Амаржаргалыг нам нь мэддэг, Арвинг нам нь мэддэггүй

Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд гурван долоо хонов. Түүний хүсэлтийг хэлэлцэхгүй сунжруулж байгаад дараахь гурван шалтгаан байх магадлалтай. Нэгд, шийдвэрээ эргэж хараач гэж бодох хугацаа түүнд өгч байгаа. Хоёрт, энэ хугацаанд түүнийг ятгах АН-ынхны “Амаржаргал ажиллагаа” амжилтад хүрэхгүй яваа. Гуравт, дургүй ламд дарж байгаад сахил хүртээчихье гэхээр УИХ дээр баталгаатай олон кноп, бас тийм улс төрийн орчин бүрдэж өгөхгүй байх шиг байна.

АН-ынхан Р.Амаржаргалгүйгээр цааш явж чадахгүй гэсэндээ түүнийг авч үлдэх гээд байгаа юм биш. Өргөдлийг хэлэлцлээ, магадгүй чөлөөлөөд явуулахад түүнийг дагаж үүсэх улс төрийн эрсэдэлд хамаг учир байгаа юм. Р.Амаржаргалын хүсэлтийг яаж ч шийдсэн АН-д ашигтай, сайн хувилбар гэж байхгүй.  Яагаад гэвэл Р.Амаржаргал бол Ерөнхий сайд байж, таван намын нэгдэл дундаас АН-ыг төрүүлэхэд түүчээ нь болж явсан манай толгой улстөрчдийн нэг. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших магадлалтай “цуваа зургаа”-гийн нэг  байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн цувааг тэргүүлэх ч магадлалтай. Р.Амаржаргалыг өнөөдрийн кноп, ирээдүйн карьер, ёс зүй, зарчмаа зөв эрэмбэлэн ялгахтайгаа нэгэн гэдэгт олон нийт итгэдэг нь түүнийг УИХ-д дөрвөн удаа илгээснээс харагдана. Хувь хүн талаасаа ийм онцлог намтартай, улстөрчийнхөө карьерийн хувьд тийм онцгой “зам”-аар яваа хүн өргөдлөө татаж, эргэж буцахгүй нь тодорхой. Тэгэхээр түүний өргөдлийг УИХ-аар хэлэлцэж таарна. Хэлэлцээд, эрх баригчид олонхиороо хүч түрээд УИХ-ын гишүүнээр нь аваад үлдэж болох юм. Тэглээ гэхэд АН-ынхан түүний өргөдлийг хэлэлцэхгүй сунжруулсантайгаа адилхан л муухай харагдана. Хувь хүн сонгох, сонгогдох эрхтэй. Зам нийлэхгүй бол тэндээс явах ч эрхтэй. Ардчиллын хамгийн үнэт зүйл болох энэхүү хүний эрх, эрх чөлөөг ардчилагчид өөрсдөө нухчин дарахад яаж ч сайхан харагдах билээ. 

Ер нь Р.Амаржаргалыг үдсэн ч, авч үлдсэн ч гадна талдаа харагдах байдал бол АН-д ирэх хамгийн бага “хохирол”. Хэрвээ цаашид үнэхээр сайн ажиллаж чадвал цаг хугацааны эрхээр “эдгээж, эмчлэх” боломжтой л байх. Харин кнопынхоо олонд, хамтрагч МАХН-даа найдаад ортол эрх баригчдын санаснаас эсрэг шийдвэр гарчихвал АН бүр илүү хүнд байдалд орно. Хохирол гэж яривал нөхөн сонгуулийн нэг суудлаас ч давж мэднэ. Яагаад гэвэл эгнээнээсээ Р.Амаржаргалыг явуулах, Д.Арвиныг явуулах хоёр хол зөрүүтэй. Гомдоод явна уу, гундаад явна уу, аль нь ч байсан Р.Амаржаргал шиг эрүүл сэтгэлтэй, нэр цэвэр хүн явахад цаана нь үлдэж байгаа орчин, явуулж байгаа хүмүүс нь түүнээс илүү сайхан харагдаж, илүү эерэг нэр хүндтэй хоцрохгүй нь тодорхой. Р.Амаржаргал бол харилцааны улстөр хийдэггүй, PR-даж хэвлэлийнхний анхааралд өртөхөө улстөр гэж ойлгодоггүй, аль нэгэн фракцын хаяган дор халаасны улстөрийг эрхэмлэдэггүй цөөхөн улстөрчдийн нэг. Тийм учраас тэнд эдийн засгийн боловсрол үнэгүйдэж, эрх ашгийн эрэмбэ алдагдсан болохоор, тэдэнд эрүүл сэтгэлгээтэй мэргэшсэн улстөрчийн үг хэрэггүй учраас Р.Амаржаргал явлаа гэдгийг олон нийт ойлгоно. Парламент, Засгийн газар бол үргэлж популизм хийдэг сонгуулийн сурталчилгааны индэр, хэн чанга ярьсан нь тодордог циркийн манеж биш болохоор Р.Амаржаргалд явахаас өөр сонголт үлдсэнгүй гэдгийг хэн бүхэн гадарлана. Олон нийт явж байгаа хүнийг нь ойлгож, явуулж байгаа хүмүүсийг нь ойлгохгүй хоцрохыг АН-ынхан мэдэж байгаа учраас л мэгдэж сандраад байгаа хэрэг.

Үүнээс гадна Р.Амаржаргалын өргөдөл шинэчлэлийн Засгийн газрын хувь заяатай шууд тэнцдэггүй юмаа гэхэд шууд бусаар нөлөөлөх улс төрийн нөхцөл байдал үүсгэх нь АН-д авчирч болох хамгийн том эрсэдэл.  Хэрвээ эрх баригчид Р.Амаржаргалын өргөдлийг хэлэлцээд тооцоолсноор нь үйл явдал өрнөвөл нэг хэрэг. Харин авч үлдэнэ гэж тохирч ороод, санал хураалтын дүн эсрэгээр гарч, унагачихвал огт өөр улстөрийн нөхцөл байдал үүснэ. Далд болоод Төрийн ордны гадуур яваа АН-ынхны зөрчил шууд ил, нүүрэн дээр нь гарч ирнэ. МАН-ын удирдлагууд сүйхээтэй бөгөөд маневрлах чадвартай л бол Р.Амаржаргалыг явуулж болсон юм чинь Засгийн газрыг нь унагаж болох юм байна гэсэн улс төрд шилжинэ. Энэ бол сөрөг хүчний хийдэг, хийх л ёстой улстөр. Үүнийх нь төлөө сөрөг хүчнийг яллах нь харин өөрөө улстөр биш юм. Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргалын хүсэлтийг яаж шийдэх нь шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа цаашид хэр удаан үргэлжлэхийн индикатор болж магадгүй юм.

Ийм л “хайчин гал”-ын дунд АН-ынхан зогсч байна. Гарц хайж байгаа юм уу, гадна талаа сонжиж байгаа юмуу мэдэхгүй,  АН-ын  удирдагуудын янз бүрээр байр сууриа илэрхийллээ. Гэхдээ 10 дээр онож буудсан нь алга. АН-ын бүлгээс Р.Амаржаргалыг авч үлдэнэ, суудал нь түүнийх биш намынх учраас нам мэднэ гэж шийджээ. Ардчиллагчдаас гарсан гэхэд итгэмгүй нэгэн сонин логик, харьцуулалтыг энд хийж болно.

Р.Амаржаргал, Д.Арвин хоёрын УИХ-д сонгогдсон процесс яг адилхан. Тэд хоёулаа намын листээр орж ирээгүй, тойрогт өрсөлдөж ард түмний мандатаар УИХ-д сонгогдсон. Мэдээж, ингэж сонгогдоход Р.Амаржаргалд АН-ын, Д.Арвинд МАН-ын нэр хүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Гэхдээ Р.Амаржаргал, Д.Арвин гэдэг хувь хүмүүсийнх нь фактор ялалтад хүргэсэн. Тэд намд суудал худалдаж авч өгөх гэж бус, өөрөө сонгогдохын тулд хэтэвчээ сэгсэрч, хамтарчдынхаа хөлс хүчийг барсан.  Тийм учраас тэдний суудал нэр дэвшүүлсэн намуудынх нь өмч  биш юм. Үнэхээр л нам нь мэддэг юм бол Р.Амаржаргалаа явуулаад хэн нэгний оруулаад ирэхэд чанарын ялгаа гарна уу гэхээс, тооны хувьд кнопонд өөрчлөлт орохгүй. Нам нь мэддэггүй  учраас л “тойрогт өрсөлдсөн гишүүний орон гарвал нөхөн сонгууль явуулна” гэж хуульчилсан хэрэг. Хэрвээ нам нь мэддэг юм бол Д.Арвиныг сонгогдсоныхоо дараа намаа сольж байхад түүний суудлыг МАН яагаад мэдээгүй юм.  Р.Амаржаргалыг суудлыг болохоор АН мэддэг, Д.Арвины мандатыг МАН мэддэггүй байж болох уу. Р.Амаржаргалын өргөдлийг гурван долоо хоног дарж байхад, Д.Арвины хүсэлтийг гурван хоногийн дотор шийдэн УИХ-ын дарга хүлээн авч уулзан Ерөнхий сайд шинэ намын батлахыг нь гардуулж байв. Тэр өдрүүдийн шуурхай байдал өнөөдөр хаачив аа.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Д.Арвин эмэгтэй хүн болохоор намаасаа асуухгүйгээр суудлаа сольж болдог, Р.Амаржаргал сул гишүүн учраас намын мэдлийн кнопчноороо үлдэнэ гэсэн хууль байхгүй. Намуудад ч хууль ижил үйлчлэх учиртай. АН засгийн эрх барьж байгаа учраас хуулийн өмнө бусад намаас илүү эрхтэй байж таарахгүй. Харин АН-д илүү хариуцлага бийг сануулсан Р.Амаржаргалын тэмцлийг тэд өөрөөр хүлээж авлаа. Нэг нь өргөдлөөр дамжуулж асуудал ярьж байхад, нөгөө хэд нь өргөдлийн эзнийг онилов. Тэмээ гэхээр ямаа гэдэг энэ ажээ.

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тэнд хэдийгээр намаар дамжиж сонгогдсон ч, гишүүд бол төрийн хүмүүс. Тийм ч учраас төрийн түшээд гэдэг. Энэ утгаараа Р.Амаржаргал гишүүний мэдэгдэл ч, түүний өргөдлийг хэлэлцэх нь ч төрийн эрх ашиг, төрийн ажил. Гэтэл эрх баригчид Р.Амаржаргалыг авч үлдэх, үлдэхгүй тухай АН-ын эрх ашгийг л илүүд үзэх юм. Олон нийт түүнийг өргөдлөө өгсөн шалтгааныг илүү дэлгэрэнгүй, “өнгөт”-өөр сонсохыг хүсч байна. Гэтэл ард түмнээс сонгогдсон УИХ ард түмэндээ сонсголгүй, “намын дотоод асуудал” болгон шинэ жилийн сюрприз болгох гээд байх юм.

Амьдрал баян учраас эндээс санаа авч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцдэг хуулийн хугацаатай бол, УИХ-ын гишүүн намаа солиход хүрвэл түүнийг УИХ-аас чөлөөлж, тойргоос сонгогдсон бол нөхөн сонгууль явуулдаг, листээр орж ирсэн бол  дараагийн хүн нь орж ирдэг байдлаар хуулиа өөрчлөх хэрэгтэйг энэ үйл явдал харуулж байна.

Нийтлэлч Г.Отгонбаяр

Үндэсний Шуудан сонин

2013.12.03 Мягмар

№ 276 (1915)

http://otgonbayar.niitlelch.mn/content/5713.shtml2013.12.03 - 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *