн дотор орлогын ялгарал туйлдаа хүрлээ.

Нийгмийн харилцааг хар!

-Гэр бүлийн хүчирхийлэл ямар аймшигтай байдалд оров

-Бичиг үсэггүй бүтэн үе гарч ирэх магадлал үүслээ, 

-Энэ хөл хорионд олон хоног хоригдсон хүмүүс юу эсийг бодож суух билээ. Хамгийн гол нь хүмүүсийн толгой тархинд маш том өөрчлөлт орж, төр засагт итгэх итгэл бүрмөсөн ариллаа. 

-Одоо бидэнд итгэж найдах юм байхгүй ээ гэсэн сэтгэлтэй, ойлголттой хүмүүс оч үсэрхэд л босоход бэлэн байна. Тэд хөдөлвөл замдаа юу ч үлдээхгүй арчаад л явна,

-Тийм хүмүүсийг далд санаатай, хорлон сүйтгэгч нар овжин ашиглана

-Нураах шиг амар зүйл үгүй, эвлүүлээд босгож ирнэ гэдэг асар их, чимхлүүр ямх ямхаар урагшлах, тун хэцүү ажил байдаг 

-Тиймээс ч эзэн Чингисээс саяхан болтол ухаантнууд: мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархан харин мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү шүү, үүнийг санаж яваарай гэдэг байсан. 

-Бидний дотоод асуудал багадаагүй байтал гадаад орчинд юу болж байгаа билээ? Гадаад орчин туйлын тогтворгүй, урьдчилан таамаглах аргагүй өрнөж байна. 

-Энэ ойр ойрхон давтагдаж байгаа газар хөдлөлт, үер, салхи шуурга, түүрэнг, цастаа зун, ган гачиг 

-Тун удахгүй гарч ирэх ковид- 29, ковид -39 гэх мэтийг орхигдуулах, үл анзаарах аргагүй. 

Товчхондоо, их л эвгүй юм болох янзтай, их л хэцүү цаг эхлэж, маш том алдаа, сүйрэл рүү бид яваад байна гэж би дүгнэж байгаа юм. Ойрын хоёр жилээс хэтрэхгүй тун жигшүүрт муухай, нийгмийг бүхэлд нь хамарсан, төр эргэхэд хөтөлсөн ямар нэгэн юм гарч болзошгүй гэж би айж байна. 

Тиймээс л өөрийн мэдлэг туршлага, зангарга, зан чанараа бодоод муухай юманд хүргэлгүй, наана нь олж харж шийдэх чадвартаа найдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай АН-ын дотоод сунгаанд өөрийгөө санал болгосон юм. Харамсалтай нь бас л “хойш бай” гэж АН-ын зарим нэг хэсэг нь үзлээ. 

-Ард иргэдэд хандан: ятгах тусам нягтал, өөрийн бодолтой бай, битгий бусдын гар хөл, тоглоом болоорой, асуудалд уужуу тайван, тал бүрээс нь бодож, сэтгэлийн хөөрөлд авталгүй хөдлөөрөй гэж уриалах байна.  

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply