АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаа больсон шүү дээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
А. Ардчилсан хүчний хол­бооны анхдугаар их ху­рал маргааш болох гэж байна. Байгуулагдаад сар гаруй болж байгаа төрийн бус бай­гууллага ийм богино хугацаанд их хурлаа хийнэ гэдэг өмнө бай­гаагүй амжилт байх. Цаа­шид нийгэмд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь гэж ойлгож болох уу?
Х. Шинээр байгуулсан хол­бооны талаар хоёр гурван зүйлийг онцолж хэлмээр бай­на. Нэгдүгээрт, Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага. Цэвэр сайн ду­рын байгууллага. Тиймээс аль нэг нам, эвсэл, янз бү­рийн бүлэг фракцын төлөө­лөл биш гэдгийг хэлэх гэсэн юм. Хоёрдугаарт, энэ бай­гууллагын гол зорилго нь нийгмийн шинэчлэлийг үр­гэлж­лүүлж чанарын шинэ шатанд гаргахад чиглэж бай­гаа. Өнгөрсөн 20 жилд бид нэлээд юм хийлээ. Амжилт, ололт байна. Тэр дотроос болж бүтэхгүй байгаа нь дэн­дүү их байна. Үүн дээрээ анхаарч, нийгмийг шинэчлэх процессыг эрчимжүүлж, да­лайцыг нь нэмэгдүүлье. Энэ үйл хэрэгт аль болох олон хүнийг хамруулснаар шинэ шатанд гарчих гэж байгаа. Төрийн бус байгууллага учир аль ч нам хүчинд нээлттэй байхаар зохион байгуулж байгаа. Өөр хэлэх онцлог нь энэ төрийн бус байгууллагыг байгуулж, үүсгэн санаа­чил­сан хүмүүс нь голдуу УИХ-д сууж байгаа хүмүүс. Өвөрмөц онцлог нь юу байна гэхээр УИХ-ын гишүүд өөрт олгогд­сон эрх мэдлийн дагуу ард иргэдээс гарч ирж байгаа санал санаачилгыг хууль тогтоомж, төрийн бодлогод тусгах боломжтой. Мөн энэ төрийн бус байгууллагын өөр нэг онцлог бий. Манай хол­боо клубын зарчмаар ажил­ла­на. Хүн бүрт тодорхой ашиг со­нир­хол байдаг. Тэр сонирх­лоороо нэгдэн, түүн­тэй хол­боотой зүйлээ төрийн бод­логод тусгах, аймаг, орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх зүйл юу байна вэ гэдгийг гаргаж ирэх зохион байгуу­лалтын энэ хэлбэр бусад төрийн бус байгууллагуудыг бодвол арай шинэлэг. Гурав­дугаарт, би хувьдаа олзуур­хаж байгаа нэг зүйл нь энэ холбоо орчин үеийн техник, технологийг, ялангуяа интер­нэтийг өргөн ашиглаж, орон зай гэдэг ойлголтыг давж гарч чадсан. Монгол Улсын аль ч өнцөгт байсан интернэт рүү ороод, сэдэв хөндөж, асуудал гаргаад тавих, түүгээрээ хэ­лэл­цүүлэг өрнүүлэх, нэгтгэн дүгнэх боломж бололцоо нь нээгдэж байгаа юм.
А. Их хурлаараа ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн бэ?

Х. Үүсгэн байгуулагчдын хурал нэлээн дээр болсон. Ийм байгууллага байгууллаа, ийм учир утгатай гээд санаа оноогоо олон нийтэд хэлчих­сэн. Түүнээс хойш хүмүүс маш их сонирхож байна. Ая­тайхан байгууллага болчих ч юм болов уу гэсэн хандлага байгаа юм. Тал талаасаа дэмжээд явж байна гэж ойл­гож байгаа. Нэлээд хэдэн аймагт Ардчилсан хүчний холбоо салбараа байгуулсан. Нийслэлийн дүүргүүдэд, за­рим сумдад салбар зөвлөлөө байгуулж байгаа. Цаашдаа өргөжих байх. Анхдугаар их хурлаараа албажуулах шинж чанартай асуудлуудаа хэлэл­цэж таарна. Түүнээс гадна хоёр гурван том төсөл дээр байр сууриа илэрхийлж, өр­гөн хэмээний хэлэлцүүлэг өрнүүлнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Нэгдүгээрт, “Шинэ хөдөө” гэсэн төсөл бий. Хоёр­дугаарт, олны анхаарал та­таад байгаа “Утаагүй Улаан­баатар” гэсэн багц сэдэв орж байгаа. Гуравдугаарт, нийг­мийн боловсролын асуудлыг хөндөнө. Ийм гурван сэдвээр салбар хуралдаанууд болно.
А. Ардчилсан хүчний хол­бооны зургаан дэд ерөн­хийлөгчийн нэг нь та. Таны хувьд ямар асуудлыг хариуцаж бай­гаа вэ?
Х. Надад төрийн байгуу­лалт­тай холбоотой асуудлыг хариуцуулсан. Энэ хүрээнд ярих асуудал зөндөө байгаа. Нийгэмд улстөрийн намын үүрэг ямар байна. Түүнийгээ биелүүлж чадаж байна уу, үгүй юу. Намууд цаашид яах юм гэсэн ийм багц асуудал байгаа. Мөн сонгуулийн тог­тол­цоотой холбоотой асууд­лууд олны анхаарал татаж байна. Төрийн байгуулалтын шинж чанартай,  Үндсэн хууль­тай холбоотой асуудал ч анхаарал татаж байгаа. Гэх мэтчилэн энэ бүх асуудлууд ерөнхийдөө миний хариуцаж байгаа багцад багтсан бай­гаа. Анхдугаар их хурлаар энэ асуудлуудыг хөндөхгүй байя гэж бид шийдсэн. Яагаад гэвэл УИХ дээр хэлэлцэж байгаа, ажлын хэсэг бай­гуулан ажиллаж байгаа хэд хэдэн хуулийн төсөл, баримт бичгүүд бий. УИХ-ын дарга захирамж гаргаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол ямар хэмжээнд байх юм, яаж үүнийг хийх вэ гэдэг механизмыг судалъя  гэж тогтсон. Улс төрийн на­муу­дын тухай хуульд өөрч­лөлт оруулах, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн най­руулах асуудлуудыг ч гэсэн УИХ-ын хэмжээнд ярьж бай­гаа. Тэгэхээр энэ асуудлуу­дын чиг нь гараад ирэхээр  хөндөх хэрэгтэй байх.
А. Та Үндсэн хуулийн зарч­мыг алдаг­дуу­лах­гүйгээр засах зүйл бий гэж үздэгээ илэрхийл­сэн байсан. Тухайлбал яг юуг нь өөрчлөх ёстой вэ?
Х. Аливаа Үндсэн хууль гэдэг тухайн нийгмийг барьж байх араг яс нь. Манай одоо­гийн Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Хуучин тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжихэд Үнд­сэн хууль үүргээ гүйцэтгэсэн. Өнгөрсөн 20 жилд юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаа нь харагдсан. Би хувь­даа нэг их адлаад байх Үнд­сэн хууль биш гэж үзэж бай­гаа. Ер нь Үндсэн хуулийг өөр­чилнө гэдэг асуудлыг ний­гэм бүхлээрээ томоохон ху­вьс­галт шинж чанартай өөрч­лөлт хийсний дараа ярьдаг юм шиг байгаа юм. Одоо бол тийм хэмжээний хувьсгалт өөрчлөлт алга. Тиймээс Үнд­сэн хуулийг өөрчлөх гэж яри­хаа­саа илүү нэмэлт, өөрч­лөлт оруулах талаар ярьж болно. Үнэхээр явахгүй бай­гаа зарим нэг жижиг сажиг асуудал байгаа бол түүнийг шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
А. Таны хувьд яг тийм болж бүтэхгүй байгаа зөрчилтэй зүйл Үндсэн хуулиас олж харж байна уу?
Х. Улиг домог болсон жи­шээ хэлэхэд хот гэдэг үг Үнд­сэн хуульд байхгүй. Нийслэл, аймаг байна гэж л заасан. Хот байхгүй гэхээр эдийн засгийн өсөлт,  үйлдвэр­жүү­лэлт гэх мэт том асуудал яри­хад асуудал тулгараад бай­на. Үүнийг нэг тийш шийдэх хэрэгтэй. Засаглалын хэлбэр­тэй холбоотой ганц нэг асуу­дал байна. Миний дотроо бодож явдаг зүйл бол нэгэнт парламентын засаглалыг сонгосон тул түүнийгээ төгөл­дөржүүлж, тодруулж өгөөд, сонгодог хэлбэрт нь оруул­чихвал яасан юм бол гэсэн бодолтой байгаа.
А. Парламентын сонгодог хэлбэр рүү шилжихийн тулд сонгуулийн тог­тол­цоог шинэчлэх шаард­лагатай биз?
Х. Тийм. Энэ өөрчлөлтийг сонгуулийн тогтолцооноос эхэлнэ. Тэгээд яг парламент дээр аваад үзвэл ялсан на­мын дарга Ерөнхий сайд бол­дог. Ерөнхий сайд парламен­тыг тараах эрхтэй байдаг тэр зарчмыг Үндсэн хуульдаа суулгаад өгчих хэрэгтэй.

А. УИХ-ын шийдвэр Үнд­сэн хуулийн Цэц дээр очоод унадаг тохиол­дол цөөнгүй гарч байна. Энэ нь УИХ муу хууль баталж байгаагийнх уу, Үндсэн хууль амьдралд нийцэхгүй байгаагийнх уу?
Х. Үндсэн хуультай холбоо­той асуудал байна. Үндсэн хуульд байгаа зөвшилцөх гэдэг үгийг хэн яаж уншихаас болж бид маргалдаж байлаа. Энэ бол субьектив шинжтэй зүйл. Би нэг янзаар тайлбар­лаж уншина, нөгөө хүн шал ондоо байдлаар уншаад бай­даг. Ер нь Монгол Улс цоо шинэ тогтолцоо руу шилжиж байгаа. Түүнийхээ араг ясыг босгоод, дараа нь төлөв­шүүлэх гээд байгаа гэдгээ санах хэрэгтэй. УИХ-ын шийд­вэр Цэц дээр унаад байгааг бүх юм болохгүй болсон юм шиг бодож болох­гүй. Яах гэж Цэцийг байгуул­сан юм гэхээр тодорхой нэг асуудал гарвал хянадаг ме­ха­низм байх ёстой гэдэг үн­дэслэлээр байгуулсан шүү дээ. Тэгэхээр үүнийг угаасаа ардчиллын элементүүд хоо­рон­доо уялдаа холбоотой, хийх ёстой ажлаа хийгээд явж байна гэдгээр ойлговол арай утгатай байх. Гэхдээ алдаа дутагдал байна, түүнийг нь далдалж байна гэж байгаа юм биш.
А. Хамгийн сүүлд ги­шүү­дийн 76 тэрбум төгрө­гийн асуудал Цэц дээр унаад байгаа. Цэцийн 2007 онд гаргасан шийд­вэрийг УИХ биелүүлээ­гүй байна гэж үзсэн шүү дээ?
Х. Ахиад хэлэхэд, хуулийг хэн яаж уншиж байгаагаас болоод ийм асуудал үүсээд байгаа юм. УИХ Үндсэн хуу­лийн Цэцийн шийдвэрийг л авч хэлэлцэх ёстой. Сая УИХ-ын даргад ирүүлсэн би­чиг бол Цэцийн шийдвэр биш, Цэцийн даргын албан би­чиг. Тэгэхээр энэ албан бич­гийг УИХ хэлэлцэх ёстой юу гэдэг бас л асуудал. Үү­нийг яах вэ гэдгийг хуулиар зо­хицуулсан юм байхгүй. Гэх­дээ хууль тогтоох үйл ажил­ла­гааны практикаараа про­це­дент тогтоогоод явж бай­на. Цэцийн 2007 оны шийд­вэр бол тухайн онд батлагд­сан төсвийн тухай хууль дээр яригдаж байгаа. Гэтэл өнөө­дөр бид тэр төсвийг биш 2010 оны төсвийг ярьж байгаа. Энэ бол шал ондоо төсөв. Энэ мэтээр хүн бүр янз янзаар уншиж тайлбарлана. Үүнийг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ алга. Амьдарлаас тодорхой асуудал урган гар­на. Түүнийг хэрхэн яаж унших вэ гэдэг чухал. Би нэг юм бо­доод явдаг юм. Гадаад до­тоо­дынхонтой уулзахдаа ч үүнийгээ ярьдаг. Манайхан хууль хийдэлтэй, дутуу дули­маг байна гээд байдаг. Үнэ­хээр тийм болохоо байсан юм уу гээд гаднын экспертүүд авчраад үзүүлэхэд, тэд наад хуульд чинь буруу юм алга. Концепц нь зөв, тодорхой заах ёстойгоо хийж. Асуудал юундаа байна гэхээр та на­рын хэрхэн уншиж байгаад л байна. Та нар хуучин сэтгэх­гүй­гээрээ, социалист ойлгол­тоороо уншаад байхаар зөр­чил гарч байна гэж надад нэг хүн хэлж байсан. Тэр хүний үгийг ортой байх гэж боддог.
А. Цэцэд гомдол гаргасан иргэд УИХ-ын гишүүд гурван жилийн өмнөх 250 сая төгрөгөө нэг тэрбум төгрөг болгож хэмжээг нь нэмэгдүүлс­нээс биш бусдаар өм­нөх алдаагаа давтсан гэж үзсэн байна лээ?
Х. Тэгээд л байгаа юм. Угаа­саа зарчмын шинжтэй хоёр гурван асуудал байгаа юм. Миний ярьсныг буруу ойлгоод, буруугаар мушгин гуйвуулах магадлал бий. Тиймээс хэлэхгүй өнгөрч болохгүй байна. Угаасаа тоглоомын дүрэм юу юм гэдэг асуудал чухал. Яг чухам юун дээр тогтсон юм гэвэл, хууль тогтоох эрх УИХ-д хадгалаг­дана. УИХ ард түмнээс сонго­сон гишүүдээс бүрдэнэ гэж байгаа. Хууль тогтоох эрхээ УИХ хэрэгжүүлж байна уу гэдгийг хянах, буруу хэрэг­жүүлж байвал хариуцлага тооцох механизм бас байгаа. Энэ нь сонгууль. Буруу ажил­ласан бол дараагийн хүнийг сонгоно. Биднийг ард түмэн хууль тогтоо гэж явуулсан. Төсвийн хуулиа батал гэж сонгосон. УИХ-ын гишүүд өгөгдсөн нөхцөл байдалд тохируулаад төсвийн тухай хууль баталсан. Зөв буруу юу гэдэг нь хамаагүй. Сонгосон, баталсан. Дүрэм нь тийм. Манайхан үүнийг буруугаар мушгих гээд байдаг. Эцэстээ бидний баталж байгаа хуу­лийг болохгүй байна гэвэл сонгосон хүнээ хүлээн зөв­шөөрөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ их олон талтай процесс. Би асуудлыг хур­цатгаж, олныг шуугиулах гээд байгаа юм биш. Гэхдээ цө­мөөрөө нэг ойлголттой байя. Нэг хэлээр ярья. Тэгэхгүй бол нэг юм яриад өөр өөрөөр тайлбараад байж болохгүй. Тоглоомын дүрэм бол УИХ хууль тогтоох байгууллагын хувьд Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг бат­лаад явуулна. Ийм л ойлголт байгаа.
А. Цэцийн даргын бичиг­тэй холбогдуулан УИХ-ын дарга Ерөнхий сай­дад албан бичиг илгээ­сэн. Гишүүдийн 76 тэр­бумтай холбогдуулан хаврын чуулганаар төс­вийн тодотгол хийх нь тодорхой боллоо шүү дээ?
Х. УИХ 2010 оны улсын төсөвт тодотгол хийх нь ойл­гомж­той болчихсон байгаа. Би 76 тэрбумыг төсөвт тодот­гол хийх шалтаг болсон, харин цаана нь нэлээд хэдэн асуудал байсан гэж бодож байгаа. Улсын төсөв хэлэл­цэх үед ярьж байсан нэлээд хэдэн асуудал бий. Тийм учраас төсвийн тодотгол хийх нь ойлгомжтой гэдгийг гишүүд хэлж байсан. Сангийн сайд ч гэсэн хавар тийшээ төсвийн тодотгол хийе гэж мэдэгдэж байсан. Үүнтэй уялдаа холбоотойгоор хэлэ­хэд төсвийн тодотгол гэдэг нэг асуудал. Үүнээс гадна төсөв баталдаг тогтолцоотой холбоотой багц асуудал гарч ирж байгаа. Энэ чиглэлд УИХ хоёр гурван зарчмын шинж чанартай алхам хийлээ. Ний­гэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавар хэ­лэлцэж байхаар болов. Төс­вийн хүрээний мэдэгдлээ мөн хавар батлаад, дараа нь түүндээ зохицуулж төсвөө баталж байя гэж байгаа. Одоо бол энэ бүхэн хамт яваад байгаа. Үндсэн чиглэл гэж ярьж байгаад түүнийгээ төсөвтөө суулгана гээд л. Төсөв  ярьж байгаад “Үгүй, энэ болохоо байчихлаа. Үнд­сэн чиглэлээ өөрчилье” гэдэг байв. Үүнд цаг хугацааны хувьд зааг гаргаад, үндсэн чиглэлээ эхэлж батлаад да­раа нь төсвөө баталдаг тог­толцоо руу оръё гэж то­хир­сон. Хоёрдугаарт,  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг даруй хэлэлцэж ба­талъя гэж байгаа. Тэгээд мөн Төсвийн тухай хуульдаа өөрч­лөлт оруулна гэсэн чигтэй байна. Энд нэг зүйлийг би илүү шохоорхож, сонир­хож байгаа юм. Төсвийн ту­хай хуульд орон нутгийн эрхийн тухай асуудлыг яаж тусгах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа.
А. Ерөнхий сайд төсвийн жилийг өөрчлөх тухай байр сууриа илэр­хийлсэн. Үүнийг дэм­жиж байгаа юу?
Х. Энэ ч гэсэн зөв. Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үедээ төсвийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төсвийн жи­лээ цаг хугацааны хувьд өөрчлөх тухай ярих байх. Улсын төсвийг аравдугаар сарын 1, эсвэл дөрөвдүгээр сарын 1 гэж баталж болно. Амьдрал өөрөө баян шүү дээ. Тодорхой асуудал гараад ирж болно. Юуны төлөө байн­гын ажиллагаатай пар­ла­менттай билээ. Асуудал гарвал шуурхай шийдэх бо­ломж­той.
А. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ хуулийн төсөл ямар болж вэ?
Х. Ерөнхий санаанууд нь туссан байна. Гэхдээ энэ төслийг хэлэлцэх гэж нэг их яарч сандраад, шахах хэрэг­гүй. Би хувьдаа тэгж бодож байгаа. Жаахан баримжаа авахын тулд ярилцъя, хэлэл­цье. Төсвийн тогтвортой байд­лын тухай хууль мэдээж хэрэгтэй. Ер нь Монгол Улсын төсөвт хоёр зүйлийг ялгах хэрэгтэй. Өөрсдийн хөдөл­мө­рөөр бий болгосон нийгмийн баялаг юу билээ. Өөрөөр хэл­бэл хөдөлмөрийн бү­тээмж өсч байна уу. Хэдэн хувь байна. Хүч хөдөлмөр, хөлсөө дуслуулж бүтээсэн баялаг төсөвт нэг янзаар тусах ёс­той. Үүнээс гадна тэнгэрээс унаж байгаа хишиг гэмээр тийм шинж чанартай зүйл бас байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ гэнэт өсөх тохиолдол байна. Ту­хайлбал өнөөдөр алтны үнэ 1000 доллар, зэсийнх 7000 доллар даваад явчихлаа. Тийм орлогыг яах ёстой юм гэх мэт. УИХ Монгол Улсын төсөв нэг тусдаа, сангууд нэг тусдаа байх ёстой гээд Хүний хөгжлийн санг байгуулсан. Одоо үүнийг зүгшрүүлэх хэ­рэг­тэй. Энэ сангийн хөрөнгийг яаж зарцуулах юм. Бид өн­гөрснөөс уламжилж авснаа идэж уух нэг хэрэг, Өөрсдийн бүтээснийг идэж уух нэг хэрэг. Ирээдүйд хүүхэд, ач гуч на­рынхаа хэрэглэх баялгаас урьдчилж идэх бүр өөр хэрэг. Энэ бүхнийг ялгаж салгаад “Хийснийхээ хэрээр ид. Ирээ­дүйн үр хүүхдийнхээ хоол­ноос битгий хумсал” гэдгийг хуулийн хүрээнд  зохицуулж өгөх ёстой. Тэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа бий болох Тогтвор­жуулалтын сан байх юм.
А. -Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 76 тэрбум болон сон­гуулийн бэлэн А. мөнгө­ний амлалтууд хааг­да­на. Тиймээс энэ хуулийг улстөрчид батлахгүй байх магадлалтай гэж үзэх хүн цөөнгүй бай­на?
Х. Тийм хязгаарласан заал­тууд энэ хуулийн төсөлд байгаа. Гэхдээ улстөрчид үүнийг хүлээж авна байх. Өнөөгийн төсвийн хууль угаа­саа болохгүй байна. Сонгуу­лийн хууль өөрөө ийм амлалт руу шахдаг тогтолцоог бий болгоод байгаа гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөөд байна. Энэ асуудлыг шийдэх хүсэл зориг гэж нэг юм байх ёстой. Үүнийг далимдуулаад улс төр хийх, цэцэн мэргэн болж харагдах, шударга дүр эсгэх гэсэн үйлдлүүд байна. Эдгээрийг ялгаж салгах хэ­рэгтэй. Би хувьдаа УИХ-ын шийдвэр аль болох популист алхмаас хол, сэтгэл хөдлөл бага байгаасай гэж боддог.
А. Одоо ярьж байгаа төс­вийн шинэчлэл эдийн засгийн шинэчлэлийн эхлэл мөн үү?
Х. Гарцаагүй мөн. Мөнгө гэдэг нийгмийн харилцааны төвлөрсөн илрэл. Улсын төс­вийн орлого талд нэг юм нэмэгдээд, зарлага нэг тоо бичигдээд ирнэ гэдэг Монго­лын нийгмийн харилцаа ямар байгааг илтгэж байгаа юм. Төсвийг бүтцээр нь аваад үзэхэд хүн амын орлогын албан татвар нэмэгдээд,  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувийн жин багасч, нэмүү өртгийн албан татвар өсөөд ирж байна гэдэг Мон­голын нийгэм ямар байгааг илтгэж байна. Төр нь төр шиг  төр үү. Төмөр нүүрээ гаргаж чадаж  байна уу. Хүчтэй төр үү, сул төр үү гэдэг нь улсын төсвийн орлого дээрх тооны өөрчлөлтүүдийн цаана маш тодорой харагдаж байгаа. Улсын төсвийн зарлага талыг аваад үзэхээр тэр нь нэмэгд­лээ, энэ нь ч нэмэгдлээ, хөрөнгө оруулалт, нийгмийн халамж өслөө гээд тоон үзүү­лэлт харагддаг. Үүний цаана нийгмийн ямар харилцаа байна вэ гэдэг нь маш тодор­хой. Энэ нийгэм халамжлагч нийгэм үү, бүтээн байгуулагч нийгэм үү. Өөрсдөө үйлд­вэрлэгч үү, эсвэл тэнгэр ха­раад маань уншдаг нийгэм үү. Энэ харилцаа улсын тө­сөв, мөнгө гэдэгт тэр чигээрээ туссан байгаа. Төрийн хар хүн энэ бүхний чиг хандлагыг олж харж, ялгаж чаддаг, тэн­дээсээ нийгмийг урагш­луу­лах, ахиулах зүйлийг нь харж дэмждэг байх ёстой гэж ойл­годог.
А. Өнөөгийн төрийн хар хүмүүс тэгж чадаж бай­на уу?
Х. Эмоци, сэтгэлийн хөдөл­гөөнд автсан, их богино зайг харсан, хэсэг хугацаанд тод­роод олон түмэнд таалагдсан маягаар улс төржиж, мэдэм­хийрэх явдал байгааг үгүйс­гэх аргагүй.
А. Бүтээгч нийгэм гэснээс нийгмийн халамжийг буу­руулах тал дээр УИХ, Засгийн газар дор­витой алхам хийж ча­даж байна уу?
Х. Би төрийн бодлого нийг­мийн халамжийн чанартай болж байгаад сэтгэл дундуур байдаг. Ер нь бид ард иргэдээ халамж харж суудаг, гар хөлөө хөдөлгөхөөс халшир­даг залхуу байдал руу өөрс­дөө түлхээд байгаа юм болов уу гэсэн бодол байгаа. Тий­мээс мөнгө төгрөг тараах, үнэ төлбөргүй юм өгнө гэдэгт би дургүй. Энд тэнд очоод ир­гэд­тэй уулзахдаа “Үнэ төл­бөр­гүй юм байхгүй шүү. Мөн­гө төгрөг өгөхгүй” гэж хэлдэг. Ингэхээр намайг таалдаг хүн цөөхөн болчихож байгаа юм. Улстөрч хүний хувьд дахин сонгогдох магадлал эрс ба­гасаад явчихна. Гэхдээ үү­нийг хэлэхгүй байлтай биш, хэлэх ёстой.
А. Хүний хөгжлийн сан хавтгайрсан нийгмийн халамжийг цэгцэлж ча­дах уу?
Х. Хүний хөгжил сангийн хувьд олзуурхаж байгаа нэг зүйл байна. Монголд байга­лийн баялаг нэлээд байна. Тэр баялгийг ард иргэддээ хүргэх механизмыг бий бол­гож, томъёолох гэж оролд­сон. Хүний хөгжлийн сангийн тухай хууль бол тийм баримт бичиг. Тэр утгаараа би ол­зуур­хаж байгаа. Ямар ч бай­сан баримт бичигтэй болсон. Энэ дагуу ажиллаад, амьд­раад үзье. Нэг жилийн дараа, хоёр гурван жилийн дараа өөр дүр төрх харагдана. Тэр үед нь өөрчлөөд явъя гэдэг бодолтой байгаа. Зарчмын хувьд нийгмийн баялгаас ард иргэддээ хүртээгээд явна гэдэг нь ойлгомжтой.
А. Хүний хөгжлийн сан Тогтворжилтын сангаас ялгаатай юу?
Х. Санаа нь адилхан. Гагц­хүү арга механизмууд нь өөр.
А. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед УИХ дахь АН-ын бүлэгт “Эрдэнийн  хувь”-ийн гэх бүлэг үүссэн. Тэр 15 гишүүн таны өрөөнд цуглардаг байсан байх аа?
Х. Засгийн газрыг эсэргүү­цээд байсан юм байхгүй. Тухайн үед бид “Эрдэнийн хувь” гэж АН-ын мөрийн хө­төл­бөрт туссан том заалт бий. Энэ бол нэгэнт амласан зүйл. Бүдүүлгээр хэлэхэд хүмүүсийг зальдаж худлаа хоосон амлаад гарч ирсэн. Тиймээс амласан л бол бие­лүүл. Эсвэл чадахгүй  гэдгээ хэлээд орон зайгаа тавь гэж шаардсан. Тэр шаардлагыг нийгэм хүлээж аваад “Амлалт нэхэх хөдөлгөөн” болоод явж байна. Энэ асуудлыг анх тавьснаараа УИХ дахь 15 гишүүн уг хөдөлгөөнд зохиог­чийн эрхтэй оролцох байх гэж боддог.
А. “Эрдэнийн хувь”-ийн 15 гишүүн одоо уулздаг хэвээрээ юү?
Х. Бид “Эрдэнийн хувь” дээр тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тэр хүрээндээ л нэгдмэл байгаа.
А. Ардчилсан хүчний хол­боог байгуулсан УИХ-ын гишүүд энэ “Эрдэ­нийн хувь”-ийнхан бай­гаа. Нөгөө талаар Зас­гийн газарт ороогүй сул гишүүд. Энэ нь нийгэмд янз бүрийн хардлага төрүүлж байх шиг бай­на?
Х. Янз янзаар ярьж, бичиж байна. Гомдогсод, хоцрогсод гээд л. Би тийм юманд үнэм­шиж итгээд, тэр тэглээ, энэ ингэлээ гээд явдаг цаг, нас өн­гөрчихсөн хүн. Улстөрд анх­наас нь 20 жил явлаа. Хэн нь юу яриад байгааг гадар­лана. Ямар ч байсан энэ нийгэмд болохгүй зүйл маш их байна. Түүнийг шинэч­лэхэд хувь нэмрээ оруулна. Сая би Цагаан сарын үеэр янз бүрийн хүмүүстэй уулзаж ярилцлаа. Мундаг сэхээтэн биш ч эгэл жирийн хүмүүсийн яриаг сонслоо. Тэд хоёр зүйл л ярьж байна. Нэг нь Цагаан сарын барил­даанд түрүүлсэн Ч.Санжаа­дамбын тухай яриа. Нөгөө нь энэ хоёр намын тухай. Хоёр нам нийлснээр олигтой юм гарсангүй гэж байна. Ний нуугүй хэлэхэд иргэдийн ам их муу байна. Нэгдэж нийл­лээ гээд бүтэлтэй болсонгүй. Харин засагт хамтарсан биш хамтарч хувааж иддэг дүр төрх бий болчихлоо. Бие биеийнхээ муу муухайг хал­халдаг. Чи намайг бүү оролд, би чамайг оролдохгүй. Эвтэй­хэн хуваагаад идье гэдэг боллоо гэж иргэд ярьж байна. Ингэж болж байгаа юм уу, шударга ёс хаана байна гэдэг зүйлийг ярьж байна. Би олны яриа ортой гэж ойлгож бай­гаа. Ийм дүгнэлт хийхийн тулд нэг их ухаантай байх ч хэрэггүй. Нүдэн дээр ил ха­раг­даж байна. Ийм шүүмж­лэл байна. Үүнийг хүлээж авах ёстой гэж бодож байгаа. Ардчилсан хүчний холбооны дэвшүүлсэн нийгмийн шинэч­лэлийн бодлого дотор намын шинэчлэлийн асуудал ч бай­гаа. Сая манай найз блог дээрээ ижил хүйстэй хоёр хүн гэрлэхээр хүүхэд төрдөггүй. Өөрөө хэлбэл ард ямар нэг ач тусгүй. Энэ нь байгалийн хуулийн эсрэг зүйл юм шүү дээ гээд бичсэн байна лээ. Тэр хэмжээнд хүртэл хүмүүс энэ хоёр намын нэгдлийг янз бүрээр тайлбарлаж байна.
А. Ардчилсан хүчний хол­боог санаачлагчид, удирд­лагууд нь бүгд л АН-ын гишүүд. Тиймээс АН-ыг шинэчлэх талаар тодорхой алхам хийх байх. Тийм үү?
Х. Манай холбоонд АН-ын гишүүд байгаа. Бусад намаас цөөн ч гэсэн хүмүүс байгаа. Нийгмийн доторхи тоглоо­мын дүрэм нь улс төрийн намаар дамжуулж төрөө бай­гуулдаг жишиг. Улс төрийн нам хүчирхэг, эрүүл саруул, хэдий чинээ нийгмийн шаард­лагыг мэдэрч, популист биш бодитой шийдвэр гаргаж ча­даж байна, тэр хэрээр нийг­мийг авч явж чадна. Тэр утгаараа АН ямар байх ёстой вэ гэх мэт олон асуудал бай­гаа. Түүнд хариулт өгөх зо­рилт Ардчилсан хүчний хол­боонд байгаа. Чадах эсэх дараагийн асуудал.
А. АН-ын ротацийн сон­гууль эхлээд байгаа энэ үед Ардчилсан хүчний холбооны их хурал бо­лох гэж байна. Энэ нь ротацид зориулсан арга хэмжээ биш биз?
Х. Цаг хугацааны хувьд ин­гээд таарчихлаа. Манайхан аливааг мундаг харддаг. Бүр ургуулан бодоод гайхам­шигтай харддаг. Тэр зангаа­раа Ардчилсан хүчний  хол­боо­ны их хурлыг ротацид зо­риулсан алхам гэж яриад бай­на. Би Амаржаргал гэдэг хү­ний хувьд энэ холбоонд эл­сэхдээ ийм зорилт тавиагүй.
А. Тэгвэл Амаржаргал гэдэг гишүүн АН-д ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
Х. Би АН-ын ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Харамсалтай нь манай на­мын Гүйцэтгэх зөвлөл хурал­дах нь эрс багассан. Өнөөдөр нэг хурал зарлаад техникийн шинжтэй ганц нэг асуудал хэлэлцэх юм шиг байна лээ. Ер нь улс төрийн намын Гүй­цэтгэх зөвлөл арай өөр мая­гаар ажиллах ёстой болов уу гэдэг бодол надад байдаг.
А. Нэг үе АН-ын Гүйцэтгэх зөвлөлийнхөн байсхий­гээд л Төрийн ордонд цугларч хуралддаг бай­сан шүү дээ?
Х. Тасралтгүй хуралддаг байсан. Одоо гэтэл бүх юм сайхан болсон гээд байгаа юм уу, хэлэлцэх ярих асуудал байхгүй болчихсон юм уу, хуралдахаа больсон. АН-ын дүрмээр бол Гүйцэтгэх зөв­лө­лийг намын дарга зарлаж хуралдуулах ёстой л доо.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, 2010.03.09, сэтгүүлч Г.Сонинбаяр

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. Таны сайт дээр шинэ нийтлэл гарахыг хүлээсээр л… :)

Leave a Reply