stock-exchange

Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан, тэр нь олон түмэнд итгэл төрүүлэх ёстой

Эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэр тунхгийн шинжтэй байна. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг Сангийн сайд нь үгүйсгэж, олон нийтийг төөрөгдүүлэх тусам төрд итгэх итгэл алдарна.

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ түүхэндээ анх удаа хасах утгатай боллоо. Газрын тосны үнийн уналт манай улсад хэрхэн нөлөлөөх вэ? 

Газрын тостой холбоотой шуугиан дэгдээд эхэлчихлээ. Ер нь үнэт цаасны зах зээл дээр л үйл явдлууд болоод байна шүү дээ. Түүнээс биш хасах руу орлоо гэхээр нефть авбал мөнгө өгнө гэсэн үг биш. Bloomberg-­ийн мэдээг харж байхад WTI газрын тос 15, Brent газрын тос 22 орчим ам.доллар байна. Энэ бол зургаан сарын фьючерс ханш. Тиймээс газрын тосны төлөв иймэрхүү байх нь гэж харж байгаа. Манай улсын хувьд газрын тос хэрэглээд байдаггүй, бензин хэрэглэдэг. Мэдээж түүхий эдийнх нь үнийн хэлбэлзэл бензиний үнэд нөлөөлнө. Гэх­дээ манай зах зээл Оросоос хараат учраас оросууд ямар нөхцөлтэй яаж ажиллахыг сайн ажиглаж, дотоодын зах зээлийг нь анхаарах хэрэгтэй. Одоогийн энэ нөхцөлд урьдчилсан гэрээ хэлэлцээрүүддээ онцгой анхаарах ёстой. 

Асуудлаа эхлээд шийд, заавар, журмаа гарга, дараалал, хугацаагаа тодорхойл. Харин үүний дараа зарлах ёстой.

Төв банк бодлогын хүүг дахин бууруулж, зээлийн эргэн төлөлтийг царцаах зэрэг арга хэмжээ авч байна. Засгийн газрын 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Эдгээр арга хэмжээ эдийн засгийн хүндрэлийг бууруулахад хангалттай дэмжлэг болж чадах уу? ­

-Үнэт цаасны хоёрдогч, гурав­дагч зах зээл хөгжөөгүй, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг институт нь байхгүй Монгол орны хувьд мөнгөний бодлогын нэг хувийн өөрчлөлт сүрхий нөлөө үзүүлэхгүй. Харин Засгийн газрын 5.1 их наядын хөтөлбөр бол санхүүжилт нь тодорхойгүй зүйл шүү дээ. Тиймээс энэ бүхэн одоохондоо хоосон тунхагийн шинж чанартай зүйл болчихоод байгаа юм. Харин хуульчлаад, эрх зүйн актыг нь гаргасны дараа бодитой, хэрэгжих боломжтой гэж ойлгогдоно. Гэхдээ бид нэг зүйлийг онцгой анхаармаар байна. Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан, тэр нь олон түмэнд итгэл төрүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар, Монголын төр юуг, яаж хийхээ мэдэж байгаа, зайлшгүй арга хэмжээнүүдээ авч байна гэсэн итгэл олон түмэн, бизнесийнхэнд төрвөл эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгнө. Гэтэл чоно борооноор гэгчээр коронавирусийг далимдуулаад төсвийн хөрөнгийг зувчуулах гэж байгаа бол эдийн засагт огт өөр нөлөө үзүүлнэ шүү дээ. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг хэн гаргаж, хэн хариуцлага хүлээх гэж байгаа нь маш тодорхой байх ёстой. Ерөнхий сайд нь шийдвэр гаргаад байгаа юм уу, эсвэл Сангийн сайд нь юм уу. Ерөнхий сайд нь нэг юм ярьсны дараа Сангийн сайд нь үгүйсгээд, УИХ нь бас нэг юм яриад байвал утгагүй л дээ. Ийм онцгой нөхцөлд төрд итгэх итгэл энэ мэт зүйлээс болж алдагдаад байгаа юм. Яг үнэндээ хэн, ямар шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Засгийн газар нь улс төрийн байр сууринаас популист маягийн амлалт өгчихдөг. Түүнийг нь Монголбанк хэрэгжүүлэх гээд янз бүрийн юм хийж, тэр нь хагас дутуу болох жишээтэй. Заавар, журам, хэрэгжүүлэх төлөвлөгөө нь гараагүй байхад нэг юм ярьж нийгэмд хүлээлт үүсгэчихнэ. Бизнесийнхэн баярлаад банкин дээр очихоор заавар, журам нь гараагүй гээд ам тагладаг. 200 мянган төгрөгөө явъя гэхээр хэн, хаанаас олгох нь тодорхойгүй, ойлгогдохгүй, утгагүй юм болж хувираад байна. Тиймээс пи­арын үүднээс элдэв мэдэгдэл хийгээд огт хэрэггүй. Асуудлаа эхлээд шийд, заавар, журмаа гарга, дараалал, хугацаагаа тодорхой болго. Энэ бүхнийг бэлэн болгож, сайн бодож төлөвлөчихөөд дараа нь зарлах ёстой байхгүй юу. 

Засгийн газар экспортыг нэмэгдүүлэхийн тулд ямар алхам хийх шаардлагатай вэ? ­

Цар тахлын Монголын бизнест үзүүлэх нөлөөллийн судалгаа гэж гарсан. Эндээс харахад аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого навс унаж эхлээд байна. Үүнээс гадна экспортын орлого их хэмжээгээр унаад эхэллээ. Орлого нь 60 хувиар буурсан то­хиолдол ч гарлаа. Эрчим хүчний салбар 20 хувь, аялал жуулчлал 56, хөдөө аж ахуй 35, тээвэр 57, уул уурхай 41, барилга 30, худалдаа үйлчилгээ бараг 40 хувиар орлого нь буурсан байх жишээтэй. Экспортын чухал бүтээгдэ­хүүнүүдийнхээ орлогыг бууруулахгүйн тулд гол түншүүдтэй­гээ улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж, борлуу­лалтын баталгаатай эх үүсвэр гаргаж авах хэрэгтэй байна.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply