Ард түмэн өөрчлөлтийг хүсч байгаа нь үнэн

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

А. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой боллоо.Та ч бас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд багтаж байсан. Гэвч намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс дэмжлэг авч чадсангүй?

Х. Энэ одоо тийм их чухал асуудал гэж үү. АН-аас хэд хэдэн хүний нэр дэвшүүлсэн нь нам дотор сонголт хийх бололцоо байна, төрөл бүрийн хувилбар бий гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Тэр хүрээнд асуудлыг шийдэж, ямар ч байсан сонголт, бололцоо бий гэдгийг харуулж чадлаа. Нэр дэвшигчдээ гурван шатлалтайгаар тодрууллаа шүү дээ.

А. Та сонгуулийг болохгүй бүтэхгүй зүйлээ орхих, өөрчлөх, шинээр дэвшүүлэх бололцоог хуулиар олгодог ховорхон завшаан гэж тодорхойлсон байсан. Бид өнөөдөр энэ ховорхон завшаан, бололцоогоо ашиглаж чаддаг уу?

Х. Сонгууль гэдэг нь аль нэгэн улс төрийн намын ажил биш юм. Харин сонгууль гэдэг нь ард түмэндээ ухамсартай сонголт хийх бололцоог хуулиар олгож байгаа зүйл. Өөрөөр хэлбэл болохгүй бүтэхгүй байвал зүйлийг хуулиар өөрчлөх бололцоог олгож байгаа хэрэг юм. Тэгэхээр энэ бол бололцоо. Харин үүнийгээ бодит зүйл болгох уу үгүй юу гэдэг нь биднээс хамаарна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг дөрвөн жилээр, найм арван жилээр ч аваад үзсэн ер нь болж байна уу үгүй юу гэдэгт хүн болгон дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд сонголтоо хийх ёстой. Харин энэ бололцоогоо жижиг сажиг зүйлээр битгий сольчихоорой гэж хэлж байгаа санаа минь юм.

А. Тэгвэл АН тэрхүү бололцоог олгох хүнийг дэвшүүлж чадсан уу?

Х. Ямар ч байсан АН өөрийнхөө хүнийг гаргаад тавьчихлаа. Бид энэ хүнээ яаж тодруулсан нь олны өмнө ил болсон. Сонголт бий.

А. Та бас Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрх ердөө л 5-10 мянган төгрөгөөр үнэлэгддэг бараа таваар наймааны хэрэгсэл болсон байна гэсэн шүүмжлэлийг ҮЗХ-ны хурал дээрээ хэлж байсан. Тантай санал нэг хүмүүс олон байгаа болов уу?

Х. Сүүлийн үед ийм муухай зуршил маягийн зүйл тогтчихоод байна. Сонгууль болохоор л ямар нэгэн юм амладаг болж дээ.Тэгээд түүнийгээ тойруулаад нэлээд шуугидаг боллоо.Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар 1,5 сая төгрөгийг тойрч баахан шуугицгаав. Энэ жилийн сонгуулийн өнгө аясыг харж байхад энэ шуугиан нэлээд газар авах юм шиг байна. Эцсийн эцэст энэ нь “Би чамд нэг юм өгдөг.Чи эргүүлээд надад нэг юм өг ” гэсэн арилжаалах маягтай зүйл болж хувираад байна. Харин миний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг энэ том сонгуулийг өөрөөр ойлгодог. Төрийн тогтолцооны асуудал аль зэрэг зөв явж байна,шүүх засаглалын үйл ажиллагаа хэр байна,төрийн институтуудын хоорондын уялдаа, хамтын ажиллагаа санасан хэмжээнд хүрч байна уу үгүй юу гэх зэрэг том асуудлуудыг хөндөөд тэрхүү хүрээндээ санал бодлоо уралдуулах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл бид тогтолцоог нь зөв болгох шаардлагатай байна. Мөнгө төгрөг өгөх, өгөхгүй гэдэг маргаан бол эцсийн эцэст энэ бол сайн, энэ бол муу хүн байна гэж ярихад хүргэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Би ийм зүйлд ерөөсөө итгэдэггүй. Харин институтад итгэдэг хүн. Институт нь өөрөө зөв зохистой, зөв төлөвшсөн байх ёстой. Тэгвэл асуудал зөв голдиролоороо явах ёстой. Өнөөдөр сонгогчдынхоо саналыг улаан цайм худалдаж авч байгаа нь харагдаж л байсан. Манай сонгогчид ч гэсэн хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа олддог асар их эрх мэдлээ хэд гурван төгрөг, бүтээгдэхүүнээр наймаалаад байна гэдэг бол хариуцлагагүй зүйл.

А. Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийн хэргээс үүдэн та өнөөгийн шүүх байгууллага шударга бус байна гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт шүүх засаглалд шударга ёс тогтоох амлалт нь хамгийн чухал асуудал болов уу. Та энэ асуудалд саналаа хэлэхгүй юу?

Х. Хүн шударга зүйлийг хүсэхээрээ төрдөө ханддаг.Ялангуяа ядарсан үедээ төрдөө л итгэдэг. Харин тэрхүү хандаж байгаа газар нь буюу төрийн өмнөөс шударга шийдвэр гаргадаг гаргадаг газар нь шүүх. Өөрөөр хэлбэл шүүх бол төрийн нүүр царай юм. Тиймээс ард иргэд шүүхийн байгууллагад хамаг найдвар,итгэлээ тавьдаг.Гэтэл тэр байгууллага нь хуулиндаа бус тодорхой субьектив юманд захирагдаад гадна дотнын нөлөөтэйгөөр нэг талыг барьсан шийдвэр гаргаад эхлэхээр нөгөө төрд итгэх итгэл байхгүй болно. Ингэхээр энэ ард түмэн чинь юунд итгэж юуны төлөө явах юм гэсэн асуудал гарч ирдэг. Шүүх шударга ажиллахгүй бол ард түмний итгэл хөсөрдөнө.Шүүх шударга ажиллахгүй бол эдийн засаг шударга болохгүй, төрийн тогтолцоо тухайлбал сонгуулийн тогтолцоо хэзээ ч хөл дээрээ тогтож зүгшрэхгүй юм. Шүүх засаглал гэдэг бол өөрөө засаглалынхаа хувьд онцгой,чухал институт. Энэ институтад онцгой анхаарч, өөрчлөх хэрэгтэй гэж бодож явдаг.

А. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Ард түмний Ерөнхийлөгч”, АН-аас нэр дэвшигч “Ардчилсан Ерөнхийлөгч” гэсэн уриатай явна. Энэ хоёр уриаг та юу гэж ойлгож байна?

Х. Хүнийг уриа, лоозонгоор биш бодитой ажил төрлөөр нь үнэлэх хэрэгтэй.Үгүй яахав аль болохоор л хүний чихэнд чимэгтэй уриа олох гээд оролдож байна. Мэдээж өөрийнхөө намын нэр дэвшигчийн уриаг илүү гэж үзнэ. Ардчилсан Ерөнхийлөгч гэж хэлж байгаа нь өнөөдрийнхөө цаг үеийг илэрхийлсэн, нийгэмд тулгарч, шийдлээ хүлээгээд байгаа асуудлыг тодорхойлсон өнгө аястай юм болов уу гэж бодож байна.

А. Судалгаагаар ард түмэн өөрчлөлтийг хүсч байгаа нь харагдаж байна.Тийм нийгмийн захиалга бий болжээ. Харин тэрхүү өөрчлөлтийг манай намаас нэр дэвшигч авчирна гэсэн санааг АН илэрхийлж байгаа. Ард түмний хүсч байгаа өөрчлөлт нь ямар өөрчлөлт вэ. Та юу гэж бодож байна?

Х. Ард түмэн өөрчлөлтийг хүсч байгаа нь үнэн.Манайх өөрчлөлт гэдгээ хоёр гурван түвшинд ойлгодог.Миний өдөр тутмын амьдралд олон зүйл харагдаж байна. Ажилд оръё гэхээр өнгө мөнгөөр хамаг зүйл шийдэгддэг болж, шүүх дээр очсон ч ялгаагүй. Сонгуулийн үеэр саналаа өглөө гэхэд элдэв янзын захиалгаар миний санал худалдагддаг болжээ. Энэ мэтээр амьдрал ахуй дээр нүдэнд харагдаж байгаа зүйл нэг л болохгүй байна. Тиймээс л хүмүүс үүнийг өөрчилж болохгүй юм уу гэж асуудаг. АН үүнийг нь өөрчлөлт гэж томъёолсон хэрэг юм.

А. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан хүн нэр дэвшинэ гэдгийг гэнэт л намын дарга нь хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн. Шат шатны шалгаруулалтаас тэдний нэг нь гарч ирлээ. Хэдий гарч ирсэн хүнээ бусад нь дэмжиж ажиллана гэдгээ олны өмнө илэрхийлсэн ч тухайн шийдвэрлэх мөчид зарим нэр дэвшигчдийн хувьд амаргүй, байдал өөрөөр эргэсэн хэцүү үе тохиосон юм шиг байна лээ.Түүнийгээ ч зарим нь сонин хэвлэлээр илэрхийлсэн байсан. Э.Бат-Үүл гишүүнийг ҮЗХ-аас гарч ирэх магадлалтай хүний нэг гэж ярилцаж байсан шүү дээ?

Х. Хүний бодол, бодит байдал хоёр бол хоёр өөр зүйл юм. Тухайлбал би дотроо хувилбар бий гэж бодож байсан. Харин бодит байдал бол шал өөр. АН нэр дэвшигчээ тодруулсан механизм нь буруу юу эсвэл ном ёсных уу гэдэг асуудал бий.Тэгэхээр би манай намын нэр дэвшүүлэх ажиллагаа ном ёсоороо болсон гэдгийг хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл намын дүрмээ ягштал баримталж нэр дэвшигчээ тодруулсан. Харин үүний дараа яасан ийсэн гэх зэрэг таамаглал, тайлбарууд явах байх. Гэхдээ тэр нь өнөөдөртэй зарчмын асуудал биш байх гэж бодож байна.

А. Чуулганы завсарлагаанаар та төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бичиг баримт боловсруулаад завгүй суух шиг боллоо. Энэ чиглэлээр УИХ-д ажиллах түр хорооны дарга биз дээ?

Х. Ажил овоо явж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын чанартай баримт бичгийнх нь төслийг гаргаад гишүүдэд тараачихлаа. Хуулийн анхны төслийг хэлэлцүүлэхээр тарааж амжсандаа сэтгэл хангалуун сууж байна.

А. Энэ баримт бичгийг цэгцэлснээр ямар үр дүн гарах вэ. Хувийн хэвшлийнхэнтэй төр түншилж чадвал ихийг амжуулах тухай ярьдаг ч өнөөдөр үр дүнг нь сайн харахгүй л байгаа?

Х. Энэ баримт бичгийг цэгцэлснээр тоглоомын дүрэм нь тодорхой болно.Хэн юу хариуцах вэ гэдэг асуудал нь тодорхой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг том төслийг хийе гэхэд төрийн хөрөнгө хүч, бололцоо, туршлага нь хүрдэггүй. Харин хувийн хэвшлийнхэнд энэ бүх зүйл байгаа ч төрөөс баталгаа гаргах шаардлагатай болдог. Тэгэхээр бие биенээ нөхөж ажиллах бололцоог нь хуулиар хангаж өгөх нь чухал асуудал юм.

А. Засгийн газраас боловсруулсан “хямралыг давах төлөвлөгөө”-г УИХ-аас баталсан. Хямралыг давахад хэрэгтэй 1,5 их наядын “эрэл”-д явж, эхнээсээ бага сагаар олж байна. Та эдийн засагч хүний хувьд энэ төлөвлөгөөг хүндрэлээс гарах төлөвлөгөө болж чадсан гэж боддог уу. Таны үнэлэлтийг сонсч болох уу?

Х. Ний нуугүй хэлэхэд энэ төлөвлөгөөг шүүмжлээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүмжлээд байх баримт бичиг биш. Хямралыг давах төлөвлөгөө гээд олон хуудас зүйл байгаа ч нэг л тоо бий. 1,5 их наядын үүсвэрийг гаднаас олохыг зөвшөөрөөч гэсэн л бичиг баримт шүү дээ. Харин Засгийн газар ажлаа хугацаанд нь хийх хэрэгтэй.

А. Та өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Хамтарсан Засгийн газрын ажил байдалд ямар үнэлгээтэй явдаг вэ?

Х. Манайд хариуцлагын тогтолцоо гэж юм байхгүй болсон. Хэн, юу хариуцаж байгаа нь бүү мэд. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг анзаарч байгаа бол хараарай. Засгийн газрын хийх ажлыг УИХ-нь, УИХ-ын хийх ажлыг Засгийн газар нь барьж аваад хийгээд байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгье гэхээр хэцүү болчихоод байна. Төсвийг Засгийн газар оруулж ирнэ. Харин УИХ түүнийг нь батална эсвэл батлахгүй гэсэн зарчмаар ажиллах ёстой. Гэтэл УИХ түүнд нь хутгалдаж, хамаг зүйлийг холион бантан болгоод танигдахгүй болгосон. Одоо харин бие бие рүүгээ буруугаа чихээд сууж байна. Хэн ч хариуцлага хүлээх бололцоогүй болчихоод байгаагийн наад захын жишээ л энэ. Ийм зүйл байж болохгүй. Энэ УИХ Засгийн газрыг өөрөөсөө байгуулсан.Нэгэнт л өөрөө Засгийн газраа байгуулсан юм бол Засгийн газартаа ажиллах бололцоог нь олгож, итгэл үзүүл. Хэрэв итгэл чинь алдагдсан бол хурдхан шиг явуулж, итгэсэн Засгийн газраа байгуул. Энэ бол гол зарчим нь. Энэ зарчим мөрдөгдөхгүйгээс холион бантан болсон зүйл газар сайгүй байх юм.

А. Хариуцлага гэснээс УИХ төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар бууруулах шийдвэр гаргаагүй гэсээр л Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Хаана хаанаа хариуцлагагүй байгаагийн бас нэг жишээ мөн үү?

Х. Тиймээс л би тогтолцооны асуудал гэж яриад байдаг юм. Манайд тогтолцоо нь буруу байгаа болохоор эдийн засаг нь улс төржиж, Гүйцэтгэх засаглал нь сульдаж, шүүх засаглал нь явахаа больж, нийгмийн амьдралын ямар ч асуудлыг шийдэж чадахгүй байна. Учир нь нийгмийн амьдралыг шийдэх ёстой институтууд хоорондоо маргалдаж, Засгийн газраа унагаж, сонгууль байнга явуулж байгаагаас үндсэн ажлаа хийж чадахаа больсон.

А. Энэ сонгууль шударга болох болов уу?

Х. Шударга болоосой гэж хүсч байна. Шударга байлгахын төлөө миний зүгээс хамаарах бүх зүйлийг хийнэ.

А. Оюутолгой гэрээний төслийг УИХ-ын гишүүд, эрдэмтэд, ард иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй хүлээж авсан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарьт энэ гэрээний төсөл орсон. Гэрээний төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Та энэ талаар ямар ойлголттой байгаа вэ?

Х. УИХ-ын 76 гишүүн гэрээ хэлэлцээр хийхгүй. Харин Засгийн газар хэлэлцээрээ байгуулна. Өнөөгийн нөхцөлд үүнээс илүү гэрээ байгуулж чадахгүй гээд ороод ирвэл нэг бол батална эсвэл батлахгүй байх хоёр хувилбар бий.

А. Таны хувьд гэрээний төсөлд анхаарах ямар асуудал байна вэ?

Х. Би хэлэх юмнуудаа хэлчихсэн. Та бүхэн нөхцөл байдал хамаагүй илүү байхад байгуулж чадаагүй. Гэтэл нөхцөл байдал дордсон энэ үед заавал яарч сандрах хэрэг байна уу гэдгийг хэлсэн. Ер нь яриад байгаа зүйлийг нь сонсоод байхнаа газар шороогоо хэн нь түрүүлж, гүнзгий ухах вэ гэдгээ ярьж маргаад байгаа болохоос биш оюун ухаанаараа амьдрах талаар ярихгүй байна. Миний хувьд газар нутгаа ухаж хөндөхгүй байхыг эрхэмлэдэг. Харин бидний “ухах” зүйл нь бидний тархи, толгой байх ёстой гэсэн чиглэл баримтладаг.

А. Гэхдээ “хоёр толгой”-гоо ашиглалтад оруулж чадвал хямралыг давахад дөхөм болж, олох орлогоос нь ард түмэн хувь хүртэж эхэлнэ гэсэн ойлголт бий шүү дээ?

Х. Тийм ээ. Би үүнийг үгүйсгэхгүй. Магадгүй тэр нь зөв байх. Ярьж байгаа хүмүүс нь өөрийн гэсэн үндэслэлтэйгээр хэлж байгаа болов уу. Харин би өөр өнцгөөс харж байна. Нэгэнт л тухайн үед нь хийгээгүйгээс одоо яарч сандраад байх хэрэггүй юм.

А. Тойрогтоо очиж байна уу. Малчдын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн бичиг баримтыг Засгийн газраас өргөн барьжээ. Малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ унаж, малчдын орлого тогтворгүй болсон энэ үед төрөөс ямар бодлого баримталбал зүйтэй вэ?

Х. Намрын чуулганы дараа тойргийнхоо хэд хэдэн сумдад ажилласан. Одоо удахгүй тойрогтоо ажиллах төлөвлөгөөтэй байна. Нэг дор бүх сумдаараа ороод гарах бололцоогүй байх юм. Ер нь малчидтай холбоотой тогтоол шийдвэр олон гарсан. Гагцхүү тэрхүү шийдвэрүүд нь амьдралд хэр нийцтэй юм, хэрэгжиж чадаж байна уу гэдэгт асуудал оршино. Саяны гарсан тогтоолыг аваад үзэхэд шинэ зүйл нэг их ороогүй байсан. Анхаармаар асуудал ч байна лээ. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед санаж бодсон зүйлээ хэлье гэж бодож байна. Ер нь малчдын амьдралыг сайжруулахад гол анхаарах асуудал бол орлогынх нь эх үүсвэрийг баталгаатай болгох юм. Ингэхийн тулд төрийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

А. Энэ хямрал хэзээ дуусах бол гэсэн хүмүүс бий л болов уу. Та сонгогчиддоо хямралыг давахын тулд юу хийх ёстой тухай зөвлөгөө өгнө биз дээ?

Х. Манай монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Гэхдээ би хямралыг өнөө маргаашдаа дуусахгүй гэдгийг тэдэнд хэлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ үзэгдэж харагдаад байгаа зүйл нь дөнгөж эхлэл нь.Тиймээс бэлтгэлтэй байгаарай гэдгийг хэлнэ.

А. Таны тойргийнхон буюу Ховд аймаг руу зорчих асуудал хүнд байдаг. Ялангуяа онгоцоор зорчихын тулд Бээжин хот орох хэмжээний зардал төлдөг. Та энэ асуудлыг юу гэж үздэг вэ?

Х. Би сонгуулийн үеэр хоёр асуудал л барьж авна гэдгээ хэлсэн. Нэгдүгээрт баруун аймгууд ялангуяа миний тойргийг Улаанбаатар хоттой авто замаар холбох, хоёрдугаарт бүсийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гээд бусад элдэв янзын зүйл рүү орж чадахгүй шүү гэдгээ хэлсэн. Барьж авсан ажлаа хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын дэргэдэх Судалгаа шинжилгээний газарт захиалга өгч, бүсийн нэмэгдлийг өмнө хэрхэн зохицуулж байсан, бусад улс орны хувьд ямар байдаг юм, цаашид хэрхэх талаар судалгаа хийлгүүлсэн. Судалгааны дүнг саяхан надад өглөө. Бусад УИХ-ын гишүүдтэй энэ талаар санал солилцож, ямар ч байсан бүсийн нэмэгдлийн асуудлаар баримт бичиг боловсруулж, УИХ-д оруулна.

ЭХ СУРВАЛЖ: “Монцамэ мэдээ” сонин 2-р нүүр, 2009.04.14-ны Мягмар гариг, сэтгүүлч Г.Мандуул

One comment

  1. Таны байнгын уншигч байна. Танд улам илүү их амжилт, эрүүл энхийг хүсье. “Хүмүүсийн амьдрал” сонинд ажиллаж байхдаа таниас и-мэйлээр ярилцлага авсан. Тэр үед цаг завгүй, ажилтай байсан боловч цаг, сэтгэл гарган асуултуудад маань хариулж өгсөнд их баярласан. Яг нүүрээ нүүрээ харан ярилцсан юм шиг, энгийн, амьд үгээр хариулж өгөхийг гуйхад маань яг л тэгж хариулж тусалсан байсанд таны сайхан сэтгэл үнэхээр гоё санагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *