Хүлэмжний таримал ургамал шиг л намууд олширсон

А. Засгийн газрын огцрох асуудал бараг сүүлчийн шат руугаа орлоо. Та бол МУ-ын Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн улс төрийн байдлын талаар өөрийн гэсэн ажиглалт, дүгнэлттэй сууж байгаа байх?

Х. Би бол нэг их гайхаад бас сандраад байх юм алга гэж харж байна. Болох ёстой юм л болж байна гэж ойлгож байгаа. Ямар утгаар болох ёстой юм болж байна гэж хэлж байгааг минь мэдээж тодруулж асуух байх л даа. Тэгэхээр 1990 онд бид өөрчлөлтийг эхлүүлээд, 1993 онд шинэ Үндсэн хуулиа батлаад, тэрүүгээрээ сонголтоо хийчихсэн юм. Үндсэндээ хоёр л том сонголт хийсэн. Нэг нь бол Монгол улс ардчилсан төрийн тогтолцоотой байя. Олон нам дээр тулгуурласан, улс төрийн намуудын үзэл баримтлалуудын өрсөлдөөн дээр суурилсан ийм л ардчилсан тогтолцоотой орон байя. Энийгээ дагаад явдаг тэр бүх элементүүд нь байх ёстой гэж үзсэн. Чөлөөт сонгууль нь байх ёстой. Чөлөөт хэвлэл нь байх ёстой гэх мэтээр бусад бүх үндэс мөчрүүд нь дагаад гараад ирж байгаа юм. Хоёр дахь үндсэн зарчмын сонголт нь юу байсан юм бэ гэхээр эдийн засгийн харилцаагаа зах зээлийн зарчим дээр тулгуурлаж хөгжүүлье гэсэн. Ийм л хоёр том сонголт хийсэн юм шүү дээ. Энэ сонголтоо хийсэн цагаас хойш монгол орон арван хэдэн жилийг туулчихлаа. Нэг талаасаа урт хугацаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ түүхэн үүднээс нь аваад үзэх юм бол энэ бол богинохон л хугацаа. Энэ хугацаанд бидний хийж бүтээсэн зүйл бол үнэхээр их. Маш их шүү. Энэн дотор нь нэг чухал юм байгаа. Тэр нь ардчилсан төрийн тогтолцооны хамгийн гол утга учир гудамжинд маргахаа болъё л гэдэг асуудал шүү дээ. Гудамжинд маргадаг, хэрэлддэг, зодолддог тэр бүх юмаа парламент дотроо оруулаад ирье. Энэ дотроо маргаж байг. Энэ дотроо хэрэлдэж байг. Энэ дотроо шийдвэрээ гаргаж байг. Тэр нь эцсийн шийдвэр болно. Энэ шийдвэрээ цөмөөрөө дагадаг байя гэсэн л зарчим. Засгийн газар нь муу ажиллаж байна уу, эсвэл УИХ-ын гишүүдэд асуудал байна уу гэдэг нь парламентын өөрийнх нь л хүрээнд явагдаж байгаа асуудал. Нэгэнт парламентын хүрээнд явагдаж байгаа асуудлууд учраас энэ нь үндсэн хуулийн хүрээнд явагдаж байгаа процесс гэж ойлгож байгаа. Бүх юм Үндсэн хуулийнхаа дагуу явагдаж байгаа бол ард түмний хүсэл зоригийн илэрхийллийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байнаа л гэж ингэж томоор харж, дүгнэж болох юм шиг байгаа юм. Би энэ өнцгөөс нь илүү харж бодож байгаа.

Amarjargal

А. Үндсэн хуулин дээр тулгуурлаж цогцлоосон үнэт зүйлсийн тухай та ярьлаа. Өнөөдрийн байдлаар хэсэг нөхөд нь энэ хууль бол халдашгүй ээ, энэнд хэзээ ч битгий гар хүр. Эд гар хүрэх гээд байна шүү гээд хашгираад байдаг. Нөгөө хэсэг нь манай Үндсэн хуулинд засвар хийх цаг нь болчихсоон гэж үздэг.Бидний эцэг хуулиа гэж дээдэлдэг энэ Үндсэн хууль маань үнэхээр төгс төгөлдөр үү?

Х. Зарчим бол ганцхан л байх ёстой. Үндсэн хууль байна. Тэр Үндсэн хуулийг дагаж мөрдөөд явах ёстой. Үндсэн хууль амьдралд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг амьдрал өөрөө харуулж, үзүүлж байгаа. Энэн дээр тулгуурлаад өөрчлөх тухай асуудал гарч ирэх юм бол ярих л ёстой. Ярихдаа Үндсэн хуулийнхаа хүрээнд л бүх асуудлаа авч үзэх ёстой гэж би хувьдаа ойлгож байгаа. Гол зарчмыг нь шүү дээ. Энэ хүрээн дотор юу ажиглагдаж байна вэ гэхээр үнэхээр зарим нэгэн зүйлүүд ойлгомжгүй харагдаад байгаа юм. Нэг хэсэг хүмүүс өнөөдөр “энэ маягаараа бол явахгүй байнаа” гэх юм. Төрийн тогтолцоо өөрөө гажигтай байхад энэ бүх асуудлууд чинь хэн нэгний субъектив хүсэл зоригоос хамаарч байгаа юм шиг тайлбарлагдаад, тайлагдаад яваад байна шүү дээ гэж. Тэгэхээр объективны ямар хүчин зүйл үйлчилж байна гэдгийг олж харахаасаа илүү субъектив хүчин зүйлээр бүх юмыг тайлбарлах гээд , тэгээд тэр нь олигтой тайлбар болохгүй болохоор нэг тийм мухардалд орсон юм шиг байдал бас гарч ирээд байгаа юм. Хэрвээ үнэхээр мухардал байна гэж үзэж байгаа бол бодит ямар хүчин зүйл байна гэдгийг л олж харах гэж оролдох ёстой байх л даа. Нэг хэсэг хүмүүс бүр улайн цайм ярьж байна. Засаглалын хэлбэрээ өөрчилье, Ерөнхийлөгчийн засаглалтай орон болъё гээд. Ярьж болно. Гэхдээ Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа яав ч явуулж болохгүй гэж би ойлгож байгаа. Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. Ярьж болно, санал дэвшүүлж болно. Гэхдээ Үндсэн хуулийн утга агуулга, үг үсгийг зөрчсөн үйлдлүүд бол хийж болохгүй. Нэг хэсэг нь ер нь парламентын засаглалтай байх нь зөв юм байна. Гэхдээ энэ парламентын тогтолцоогоо илүү боловсронгуй болгохын тулд хоёр танхимтай болгоё оо гэж байна. Өөрөөр хэлбэл ингэхийн бол арай цэгцтэй болно гэж үзэж байгаа. Тэгээд гаргаж ирж байгаа үндэслэл нь юу юм бэ гэхээр энэ 76 хүн чинь ямар ч хяналтгүй байна шүү дээ. Эд нарт хяналт тавьдаг нэг тогтолцоог л бий болгочихъё гээд байгаа байхгүй юу. Тэр тогтолцоо нь юу юм бэ гэхээр дээд танхим байна. Дээд танхим нь доод танхимаа хянаж байдаг гэсэн ийм санал гаргаж байгаа. Энэ аргумент нь нэг бодлын зөв сонсогдоод байв ч үнэн хэрэгтээ ахиад л нөгөө асуудал гарч ирнэ шүү дээ.

А. Дээд танхимыг хэн хянах юм бэ гэсэн үү?

Х. Яг тийм. Ийм асуудлууд гарч ирж байгаа юм. Энэ нь ганцхан манай оронд ч байгаа юм биш. Олон улс орнуудад байсан. Нөгөө нэг хэсэг нь таны хэлснээр Үндсэн хууль бол ариун нандин зүйл. Юу ч тусгаж болохгүй, ерөөсөө гар хүрч болохгүй гэдэг. Бас яг ч тийм биш л дээ. Энэ цаг үе чинь ямар цаг үе билээ. Хурд нь ямар явж байгаа билээ. Магадгүй бидний арван хэдэн жилийн өмнө төгс төгөлдөр гэж ойлгож явсан олон юмны үндсэн шинж чанар нь бас л шал ондоо болчихсон явж байгаа шүү дээ. Жилийн өмнөх юм л ямар их өөрчлөгдөж байгаа билээ дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн яриад байгаад үндэслэл бас сонсогдохгүй байгаа юм л даа. Би хувьдаа юу гэж ойлгодог вэ гэхээр манайд бол нэг тийм холимог систем тогтчихоод байгаа юм болов уу даа гэж. Холимог учраас тэр болгон ойлгогдохгүй, хүндрэл учруулаад байж болох юм. Сонгодог парламентын засаглал монголд байна уу гэхээр бас байхгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглал юм уу гэхээр бас биш. Тэгээд засаглалын ямар хэлбэр нь юм бэ гэхээр хүмүүс тайлбарлаад санал гаргаад ярьдаг. Франц маягийн хүчтэй ерөнхийлөгчтэй, хагас ерөнхийлөгчийн засаглалтай гээд л. Зарим нь хагас парламентын засаглал гээд л ярьдаг. Тэгэхээр тэр хагас гэдэг юм нь л байж болохгүй юм шиг надад санагдаад байгаа юм. Нэг бол сонгодг парламентын засаглалтай болъё, нэг бол сонгодог ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэсэн тэр санаа бол зөв байх. Тийм хэлбэр лүү оруулдаг ямар арга зам байдаг вэ гэхээр одоо сүүлийн үед нэлээн маргаан дэгдээгээд байгаа тэр МАХН-ын их хуралтай холбоотой асуудал байна шүү дээ. Намын дарга нь ерөнхий сайд байх юм уу, үгүй юм уу гэсэн маргаантай асуудал тийм үү. Ерөнхийдөө улс төрийн соёлжсон тогтолцоотой нийгэмд бол сонгуульд ялсан намын дарга нь ерөнхий сайд байдаг ийм тогтолцоо байж байна. Энэ бол зөв зүйтэй зарчим. Гэхдээ үүнд бас нэг зүйл байгаа юм. Тэр намын дарга нь ерөнхий сайд болчихоод өөрөө парламентын гишүүн хүн байдаг. Энэ бол зайлшгүй зүйл. Гишүүн биш хүн бол ерөнхий сайд болдоггүй. Хоёрдугаарт, тэр хүн гишүүн байхаасаа гадна нэгэнт олонхийн эрхийг авчихсан бол өөрөө парламентаа тараах эрхтэй байдаг байхгүй юу. Энэ бол сонгодог парламентын тогтолцоо. Хэрвээ хийх шаардлагатай гэж үзэх юм бол энэ тогтолцоог л Үндсэн хуулинд оруулж өгмөөр байгаа юм.

А. Өнгөрүүлсэн 20 орчим жилийн амьдралаа эргээд харахад бидэнд байгуулсан амжилт асар их гэж та хэллээ. Бидний үеийнхэн бол энэ ардчилсан нийгмийн л эд эс. Бид энэ парламентын засаглалыг ардчилсан нийгмийнхээ хамгийн гол үнэт баялаг гэж хүлээж авдаг юм шүү дээ ?

Х. Тийм ээ. Тэр үнэн.

А. Тэгвэл тэр асуудал босгож ирээд байгаа тогтолцооны хямрал нь яг юу юм. Энэ намуудын үзэл бодлын зөрүүн дээр явж байгаа тэмцлүүдийг хэлээд байгаа юм уу. Энэ чинь дэлхийн улс төрөөр дүүрэн л байдаг асуудал шүү дээ. Системийн хямрал, тогтолцоо болохгүй байна гэсэн дүгнэлт тулхтай улстөрчдийн ихэнхийнх нь амнаас унаж байна?

Х. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёрын маань үйл ажиллагаа өөрөө тэр болгон цагийн механизм шиг авцалдаж өгөхгүй байна л даа. Ер нь бол парламентын засаглал гэдэг чинь хамаг асуудлыг л эндээ ярьж, маргалдаж, мэтгэлцэж, тэгж байж л шийдвэр гаргадаг тогтолцоо шүү дээ. Тэр нь өөрөө хүнд их залхуутай, уйтгартай, магадгүй учир нь олдохгүй, дандаа хэрэлдээд байгаа юм шиг харагддаг байж болно. Тэрэн дээр нь нэг хэсэг хүмүүс тоглох гэсэн бодолтой байж болно. Аа энэ нэг хэдэн нөхөр хэрэлдэхээс өөр юу ч хийхгүй байна ч гэдэг юм уу. Уг нь бол яг тэрэндээ парламентын мөн чанар нь байдаг. Хэлэлцэж ярьж байж л асуудлыг шийддэг. Нөгөө талд нь гүйцэтгэх засаглал гэж байгаа байхгүй юу. Тэр гүйцэтгэх засаглал чинь өөрөө илүү тийм шуурхай үйл ажиллагаан дээр тулгуурласан засаглалын хэлбэр шүү дээ. Энэ хоёрын үйл ажиллагаа заримдаа авцалдахгүй болохоор хүмүүс ердөө юм явахаа болчихлоо, засаглалын хямрал нүүрлэчихлээ гээд л шүүмжлээд байх шиг. Үүнийг л хямрал гэж хэлээд байх шиг байгаа юм. Томоор аваад үзэх юм бол энэнд хямрал гээд байх юм байхгүй. Гэхдээ тодорхой нөхцөл байдлаас харвал тухайн асуудлыг түргэн шуурхай шийдчих бололцоо байсаар байтал парламент дээр гацаад удаад байна гэдэг бас л бололцоо алдаж байгаа явдал. Боломжуудыг үнэхээр алдаж байна. Ийм тохиолдолд л засаглалын хямралын асуудлыг бид хөндөж тавиад байгаа юм. Тэгэхээр гүйцэтгэх засаглал, парламент хоёрыг хооронд нь уяж өгдөг механизм нь миний тэр түрүүний хэлдэг ерөнхий сайд парламентыг тараах эрхтэй байдаг тогтолцоо юм. Өнөөдөр Үндсэн хуулинд заачихсан байгаа тэр парламент тарах тогтолцоо бол ер нь бүтэхгүй. Онолын хувьд бололцоо байгаад байгаа боловч практик дээр огт хэрэгжихээргүй тийм л тогтолцоо байгаа байхгүй юу.

Amarjargal

А. Шинэ үеийн уншигчид их гярхай болсон. Баргийн юмыг эх сурвалжаар нь л барьж тэмтрэх гээд байдаг. Р.Амаржаргал гишүүн өөрөө яг засаглалын аль хэлбэрийг дэмждэг хүн юм бэ гэсэн асуулт тархинд нь яг одоо эргэлдэж байгаа?

Х. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Гэхдээ парламентын засаглалаа сонгодог хэлбэр лүү нь оруулах ёстой л гэж үзэж байгаа. Парламентын засаглал маань өөрөө хамгийн төгс төгөлдөр засаглалын хэлбэр гэж бас хэн ч хэлээгүй шүү дээ. Хэн ч энийг нотлоогүй. Черчил хүртэл юу гэж хэлсэн байдаг билээ. Хамгийн адгийн засаглал гэхдээ үүнээс илүүг нь хүн төрөлхтөн одоогоор бодож олоогүй байна гэж хэлсэн шүү дээ. Би өөрийн санаа бодлоо өнгөрсөн сонгууль болохоос долоо хоногийн өмнө шинээр бүрдэх гэж байгаа УИХ-ын эрхэм гишүүдэд хандаж гаргасан уриалгаараа хөндөж тавьж байсан.

А. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Содном гуай хоёртой хамтарсан уриалга бил үү?

Х. Тийм ээ. Тэрэндээ маш тодорхой гаргаж ирж тавьж байсан.

А. Одоогийн нөхцөл байдлаар бол энэ асуудал зохион байгуулалтад ороод тавигдаж эхэллээ. Энэ намууд болохоо байчихлаа. Эдний хөлд монгол үрэгдэх нь. Энэ улс хүчтэй, зангарагтай жолоодогчтой байх ёстой юм байна гэсэн суртлын бригад ажиллаж эхэлжээ?

Х. Энэ суртал хүрээгээ тэлж байгаа. Тэр үнэн. Энэ асуудал шинэ асуудал бас биш. Яригдсан асуудал байхгүй юу. 1990 оноос эхлээд л яригдсан шүү дээ. Тэгээд л Үндсэн хуулийн төсөл гарч ирээд л, Үндсэн хуулийг батлаад дуусан дуустал энэ асуудал яригдсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг асуудал дээр хичнээн их маргасан. Ингэж л бид ярьж байгаад шийдсэн. Эцсийн дүнд нь ард түмэн төлөөлөгчдөөрөө дамжуулаад хийсэн сонголт нь ердөө энэ. Тийм учраас энэнд шинэ юм байхгүй. Арван хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Арван хэдэн жилийн дара босч ирж байна л гэж ойлгох хэрэгтэй. Яваагүй зам чинь дандаа сайхан харагддаг биз дээ.

А. Явж байгаа нь ямагт зүдэргээнтэй санагддаг шиг ээ юу?

Х. Тийм. Явж, туулж байгаа маань илүү зовлонтой санагдаад байдаг шиг. Бидний ухамсартайгаар сонгож авсан зам маань энэ парламентын засаглал. Магадгүй ерөнхийлөгчийн засаглалаар тэр үед явсан бол өнөөдар шал ондоо юмтай учирчихаад айж сандраад энэнээсээ л хурдан ангижръя гээд байж байх байсан ч юм билүү. Гэхдээ ийм суртал ухуулга газар авахад нөлөөлж байгаа хүчин зүйл байгаа юу гэвэл байгаа. Тэр дотроос би өөрийн чинь онцолсон тэр зүйлийг хэлмээр байна. Тэр бол намууд. Төрийн ардчилсан тогтолцоонд чухам улс төрийн намууд ямар байр суурьтай байх ёстой юм. Юу хийх ёстой юм. Үүрэг нь юу байх ёстой юм бэ. Энэ хүрээнд үнэхээр яримаар юм маш их байгаа. Энэ намууд чинь бас бүрэн гүйцэт төлөвшиж амжаагүй байна. Төлөвшиж амжаагүй байгаагийн хамгийн сүүлийн жишээ сүүлийн үед МАХН дотор явагдаж байгаа процесс шүү дээ. Бүгдээрээ харж байгаа байх. Хамгийн тулхтай нам гэж ярьдаг, хамгийн ахмад нам гэж ярьдаг, Наян хэдэн жилийн түүхтэй гэж бахархдаг ийм нам нь үнэнийг хэлэхэд өчүүхэн жаахан шалгуур өндөрсгөөд тавихад л давж гарч чадсангүй шүү дээ. Тийм учраас тэр их хурлаа хийж, асуудлаа шийдэх гэж оролдож байна. Тэгэхээр энэ намуудын төлөвшил бас хараахан болоогүй байнаа. Намууд байх ёстой байр суурин дээрээ байж чадахгүй байгаа учраас өчнөөн олон иргэний хөдөлгөөнүүд гарч ирлээ. Нэг их амьдрал нь сайхан болоод, хийх юмаа олж ядсандаа гарч ирээгүй шүү дээ, тэд. Үнэхээр болохгүй байна гэж хараад л тодорхой тодорхой нэг нэг асуудлуудыг барьж аваад л гараад ирсэн.

А. Тэд тэгээд хаачсан бэ?

Х. Тэд үү. Зарим нь нам болсон. Зарим нь нам руу орлоо. Энэ бол субъективны хүчин зүйл нь. Энэ яагаад тэгэв.

А. Хурдацтайгаар хөрвөж байгаа тэр чанарыг нь бас багагүй шүүмжлэл дагаж байгаа?

Х. Шүүмжилж байгаа байх. Гэхдээ би үүнийг зөв л гэж харж байгаа. Яагаад гэвэл улс төрийн намуудын боловсон хүчний бодлогыг аваад үз. Ямархуу янзтай явж байна. Улс төрийн намууд боловсон хүчний бодлого дээр маш их алдсан. Одоо ч алдаж байна. Албан тушаалыг наймаалцаж байна. Хоорондоо талцаж байгаад хувааж байна. Дарга цэрэгт ойрхон явдаг, тэрийгээ магтаж дуулдаг хүмүүс нь өнөөдөр хэн ч биш байж байгаад маргааш төрийн өндөр албан тушаалд залардаг болж. Хүч хөдөлмөр орохгүйгээр арга залиар, хамгийн муухай аргуудаар юманд хүрээд байгаа нь хүний нүдэн дээр илт харагдаад байхаар чинь энэ ард түмний улс төрийн намуудад итгэх итгэл саарахаас яах юм. Яаж энэ төрийн тогтолцоо зөв явж байна гэж ойлгох юм. Тэгэхээр хэн ч бодох нь зөв ш дээ. Заавал намаар л дамждаг юм бол эхлээд бүгдээрээ нэг хөдөлгөөн байгуулаад авъя. Дараа нь цөмөөрөө нам болчихъё гэсэн нэг ойлголттой явж байж болно шүү дээ. Үүнийг бас үгүйсгэх арга байхгүй. Тэр хүмүүсийн замыг зөв буруу гэх нь бас харьцангуй. Өнөөдөр олон жишээ харагдаад байна ш дээ. Нэг хүний намууд байна. Компанийн намууд байж байна. Тэд ингэж яваад юманд хүрээд байхад бид ч гэсэн яагаад болдоггүй юм гэсэн тийм ойлголтоор хүмүүс асуудалд маш их хандаж байна. Хоёр гурван шинэ нам гараад ирээд биз дээ. Ганцхан сарын дотор. Тэгэхээр төрийн тогтолцоог болохгүй бүтэхгүй байна гэж харагдуулаад байгаа юм руу хөтөлж байгаа хүчин зүйлсэд энэ улс төрийн намууд үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн. Намуудын төлөвшил асар нөлөө үзүүлж байна гэж би бодож байна.

А. Та бол эдийн засагч хүн. Монголын эдийн засаг яагаад томорч өгөхгүй байна вэ. Яагаад үдэсний том корпорациуд мэндлэхгүй байна. Шалтгаан нь бохир улс төр гэсэн дүгнэлт рүү өөрийн эрхгүй аваачиж байна?

Х. Маш үнэн.

А. Аливаа нэг бизнесмен мөрөөрөө бизнесийнхээ хуулиар амьдрах гэхээр улс төр аль нэгэн дээвэр дороо аваачих гэж шахдаг. Болохгүй болохоор нь хорьж цагддаг, зохиомлоор дарамт босгодог явдал газар авлаа?

Х. Учир шалтгаан нь ерөөсөө энэ. Өөрөөр хэлбэл бизнес хийгээд шударгаар амьдраад юм олохоосоо илүү хүний бий болгочихсон бизнесийг булааж авах нь хамаагүй ашигтай болчихоод байгаа байхгүй юу. Тийм биз дээ. Чи нэг 100 мянган төгрөгтэй явж байж гэж бодъё. Чамаас дээрэмдчихээд тэрнийхээ 30 мянгыг нь цагдаад өгчихөөд 70 мянгыг нь өөрөө аваад л яваад өгч байна шүү дээ. 70 хувийн ашигтай бизнес гэж хаана байдаг юм. Өнөөдрийн амьдрал чинь яг ийм болчихоод байгаа байхгүй юу. Ийм болчихсон учраас улс төрийн намуудын боловсон хүчний бодлогыг шүүмжлээд байгаа юм. Эдийн засгийн харилцаа ч гэсэн энэ рүү л ороод байна ш дээ. 1990 оноос хойш эдийн засгийн бүтцийн өөрчлөлт чинь удаан явагдаж ирсэн ч гэсэн түүхэн үүднээс нь авч үзвэл алхмууд нь бол хийгдээд л байгаа. Нэг хэсэг нь энэ хуулиараа юмаа хийгээд л удаан боловч урагшилж явтал дундаас нь өөр нэг хэсэг нөхөд гарч ирээд туулайддаг явдал гарч ирсэн. Тэр туулайддаг хүмүүсийн хүрээ тэлэгдээд, юм хийж явсан улсынх нь тоо дарагдаад ирсэн. Буруу дуу хоолой нь л сонсогдоод эхэлсэн шүү дээ. Буруу нь тод харагдаад гэсэн үг. Өнөөдөр нийгмийн баялгийг бүтээхээсээ илүү нийгмийн баялгийг дахин хувиарлах нь илүү ашигтай, тэрийг хийж чадаж байгаа нь илүү амьдардаг болчихоод байна л даа. Бүтэн давхарга бий болгочихсон. Тэр давхаргадаа улс төрийн хүрээнийхнийг багтаачихсан. Төрийн захиргааны албан хаагчдыг багтаачихсан, хууль эрх зүйн байгууллагын ажилтнуудыг элсүүлчихсэн ингээд иж бүрэн бүлэглэл болчихсон хөгжиж байгаа байхгүй юу. Манай монголд хамгийн төлөвшчихсөн институци юу вэ гээд асуух юм бол авлига гэдэг институци л хамгийн төлөвшчихсөн, хамгийн хөлөө олчихсон, хамгийн төгс төгөлдөр хэлбэрээ олчихсон л байж байна шүү дээ. Улс төрийн намуудаараа дамжуулж явуулж байгаа бодлого маань ингээд олигтой үр дүнд хүрэхгүй болохоороо л ийм чөтгөрийн тойрог үүсчихээд байгаа байхгүй юу.

А. Саяхан нэгэн намын даргад жижиг намын зовлон гэж байх юм уу гэсэн асуулт тавьж үзсэн, таагүй байна лээ. Та намын дарга байсан хүн. Том намын зовлон гэж бий юу. Та өнөөдөр яг Ардчилсан намын, сэтгэлдээ сэвгүй гишүүн мөн үү?

Х. Би намынхаа сайхан гишүүн нь л явж байгаа шүү дээ. (инээв) Намынхаа ажил төрөлд оролцоод л хуучнаараа явж байгаа. Бас ҮЗХ-ны гишүүн. Намын гишүүний үүргээ биелүүлээд, хуралдаа суугаад явж байна. Том намын зовлон гэж байлгүй яахав. Түүхээр ногдуулсан хариуцлага байгаа юм. Үүрэх ёстой. Өнөөдөр монголд хэдэн нам байгааг мэдэхгүй байна. Тоог нь алдчихсан. Гэхдээ энэ дотор яг түүхээрээ гарч ирсэн хоёрхон нам л байгаа юм. Нэг нь МАХН, нөгөө нь Ардчилсан нам. Бусад намуудыг би муу хэлж байгаа юм биш. Гэхдээ л хүлэмжний таримал ургамал шиг л намууд. Ингэж хэллээ гээд намайг шүүмжлэх байх. Гэхдээ үнэнийг хэлэхэд байдал тийм л байгаа. Энэ намууд арван хэдэн жил үзэлцэж үзэлцэж өнөөдрийн бидний түвшинд хүрнэ шүү дээ. Тэгээд мацаад ирэхэд нь бид нар бас байран дээрээ зогсч байхгүй биз дээ. Манай хоёр намын хувьд бол үнэхээр том асуудал байгаа юм. Улс орны хувь заяа энэ хоёр намаас л шалтгаална. Өөр хэнээс ч хамаарахгүй. 2004 оны сонгуулийн дараа чуулган дээр би хэлж байсан. Тэгэхэд Н.Энхбаяр их хурлын дарга байсан. За нөхөд минь та нар эрх барьж байгаа шүү. Та нар хариуцлагыг нь хүлээнэ шүү гээд. Тэгэхэд Н.Энхбаяр миний урдаас ярдаглаад үгүй ээ хамтдаа хүлээнэ гэж хэлж байсан. Тиймэрхүү хэлбэр лүү оруулах гэж их ч оролдсон л доо. Тэр нь ч бүтэлгүйтсэн. Гэхдээ яг эрх барьж байгаа хүчин нь хариуцлагаа бүрэн хүлээгээд явдаг тэр тогтолцоо руу бид бас гүйцэд орж чадахгүй л байгаа юм.

Amarjargal

А. Улс төрд хүссэн ч хүссэн ч лидерүүдийн орон зайн тухай том ойлголт явдаг. Танай нам гэхэд хүч тэнцүү олон лидерүүдтэй. Тэдний учрыг олж зохицуулж чаддаг чадварлаг менежер сайн дарга юм уу, том лидер сайн дарга юм уу?

Х. Тогтолцооны талаас нь авч үзвэл МАХН бол дарга шүтсэн тогтолцоотой нам. Бурхан ч бай, буг ч бай дарга л бол тэрийгээ дагаад л гүйчихдэг. Манай Ардчилсан намд бол тийм юм байхгүй. Чи ёстой ямар ч гайхамшигтай хүн байсан ердөө хүлээж авахгүй. Дандаа бие даасан улстөрчид. Өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай бие даасан зүтгэлтнүүд байдаг учраас бас онцлог л доо. Энэ нь бидний нэг давуу тал юм шиг байгаа юм. Тэр олон лидерүүд гарцаагүй уулзаж байр сууриа ярилцах, нэгтгэх шаардлага гардаг. МАХН-ын хувьд дарга гэх хүний л өнгийг дагаж явдаг учраас тэр нь алдчихвал дэндүү том алдчих юм. Сая энэ нь ч бас харагдлаа ш дээ. Цаашдаа ч гэсэн ийм юмнууд нь давтагдаад л явах юм шиг байна. Албан ёсны лидер нь хэн байх вэ гэдэг нь манай нам дотор албан тушаалтай нь огт хамаагүй байдаг. Албан тушаал дагасан тогтолцоо манай намд байдаггүй юм шиг байгаа юм. Ер нь намын удирдлага менежмент талын хүн байх ёстой юм болов уу гэсэн бодол надад байдаг. Тэр олон лидерүүдийг нэгтгэж чаддаг хүн байх ёстой. Намыг нэгтгэдэг гэхээсээ задладаг, салгадаг дарга нар манай нам дотор байсан л даа. Нэгтгэх хүч биш харин задлах хүч болж байсан дарга нар.

А. Сэтгэлдээ сэвгүй гишүүн мөн үү гэсэн асуултыг маань та үнэхээр анзаарсангүй юу?

Х. Би ямар ч сэвгүй. Тэр тухай аль эрт мартсан. Би нэг их хүнд юм санадаггүй хүн ш дээ.

А. Намдаа хөөгдөөд шархдаж явсан түүхээ сэтгүүл зүйн ой санамжнаас арчихыг хүсдэг юм байна л гэж бодлоо. Нөгөө том утгаа дагаад мартая даа гэж боддог байж болох?

Х. Хүнд мартагдуулахаасаа өмнө би өөрөө мартчихсан байдаг учраас нэг их тоодоггүй байхгүй юу. Сонгуулийн дараа тэртээ тэргүй намайг нам маань буцааж аваад, намын дэд дарга болгоо биз дээ.(инээв) Дэд даргаар би хагас жил шахам ажиллаад их хурлын дараа ажлаа хүлээлгэж өгсөн шүү дээ.

А. Бие даагч гурав гэж АН-аас тусдаа субъект байгаа юм шиг сонирхолтой тандалтууд сая хэвлэлээр их явлаа шүү дээ. Шинэ Засгийн газарт бие даагч нараас орох гэнэ гээд л. Тэгээд л асуугаад байгаа юм?

Х. Худлаа мэдээллүүд л дээ. Ер нь бол сонгогдохдоо бол бие даагаад гараад ирсэн шүү дээ. Бие даагч аль нэгэн бүлэгт өргөдлөө гаргаж элсэх ёстой байхгүй юу. Тэр элсэлт бол одоо болтол хийгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл Амаржаргал “Намайг албан ёсоор АН-ын бүлэгт оруулж өгнө үү” гэсэн хүсэлт УИХ-д гаргаагүй байхгүй юу.

А. Намын гишүүний батлахаа яасан?

Х. Байж л байгаа.

А. Хуучин батлах чинь?

Х. Хөөсөн ч гэсэн хурааж аваагүй байсан л даа. (инээв)

А. АН шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн нь сонгогчдынхоо эрх ашгаас урвасан хэрэг гэж М.Энхсайхан дөнгөж өчигдөр мэдэгдлээ?

Х. Засгийн газрын гишүүн биш эрхэм гишүүд тэгээд сонгогчдоосоо урвасан болох уу. Урьд нь засагт багтаагүй намууд дандаа урвагч нар байсан болж байна уу. Наадах чинь ямар ч логикгүй мэдэгдэл байна лээ шүү дээ.

А. Хүүхдийн 10 мянгыг өгүүлэх гэж хашгирч байснаа хаяад гараад явчихсан. Тэрийг нь бид хэрэгжүүллээ гэсэн хорон мессежэнд та ямар тайлбар өгөх вэ. Энэ хэрүүл дэгдээж байгаа асуудал биш шүү. Сонгогчид гэнэн шүү дээ?

Х. АН дөнгөж 25 суудалтай УИХ дахь цөөнх гэсэн хэдий ч бид цөөнх учраас мөрийн хөтөлбөр хамаагүй гээд орхиогүй шүү дээ. дөрвөн жилийн өмнө 21 зүйл бүхий мөрийн хөтөлбөрөө бариад л орон даяараа явж сонгуульд оролцсон. Өнөөдөр эргээд харвал цөөнх мөртлөө мөрийн хөтөлбөрөө бараг бүрэн хэрэгжүүлсэн байгаа шүү дээ. Малчдын татвар, хамтарсан тэтгэврийн тогтолцоо зэрэг ганц нэг заалт үлдсэн. Бид амлалтаа хэрэгжүүлээд л явж байгаа. Хэн ч үгүйсгэх гээд чадахгүй.

А. Таван толгой тойрсон асуудлаар таны байр суурийг сонсмоор байна?

Х. Энэ уул уурхай тойрсон асуудал монголчуудыг бутаргаж байна. Улс төрийн намуудыг, улс төрчдыг хооронд нь сөргөлдүүлэн хагаралдуулж байна. МАХН-ын хүрээнд саяхан болон одоо өрнөж буй асуудал эцсийн дүндээ нөгөө хэдэн уурхайтай л холбоотой шүү дээ. Тиймээс монголчуудыг нэгтгэх биш харин хагаралдуулж байгаа асуудлыг бид их буурьтай сууртай, яаралгүй, сэтгэлийн хөдөлгөөнд автагдалгүй авч үзэж шийдэх ёстой. Яарах хэрэггүй л гэж боддог. Нөгөө талаас уул уурхайн хүрээнд монголчууд бид чухам өөрсөдөө юу хүсээд байгаагаа мэдэхгүй, сайн тодорхойлж чадахгүй байна шүү дээ. Энэ нөхцөлд юунд яараад байгаа билээ. Байгаа шийдлийг бид цөмийг нь авч үзсэн үү.Тухайлбал, өмчлөлийн асуудал эзэмшил, ашиглалтын асуудал гэдгийг бид ялган салган судлаж үзсэн үү. Үгүй шүү дээ.

А. Өө, нэг асуулт мартах нь. Монгол банкны асуудал УИХ-аар хэлцэгдэхэд та их бухимдсан. Нөхөр Амаржаргал яагаад ингэж Чулуунбатыг хамгаалаад байнаа гэсэн хардалт зарим хүмүүст төрсөн бололтой?

Х. Би тэр хардалт мардалтаас чинь айж мэддэггүй хүн шүү дээ. Харин монгол банкны асуудлыг хэлэлцэж байх үед элдэв мэдэгдэл хийгээд байсан хүмүүс монголбанк гэдэг, монголбанкны ерөнхийлөгч гэдэг эдийн засгийн институтын хувь заяаны талаар нэг их санаа зовсон нь юу л бол. Энэ чухал эдийн засгийн институтуудын талаар хувийн харилцааны үүднээс өөрөөр хэлбэл надад таалагдана, таалагдахгүй гэсэн байр сууринаас хандаж огт болохгүй. Би нэг ийм зүйл ярьж өгье. АНУ-д ерөнхийлөгчөө муулах, элдэв янзаар хэлэх гэх мэт нээлттэй гэнэ л дээ.

А. Бушийг яаж ч шүүмжилж, харааж, хардаж болдог л доо?

Х. Бушийг яаж ч болно. Харин та нар Грийнспэний нэр хүндэд халдаад үзээрэй. Тийм эрх хэнд ч байхгүй гэдэг. Грийнспэн гэдэг нь тэдний төв банкны ерөнхийлөгч, одоо Бернанке гээд шинэ хүн болсон. Ийм л байгаа юм даа. Миний халаасанд байгаа хэдэн төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлж байгаа институтаар тоглох эрх хэнд ч байх ёсгүй л дээ.

А. Дээр үед Монголбанкны ерөнхийлөгч Д.Моломжамц гэж хүн байсан. Тэр хүнийн нийтэд хандсан байдлаар ер нь харж байгаагүй. Одооны банкирууд хэвлэлийн бага хурал л хийгээд гүйгээд байдаг. Тэндээс нь дүүрэн сэтгэлийн хөдөлгөөн ханхалж байдаг?

Х. Автаад байна. Дээр нь улс төрийн туршлага бас бага байна л даа. Гаднаас хандсан дайралт болгонд энэ институт хариулж байх ёсгүй л байхгүй юу.

Зохиогчийн эрх Эх сурвалж

Б.Ганчимэг www.news.mn

2007.11.09

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply