Тавантолгойгоор сонгуулийн шоу хийж байна

Тавантолгойгоор сонгуулийн шоу хийж байна

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тавантолгойн хувьцааг буцааж олгохоор болсон Засгийн газрын шийдвэр, түүнийг үр дагавар  хожим нь хэрхэн уршиг тарих тухай болон Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцсан юм. 


-Иргэд төрөөс авсан бэлэн мөнгөө буцааж өгөөд Тавантолгойн хувьцааг авч болно гэж байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг саяхан шийдвэрлэлээ. Энэ ер нь хэр оновчтой хувилбар вэ?

-“Тавантолгой иргэдэд хувьцаа хэлбэрээр очих нь зөв” гэх санал бол Ардчилсан намын мөрийн хөтөлбөрүүдийн нэг. Гэтэл бидний анх гаргасан энэ саналыг сүүлд нь гажуудуулчихлаа. Түүний оронд нь хувьцаа биш бэлэн мөнгө хэлбэрээр авах, дараа нь авсан бэлэн мөнгөө буцаагаад хувьцаа болгох гэх зэрэг сонголтууд гарган өөрчилж байна. Гэтэл энэ бүхэн үйл ажиллагаа нь дөнгөж хязгаарлагдмал хүрээнд эхэлчихээд байгаа Тавантолгойн үнэлгээнд муугаар нөлөөлнө. Дэлхийн уул уурхайн салбар, олон улсын санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт зэрэгтэй хавсарвал маш сөрөг үр дүн гарна. Бид урт хугацааны арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Гэтэл одоо хэрэгжүүлж байгаа бодлого нь тийм байж чадахгүй байна. Уг нь өнөө, маргаашийн үнэлгээнээс хамаардаггүй тийм бүтэцтэйгээр уул уурхайтай болох хэрэгтэй байгаа юм. Тэр оновчтой бүтэц нь иргэдэд хувьцаа тарааж өгөх. Хамгийн гол нь тэрхүү хувьцаа нь удаан хугацаанд хөрвөхгүй  байх ёстой. Компани ашигтай ажиллаж эхэлсний дараа хувьцаа эзэмшигч ногдол ашгаа хүртэж, түүнийгээ хэрэглэдэг механизмтай болох ёстой. Түүнээс биш зах зээлийн шуурганаар хувьцааны ханш нэг өдөр унахад эзэмшигч нь уурлаж гомдох хэцүү болно. Уг нь ийм зүйлээс хамааралгүй болгох ёстой байсан юм. Гэтэл төр яг эсрэгээр нь ажиллаж байна.
Эхлээд сая төгрөг бэлнээр нь өгчихөөд дараа нь түүнийгээ буцаагаад хувьцаа болгомоор байвал болго гэсэн. Яагаад ч юм бэ, энэ хэдэн хувьцаа нэг сая төгрөгийн үнэтэй болчихлоо шүү дээ. Хэрэв зах зээл дээр Тавантолгойн нэгж хувьцааны үнэ үүнээс хямд болбол хувьцаа авсан хүмүүс нь гомдоллож, харин илүү үнэтэй болбол бэлэн мөнгө авсан иргэдэд ашиггүй болж таарах нь. Төрөөс ийм сөрөг үр дагавартай бодлого явуулж байна. Ер нь иргэдээр бооцоо тавиулж байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа. Түүнчлэн Тавантолгой төслийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Ийм үед монголчуудыг буруу зүйл руу хөтөлчих шиг боллоо.
-Уг нь Ардчилсан нам ч гэсэн өмнөх сонгуулиар мөрийн хөтөлбөртөө Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай бас л оруулсан шүү дээ. Тухайн үед хоёр намын аль, аль нь энэ тухай ярьж байсан. Гол нь юугаараа ялгаатай юм бэ?

-Ардчилсан намаас анх гаргасан санал бол Тавантолгойг ард түмэнд эзэмшүүлэх. Энэ бол өнөө, маргаашаа харсан бодлого байгаагүй. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аль, алинаар нь яригдаж байсан “Эрдэнийн хувь хүртэх” асуудал. Энэ бол урт хугацааны бодлого байсан юм. Норвегичууд шиг уул уурхайн баялгаа эзэмших тэр хувилбар руу бид чиглэж байлаа. Гэтэл үүнийг бэлэн мөнгө тараах бизнес болгож, хавтгайруулсан халамжийн хэлбэрт шилжүүлчихсэн. Сүүлдээ бүр Тавантолгойн хувьцааг сонгуулийн амлалт болох нэг сая төгрөгтэйгөө хүчээр уяж, нэг ширхэг хувьцааны үнийг хиймлээр тогтоосон. Ингээд өөх ч биш, булчирхай ч биш болгож хувиргалаа. Маргааш гэнэтхэн уул уурхайн түр зуурын шок бий боллоо гэж бодъё. Магадгүй тэр нь зургаан сараас нэг жил хүртэл үргэжилж болох юм. Хэрэв тэгвэл одоо хэрэгжүүлж бодлогод бүхэлд нь асуултын тэмдэг тавихаас өөр аргагүй болно. Энэ бол маш буруу эхлэл.  Зүй нь бол Тавантолгойн хувьцаа иргэдэд очсоны дараа хаашаа ч хөдөлгөх боломжгүйгээр хэсэг хугацаанд байх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, нэг хэсэгтээ бэлэн мөнгө рүү шилжүүлэх боломжгүй байх байсан юм. Ядаж Тавантолгойн үйл ажиллагаа жигдрэх хүртэл. Гэтэл одоо бол бэлэн мөнгө тарааж өгж байгаа халамжийн хөтөлбөр шиг л харагдаж байна. Уг нь цаад утгаараа бол газрын баялаг нь ард түмний өмч, эзэмшил. Эзэмшинэ гэдэг нь уурхайн үйл ажиллагаа сайн байвал ашгийг нь хүртэж, муу байвал ачааг нь үүрэхийг хэлж байгаа юм. Хувьцааны гол санаа нь өмчлөх, хөрөнгөө арвижуулах. Үүнээс өмчлөх гэдэг нь илүү чухал асуудал. Өмчилж чадвал үр ашиг нь урт хугацааных байж чаддаг.

-Ирэх намраас Тавантолгойн хувьцааг Хонконг юм уу, Лондонгийн Хөрөнгийн бирж дээр гаргах тухай ярилцана. Гэтэл нэгж хувьцааных нь үнийг ингэж нарийвчлалтай тогтоосон нь Тавантолгойн хувьцааны арилжаанд сөргөөр нөлөөлөх үү. Нийт үнэлэмж нь буурах болов уу?-“Facebook” компанийн хувьцааны ханш саяхан унасан. Үүнээс болж хувьцааг нь худалдаж авсан хүмүүс нэлээд алдагдал хүлээлээ. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа яг л ийм байдаг. Тавантолгойн хувьцааг бэлэн мөнгөөр үнэлээд иргэдийн өрхийн орлого руу шууд оруулах нь маш буруу. “Баялгийг ард түмэн эзэмшдэг” гэх үндсэн зарчмаасаа гажуудчихсан гэсэн үг. Түүнээс гадна Тавантолгойн хувьцааг өнөөдөр гаргаад зарах бараа болгож хувиргалаа. Ингэж болохгүй. Энэ бол хөрөнгийн зах зээлийн тоглолт биш. Тэнд өөр дүрэм үйлчилдэг. Тийм учраас үнэлгээнд нь нөлөөлж л таарна. Тавантолгой бол дөнгөж эхлэл. Түүний цаана маш олон уурхайг ард түмэнд эзэмшүүлэх ажил явагдана. Гэтэл хамгийн эхнийхийг нь ингэж үнэгүйдүүлж, замбараагүй болговол дараа, дараагийн уурхайнуудын асуудлыг яаж шийдвэрлэх юм бэ.-Одоо энэ бүхнийг өөрчлөх боломж байна уу. Эсвэл оройтчихсон уу?

-Өөрчлөх боломж бий. Хэрэв Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулчихвал өмчлөлийн асуудлыг анхаарна. Иргэд баялгаа хувьцаа хэлбэрээр эзэмшиж, үр ашгийг нь удаан хугацааны турш хүртэх тэр боломжоор хангахын тулд ажиллах ёстой. Хүн бүр хөрөнгийн бирж, олон улсын зах зээлийн талаар хангалттай мэдээлэлтэй байж чадахгүй. Ийм тохиолдолд тэдний өмнөөс зөв шийдвэр гаргадаг хөрөнгө зохицуулалтын механизмтай байх ёстой. Тийм зүйл байхгүй байж дугаар хорооны иргэнд “Май, хувьцаа ав” гээд хүчээр тулгаад өгчихсөн. Нөгөөтөх нь “Хүүе, би одоо яах билээ” гээд сандарч байна. Энэ бол маш буруу зүйл. Дараа нь “Би чамд хувьцаа болгоод аль дээр өгчихсөн” гээд төр хариуцлагаас мултрах гээд байна.

– Гэтэл хариуцлага гэдэг бол үргэлж төрд хамааралтай зүйл байдаг, тийм үү?

-Тийм. Иргэдийнхээ баялгийг эзэмшүүлэх гэдэг бол төрийн мөнхийн хариуцлага. Тэгэхээр юун түрүүнд уул уурхайн хөрөнгийг үүсгэж, хүн бүрийн эзэмшлийг бий болгосны дараа үйлдвэрүүд нь ашиглалтад орон өгөөжөө хүртэж эхэлсний дараа иргэдэд бодит ашиг нь мэдрэгдэх тийм бололцоог бий болгох ёстой. Тэр үед хувьцаагаа зарах эсэхээ хүмүүс өөрсдөө шийддэг байх юм. Гэтэл одоогийн эрх баригчид тэгсэнгүй. Иргэд ямар ч мэдээлэлгүй байхад хувьцаагаар нь тоглоод хаячихлаа. Тавантолгойн хувьд нэгэнт иргэдэд хувьцаа, бэлэн мөнгөнөөс сонгох боломж олгосон юм бол мэдээллээр маш сайн хангах ёстой. Хувь хүн мэдээлэлгүйгээсээ болж алдаж болохгүй гэсэн үг.
-Харин сая бол яг эсрэгээр нь хийчихсэн болж таарах нь. Тийм үү?

-Тэгсэн. Сангийн сайдын саяхан өгсөн ярилцлагыг би уншлаа. Тэнд ингэж хэлж байх юм. “1.2 сая хүн хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлт гаргасан. Харин сүүлийн үед сонин хэвлэлээс уншаад байх нь ээ, зарим нь буцаад хувьцаа авмаар байгаа юм шиг байна” гэж. Энэ хариуцлагатай төр мөн үү. Биш. Энэ бол бодит мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах боломжийг иргэддээ өгсөн хариуцлагатай төрийн үг яавч биш. Улсын хөрөнгө хэдэн зуун мянгаараа нааш цаашаа савлах нь байна шүү дээ. Иргэн бүрт нэг сая төгрөг гэж тооцох юм бол 1.2 триллион төгрөгний тухай ярьж байна гэсэн үг. Энэ хөрөнгийн хэд нь гарч, хэд нь буцаж орох гээд байгаа юм бэ. Үүнийг мэдэхгүй байна. Энэ тоглоом биш. Маш өндөр хариуцлагатай, том ажил. Тухайн нэг иргэнд ирж буй дарамт нь ийм байгаа. Харин макро түвшинд улс орны эдийн засагт 1.2 триллион төгрөгийн савлагаа хүчтэй нөлөөлнө. Гэтэл ийм их хөрөнгийг ингэж хариуцлагагүй шилжүүлж болохгүй. Энэ бол маш хариуцлагагүй улс төр. Сонгуульд ялалт байгуулахын тулд хийж буй увайгүй алхам. Уг нь энэ бол сонгуулийн шоу байж болохгүй. Сонгууль болохоос өмнө бэлэн мөнгө тарааж дуусна гээд байгаа. Гэтэл сар бүр иргэдэд өгч байгаа 21 мянган төгрөг инфляцийг ямар хурдтай хөөрөгдсөн билээ дээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 26 хувиар өслөө. Иргэн бүрт нэг сая төгрөг гэвэл үнийн өсөлт яаж гаарах нь ойлгомжтой биз дээ. Тэгээд ч триллионоор яригдах мөнгийг зүгээр гаргаад өгчих чадамж байхгүй. Хамгийн гол нь Тавантолгойгоор сонгуулийн шоу хийж болохгүй гэдгийг л дахин дахин сануулах ёстой.
-Төрийн халамж хэтэрснээс болж инфляци өсч байна. Харин Монголбанкнаас инфляцийг онилсон бодлого явуулж, бодлогын хүүгээ нэмсээр байгаа. Хамгийн сүүлд 13.5 хувьд хүргэчихлээ шүү дээ. Үүнээс болж арилжааны банкууд зээлээ хумьж эхэллээ. Энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд тусч байна. Одоо тэгэхээр яах вэ?

-Монголын эдийн засаг төрийн биш хувийн секторт тулгуурлаж хөгжих ёстой. Гэтэл одоо хувийн секторт хоёр төрлийн ачаалал ирж байна. Нэг нь инфляциас үүдэлтэй бодлогын өндөр хүү. Хүү нь нэмэгдэхээр зээл хумигдаж эхэлсэн. Зээл бараг олдохоо больж, олдсон нэг нь маш өндөр хүү шаардаж байна. Нөгөө талаас цалин, тэтгэврийг нэмж буй явдал нь хувийн секторт том дарамт болж байгаа юм. Уг нь ажилчдын цалин өндөр байх нь сайн зүйл. Гэтэл төрийн байгууллагуудад чирэгдснээс болж хувийн секторынхон ажилчдынхаа цалинг нэмэх шаардлагатай болж байна. Үүнээс үүдээд орлого, зарлагын тэнцвэрээ хадгалж чадахаа болилоо. Энэ нь хувийн секторын байгууллагуудын удаан хугацаанд оршин тогтнох, үйл ажиллагаагаа явуулах боломжийг үгүй хийж байгаа юм. Өндөр хүү, өндөр инфляци Монголын хувийн секторыг хүнд дарамтанд оруулж байна. Уг нь хувийн компаниуд удаан хугацааны турш ажиллах баталгаатай байвал ажлын байрны тоо нэмэгдсээр байна шүү дээ. Хувийн секторынхон болж өгвөл бага хүүтэй зээл авч, ажилчдынхаа цалинг нэмж, ашгаа ч олсон хэвээр байх ёстой. Тэгж байж Монголын эдийн засаг хөгжинө. Ийм бодлого явуулж байгаа гэдэг утгаараа Монголбанкинд алдаа, оноотой зүйл олон бий. Гэхдээ түүний цаана байгаа хавтгайруулсан халамж хамгийн том асуудал болчихоод байна.

-Халамжийн бодлогыг нэн даруй хумьж чадвал хувийн сектор эргээд хөл дээрээ зогсохын тулд хэр удаан хугацаа шаардагдах бол?


-Одоогоос таван жилийн өмнө Засгийн газар 100 тэрбум хүрэхгүй төгрөгийг халамжид зарцуулж байсан. Харин 2010 онд энэ тоо 400 тэрбум төгрөг, 2011 онд 900 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Хоёрхон жилийн дотор 1.3 триллион төгрөгийг зөвхөн халамжид зарцуулчихлаа. Энэ онд гаргах мөнгөтэй нийлүүлэх юм бол 2.5 триллион төгрөг болно. Энэ их мөнгийг хүмүүст бэлнээр тарааж өгч байна. Гэтэл энэ мөнгөөр оронд нь дөрвөн цахилгаан станц эсвэл “Эрдэнэт”-ийн дайтай гурван үйлдвэр байгуулж болохоор байлаа. Халамж инфляци үйлдвэрлэдэг нь эдийн засгийн онолоороо нотлогдсон зүйл. Ийнхүү инфляци өсч байгаа нь хувийн секторт бас нэг том дарамж болж байна. Ийм буруу тогтолцооноос салах хэрэгтэй. Эдийн засгийн бодит өсөлтийг иргэдээс хол хөндий болгож байна. Арай ойр байгаа хэсгийг нь хавтгайруулсан халамжийн бодлогын харгайгаар сүйтгэж байна. Төр нь данхайгаад л байдаг. Хувийн сектор эргээд хөл дээрээ босохын тулд нэлээд хугацаа шаардаж мэдэх юм. Ийм үед арилжааны банкууд иргэдийн хадгаламжийн баталгааг алдагдуулахгүйн тулд зээлээ хумихаас өөр аргагүй болно.

-Өнгөрсөн онд арилжааны банкуудын зээл 70 орчим хувиар огцом өссөн. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Тэдгээрийн ихэнх нь хэрэглээний зээл байсан. Баялаг бүтээж, эдийн засагт хувь нэмрээ оруулахын тулд авч буй зээл бараг өсөөгүй. Харин оронд нь зурагтаа сольж, орон сууцаа сайжруулах, автомашин худалдаж авах гэх мэт хэрэглээнд зориулагдсан зээл ихэссэн юм. Энэ нь эдийн засгийн үр өгөөж байхгүйгээс гадна инфляцийг хөөрөгдөх аюултай. Тиймээс ийм зээлийг багасгах нь буруу биш. Нөгөө талаас иргэд аж амьдралаа сайжруулахын тулд зээл авах, зээлээ төлөх гэх мэт харилцаанд олноороо оролцож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хүү өндөр байгаа нь муу зүйл. Тэгэхээр Ардчилсан нам энэ сонгуулиар ялж гарч ирж чадвал ганц л зүйлийг баталгаатай амлаж чадна. Зээлийн хүүг огцом бууруулна. Өнөөдрийн байгаа түвшингийн талд нь ч хү

рч болохоор байна. Ингэхийн тулд олон ажил хийх ёстой. Тийм ч амархан зүйл биш. Гэхдээ бид оношоо зөв тавьсан гэж бодож байна. Хамгийн гол нь хавтгайруулсан халамжийг багасгах ёстой. Сургалтын төлбөр хэрэгтэй байгаа хүнд нь тэр мөнгийг нь өгөх гэх мэт хэрэгтэй хүнд нь хүртээх ёстой. Монголын эдийн засгийг алж, устгаж байгаа хавтгайруулсан халамжаас татгалзах шаардлагатай байна. Халамжийн бодлого хэрэгтэй. Гэхдээ байгаа оносон байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Т.ЭЛИСА
ЭХ СУРВАЛЖ: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” СОНИН

Leave a Reply

Your email address will not be published.