“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХАВСРАЛТ”-ЫН ТАЛААРХ ДҮГНЭЛТ, САНАЛ

Ц.Батсүх /Ph.D, СЭЗДС-ийн кономиксийн тэнхимийн эрхлэгч/

2014.5.21

Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, эдийн засгаа 17,3%-ын өсөлтөд хүргэж чадсан 2011 оны үетэй харьцуулахад өнөөдрийн Монгол улсад гадаад болон дотоодын бизнес эрхлэгчдийн ашиг хожоо олох итгэл алдраад байгаа энэ үед бичигдсэн “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл” нь бодит судалгаанд суурилаагүй, өнөөгийн нөхцөл байдал, тоон мэдээллээс зөрүүтэй хийгдсэн тул биелэгдэх магадлал харьцангуй бага гэж үнэллээ. Тус төслийг ерөнхийд нь дүгнэвэл, макро түвшний бодлого төлөвлөлтөд ашиглагдах баримт бичиг биш, мөрөөдлөө цаасан дээр буулгасан хүүхдийн тэмдэглэл мэт уншигдаж байна. Ингэж дүгнэхэд хүргэсэн зарим нэг баримтыг доор дугаарлан, өөрийн үзэл санаагаа тусгая.

  1. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ДНБ-ий өсөлтийг 2 оронтой тоонд, инфляцийг 1 оронтой тоонд барих бодлогыг 2015 онд хэрэгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 6,6% хүртэл бууруулахаар төлөвлөөд байна. Төсвийн тогтвортой тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 31,4%-д, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн эзлэх хувийг -2%-иас багагүй байлгахаар төлөвлөсөн. Мөн зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан болно. (Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хавсралт, 2 дахь тал)

Хэрэгжих боломжтой эсэхийг нягталсан судалгаа байна уу? Тус төслийг боловсруулахад ашиглагдсан тоон мэдээллүүдийн эх сурвалж нь “Эдийн засгийн хөгжлийн яам” гэж бичигдсэн байгаа хэдий ч хэдэн онд хийгдсэн ямар судалгаа болох нь тодорхойгүй байна. Зөвхөн тоон мэдээллээс харвал энэ ажил 2012 онд хийгдсэн ажил бололтой. Хэрвээ тийм бол 2014 оны буюу өнөөгийн нөхцөл байдлыг тусгасан судалгаанд суурилж прогнозыг хийх шаардлагатай байна. Энд мөн Монголбанктай хэрхэн хамтарч ажиллахаа тодорхой болгох шаардлагатай. Засгийн газрын сангийн тэлэх бодлогын нөлөөгөөр (магадгүй үнэ тогтворжуулах зэрэг зарим бодлого буруу байсны нөлөөгөөр) үнийн түвшин, валютын ханш өдөр хоногоор өсөж, үүнийг намжаахын тулд Монголбанк 7 хоног бүр интервенц хийснээр валютын нөөц маш бага түвшинд хүрсэн байгаа. 2013 оны төгсгөл гэхэд 2013 оны эхэн үед байсан валютын нөөцийн бараг 1/3-тэй тэнцэх хэмжээгээр валютын нөөц буурсан байна. Энэ нь Монголбанкны бодлого, зохицуулалтын хэрэгсэл хумигдаж, хүч нь сул болж байгааг илэрхийлэх буюу инфляцийг 1 оронтой тоонд барьж чадна гэдэг төсөөлөл биелэх боломжгүйг харуулж байна. Иймд эдгээр зорилтод хэрхэн, яаж хүрэх арга замыг тодорхой болгох шаардлагатай.

