АН шиг том эрх ашиг харж буулт хийх улс төрийн хүчин байхгүй

Өнөөдөр сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага

Амаржаргал.Р

А. Монголын төр гацаатай хэвээр байгаад олон түмэн бухимдаж буй. Бээжингийн олимпт монголчууд өндөр амжилт үзүүлж, бүгдээрээ л хөөрч баяслаа. Олимп өнгөрлөө, одоо яах вэ гэсэн асуултыг эхлээд танд тавих гэсэн юм. Тангаргаа өргөх боломжийн талаар юу хэлэх вэ?

Х. Бодлогын хувьд асуудал тодорхой. Тангаргаа өргөнө гэдэгт итгэлтэй байна. Ойрын өдрүүдэд шийдэгдэх байх аа. Парламентын хүрээнд маргаантай асуудлаа хэлэлцдэг зарчмаа баримтлаад явах нь зөв л дөө.

А. Тангаргаа өргөх гэсээр байтал хоёр сар шахмын хугацаа өнгөрлөө. Ямар шийдэл байна вэ. Түүнийг л олж хармаар байна. СЕХ, АН-ын аль нэг нь буулт хийх төлөв харагдахгүй байгаа. АН ч дотроо хоёр өөр байр суурьтай байгаа нь нууц биш. Та аль замыг илүүд үзэж байгаа вэ?

Х. Хэн нэгнийг огцруулах эсэхдээ байгаа юм биш. Бид хууль цаазат төртэй улс. Тодорхой харилцааг хуульд зааж өгсөн. Түүнийг мөрдөх үү, үгүй юү гэдэгт л асуудал байна. СЕХ буюу сонгуулийн төв байгууллага сонгуулийн үр дүнгээр тогтоол гаргана гээд маш тодорхой заачихсан. Хуулийг хүн бүр өөрийнхөөрөө уншдагаа больё гэж би нэг бус удаа хэлж байсан. Эрх зүйт төр байгуулъя гэж байгаа бол АН хууль хэрэгжүүлэхийг л шаардана. Тоглоомын нэг л дүрэмтэй байя гэсэн олонхийн байр суурин дээрээ бид зогсох ёстой. Тэр ч байр суурин дээрээ байгаа. Хэн нэг гишүүн үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний эрхийн асуудал.

А. Өнөөдрийн нөхцөл байдлаар дүгнэвэл ямар ч гарц харагдахгүй байна л даа.

Х. Аливаа асуудлын оролцон тоглогчид шийдэлтэй байх ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлаас гарах шийдэл нь СЕХ гэдгийг намууд, Ерөнхийлөгч ч хүлээн зөвшөөрдөг. Ийм тохиолдолд аль нэг тал нь зарчмаасаа ухарч буулт хийж таарна. Миний үзэж буйгаар хамгийн ухаантай, холыг харж чаддаг, зарчимч шударга тал нь буулт хийх байх.

А. Буулт хийвэл хийхээр хангалттай хугацаа өнгөрлөө.

Х. Хязгаар гэж байх ёстой. Түүнээс цааш явбал том эрх ашиг хөндөгдөөд эхэлнэ. Тэр үед хэн нэг нь буулт хийх л болно. Хязгаараас хэтэрсэн тохиолдолд АН буулт хийж таарах байх. Зоригтой, том эрх ашиг харж буулт хийх улс төрийн хүчин АН-аас өөр байхгүй.

А. Маргааш чуулган үргэлжилж магадгүй гэсэн яриа сонслоо. Явган үг эсвэл тангаргаа өргөх гэж яарсан хүмүүсийн тараасан яриа ч байж болно. Өнөөдөр тийм л байдалд орчихсон. Танайхан чуулгандаа хүрээд ирэх юм биш байгаа…

Х. Хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Дараа нь нам, хувь хүнийх гэж байх биз. Энэ эрэмбээр асуудлыг шийдэх ёстой.

А. Жирийн олонд улс төр сонин биш байх. Хувь хүний амьдрал боломжийн, үнэ тогтвортой байх нь л чухал. Олимп гээд өдөр тутмынхаа амьжиргааг анхаарах сөхөөгүй байлаа. Одоо бол байдал бишдэж мэднэ. Нийгэмд бугшсан бухимдал дэлбэрвэл яах вэ.

Х. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүйтэй адил улс төрийн энэ маргаанаас аль нэг нам хожих нь юу л бол. Таны хэлсэн шиг иргэдийн хурсан бухимдал дэлбэрэхийг үгүйсгэхгүй. Ийм үед хэн нь холыг харж, том асуудлыг шийдэж чадах вэ гэсэн асуулт гарч ирнэ. АН л ингэж чадах болов уу даа. Тийм учраас шинэ УИХ-ыг ажиллуулж, гүйцэтгэх засаглалд хяналт тавьж ажиллуулах шаардлага бий.

А. МАХН-ын гишүүд өчигдөр хуралдсан. Тэнд болсон яриаг сонсоход АН л буруутан нь болж таараад байгаа. Таны сая хэлсний эсрэгээр, харин ч МАХН л холыг харж чадах юм байна.

Х. АН л саад тээг болоод байна гэж байгаа биз. АН-ын үйлдэл бүрийг мушгин гуйвуулдаг гайхалтай чадварынх нь нэг илрэл гэж ойлгож байна. МАХН-аас хариулт сонсоогүй олон асуулт энэ нийгэмд бий. Долдугаар сарын 1-нд иргэд юунаас болж бухимдсан юм бэ. Үүний гол учир шалтгаан нь юу байсан юм. МАХН үүнд хариулт өгөөгүй. Бензин, шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийд гээд аль тавдугаар сарын 29-нд УИХ шийдвэрээ гаргасан. Энэ хүрээнд Засгийн газар асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Тэгвэл яагаад чадаагүй юм. Түүнээс нь болж хоёр яам хоорондоо маргаад эхэлсэн шүү дээ. Үүнд хэн ч хариулт өгөхгүй л байгаа байхгүй юу. Аливааг бүхлээр нь, цогцоор нь хардаг байх хэрэгтэй шүү дээ.

А. Монголын эдийн засаг өөрөөсөө хамааралгүй. Гэтэл манай улсын эдийн засаг гайхамшигтай өсөлттэй гардаг. Энэ нь алт, зэсийн үнийн өсөлттэй холбоотой байдаг байх. Тэнгэр ивээвэл бид сайхан байх бололтой. Гэтэл металлийн ханш тогтворгүй болж эхэллээ. Та олон улсын зах зээлийн үйл явцыг ажиглаж байна уу. Бидэнд юу тохиолдох бол оо.

Х. Монгол Улс дэлхийн зах зээлд нээлттэй. Тэгсэн хэрнээ жижиг эдийн засагтай. Ийм жижиг эдийн засаг маш өртөмхий, эмзэг байдаг. Энэ бүхнийг тооцож Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид үйлдвэржилтийн тухай ярьж байснаа мартагнаж эхэлсэн. Дотооддоо хийж болох бүхнээ бодлогоор дэмждэг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхдээ богино, дунд, урт хугацаагаар тодорхойлж ажиллах ёстой гэж боддог.

А. Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээ, аж үйлдвэржилтийн гэсэн том бодлогыг хэрэгжүүлэхэд парламентаас хамааралтай зүйл их. Харин парламентын үйл ажиллагаа АН, МАХН-аас хамааралтай. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид юу алдав аа?

Х. Хамааралтай зүйлийн хэмжүүр олон янз байж болно. Парламент ийм байдалд орсон нь Монгол Улсын нэр хүндэд мэдээж сайнаар нөлөөлөөгүй. Өнгөрсөн хоёр сарын дотор ажиллаж чадсан бол их л олон зүйлийг амжуулах бололцоотой байсан. Тэр утгаараа бид их зүйл алдсан. Өөр нэг зүйлийн талаар хэлэх ёстой. Өмнө нь монголчууд одоогийнх шиг байдалтай тулгарч үзээгүй. Тийм учраас бид нягтрах ёстой. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш монголчууд илүү ихээр нягтарч, хүчээ нэгтгэх ёстой гэж бодож байна. Нийтлэг эрх ашгаа эхэндээ тавьж, түүнээ дагаад шийдлээ олох “капитал” хуримтлууллаа гэж ойлгож байгаа. Ийм зүйлийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй. Ард түмний ой санамжид маш том сургамж болсон байх.

А. Долдугаар сарын 1-ний үйл явдал монголчуудад үнэт сургамж болох ёстой гэж та сайхан санаа дэвшүүллээ. Гэхдээ л цаг хугацаа алдсан хэвээр…Өөдрөг хандлага харагдах юм уу?

Х. Энэ жил гайгүй ургац авах төлөвтэй… Би саяхан газар тариалангийн нутгаар явлаа. Миний бодсоноор бол толгой өвдөхөөргүй байна. Барилгын материалын үнэ буурах хандлагатай байгаа. Малын тоо толгой гайгүй өсөх байх. Махны үнэ боломжийн хандлага руугаа орчихлоо. Тэнэг үйлдэл хийчихгүй бол гайгүй төлөв ажиглагдсан. Уул уурхайн салбарт зөв бодлого хэрэгжүүлээд, түншүүдтэйгээ гэрээ, хэлэлцээрээ хийж чадвал ерөнхий хандлага өөдрөг харагдаж байгаа. Популизмаас л санаа зовж байна. Мөнгө, санхүүгийн буруу бодлого явуулбал эдийн засийн бодит секторт эерэгээр ажиглагдаж байгаа зүйлээ баллаад хаячихаж мэдэх юм. Тийм учраас Монголбанк, Сангийн яамны үйл ажиллагаа нягт уялдаатай байх хэрэгтэй.

А. АН, МАХН-ын “Зөвшилцөл” гэсэн бичигт “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-ийг хуульчлахаар тохирсон. Үүгээр нэг нь нэг сая төгрөг, нөгөөх нь 1.5 сая төгрөг амалсан. Жинхэнэ популизм энэ гэвэл санал нийлэх үү?

Х. Нийгэмд маш том ялгарал бий болсон. Энэ чинь тогтворгүй байдлыг бий болгодог. “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ээр Монголын нийгмийн бүтцэд баталгаатай, хүчирхэг дундаж ангийг гаргаж ирэх бололцоотой гэж би хувьдаа үзэж байгаа. Эх үүсвэр нь уул, уурхайн салбар байх юм. Гэхдээ нийгмийн баялгаа бүрдүүлчихээд үүнийг хийх ёстой байсан юм. Дараалал нь зөв байх хэрэгтэй. Баялгаа бүтээгээгүй байж урьдчилаад зээл маягаар явах юм бол эдийн засгаа сүйтгэж байгаатай адилхан.

А. Энэ том амлалтад сонгогчид хууртсан гэж хэлж болох байх. Нэгэнт амласан юм чинь биелүүлж л таарна. Ингэхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар хөшигний ард МАХН, АН хэлцэж байгаа гэж зарим хүн ярих юм…

Х. Монголын хүн амын 60-аад хувь нь чинээлэг дундаж болчих юм бол гайхамшигтай. Энэ зорилтыг л шийдэх ёстой. Ийм стратегийн зорилт байх хэрэгтэй. Үүнийг улс төрийн нэг нам дангаараа шийдэж чадахгүй гэдэг утгаараа хамтрахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ МАХН-аас тийм санал тавиагүй байна. Ер нь яах гэж сонгууль явуулдаг юм бэ. Ялсан нь амласан хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Ялагдсан нь амласнаа биелүүлэхийг шаарддаг ийм л онол улс төрд байдаг.

А. Төрийн ордон эзгүй шахам л байна. Харин та энд юу хийж байгаа юм бэ гэж асуумаар санагдлаа.

Х. Өмнөх УИХ-ын бүрэн эрх дуусаагүй учраас ажлаа хийж байна. УИХ ажиллахгүй байна гээд зүгээр сууж боломгүй. Өнөөдөр л гэхэд Монголбанкны удирдлагатай уулзаж, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ бололцоог ашиглаад их л уншиж байх шив.

А. МАХН-ын Нямдорж та хоёрын өрөө зэргэлдээ юм. Хоёр гол намын нөлөө бүхий хүний нэг нь та хоёр. Бие биенийхээ өрөөгөөр байнга л орж гарах юм билээ. Нууц биш бол юу ярьдаг вэ. Улс төрийн байдал эгзэгтэй үед та хоёрын яриа сонин байж болох…

Х. Хувь хүнийхээ хувьд бид хоёр бие биеийнхээ занг мэднэ. Уулзахаараа улс төрийн өнөөгийн байдлын талаар ярилцана, санал солилцоно. Танайхан яах гэж байна, манайх ингэвэл яах бол гээд ярилцдаг. Энэ чинь парламентат ёсны нэг л хэсэг.

ЭХ СУРВАЛЖ: Өнөөдөр сонин, 2008.08.27, Сэтгүүлч Го.Энхтөр

One comment

  1. Aliwaa ulsiin teriin vil ajilgaa aliwaa zvilsees bolon saadah yosgvi. Buruu veldel baisan bol huilaar shiidegdej ulsiin ih huraal ajiljil baih heregvtei Ardchilsan nam odoo bolson baidaltai ewlerch yaj chadhaaraa namiin bodlogoo bielvvleh heregtei.

    Yamar 2 ail margaj bgaa bish ene 2 nam ter huraliin uruund orhod ulsadaa tulgarch bgaa asuudlaa shiidwerleh heregtei

Leave a Reply to iceCancel Reply

Your email address will not be published. Required fields are marked *