Намынхандаа УИХ-ын дарга болъё гэдгээ хэлсэн, хүлээж аваагүй

Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлага

Таныг саарал ордны­хон ажил таслаж үзээгүй, байн­га өрөөндөө сууж бай­даг гишүүн гэж онцолдог. Гэ­тэл УИХ-ын Тамгын газ­рын гаргасан судалгаа­наас харахад та ажил та­салсан гишүүдийг ман­лайл­сан байх юм. Өрөөн­дөө л байхаас биш чуул­ганы танхимд суухгүй бай­гаагийн учир нь юунд байна?

Тэр судалгааг нэг их тоохгүй байна. Хэн, ямар шугамаар яаж бүртгэсэн юм, бүү мэд. Миний хувьд хэдэн зүйл онцолж хэлье. Нэгдүгээрт, өнгөн талаа­саа УИХ-ын чуулган 10.00 цагт эхэлж байгаа. Гэхдээ товлосон хугацаанд чуул­ганы танхимд орж ирээд суудаг гишүүн УИХ-д байх­гүй. Яахав, сонгодог ут­гаар нь авч үзэхэд ажил тасалсан байна гэж болно. Тасалдаг гишүүн ч бишгүй бий. Хоёрдугаарт, цаг хугацаандаа орол­цохгүй, хуралд нь суухгүй байгаа бол түүнийг өөр талаас харж үзэх хэрэгтэй. Хэлэлцэж байгаа хуулийн төсөл, журам болоод дэг­тэй холбоотой асуудалд сэтгэл дундуур эсвэл эсэр­гүүцэж байгаа учраас хурал­даа суусангүй гэж ойлгох хэрэгтэй.

Энэ утгаараа авч үзэ­хэд Р.Амаржаргал хуралд суугаагүй нь эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр байжээ гэж уншиж болох юм. Гуравдугаарт, Р.Амар­жаргал гэдэг гишүүн бол чуулганы танхимд хурал эхлэхээс 5-10 минутын өмнө орж суудаг. Түрүүлж ороод суучихдаг гэсэн үг. Намайг ороод суусны дараа нөгөө том дарга нар залардаг юм. Гэсэн ч чуул­ган хэзээ ч хугацаандаа эхэлдэггүй. Хугацаандаа эхлэхгүй байгаа нь хурлын удирдлага болоод олон­хийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний асуудал. Тэдний хариуцлагын асуу­дал байхгүй юу. Түүнээс биш би өөрийгөө шийтгэж байгаа юм шиг хоосон танхимд хэдий болтол суух юм бэ. Бусдыг хүлээж суух шаардлагагүй гэж бодоод гараад явчих­даг юм. Энэ бол болж бай­гаа үйл явдал. Дөрөв­дү­гээрт, төрийн тогтолцооны тухай. УИХ түүний дотор гишүүний статусын тухай гэсэн үг. УИХ-ын гишүүн бол сонгогдсон цаг мөчөөсөө эхлээд нийт ард түмний төлөөлөл болдог субьект. Энэ субьектийн үйл ажиллагаа нь ямар нэгэн дарамт шахалт, түрэмгий­лэлд ямар нэгэн хэлбэрээр орох учиргүй. Бие даасан, хараат бус байх ёстой. Тэр хэмжээ­гээрээ ард түмний төлөөлөгч гэх үүргээ бие­лүү­лэх боломж нээгдэнэ. Үндсэн хуульд ч гэсэн тэгээд заачихсан. Гэтэл гишүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэх, ялангуяа захиргааны аргаар дарамтлах хандлага сүүлийн үед ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, юу ярих, юу ярихгүй байхыг нь захиргааны аргаар зааж өгч байна. Үүнийг зөвхөн өнгөрсөн намрын чуулганыг хараад хэлээд байгаа юм биш. Сүүлийн 20 гаруй жилийн түүхээс анзаарагдсан үзэгдэл. 1990-ээд онд УИХ байгуулагдаад удаагүй байхад УИХ-ын гишүүн бол тухайн хэлэлцэж бай­гаа асуудлыг эсэргүүцэх, хурал хаях эрхтэй байлаа. Энэ нь хожим явсаар байр сууриа өөрчилж ирцээр дарамтлах шалтгаан болжээ. Төвөггүй буюу хялбар арга хайж олсон хэрэг. Уг нь УИХ-ын гишүүнээс “Яагаад хурал хаяв” гэж асуух ёстой. Хурал бол зөвшилцлийн механизм. Энэ меха­низ­мыг хэрэгжүүлэхийн оронд захиргаадлын аргаар буюу ирцээр нь барьдаг системд орсон байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд ирц гэдэг юу вэ гэхээр кноп дарагч л байхгүй юу.

Та ийм л учраас суудаггүй гэж үү?

Хэлэлцэж байгаа асуудлын сайн, мууг ярих улмаар сайн тал руу чиглүүлэн нөлөөлөх бололцоо байдаг бол нэг хэрэг. Гэтэл олонхиороо асуудлыг шийдээд хайр­цаглачихсан ганцхан ирц нь дутаад байгаа учраас гишүүдийг хүүхэлдэй шиг ашиглаж байгаа юм. Юу ярих, ямар байр суурьтай нь огт хамаагүй. Тухайл­бал, байнгын хорооны хуралдаан байна. Нэн чухал гэсэн ач холбогдолтой хуулийн төслийг эцсийн дүндээ дөрөвхөн хүн гаргаж байна. Дөрөвхөн хүн ший­дэх тогтолцоо руу оруул­чихаад үүнийгээ барихын тулд захиргааны арга хэрэглэж байгааг нь юу гэж ойлгов гэхээр монгол төрийг сулруулж байгаа ажиллагаа гэж хэлнэ. Түү­нээс биш ажил тасалсан, таслаагүйн асуудал нь гол биш. Зөвхөн улс төрийн ямар бодлого, ямар шийд­вэр гарч байна. Үүнийг нь хүлээн зөв­шөөрч байна уу, дэмжиж үү, үгүй юу гэдгийг анхаарах ёстой юм. Ирц бол өнгөн тал. Харин Мон­гол төрийн төгөлдөр­жил, цаашдаа ямар чиг хандлага баримтлах вэ гэдэг нь хамгаас чухал юм.

Та бол лидер улстөрч. Нэгэн цагт АН-ыг удирдан чиглүүлж явсан хүн. Гэвч өөрийн хүчин зүтгэсэн намаа засаглал барих үед нь яагаад сул гишүүн болчихов. Үүнд л гайхаад байх юм?

Гайхаад байх зүйл биш. Би МҮАН-ыг удирдан зохион байгуулж явсан уу гэвэл явсан. Дараа нь улс төрийн таван нам нэгдэж өнөөгийн АН байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш нийт 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд АН багагүй хэмжээнд төлөвшиж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдлөө. Үүний нэг илрэл нь УИХ болоод орон нутгийн сонгуулиар бүх суудлыг нь биш юм гэхэд олон суудал авч чадсан байна. Үүнд Р.Амаржаргал гэдэг хүний үүрэг юу байв гэдэг нь дараагийн ярих асуудал. Өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэхэд Р.Амаржаргал гэдэг хүний эрэлт хэрэгцээ байхгүй байна гэж ойлгож байна. Миний хувьд сонгуулийн дараа бодсон бодол, санаа оноо бол байсан. Үүнийгээ ч намынхаа удирдлагад хэлсэн.

Юу гэж?

Надад чамламгүй мэдлэг, туршлага, чадвар, итгэл үнэмшил байна гэж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын ажлыг бусдаас илүү хийж чадна. Хамгийн сайн дарга байж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна гэж тухайн үед хэлсэн. Тэгэхэд намын удирдлага “Тийм зүйл байхгүй. Та энэ ажлыг хийхгүй” гэсэн. Энэ бол өнгөрсөн асуудал.

Надад харамсалтай санагдаад байдаг юм. АН таныг яагаад сул гишүүн болгов гэж. Та өөрийн хэмжээндээ тэмцэл хийдэггүй учраас сул болгосон байж болох уу?

Би бол сахар биш. Цай бүрт уусдаг сахар биш. Надад зарчим гэж бий. Би нэгэн цагт Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүн. Сайн хашсан уу, муу байсан уу гэдгээ би өөрөө биш бусад хүн хэлэх байх. Тэгээд ч би Ерөнхий сайд байсан хүн байж зиндаагаа бодож доошоогоо бууж алба хаш­на гэж боддоггүй. Салба­рын сайд болно гэсэн ойлголт надад байхгүй.

Танай нам цөөнх байж үзсэн бас сурсан. Та ч гэсэн намдаа бас цөөнх байх аа?

Би АН дотор цөөнх нь үнэн. Анх үүссэн өдрөөс эхлээд л байсан. Одоо ч гэсэн цөөнх байна. Цаашид ч гэсэн байна гэдэгтээ огт эргэлзэхгүй.

Та төрийн төгөлдөрш­лийн тухай ярих ёстой гэж байна. Одоогийн танай намын бүрдүүлсэн төр, засаг төгөлдөршихөд хэдий хугацаа зарцуулна гэж тооцож байна вэ?

Энд нэг сонин зүйл харагдаад байгаа юм. АН нэлээд олон жил сөрөг хүчин байж байгаад өдгөө засгийн эрхэнд гарлаа. Мэдээж их юм санаж, бодож, хэрэгжүүлье гэсэн хүсэл зорилго бий байх. Цаг хугацаатай өрсөлдөж аливаа зүйлийг болж бүтэх талаас нь хийчих юмсан гэсэн хүсэл ч бас бий. Гэтэл манай нам энэ хүсэлдээ хэт хөтлөгдөөд гол суурь зарчмаа мартаад байна. Энгийнээр тайлбарлахад цонхоо онгойлгож агаар оруулах нь зөв. Гэхдээ өвлийн хүйтэнд гэнэт цонхоо онгойлговол хамаг бичиг цаас нь хуйлраад, өөрөө ч ханиад хүрнэ шүү дээ. Аливаа зүйлийг алхам алхмаар өөрчилж шинэчлэх байтал гэнэт л давшлах юм. Тэгж болохгүй. Цэгц замбараа, дэс дараалал гэж бий. Энэ асуудал үнэхээр орхигдож байна. АН-ын гаргаж байгаа хамгийн том алдаа үүнд л байгаа юм. Хоёрдугаар алдаа гэвэл манай боловсон хүчний шинэчлэл. Улс төрийн томилгоо болоод бас бус томилгоо хийж л байна. Тэр ч зөв. Ард түмний яриад байгааг сонсоход өөрсдөө сүрхий юм бүтээдэггүй юм гэхэд ядаж болохгүй бүтэхгүй байгааг өөрчлөх хэрэгтэй байх. Энэ зарчмаар үзэхэд манай дарга нар булхайг гайхамшигтай илрүүлж байна шүү дээ. Нийгэм цэвэршихэд хэрэгтэй гэдэг утгаараа зөв байж магадгүй. Тэгээд ч нийгмээ цэвэршүүлэхийн тулд дөрөв эсвэл найман жил болоод сэгсэрч байх ёстой. Гагцхүү ямар алдаа байна гэхээр манай намын зүтгэлтнүүд төрийн албанд орж төрийн албан хаагч болсноо мартаад байгаад учир байна. Хуу­чин маягаар буюу сэлэм эргүүлж, уриа хашгираад л дайраад байх юм. Ингэж болохгүй. Намын зүтгэлтэн байна гэдэг нэг хэрэг. Төрийн албан хаагч болно гэдэг бас нэг өөр хэрэг. Төрийн албан хаагч болсон бол намынхаа асуудлыг орхих ёстой. Төрийн ажил чинь хууль, журам, заавар, бичиг цаас, дэг жаягтай байдаг юм. Үүнийг ойлгохгүйгээр хоёр нөхөр найзан дундаа харьцаж, эсвэл хувийн харьцаа маягтай ярилцах жишээтэй. Үүнийгээ л шинэчлэл хийж байгаа гэж ойлгоод байгаа. Энэ бол шинэчлэл биш харин туйлшрал юм. Дээрээс нь хүн амьтныг чичилж яри­хаа хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж бас ярина. Энэ бол хэлэлцүүлэг биш.

Эрүүл, саруул хэлэлцүүлэг энэ нийгэмд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэтэл хэ­лэл­цүүлэг гэдгээ ойлгох­гүйгээр хүнийг хаяглах, хочлох, чичлэх ажлыг сайн гүйцэтгэж байна даа. Өөрөөр хэлбэл, урт санаа алдаж, хүн муулаад явахаа төрийн ажлаа мундаг хийж байна гэж ойлгоод байгаа юм. Шинэчлэл гэдэг маа­нь эдийн засаг, нийгэм, төрийн захиргааны меха­низмын хүрээнд юу хийх ёстойг хэлнэ. Тухайлбал, эдийн засгийн салбарт гэхэд либералчлал чухал үүрэгтэй. АН бусад намаас юугаараа ялгаатай юм. Ялангуяа, өмнө нь засаг барьж байсан намаас юугаар ялгаатай байна. Эдийн засгийн гаргалгаагаа зарчмын ямар, ямар үзэл дээр тулгуурлаж гаргах ёстой вэ гэдгээ тодорхойлох ёстой. Чиглүүлэгч нь байх ёстой. “Алтангадас” од адил харагдаж байх ёстой гэсэн үг. Гэтэл чиглэлээ алд­чихаад ажил яриад яваад байна шүү дээ. Төрийн механизмын тухайд нэг хүнд үг хэлэх бололцоо олгочихоод нөгөөд нь болохоор олгохгүй. 76 гишүүнийг ялгаварлан гадуурхаж танайх, манайх гэнэ. Манайх дотроо бас минийх, чинийх гэж талцана. Ердөө үг хэлэх бололцоог олгохгүй байж шинэчлэлийн талаар ярина гэдэг өрөөсгөл юм.

УИХ-ын гишүүд аж­лаа хангалттай гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг үү?

Хамгийн наад зах нь хуулийг дээдлэх ёстой гэж ойлгодог хүн УИХ-д суух ёстой. Тийм л хүн улс, эх орныг удирдах ёстой. Тэгвэл өнөөдөр “За яахав дээ, тэгээ биз. Юун сүртэй юм бэ. Хууль жаахан л зөрчсөн байна” гэж сэтгэдэг, хуулийг тэгж хялбархнаар ойлгодог хүн УИХ-д байна. Үүнийгээ буруу гэж бодохгүй. Байх ёстой гэж л боддог. Энгийн жишээ хэлье. УИХ-ын гишүүн төрийн эрхийг хэрэгжүүлэх гол субьект. Тэр тодорхой эрх, үүрэгтэй. Эрх гэвэл хууль батлахдаа бүрэн хэмжээний мэдээлэлтэй байхын тулд Засгийн газрын гишүүнд асуулт, асуулга тавина. Зөв шийдвэр гаргахын тулд үнэн зөв бодит мэдээлэлтэй байхын тулд асуулга тавьж байгаа юм. Гэтэл тавьсан асуулгад нь хуулийн хугацаанд хариулахгүй байх жишээ­тэй. Хэдэн хоногийн дараа илгээнэ. Үүнийгээ хууль зөрчиж байна гэж ердөө бодохгүй. Хуулийн хэрэг­жилт ердөө жижигхэн зүйлээс эхэлдэг юм. Зарим нь Оюутолгой, Таван­толгой гээд ярих чухал сэдэв байхад энэ нөхөр юун хөгийн юм ярьж байна гэж хэлэх байх. Гэтэл жижигхэн зүйлээс л төр сулрах шалтгаан болно. Буруу зүйлд дуугүй өнгөрөх тусам сулралыг нь улам эрчимжүүлж байна. Уг нь хуулийн хугацаанд Засгийн газар хариугаа өгөөгүй бол УИХ яах вэ. Сэтгүүлч танаас асууя. Яах вэ.

Хариуцлага тооцох байх?

Байх биш ёстой. Гэх­дээ бодит байдалд тооцдоггүй. Долоо хоног хоцорсон хариуны төлөө юун сүртэй юм гэж хэлнэ. Энэ нь Засгийн газар, УИХ-ын харилцаа найзан дундаа байгааг илтгэнэ. Цаашлаад төрийн алба бас хайхрамжгүй, хариуц­лагагүй байгааг давхар хэлж байгаа юм. Төрийн алба биенээ барьцаалсан тогтолцоонд орчихсон. Ха­риуцлагын ямар ч тогтол­цоо байхгүй. Тэгсэн атлаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хариуцлага сайжруулна гэж яриад л байдаг. “Хуулиа мөрд” гээд яриад л байдаг. Эрх зүйт төрийн үед хуулийг их, бага гэж голохгүй, ягштал мөрддөг байх ёстой. Энэ зарчим Засгийн газрын тэргүүн болоод гишүүдэд нь алга. Нөгөө талаас монгол төрт уламжлал ёс гэж бий. Монголчууд 2000 мянган жилийн төрт ёстой гэдэг. Хоёр монгол явбал нэг нь дарга. Ганцаараа явж байвал малгай нь дарга байна. Тэгвэл төрт ёсоо хүндэтгэхгүй тохиолдолд Монголын төр сул болох нь дамжиггүй биз дээ. Ийм сул төр байгаа цагт Оюутолгой, Тавантол­гойгоос ашиг авна гэж үлгэр болох байлгүй.

Та Оюутолгойн гэрээний асуудалд сөрөг байр суурьтай байсан. Бид баялгийн эзэн атлаа сулбагар дорой байна гэж?

Олон сонирхолтой шийдвэрийг сонсоод л сууж байна. Сонсоод бухимдахаас өөр юм алга, надад. Тухайлбал, Н.Багабанди гуайг солих тухай ярьж байна. Асуудал нь Н.Багабанди гуайд байгаа гэж үү. Тэр хүн буруу юм хийсэн гэсэн үг үү. Ердөө тийм биш байх­гүй юу. Миний сонс­соноор Н.Багабанди гуай харин ч хурал, зөвлөгөөнд нь сүрхий дайчин үг хэлж шахаж шаарддаг юм билээ. Асуудал нь юунд байна гэхээр Монгол Улс өөрийн гэсэн бодлого алга байна. Юу хүсч, яах гээд байгаагаа мэдэхгүй байна. Ерөнхийлөгч нь юу хүсч байгаа нь мэдэгдэхгүй. УИХ юу хүсч байгаа нь мэдэгдэхгүй. Хаа ха­маа­гүй хөлбөрөөд л. Ийм л байгаа учраас дорой төр байна гэж дахин хэлье. Тэр ч утгаараа Оюу­толгойд дээрэлхүүлээд сууж байгаа юм. Түүнээс биш тэнд сууж байгаа Н.Багабанди гуай мянга тэмцээд яах юм бэ.

Хоёулаа цаг үеийн асуудлаар жаахан ярилцая. Ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН нь одоогийн Ерөнхийлөгчөө дэмжинэ гэж илэрхийлсэн. Таны хувьд хэнийг дэмжиж байна?

АН дотор хэнийг ч дэвшүүлсэн гарахаар байна. Улс төрийн нөхцөл байдал тийм байна гэх үү дээ. Хоёрдугаарт, Ц.Элбэгдор­жоос өөр сонголт яригдаагүй. Яриад ч байхгүй. АН-ынхан энэ л зүйл дээр санал нь нэгдэж байх шиг байна. Бусад улс төрийн на­муу­дын үйл ажиллагааг ха­рахад задгай, үймсэн, уч­раа олохгүй байх шиг бай­на. Ийм үед Ц.Элбэгдорж төвөггүй дахин сонгогдох байх.

МАН хэр сөрөг хүчин байж чадав. Олонхи байсан түшээд маань тэмцэл хийх хэлбэрээ ойлгохгүй буйдантай жагсаал хүртэл хийлээ?

Муу сөрөг хүчин гэж хэлнэ дээ. Ийм нэг үг гарсан байна лээ. АН-ыг Р.Амаржаргал шиг шүүм­жилдэг МАН байгаасай гэж. Тэгэхээр би тэднээс илүү шүүмжлэгчийн үүргийг гүйцэтгэж байна шүү дээ /инээв/. МАН өөрийгөө шинэчлэх гэж оролдоод бас өөрчлөлт хийхээр явж байгааг нь дэмжиж байгаа. Энэ бол зөв. У.Хүрэлсүхийн алхам бол буруутгах зүйл биш. Залуу хүний зүрхийг мохоох биш урам хайрлаж байх ёстой байдаг юм, уг нь. Хоёрдугаарт, МАН болж байгаа үйл явдал нэг амьсгаагаар шийдэх асуудал биш. Зүгширтлээ 3-5 жил зарцуулна. Үүнийг өөрсдөд нь ч гэсэн хэлсэн. Ер нь МАН ганхаад хүндрэлтэй байгаа үед хүндийн жин АН-д ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол төрийн багана нэгнээ орлож, нөхөж нэгэндээ ч хүндэтгэлтэй хандах ёстой. Нэг нь сулрахад нөгөө нь баярлаж чарлаад, бах таваа хангаж болохгүй. Ийм авир гаргаад байгаа улс төрийн зүтгэлтэн бол байгаа.

МАН, МАХН нэг­дэхийг зарим хүн уриалах болсон. Та үүнийг хэрхэн дүгнэж байна?

Нэгдэх нь зөв байж магадгүй. Яагаад гэвэл МАН өөрийгөө нэг сэгсрээд өөр шинэ дүр төрх олох гээд байна. Энэ дотор хуучин МАХН-тай нийл­вэл цоо шинэ чанар үүсэх нь дамжиггүй. Ингэхдээ өмнө нь байсан МАХН, МАН дахиж гарахгүй. Улс төрийн цоо шинэ чанар биет төлөвшиж гарч ирэх юм. Тэр утгаараа буруутгах зүйл алга.

Эх сурвалж: Зууны мэдээ 2013.02.20 №41 сэтгүүлч: Д.Болормаа

Leave a Reply

Your email address will not be published.