  1. “2014 онд төсвийн хөрөнгө оруулалт, Чингис, Хөгжлийн банк, Самурай бондуудаар хэрэгжиж буй дэд бүтцийн салбарын төслүүд үргэлжлэн хэрэгжих бөгөөд улмаар хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, нийт хуримтлалын хэмжээ 11,4 их наяд төгрөгт хүрэхээр хүлээгдэж байна.” (11дэх тал) гэж үзсэн нь үндэслэл муутай байна. Учир нь дэд бүтцийг дэмжих нь эдийн засгийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд чухал хүчин зүйл хэдий ч “Гудамж” төсөл зэрэг үр өгөөж муутай бичил төслүүдэд мөнгөө зарцуулсаар байна. “ТЭЦ5, төмөр зам, Тавантолгой зэрэг нийтдээ 4-5 тэрбум доллар буюу Оюу Толгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой байсан боловч гол хөрөнгө оруулалтын төслүүдийн ажил 2013 онд маш удаан, ахицгүй байснаас болж 2014 онд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэх төлөвгүй байна. Дэд бүтцийн том төслүүд удаашралтай байгаагаас болж гол салбарын экспорт, тэр дундаа нүүрсний экспорт цаашид буурах хандлага ажиллагдаж байгаа. Гэтэлэкспортыг нэмэгдүүлэх найдвар болсон төмөр зам нь 2014 онд ч ашиглалтад орох боломжгүй болсон нь тодорхой.”[1] Хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй үр өгөөжүүд муу, 2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 54 хувиар буурсан[2], улсын төсөв байнгын алдагдалтай, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа энэ үед нийт хуримтлалыг хэрхэн 11,4 их наяд төгрөгт хүргэх нь тодорхойгүй бөгөөд биелэгдэхгүй байх магадлалтай. “2015-2017 онд дэлхийн эдийн засаг сайжрах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа Хятадын эдийн засаг 7,3-7,4 хувийн өсөлттэй байхаар байна.”[3] гэж тус төсөлд бичжээ. Худалдааны гол түнш улс Хятадын эдийн засгийн сайжрах нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх нь тодорхой хэдий ч эрдэс баялгийн дэлхийн зах зээл дээр өрсөлдөөн улам ширүүсч байна. “ОХУ нүүрсний экспортоо маш эрчимтэй нэмэгдүүлж, саяхан РЖД 20 тэрбум доллароор төмөр замаа өргөтгөж, экспортын хүчин чадлаа 55 сая тонноор нэмэгдүүлэхээр зарласан. ОХУ-БНХАУ хоорондын нүүрсний салбарт хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж, БНХАУ-ын зах зээл рүү чиглэсэн ОХУ-ын нүүрсний экспорт үсрэнгүй өсч байна. Өдий хүртэл манай гол өрсөлдөгч болох Австрали нүүрсний экспортоо 2012 онд 145 сая тонн байсныг 2014 онд 168 сая тонн болгох, ОХУ 19 саяас 22 сая тонн болгон нэмэгдүүлж, Монголын экспорт сүүлийн жилүүдэд унаж байгааг ашиглан дэлхийн зах зээлд улам хүчирхэг болж байна. ОХУ-ын судлаачид Монгол Улсын нүүрсний экспорт цаашид буурна гэж тооцож, зах зээлийг эзлэхээр өөрийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна.”[4] Иймд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бараг хөсөрдүүлсэн, өрсөлдөх чадвар муутай манай орны хувьд түнш улсуудын ирээдүйн үйл хөдлөл манай улсад эерэгээр нөлөөлнө гэж хэт их найдаж, хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах нь учир дутагдалтай. Энэ хувилбар биелэхгүй бол ийм арга замыг хайна гэсэн альтернатив хувилбаруудыг мөн боловсруулах шаардлагатай. Жишээ нь, ОХУ болон Хятад улсуудыг холбосон хий дамжуулах хоолойг Монгол улсыг дайруулж биш, тойруулж тавих гэж байгааг өөрийн орны өрсөлдөх чадвартаа нөлөөлнө гэж үзэх шаардлагатай.
  2. Тус төслийн 14-р талд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан, энэ хүрээнд хэрэгжсэн 5 дэд хөтөлбөрийн үр дүнгийн талаар бичихдээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ болон шатахууны үнийг тогтвортой байлгаж чадсан гэжээ. Мөн барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлт, орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нэлээдгүй мөнгө зарцуулсан талаар бичсэн хэдий ч үр дүнг нь юу гэж дүгнэж байгаа болон энэ хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг дээр эргэлзээ төрж байгаагийн нэг шалтгаан нь, би хувьдаа энэ хөтөлбөрийг дэмжихгүй байгаа юм, учир нь энэ хөтөлбөр нь 5 дэд хөтөлбөртэй бөгөөд эдийн засгийг нэлэнхүйд нь хавтгайруулж хамарсан шинжтэйн дээр эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор бараа, үйлчилгээний бодит өсөлттэй харилцан хамааралгүйгээр зах зээл рүү орох мөнгөний урсгалыг хэт их нэмэгдүүлж байгаа юм. Үүнээс улбаалан хөтөлбөрийн зорилтот бүтээгдэхүүнүүдийн үнийг өсөөгүй барьж чадсан мэт гарсан ч дам нөлөөгөөр бусад бүтээгдэхүүний үнийг өсгөх, эдийн засгийг туйлдуулах, мөнгөний бодлогын урт хугацааны үр нөлөөг сулруулах, зөвхөн өнөө маргаашийг аргацаасан үйл явдал болж байна гэж дүгнэж байгаа юм. Гэтэл уг төслийн 15 дахь талд мөн “Хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах гурил, барилгын материал, мөн суурь бүтээгдэхүүн болох шатахуун, эрчим хүчний үнийг төрөөс шууд бус аргаар зохицуулахаар төлөвлөж байна.” гэсэн бөгөөд ямар шууд бус аргаар зохицуулахаа тодорхой болгоогүй байгаа нь урт хугацаанд үр өгөөж өгөхгүй хөтөлбөрүүдийг цаашид мөн дэмжин ажиллахаар төлөвлөж байна гэж сэжиглэхэд хүргэлээ.

