Улс төрийн шийдэл гаргах цаг ирлээ

А: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг. Сонгуулийн тогтолцоон дээр тохирч чадаагүй гэсэн шалтгаанаар хаврын чуулганаас хойшлуулсан. Одоо хэлэлцүүлэг ямар шатандаа яваа вэ?

Х: Одоогоор хэд хэдэн хувилбар ороод ирсэн явж байна. Хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэдэг дээр тохироод явж байгаа. Цаашаа нэг их ахисан юм алга. Миний ойлгож байгаагаар шийдэл нь цэвэр процедур талаасаа улс төрийнх байх болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл, улс төрийн гол хүчнүүд хамтарч сууж байгаад “Энэ тогтолцоо нь зөв юм байна. Энэ нь хэрэгтэй юм байна” гэж л шийдэх ёстой болов уу. Тэрнээс биш хувь гишүүн бүр өөр өөрийн саналаар яваад байх нь аль хэр зохимжтой болохыг би хэлж мэдэхгүй. Улс төрийн шийдэл гаргахдаа мэдээж өнгөрсөн 20 жилийнхээ түүхийг харж, өнөөдрийн байдлаа тооцож, цаашид хийж бүтээх ажлаа сайн бодож байж, тэдгээрийн нэгдлийг хангаж чадах тийм шийдэлд хүрэх учиртай. Улс төрийн нөхцөл байдал нь ямар байх учиртай юм. Түүнийг бүрдүүлдэг сонгуулийн нөхцөл байдал нь ямар байх вэ гэсэн логик дарааллаар асуудалд хандаж шийдэх ёстой. Надад ийм л бодол байдаг юм.

Энэ намрын чуулганы хувьд үнэхээр хамгийн гол чухал асуудал бол энэ хуулийн төсөл. Сонгуулийн хуулиа шийдчих юм бол нэлээд ажил жигдрээд цааш цаашаа тодорхой болоод явчих болов уу.

А: Танай Ардчилсан намын бүлгийн хувьд аль нэг тогтолцоон дээр тохирсон олонх гишүүдийн санал нийлсэн хувилбар байна уу?

Х: Ардчилсан намын бүлгийн гишүүд зарчмын хувьд пропорциональ систем нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өнөөдөр шууд энэ системийг нэвтрүүлье гэхэд манай байр суурийг бусад гишүүд тэр бүр хүлээж авахгүй нь ойлгомжтой. Цэвэр пропорциональ тогтолцоо нь явдаггүй юм бол ядаж холимог систем дээр тогтъё гэсэн санал ч байгаа. УИХ дахь МАХН-ын бүлэг түүнийг дэмжвэл бид ч холимог системийг дэмжихэд бэлэн гэсэн байр сууриа илэрхийлчихээд л сууж байна.

А: МАХН-ын бүлгийн зүгээс аль нэг тогтолцоог сонгоно гэсэн чимээ гарч байгаа юу?

Х: Нэг их тодорхой юм сонсогдохгүй байна. Сүүлийн үед дуулдсанаар бол МАХН-ын их хурлыг хүлээгээд байгаа юм уу даа. Их хурлаараа тодорхой шийдэл гаргах байх гээд гишүүдээ нэг их шахалгүй, хүлээсхийж бай гэсэн дохио наашаа өгсөн юм болов уу. Тийм л юм сонссон.

А: УИХ дахь хоёр намын бүлгийн дарга бүрэлдэхүүнд нь орж боловсруулсан ажлын хэсгийн гэдэг нэртэй нэг төсөл, гишүүн Л.Болд нарын өргөн барьсан өөр нэг төсөл, ийм хоёр төсөл зэрэгцэж яваад байгаа. Гишүүд аль нэг төслийг нь илүү дэмжиж байна уу, эсвэл хоёуланг нь хэлэлцэж байгаад дундын хувилбар гаргая гэсэн үү?

Х: Ер нь хоёуланг нь хэлэлцээд нэгтгэх юм байна гэсэн л байр суурьтай байгаа. Явсаар байгаад гурван хувилбар үлдчихээд байгаа юм.

А: Сонгууль явуулах тогтолцоон дээр үү?

Х: Тийм. Ингэж хуулийн төсөл хэлэлцсэн болж байгаад өнөөдрийн хувилбар дээрээ үлдэж магадгүй нэг хувилбар харагддаг.

А: Томсгосон тойрогтой мажоритар дээрээ юү?

Х: Түүнийгээ авч үлдэх саналтай, сонирхолтой нэг хэсэг байна. Цэвэр пропорциональ хувилбар руу орчихъё гэсэн нөгөө нэг хэсэг байна. Гурав дахь нь завсарын, холимог хувилбар. УИХ-ын 26 суудал дээр мажоритар системээр сонгууль явуулаад санал хураах, үлдсэн 50 суудлыг намуудын авсан саналд хуваагаад пропорциональ системээр шийдэх гэсэн ийм нэг холимог хувилбар харагдаж байгаа. Ийм гурван хувилбар л үлдэв шив дээ. Өнөөдрийн байдлаар, миний харж байгаагаар бол хамгийн магадлалтай хувилбар нь нэг бол холимог систем, эсвэл одоогийн томсгосон тойрогтой мажоритар систем л байх. Энэ хоёр л магадлалтай харагдаад байна.

А: Ажлын хэсгийн гишүүдийн гаргасан хуулийн төслөөр бол улс орон даяар нэг тойрог байна гэсэн. Тэгж болохгүй, Үндсэн хууль зөрчинө гэсэн асуудал түүн дээр гарсан. Үүнийг яаж шийдэхээр болсон бэ?

Х: Үндсэн хууль зөрчихөөр байна уу, үгүй юү гэдгийг Цэц л шийднэ. Ямар ч гэсэн УИХ хуулиа батлах хэрэгтэй. Цэцэд өгдөг хүн байдаг бол өгнө биз. Цэц дээр очвол очино биз. Тэнд эцсийн шийдвэрээ гаргуулах ёстой.

А: Холимог ситем авна гэхээр нэг хэсэг нь мөнгө төгрөг, цаг заваа үрж, бусад намынхантай өрсөлдөж, сонгогчдын санал авч байж гарч ирдэг, гэтэл нөгөө хэсэг нь бие амар сууж байгаад тэдний авсан саналын хувь дээр дөрөөлж гарч ирдэг тэгш бус байдал үйлчлэх гээд байна гэсэн шүүмжлэл дагадаг шүү дээ?

Х: Яг тийм юм болно л доо. Нэг онцлог нь 2012 онд УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай хамтатгаж хийхээр шийдвэр гарсан байгаа. Тийм тохиолдолд нэр дэвшсэн 26 хүн нь намынхаа үндсэн төлөөлөл нь болоод л явчих юм. Тэр хэд хэдий чинээ санал авна, намынх нь санал төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн ерөнхий чиг байгаа.

А: УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө яг ийм хувилбар яригдаж байгаад маргаан гараад больсон санагдаж байна?

Х: Маргаан гараад л байгаа юм . Миний санахад, бид гурван цагийн уулзвар дээр нь нэлээд том шалгуур гаргаж тавих ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн 20 жилд бид янз янзаар л явж ирлээ. Эцсийн дүндээ жижиг 76 тойрогтой тогтолцоо төрийг хүчгүйдүүлж, эмзэг болгоод байна гэдэг дээр санал нэгдээд байх шиг байгаа юм. Одоогийн томсгосон тойрогтой мажоритар тогтолцоо бол бас ч гэж өмнөхөө бодвол дээр гэдэг дээр бас санал нэгдээд байна. Гэхдээ цаашдын дүр төрхөө харвал, ялангуяа Монгол шиг жижигхэн орон геостратеги, геоэкологи, гео эдийн засгийн үүднээсээ олны анхаарал татаж байгаа өнөөгийн нөхцөлд хувь хүн гэхээсээ институц талыг нь илүү барьж явах нь зөв юм болов уу гэсэн бодол төрж байна. Тэр талаасаа пропорциональ систем нь илүү юм байна гэсэн санааг хэлээд байгаа юм. Үүнийг аль зэрэг харж үзэх юм, хуульдаа яаж тусгах юм гэдэгт л хэргийн учир байна.

Пропорционалийг авбал ядахдаа л гишүүдийн тойргийн мөнгө гэдэг маргаантай зүйл, улсын нэгдсэн төсвөөс гишүүн бүр тойрог руугаа худаг ус, дээврийн цоорхой нөхөх мөнгө татах гэдэг өрсөлдөөнөөс салж төсөв эрүүлжих байх даа?

Төсөвтэй холбоотой асуудал нэлээд цэгцрэх байх гэсэн найдвар бол бий. Халамжийн тогтолцоо хаана ч нэг их олигтой үр дүнд хүргэж байгаагүй гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болсон. Халамж, амлалт дээр тулгуурласан бодлого хортой юм байна гэдгийг манайд ч өнгөрсөн зургаан жил их тод харууллаа.

А: Сонгууль явуулдаг арга бас “но”-той шүү дээ. Үүнийг өөрчлөх талаар юу хийх вэ?

Х: Сонгуулийн тогтолцоогоо зөв болгоод, цаг үеийн шаардлагадаа нийцүүлээд авна гэдэг бол нэг шийдэх асуудал. Нөгөө нэг шийдэх том асуудал бол сонгуулиа зохион байгуулдаг арга тактикийн асуудал. Өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал бол цэвэр үүнтэй холбоотой байсан. Сонгуулийн үйл ажиллагаа булхайтай болсон учраас л иргэд бухимдаж дургүйцлээ илэрхийлсэн шүү дээ. Яах аргагүй л төр засгийн байгууллагуудын хийсэн буруу ажил гэхээс аргагүй. Шат шатандаа л сөрөг үр дагаварт хүргэсэн харамсалтай явдал болсон. Үүнийг давтахгүй байх үүднээс хувь хүнээс хамаарсан тогтолцооноос аль болохоор ангижирч холдох, автоматжуулсан хэрэгсэл нэвтрүүлэх хэрэгтэй болж байна. Хамгийн наад зах нь санал тоолох ажлыг хүн хийдгийг зогсооё. Автомат машин, ухаантай машинууд гараад ирлээ шүү дээ. Түүгээр тоолдог байя. Өнөөдрийн тогтолцоогоо хадгалж үлдэе гэхэд ядаж санал тоолдог механизмаа орчин үеийн системээр хийчих юм бол бас ч аль аль талдаа гомдолгүй л болно. Нэг нь концепцийн чанартай, нөгөө нь цэвэр практикийн чанартай ийм л асуудал. Эдгээрийг уяж шийдэх гэж бид оролдож байна.

А: Сонгуулиар иргэдэд өгдөг элдэв амлалт намуудад асуудал үүсгэдэг болсон. Үүнийг зогсоож болох уу?

Х: Сонгуулийн хуульд үүнийг хийж өгнө, амлалтыг хориглоно гэж ярьж байгаа. Хэрэв амлалт зогсоох талын асуудлыг Сонгуулийн хуульдаа хийгээд өгвөл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүрэн утгаа олох боломжтой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд бид нэг юм гаргачихсан. Гэтэл түүнийг Сонгуулийн хуультай уялдуулж цэгцэлж өгөхгүй бол хоосон болчих гээд байдаг. Одоо хэлэлцэж байгаа Төсвийн тухай хууль дээр ч нөгөө өгсөн амлалтаа яах вэ гэдгийг давхар шийдэх хэрэгтэй болж байна. Их олон асуудлыг шийдэх цаг мөч өнөөдөр Сонгуулийн хуультай уялдаж давхцаад байна. Тиймээс Сонгуулийн хуулийг нэг их хойш тавиад байлгүйгээр улс төрийн шийдлээ гаргах цаг ирлээ. Улс төрийн намуудын удирдлага харилцан ярилцаж энэ талын шийдвэрээ гаргах ёстой. Харамсалтай нь хуулийн хэлэлцүүлгийг хойш тавиад л байна.

А: Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар гэхэд санал хураалтын дүн СЕХ-ны удирдлагын атганд орчихсон байсан. Зүгээр л СЕХ-ны даргын тоглоом болсон. Шөнө дунд барагцаалж байсан сонгуулийн дүн өглөө үүрээр тэс өөр болоод гараад ирсэн. Энэ байдлыг давтахгүй гэвэл яах вэ?

Х: Зохион байгуулалтын шинж чанартай асуудал л даа. Эцсийн эцэст нөгөө И.В.Сталины хэлсэн үг байдаг шүү дээ. “Сонгууль ямар болох нь хамаа байхгүй. Хэн дүнгий нь гаргаж байна, хэн санал тоолж байна, тэр л чухал” гэж. Улс төрийн зарим нам их багшийнхаа сургаалийг их сайн сурсан байна л даа. Хэрэгжүүлж ч чадаж байна.

Сонгуульд ялахын төлөө улс төрийн нам зүтгэлгүй л яахав. Өөрт ашигтай хувилбар сонгоё гэж бодолгүй л яахав. Гэхдээ манайх шиг суурь асуудлаа шийдэж яваа орны хувьд арай өөр том асуудлаа харах л хэрэгтэй юм. Бүх асуудлаа шийдэж жигдрүүлээд, голдиролд нь оруулаад төвшин болчихсон нөхцөлд бол өөр. Манай хувьд энэ нийгмээ баталгаатай зөв явуулахын тулд зөв, сайн Сонгуулийн хууль хэрэгтэй. Ядаж пропорциональ системээ аваад, ойрын 10 жилдээ үүгээрээ яваад, эдийн засгийн өсөлт нэлээд өндөр төвшинд гарч ирээд, тэр хэмжээгээрээ Монголын нийт хүн амын ядаж 50-иас дээш хувь нь чинээлэг дундчууд болсон тохиолдолд хиймээр туршилтаа хийдэг юм байгаа биз. Тэр болтол улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн тасралтгүй байдлыг хангасан тийм сонгуулийн тогтолцоог авах ёстой. Үүний тулд хамгийн нэгдүгээрт, пропорциональ систем байна. Бүр болохгүй бол холимог хувилбараар нэг хэсэгтээ явна биз. Гэхдээ санал тоолох механизм маш сайн жигдэрсэн байх ёстой.

А: Томсгосон тойрогтой мажоритар системтэйгээ үлдэж магадгүй гэж та хэллээ. Гэтэл тэр тогтолцоогоор өнгөрсөн 2008 оны сонгуулийг явуулахад нэг тойрогт нэр дэвшсэн нэг намынхан хоорондоо өрсөлдөөд эхэлсэн шүү дээ?

Х: Тэгсэн. Нам дотроо өрсөлдсөн явдал гарсан. Элдэв л юм болсон. 1990 онд бид төрийн тогтолцоо нь ардчилсан байна гэсэн сонголт хийсэн. Түүнийг бүрдүүлэхдээ улс төрийн намуудаар дамжуулж, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлнэ гэсэн. Үндсэн хуульд энэ санаа байгаа. Улс төрийн намуудаар дамжуулж, төлөөллийн ардчиллыг бүрдүүлнэ гэсэн санаа байгаа нөхцөлд улс төрийн намын үүрэг роль онцгой болчихож байгаа юм. Тэгэхээр улс төрийн намыг ХХI зууны шаардлагад нийцүүлж, тэр хэмжээнд аваачих хэрэгтэй байна.

А: Яавал тэр шаардлагад нь нийцсэн намтай болох вэ?

Х: УИХ-аар гаргаж байгаа хуулиудаараа дамжуулаад улс төрийн намыг бэхжүүлэх шаардлагатай. Хэн дуртай хүн өөрт ашигтай бол нам байгуулж сонгуульд ордог, нэг намаас нөгөө нам руу дуртай цагтаа гүйж харайж шилждэг, намыг наймааны хэрэгсэл болгож ашигладаг байдлаас урьдчилан сэргийлсэн шийдлүүдийг л УИХ гаргах ёстой юм. Сонгуулийн тогтолцоондоо ч үүнийг давхар бодож байх ёстой. Бидний барьж байгаа сонгуулийн тогтолцоо улс төрийн намуудыг бэхжүүлж байна уу. Хэрэв бэхжүүлж чадаж байгаа бол төрийн ардчилсан тогтолцоог бэхжүүлээд л явчихна. Хэрэв намуудыг сулруулаад, дотор нь хэмлэлдээн, элдэв сөрөг асуудлыг үүсгээд, өөхшүүлээд байгаа бол төрийг бас л тэр хэмжээгээр хэврэгшүүлж байгаа гэдгийг санах ёстой.

А: Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төслийг Сонгуулийн хуультай давхар ярина гээд бас хойшлуулсан. Ер нь эмэгтэй нэр дэвшигчдийн квот байх хэрэгтэй юү. Эсвэл эрчүүдтэйгээ адилхан өрсөлдөөд гарч ирсэн нь дээр юм уу?

Х: Ний нуугүй хэлэхэд би эхлээд Жендэрийн тэгш байдлын тухай тусгай хууль байх эсэх тухай асуудлыг нэлээд бодож байсан. Байх ёстой ч юм болов уу гэж боддог байсан. Сүүлийн үед тусгайлсан хууль байх хэрэггүй гэж үзэх болсон. Эмэгтэйчүүд улс төрд орох орон зайг Улс төрийн намуудын тухай хуульд тусгай нэмэлт оруулах аргаар хангаад өгчихөж болмоор санагдаж байна. Тэгш эрхийн тухай асуудал бол байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй, хотын, хөдөөгийн, өндөр, нам ялгаагүй, хүн л бол хүн. Тэгш бололцоогоор тэднийг хангаж өгөх нь чухал. Харин олдсон бололцоогоо хэрэгжүүлж чадаж байна уу, үгүй юү гэдэг нь тухайн хүнээсээ хамаарна. Эмэгтэйчүүд тэгш бололцоотой байхаас гадна бололцоо шаардсан эрчүүд ч зөндөө байна. Тэгш бололцоо нь хангагдаагүйн улмаас амьдрал ахуй нь хүнд эрчүүд олон байгаа. Тэгш бололцоо гэдэг концепциор асуудлыг авч үзвэл илүү өргөн хүрээг хамрах болов уу гэж би сүүлийн үед үздэг болсон.

А: Сонгууль хүссэн хүсээгүй мөнгөний ажил болсон. Голдуу санхүүгийн байдлаасаа шалтгаалж эмэгтэйчүүд улс төрд тэр бүр орж чаддаггүй шүү дээ?

Х: Мөнгө сонгуульд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэггүй тэр тогтолцоог л шийдэж өгье л дөө. Улс төрийн намуудын хуульд шинэчлэлт хийх замаар шийдэж болох байх аа.

А: УИХ өөрсдөө мэдэж томилдог байгууллагынхаа даргын асуудлыг шийдэж чадахгүй болтлоо жижгэрчихлээ. АТГ-ын дарга нарын асуудлыг хэлж байна л даа. Хууль зүйн байнгын хороон дээр энэ асуудал гацчихаад байна. Тэр талаар та ямар бодолтой байгаа вэ?

Х: УИХ нэлээд дээр үеэс л иймэрхүү байдалтай болчихоод байгаа. Парламент зохих ёсныхоо байр суурь дээр тэр болгон байж чадахгүй, өөрийн томилдог байгууллагын хүмүүс дээр хариуцлага тооцож чадахгүй байдалтай болчихсон. Ч.Сангарагчаа ч гэлтгүй Засгийн газрын гишүүдэд ч ингэж л хандаж байна. Хариуцлага тооцож чадахгүй, элдэв янзын аар саар зүйлээр хамгаалж өмгөөлсөн болоод л аргалаад яваад өгдөг. Тийм зүйл бол байдаг. Хэрэг дээрээ хууль зөрчсөн л бол зөрчсөн. Их зөрчсөн, бага зөрчсөн гэж байхгүй шүү дээ. Ард иргэдтэй уулзаж байхад ярьдаг зүйл бол тэр. Нэг хэсэг нь хууль зөрчиж байхад хууль үйлчилдэг, нөгөө хэсэгт нь үйлчилдэггүй гэж хэлдэг. Сонгогчидтой уулзахаараа бид чинь хууль тэгш үйлчлэх ёстой, шударга байх ёстой гээд л яриад явдаг. Яг хэрэгжүүлэх болохоороо тэгж чаддаггүй. Зөрчил гаргасан л бол их бага гэлтгүй зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэдгийг хэрэгжүүлж чадахгүй л байна.

А: Улсын ерөнхий прокуророос Ч.Сангарагчаа даргыг огцруулаад өг гээгүй шүү дээ. Албан тушаалаас нь түдгэлзүүлээд, шалгах боломжоор хангаад өгөөч. Гэм буруугүй бол эргээд ажлаа хийгээд явна биз л гэсэн. Гэтэл яагаад тэгж болдоггүй юм бэ?

Х: Би Ч.Сангарагчаа гэдэг хүнийг ярихгүй. Угаасаа л УИХ гэдэг институт өөрөөс нь томилогдож байгаа байгууллагуудтайгаа яаж харилцаж байгаа юм бэ гэдэгт л асуудал байна. Ялгаварлан гадуурхсан байдалтай харилцаж байгаа ч юм бий байх.

А: Монголбанкныхныг болохоор сүрхий сүр бадруулж байгаад огцруулчихдаг шүү дээ. Яагаад авлига гэхээр тээгэлчихдэг юм бол?

Х: Би тэрийг УИХ-ын нэрийн өмнөөс хэлж мэдэхгүй. Харьяалал нь Хууль зүйн байнгын хороо. Тэд асуудлаа шийднэ биз. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэртэй тэргүй надад үгээ хэлэх, байр сууриа илэрхийлэх боломж олдоно. Тэр үед хэлье.

А: Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төсөлд гишүүдийн тойргийн нэг тэрбум төгрөг “орон нутгийг хөгжүүлэх” гэсэн нэрээр бас суучихсан явж байх шиг байна. Энэ дээр юу хэлэх вэ?

Х: Нэг тэрбум төгрөг нэг их суусан юм байхгүй. Тийм яриа бол та нарын зүгээс яваад байгаа. Яг хууль дээр үг, үсэг талыг нь бариад хөөх юм бол тэрийг олж харахгүй. Гарч ирэхгүй. Гэхдээ түрүүчийн Сонгуулийн хуультай холбож хэлэхэд бодлогын чанартай асуудлууд хоорондоо яаж уялдаж байна вэ гэсэн асуудал гарч ирнэ. УИХ дээр дандаа байгууллага хоорондын эрх мэдэл хуваарилах тухай л яриад байгаа болохоос биш, ямар бодлого байгаа юм. Юу хийх гээд байгаа юм. Яах гээд байгаа юм гэдгээ гаргаж ирж чаддаггүй. Сая болсон Ардчилсан намын бүлгийн хурал дээр л гэхэд цэвэр усны хангамж, татуургын тухай асуудал хэлэлцлээ л дээ. Крантаар гоожиж байгаа усны цэвэр, бохирын тухай л асуудал шүү дээ. Жижигхэн юм шиг санагдаж болох боловч үүний цаана ямар бодлого байгаа юм бэ. Ямар харилцааг аль төвшинд яаж шийдэх гээд байгаа юм бэ гэдгийг сайн гаргаж ирээгүй байгааг миний хувьд шүүмжлээд л тавьчихлаа. Аль ч хууль иймэрхүү л байна. Зүгээр л хэн нэг албан тушаалтанд эрх мэдлийг нь нэмж олгох уу, шинээр өгөх үү, эсвэл багасгах уу гэсэн зүйлийг л яриад байна шүү дээ, бид. Цаад бодлогыг нь зөв тогтоож байж л хууль амьдралд нийцнэ гэдгийг цаашдаа анхаарах шаардлага гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: news.mn, 2010.10.20, сэтгүүлч Д.Оюунцэцэг

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *