Засгийн газар чамаар хийлгэхгүй гэж хүчирхийлсэн нь буруу

R.Amarjargal-MP-Олон жил ярьсан төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн хавар эхэлсэн ч Шинэчлэлийн Засгийн газар төслийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Та энэ шийдвэрийг зөв, буруу аль талаас нь харж байгаа вэ?

-Монгол Улс ойрын жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт дагасан төмөр замын ачаа эргэлтийг жилд 30 сая тоннд хүргэнэ гэж байгаа. Энэ их хэмжээний бүтээгдэхүүнийг автомашинаар зөөгөөд бүтэхгүй гэдгийг өнөөгийн байдал харуулсан. Шинэ төмөр зам ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна экологийн хувьд ашигтай. Тиймээс төмөр зам байгуулах ажлаа яаралтай шийдээд, тээвэрлэлтээ тогтвортой явуулах ёстой. Гэтэл говьд барьж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газар өөрөө барина, чамаар хийлгэхгүй гэж хүчирхийлсээр байгаад хувийн хэвшлийнхнээс авчихлаа. Хувийнхан энэ бүтээн байгуулалтад оролцож, эрсдэлээ хариуцаж, улсын нуруунд ирэх ачааллыг нимгэлэх учиртай байсан. Барьж байгуулсныхаа дараа төр концессын гэрээ болон бусад хуулийн дагуу өөрийн мэдэлд 51 хувиа авах ёстой юм. Гэтэл төр буруу шийдвэр гаргачихлаа.

-Хувийн хэвшлийнхэн 2015 онд төмөр замаа ашиглалтад оруулна гэж байсан. Харин төслөө өөрөө гүйцэтгэхээ мэдэгдсэн төрийг хүлээвэл Монгол Улс төмөр замаа хэдийд ашиглаж эхлэх бол?

-Төрийг хүлээвэл төсөл хурдлахгүй нь ойлгомжтой. Угаасаа сүүлийн 2-3 жилийг алдчихсан шүү дээ. 2010 онд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг маргаж байж баталсан. Харин цаг хугацааны асуудлыг тов тодорхой оруулсан. Эхний ээлжинд энэ замыг ийм хугацаанд, дараа нь тэр чиглэлийг ийм хугацаанд гэх мэт. Гэсэн ч эхний объектууд цаг хугацаандаа баригдсангүй. Гэхдээ бид хугацаа нь өнгөрчихсөн гээд сууж болохгүй. Дараа нь барихаар төлөвлөсөн замаа тавиад явах ёстой юм. Яахав, сохорсон биш завшив гэгчээр хууль хэрэгжихгүй явсаар өдий хүрсний нэг давуу тал нь эхлээд урагшаа, дараа нь хойшоо, зүүн тийшээ ч юм уу тавина гэх маргааныг чухал биш болгосон. Энэ маргаан хоёр жилийн өмнө чухал байсан бол одоо техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа нь хийгдсэн, санхүүгийн эх үүсвэр бүрдсэн төслүүд эхлээд урагшлах нь чухал болсон. Эрх зүйн орчин нь ч бүрдчихсэн. Бүтээн байгуулалтыг эхлүүлсэн хуулийн этгээд хугацаа алдвал “чамайг хүлээхгүй” гэдэг асуудлаа бодлогын бичиг баримтад маргаан үүсгэхгүйгээр хатуу заачихсан байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар төслөө яг төдийд эхэлнэ, тийм бодлого барина гэж мэдээлэхгүй байна. Ийм тодорхойгүй нөхцөл сөрөг нөлөөлтэй биз дээ?

-Яг одоо Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажил удааширлаа. Энэ талаар тодорхой алхмууд хийх болов уу гэж харж байна. Ялангуяа МТЗ-ын захирлаар М.Энхсайхан ажилласан нь нэлээд итгэл найдвар төрүүлж байлаа. Одоо бид зөвхөн урагшаа харж ажиллах ёстой. Тавьж эхэлсэн технологийн зам маань уул уурхай дагасан баялагийг эргэлтэд оруулахад чухал нөлөөтэй гэж үзээд энэ асуудлаа нэгдүгээрт тавих учиртай. Нарийн яривал хувийн хэвшлийнхний эхлүүлсэн энэ замаас анхны хуримтлал орж ирэх ёстой. Энэ хуримтлалаар төр эдийн засгийн бусад салбар, эсвэл, нэмж барих төмөр замын асуудлаа шийдээд явах ёстой байсан. Ер нь тухайн улс эдийн засгийн субъектуудыг хэр зэрэг түргэн хугацаанд үр ашигтай холбож чадаж байна гэдгээс улс орны эдийн засгийн хөгжил их хамаардаг. Өөрөөр хэлбэл, тээврийн асуудлаа цаг үед нь тохируулж, шуурхай шийдсэн улс орны эдийн засаг түргэн хөгждөг. Манай эдийн засагт ч ийм жишээ бий. Манай тээврийн зах зээлд 1960-аад оны дундуур “ЗИЛ- 130” гэдэг машин орж ирсэн. Үүнээс өмнө бид “ЗИС-5” машин ашиглаж байсан. Энэ хоёр машины хооронд хурдын зөрүү бараг 50 гаруй хувь байв. Энэ хурд нь зорчигч тээвэр, ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Он цагаар нь аваад үзэхэд эдийн засгийн өсөлтүүд тээврийн хурдыг нэмэгдүүлсэн цаг үетэй давхцаж байдаг юм. Тийм учраас бид яаравчлах л хэрэгтэй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2013.01.15-ны Мягмар гараг, сэтгүүлч Д.Отгонжаргал

 

3 Comments

  1. Таны санаа, үг олон хүний оюунд хүрдэг гэдэгт итгэдэг.

  2. Одоо тэр компанийн хуулийн хэрэгжилтийн талаар дөмөгхөн ганц хоёр дуугараад өгөөч. ТӨХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүн гэж ер нь үлдэв үү? Бүгдийг нь яам, агентлагийн хүмүүсээр сольж байх шиг байна

Leave a Reply to С.Болд- Эрдэнэ on FacebookCancel Reply

Your email address will not be published. Required fields are marked *