Инфляцийн талаарх зорилт дээр дэвшүүлсэн өөр нэг санаа нь Чингис бондын мөнгөнөөс дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон бүтээн байгуулалтыг дэмжихээр төлөвлөж байна. Үүний үр дүнд импортыг орлуулах бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болно гэж тусгажээ. Чингис бондыг анх олж ирсэн цагаасаа хойш л уриа лоозон мэт ийм үг, өгүүлбэрийг хэлсээр байгаа хэдий ч үр ашиггүй төслүүдэд зарцуулаад бараг шавхагдаж байгаа энэ бондын мөнгөнд мөн л найдлага байгаа мэт харагдуулахыг хичээсэн байна. “Санаж явахад бүтнэ” гэж бодож болох хэдий ч богино хугацаанд буюу 2-хон жилийн дараагаас бид импортыг орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон болсон байна гэж найдахад хэцүү нөхцөл, эрсдэлүүд манай улсад байгаа.

  1. Ажилгүйдлийг бууруулах талаар мөн л улс орны бодит байдлыг судалж мэдээгүйгээр хэт хөөрсөн төлөвлөгөөг гаргасан байна. Уг төслийн 21 дэх талд “Дунд хугацаанд Монгол Улсын иргэн бүр ажилтай, өрх бүр орлоготой болох үндсэн зорилтыг хангах зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150.0 мянган ажлын байрыг бий болгон, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэхэд анхаарч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээл болон зээлийн баталгааны сангуудаар дамжуулан дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Уг арга хэмжээний үр дүнд ажилгүйдлийн түвшин 2014 онд 7,1 хувьд, 2015 онд 6,6 хувьд тус тус хүрэхээр хүлээгдэж байна.” гэжээ. Энд би дараах байдлаар шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд:
  • Манай урдаа барьдаг томоохон үйлдвэрүүд болох Эрдэнэт, Таван толгой, Оюу Толгой, Говь, MCS групп зэрэгт одоо хэдэн хүн ажилладаг талаарх тоог мэдэх үү? 150.0 мянган ажлын байрыг ямарх хугацаанд, ямар замаар бий болгох вэ? Энэ 2015 он гэхэд биелэгдэх тоо мөн үү? Мөн уг төслийн 26-р талд “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жил бүр 50.0 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно.” гэсэн байгаа нь хэрхэн биелэлээ олох бол? 2012 оны сонгуулиас хойш өнөөг хүртэл энэ зорилт хэрхэн биелсэн бол?
  • Хэрвээ ийм ажлын байр бий болгох бол яг ямар ямар салбаруудад ямар харьцаагаар бий болгохоор төлөвлөж байгаа вэ? Үүнтэй холбоотойгоор өнөөдөр манайд ямар мэргэжлийн ажиллах хүч, хаана дутагдаж, хаана илүүдэж байгаа болон ойрын 2 жилд ямар мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарч ирэх вэ зэргийг нарийн судалсан судалгаа байна уу? Хөдөлмөрийн зах зээлийн нарийн судалгаан дээр үндэслэж, бодлогын төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй байна.
  1. Уг төслийн “Салбарын хөгжлийн бодлого, цаашдын хандлага” сэдэвт 4-р хэсэгт:
  • Хөнгөн үйлдвэр,
  • Дэд бүтэц,
  • Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт,
  • Эрүүл мэнд,
  • Шинжлэх ухаан, технологи,
  • Соёл, спорт,
  • Байгаль орчин, ногоон хөгжил,
  • Аялал жуулчлал,
  • Батлан хамгаалах,
  • Гадаад харилцаа,
  • Шүүх, хууль хяналтын тогтолцооны шинэчлэл

гэсэн дэд хэсгүүдээр бодлого төлөвлөхийг оролдсон хэдий ч бодит байдлыг ойлгоогүй, нөхцөл асуудлыг тодорхойлж чадаагүй,  уриа лоозон шинжтэй бичигджээ. Жишээ нь, ТЭЦ5-ыг эхлүүлээгүй байж, “Дунд хугацаанд өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангах замаар импортын хараат байдлыг бууруулах, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ая тухтай ажиллах амьдрах орчинг бий болгох, цаашлаад томоохон чадлын эх үүсвэрийг барьж байгуулах замаар эрчим хүч экспортлох боломжийг бий болгох, эрчим хүчний хэмнэлтийн тогтолцоог бий болгохоор төлөвлөөд байна.” гэсэн нь хэр хугацаанд (дунд хугацаа гэж ямар хугацааг хэлэх вэ?) биелүүлэх вэ? Төлөвлөгөө ямар судалгаан дээр үндэслэснийг яагаад дурдаж болдоггүй юм бэ? Мөн 26-р талд “Дунд хугацаанд хүн амын чанарын асуудалд онцгой анхааран, нийгмийн халамж, хамгаалалд хөрөнгө дайчлахаас илүү ажиллах хүчний өнөөгийн болон ирээдүйн хандлагыг ухаалгаар хүлээн авч, тэднийг зохистой шингээх үр дүнтэй, бүтээмж өндөртэй ажил эрхлэлтийг дэмжихэд чиглэнэ.” Үүнийг хэрхэн таньж, хэрхэн биелүүлэх вэ? “Хүн амын хэт төвлөрлийг багасгах, орон нутагт амьдрах таатай орчныг бүрдүүлснээр хөдөөгөөс хот руу чиглэсэн хөдөлгөөний эрчимжилтийг сааруулж, хот хөдөөд хүн амын тархалтыг тэнцвэржүүлэх бодлого баримтлан …” гэх байдлаар төлөвлөлт хийхийн оронд орон нутагт амьдрах таатай орчныг ийм ийм бодлогоор дэмжин сайжруулна, ингэснээр хот руу чиглэсэн хөдөлгөөнийг бууруулж чадна гэх замаар бодлого боловсруулах нь биелэгдэх магадлал арай өндөртэй байх болно.

[1]Ч.Хашчулууны СЭЗДС-ийн 90 жилийн ойд зориулсан ОУЭШХ-д тавьсан илтгэл

[2] “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”, 5 дахь тал

[3]“Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”, 6 дахь тал

[4]Ч.Хашчулууны СЭЗДС-ийн 90 жилийн ойд зориулсан ОУЭШХ-д тавьсан илтгэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *