Засгийн газрын шоугаар ард түмний гэдэс цадах биш дээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай “Чингис” бондын талаар ярилцлаа.

-Олон улсын зах зээлд “Чингис” бондыг арилжаалж эхэлсэн нь цаг хугацааны хувьд хэр зөв шийдэл болсон бэ?

-Бонд гаргасан явдлыг дэмжиж байгаа. Энэ бол олон жил хүлээгдэж, яригдаж байсан зүйл. Мөн гадаад орчин талаасаа цагаа олсон шийдвэр гэж үнэлж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхой хөдөлгөөнүүд өрнөж эхэллээ. Ялангуяа Европын эдийн засгийг тойрсон асуудлууд болгоомжлол үүсгэж байгаа.

Үүний зэрэгцээ АНУ-ын төсвийг тойрсон асуудал бүрэн хэмжээгээр шийдэгдээгүй гэх мэт нөхцөл байдлыг харгалзан үзвэл цаг хугацааны хувьд манай улсад таатай үе гэж би хувьдаа дүгнэж байна. Харин Монгол талаасаа цагаа олоогүй юм болов уу гэж надад ойлгогддог юм. Яагаад гэвэл бид бонд гаргая гээд л яриад байсан хэрнээ гэрийнхээ даалгаврыг хийгээгүй байсан.

-Гэрийн даалгавартаа ямар ажил хийх ёстой байсан гэж?

-Нэгдүгээрт ямар төслүүд бэлэн байгаа вэ. Ямар төслүүд хэрэгтэй байна, тэр бүхнийг харьцуулж үнэлэлт, дүгнэлт өгч, тодорхой хэмжээгээр эрэмбэлэх учиртай байсан. Гэтэл энэ ажил огтхон ч хийгдээгүй. Ямар ч гэсэн мөнгө нь Засгийн газрын дансанд орж ирээд тав хонож байна.

Өөрөөр хэлбэл, сул зогсож байна гэсэн үг. Нэг өдөр сул зогсвол 130-140 мянган ам.доллар төлнө гэсэн үг шүү дээ. 130 мянган ам.доллараа сул зогссон тав хоногтоо үржүүлэхэд манай улс бараг 600-700 мянган ам.долларын хүү төлөхөөр болчихоод байна. Нэгэнт тоолуур ажиллаад эхэлчихсэн.

Бид гэрийн даалгавраа урьдчилж хийсэн бол тодорхой төслийг санхүүжүүлээд л ажил шууд өрнөх боломжтой байв. Гэвч өнөөдөр чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа таван салбарт хөрөнгө оруулна гэж байгаа ч тэр нь хэтэрхий ерөнхий сонсогдож байна. Зүгээр л алиалал маягийн юм сонсогдож байна лээ. Энэ бол эдийн засаг биш. Тэр тусмаа бизнес бүр ч биш. Энэ утгаараа гэрийн даалгавраа хийгээгүй.

-Бонд гаргахдаа Засгийн газар арай түргэдсэн гэж үзэж болох нь ээ. Хүүгийн хувьд ч сэтгэлд хүрээгүй?

-Гэрийн даалгавраа хийгээгүй байж яарч сандран иймэрхүү шийдвэр гаргах нь эцсийн дүндээ олигтой үр дүнд хүргэхгүй. Муугаар ярих юм бол үр ашиггүй зүйл болбол хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Бонд гаргах үйл ажиллагааг харахад “Магтсан хүүхэн хуриман дээрээ…” гэдэг шиг л юм болсон.

Гадаад явахаасаа өмнө сайд нар ингэж ч хийнэ, тэгж ч хийнэ гээд л маш их хүчтэй хүлээлт бий болгосон. Бондын хүү нь ямар ч гэсэн дөрвөөс доош байх юм байна. Аягүй бол 3.5-аас ч доош байж магадгүй гэсэн ойлголттой байсан. Иймэрхүү мэдээллийг ч сайд нар ил далд хийж байгаад л явсан.

Гэтэл тэр хүмүүс таван жилийнхээ хүүг дөрөв гаргуулаад туулгачихсан. Бүр арван жилийнхээ хүүг тав гаргачихаад ирсэн л дээ. Буцаж ирчихээд түүнийгээ нууж, хаах гэж байгаа юм уу хаашаа юм, булзааруулах гэсэн юм шиг “Манайх Испани, Португалиас гайгүй үзүүлэлтэй байна” гэсэн тархи угаасан юм ярьж байна.

Ямартай ч урт хугацаанд хүлээлт үүсгэсэн бонд гаргасан нь сайн хэрэг. Гэхдээ ямар ч бэлтгэлгүй хэрнээ сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчихсэн нь буруу. Одоо шуугиан тариад байгаа нь яавч олигтой зүйл биш. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн гэдэгтэй л адил. Аль хэзээний бонд гаргачихаад одоо ямар төслийг санхүүжүүлэх билээ гээд хайгаад байгаа нь үнэхээр харамсалтай.

-Тэгвэл Засгийн газар зүгээр л шоудаад байгаа хэрэг үү. Төлөвлөсөн зүйлгүй юм байна шүү дээ?

-Энэ үйл явцыг харахад манай ажил иймэрхүү л хэлбэртэй явагдаж байна. Нэг тийм шуугисан, намирсан, нахилзсан, хашгирсан, шоу тал нь давамгайлсан маягаар л ажлаа явуулж байгаа шүү дээ. Өдөр тутмын чимхлүүр, хар ажлаа хийж байгаа нь их ховор. Дандаа л шоу, шоу, шоу. Шоу нь юу юунаас илүү эрхэм болчихсон хэрэг л дээ. Шоу гэдэг юмаар ард түмний гэдэс цадах биш дээ.

-Бонд бол өр. Хэзээ нэг цагт биднээс их хэмжээний өр нэхэгдэх вий гэсэн болгоомжлол бий. Иргэд үүнээс л их эмээж байгаа юм билээ?

-Бондыг ашиглаж чадвал зээл, чадахгүй бол өр. Бондын ашиглалтыг хэрхэн, яаж хийх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан байсан. Хуралдаанаар дарга, цэрэггүй их л сүрхий юм яриад байна лээ. Тодруулбал, бүх төслийг Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-аар оруулж хэлэлцүүл, төсвийн байнгын хороог санхүүжилтэд хяналт тавь гэсэн байдлаар үүрэгдсэн.

Би эдгээр шийдвэрийг хараад их гайхсан. Яагаад гэвэл бондоор санхүүжүүлэх төсөл болгоныг УИХаар оруулаад хэлэлцүүл, мөн Төсвийн байнгын хороогоор шийдвэрлүүл гэдэг нь цаг хугацааг хойшлуулахтай адил. Ерөөс хамаг юмыг нь түгжээд зогсоочих гэж байгаатай адилхан. Хамгийн гунигтай нь Засгийн газар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа явдал. Засгийн газар өөртөө итгэлгүй байна. Юу хийчих бол гэдгээс ихэд айж байна.

-Бондын асуудлыг Засгийн газар дангаараа шийдэх эрх мэдэлтэй юу. УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь хариуцлагаас зугтах гэсэн оролдлого мөн үү?

-Хариуцлагаас зугтаж байгаа учраас л УИХ уруу оруулж байгаа хэрэг. УИХ-аар хэлэлцүүлсэн болъё. Хэрвээ дараа нь элдэв асуудал үүсвэл УИХ л тэгж шийдсэн гэж хэлэх үгтэй болъё гэсэн маягаар асуудалд хандаж байна. 1.5 тэрбум ам.долларыг хэнтэй ч хуваалцахгүй, дангаараа ажлаа мэдээд зохицуулах эрх мэдэл Засгийн газарт бий.

Засгийн газар шийдвэрээ гаргаж, өөрөө ч хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл хариуцлагаас айж, зугтаж Их хурал уруу түлхэж байна. Ер нь иймэрхүү байдал Монголын улстөрд сүүлийн 20 жил ажиглагдаж байгаа. Анх дээр дооргүй л хариуцлагагүй шийдвэр гаргачихаад дараа нь хэн хариуцлага хүлээх юм.

Яагаад хариуцлага хүлээдэггүй юм гэж шүүмжилдэг. Миний бодлоор УИХ-аас “Бид нэгэнт шийдвэрээ гаргаад өгчихсөн. Таван тэрбум ам.долларын бондын эрхийг олгосон. Үүнээс 1.5 тэрбумыг арилжаалсан юм байна. Харин одоо та нар наашаа, цаашаа гүйгээд байлгүй ажлаа сайн хий” гэж тодорхой хэлэх ёстой.

Угаасаа Засгийн газар энэ асуудлыг гардан хариуцах үүрэгтэй. Буруу төсөл шалгаруулаад улсыг өрөнд оруулбал хариуцлага тооцно шүү. Ямар нэгэн тайлбар байхгүй, өчиггүй ярина гэдгийг дээр дооргүй ойлгох учиртай. Энэ янзаараа бол Засгийн газар “Ард иргэдийн дунд санал асуулга явуулна” гэж ч магадгүй. Ийм зүйл огтхон ч байж болохгүй.

-Засгийн газар 100 дахь хоногийн ажлаа тайлагнахдаа “Бид бонд гаргасан нь хамгийн том амжилт” гэж дүгнэсэн. Тэгвэл Засгийн газрын шоуны бай нь бонд юм биш үү?

-Бонд Засгийн газрын 100 хоногийн ажилтай хэр холбоотойг мэдэхгүй байна. Би тэгж холбож ойлгоогүй. Засгийн газрын 100 хоногийг анзаарч байхад яам болгон л концерт тавиад байх шиг байна лээ. Ер нь тэгдэг ч юм уу, үгүй юм уу мэдэхгүй юм.

-Төлөвлөсөн ёсоор бондын хөрөнгийг чухал ач холбогдолтой таван салбарт зарцуулбал тендерийн асуудал яалт ч үгүй яригдана. Үүн дээр л маргаан их гарах болов уу гэсэн хардлага байна л даа?

-Үнэнийг хэлэхэд би хэлж мэдэхгүй юм. Өмнөх практикаас харахад бас сэрэмжлэх учир шалтгаан бий. Тухайлбал, 2010 онд улсын төсвөөс зарласан зөвхөн 27 тендерийг шалгаж үзэхэд 21 нь хууль бус байсан. Өөрийнхөө компани, найз нөхөддөө өгдөг, элдэв янз болдог байсан гэсэн үг. Өнөөдөр бондын мөнгө ороод ирчихсэн байгаа. Энэ мөнгийг тиймэрхүү маягаар зарцуулахгүй гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй.

-Бондыг хөрөнгийг таван салбарт зарцуулбал хүрэлцэхгүй гэж чамлах хүмүүс бий. Нөгөөтэйгүүр хэдэн дарга нар хуваагаад идчих вий гэсэн болгоомжлол байна?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л үүн дээр сайн анхаарах хэрэгтэй. Аливаа юм ил тод байх ёстой. Энэ асуудал дээр тод гэрэл тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Нийгмийн өмнө хариуцлагаа ухамсарласан сэтгүүлчид байгаа байдлыг ил тодоор гаргаж өгөх хэрэгтэй. Тэгж байж үр дүнд хүрнэ.

-Нэгэнт гэрийн даалгавраа хийгээгүй юм чинь муу дүн авах тодорхой юм биш үү?

-Яахав, сэргэлэн хүүхэд байж болно шүү дээ. Гэрийн даалгавраа хийгээгүй ч гэсэн хичээл дээрээ ирээд “нэг хүнээс хуулдаг” байж болно. Гэхдээ одоо цаг хугацаанд шахагдаад ирлээ шүү дээ. Нэгэнт тоолуур ажиллаад эхэлчихсэн, олон нийт шахаад ирэхээр эд нар сандарч эхэллээ. Сандарч тэвдсэндээ хурдхан шиг нэг төсөл олоод тавьчихъя, хоосон байснаас дээр гээд л явах юм бол хэцүү биз дээ. Ийм байхад олигтой үр дүнд хүрэхгүй нь тодорхой.

-Одоо 1.5 тэрбумын үйлчилгээний зардал гэж том асуудал байгаа. Энэ асуудлаа хэрхэн шийдэх нь бас л эргэлзээтэй, сонин байна?

-1.5 тэрбум ам.доллар бондын үйлчилгээний зардал гэж улсын төсөвт нэг ч төгрөг тусгагдаагүй. Тэгэхээр юуны түрүүнд 130- 140 мянган ам.долларын зардлыг нөхөх хэрэгтэй байдаг, гэтэл төсөвт нь юу ч байхгүй. Тиймээс тэр зардлаа хаанаас, яаж санхүүжүүлэх гэдэг нь хамгийн том асуудал.

Өнөөдөр Засгийн газарт ямар ч төсөл алга. За яахав, ингэж байгаад нэг юманд санхүүжилт хийлээ гэж бодъё. Гэтэл тэр төслүүд 10-20 жилийн хугацаатай. Таван жилийн дотор өртгөө нөхөөд явна гэдэг худлаа болчихлоо. Эдний тооцоолсноор том том салбаруудад өөрчлөлт хийж, тэндээс их хэмжээний мөнгө орж ирээд түүнээсээ нөхөөд явна гээд байх шиг байна лээ. Гэтэл тэр нь цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг асуудал гарна.

Ер нь 2013 оны хоёрдугаар хагаст мөнгө нь орж ирэх юм уу. Тэр болтол нөгөө тоолуур ажиллаад л байгаа шүү дээ. Миний ойлгож байгаагаар цаашид Засгийн газар өөрсдөө үүнийгээ санхүүжүүлж чадахаа болино, санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй болохоор эд нар хоёр зүйл хийх байх.

Хамгийн түрүүнд энэ мөнгөө Монголбанкинд өгнө биз. Монголбанк энэ өрийн үйлчилгээг нь хийгээд л явах байх. Тэр хооронд нэн яаралтай төсвийн тодотголыг хийх ёстой болно. Тэр дотроо энэ өрийг яаж санхүүжүүлэх вэ, үйлчилгээг нь яаж хийх вэ гэдгээ төсөв дотроо оруулж ирэх ёстой болж байна.

-Ерөнхийдөө хүүгээ л дөнгөн данган төлөөд л явах нь ээ дээ?

-Хүмүүс судалгаа хийсэн байна лээ. Арван жилийн дараа бид 1.5 тэрбум ам.долларыг буцааж өгнө. Ингэхдээ дээрээс нь хүүнд нь ойролцоогоор 500- 600 сая ам.доллар төлнө. Тэгэхээр энэ бол их үнэтэй зүйл болчихож байгаа юм.

Эх сурвалж: www.unen.mn Д.МЯГМАРСҮРЭН

6 Comments

  1. Хотын төвийн бүхий л самбарууд сонгуулийн сурталчилгаагаар дүүрэв. Өмнөх сонгуулиудаас ялгаатай нь нийслэлийн нэр дэвшигчдийн хуудас нэмэгдэж, дээрээс нь сурталчилгаа нааж болохгүй байх газруудыг тогтоож өгсөн тул байгаа хэдийнхээ талбай дээр зодолдож байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт бүхий л самбаруудын өмнөх бараа үйлчилгээний сурталчилгаа зогсчихсон юм биш. Үнэндээ самбаруудыг “дээрэмдэж” эхэлжээ. Урд нь тодорхой хугацаагаар сурталчилгаа байршуулах гэрээ хийсэн атлаа нэг л өдөр өөр нэг малийсан царайтай нөхрийн зургийг тавиад “Танайхаас гурав дахин өндөр үнэ төлнө гэж байна. Яах вэ, өгсөн мөнгийг чинь буцааж өгнө. Угаасаа сонгууль болж байхад, ойлгох байлгүй дээ” хэмээнэ. Нэр дэвшигч дарга нарт эрх нь байгаа юм хойно бүр огт самбар байгаагүй газар самбар босгож сурталчилгаагаа байршуулж байна. Хөдөө орон нутагт гарын арван хуруунд багтах сурталчилгааны самбар нь аль хэдийн эзнээ олчихсон арга ядсан нэгэн нь банкны сурталчилгааны хуудсан дээр давхарлаж наана гэж зүтгэх вэ дээ.

  2. Монголчууд: Баттулга өөрийн бизнестэй. Хэнээс авилга авах шаардлагагүй хүн. Түүнийг гутаах гэж засгийн газар тэр чигээрээ хөдөлж байгаа нь их сэжигтэй байна. Баттулга луйварчин наймаачин, жижиг гарын худалдаачин байсан ч Төрийн мөнгөөр хөрөнгөжөөгүй, хөдөлмөрөөрөө баяжсан дурак. Тиймээс Монголын ард түмний нэрийн өмнөөс авилгалчдыг шүүхэд өгсөн хүн. Ийм зоригтон одоогоор тМонголд төрөөгүй байна.

  3. 1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо , ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл ( АН , МАШСН , МИЗН ) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулж ард түмэн булхайтай хэмээн үзэж, бослого гаргаж, энэ нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдалын уламаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд МУ-ын 3 дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулан түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам Шударга ёс эвсэл , ИЗНН -тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байна.

  4. -Өмнөх УИХ-ын гурав, дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурор оруулж ирж байс­ныг та бүхэн мэднэ. Цаг хугацаа­ны хувьд энэ нь сонгуулийн өмнөх үетэй давхацсан. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Ард түмний үйлдвэр­лэсэн бүтээгдэхүүн гэсэн үг. Парла­мент залуу байна, цаашдаа сонгогчид дөрвөн жилийн гар даачих хүнийг сонгодог болох байх. Бүрэн эрхийг түд­гэл­зүүлэх хүсэлт тавиад байна гэдэг ард түмний бүтээгдэхүүн бүгд жигд биш байна аа гэдгийг хэлээд байгаа юм. Нөгөөтэй­гүүр ийм санал орж ирэхэд их хүнд байдаг. Адилхан л ард түмнээсээ сон­гогдсон 76 хүн нэг­нийгээ түлхээд гар­гана гэдэг амаргүй. Гэхдээ буруу зүйл хийгээд бай­хад нь хаацайлна гэсэн үг биш шүү. Тав дахь удаагийн сонгууль бо­лохын өмнөхөн Л.Гүндалайн асууд­лыг дахин оруулж ирсэн. Сонгууль боло­ход сар гаруйх­ны хугацаа дутуу бай­хад Л.Гүндалайн эрхийг түдгэл­зүү­лээд яахав гээд хойшлуулж бай­сан. Шинэ парламент бүрэн эрхээ хэ­рэг­жүүлж эхэлснээс хойш түүний асууд­лыг дахин оруулж ирсэн. Хуу­лийн дагуу оруулж ирээгүй гэж Хал­дашгүй байдлын дэд хороо­ныхон үзсэн. Үүнийг ойлгоод прокурор болон Авлигатай тэмцэх газрынхан Л.Гүн­далайн бүрэн эрхийг түдгэл­зүүлэх саналаа татсан.

  5. Монголчууд: Баттулга өөрийн бизнестэй. Хэнээс авилга авах шаардлагагүй хүн. Түүнийг гутаах гэж засгийн газар тэр чигээрээ хөдөлж байгаа нь их сэжигтэй байна. Баттулга луйварчин наймаачин, жижиг гарын худалдаачин байсан ч Төрийн мөнгөөр хөрөнгөжөөгүй, хөдөлмөрөөрөө баяжсан дурак. Тиймээс Монголын ард түмний нэрийн өмнөөс авилгалчдыг шүүхэд өгсөн хүн. Ийм зоригтон одоогоор тМонголд төрөөгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *