Шүтэн барилдлагын эдийн засаг

Өнөөдөр сонин дугаар 197 (8501), 198 (8502)

Шүтэн барилдлагын эдийн засаг

Р.Амаржаргал

Энэ жилийн эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг Роберт Э.Холл (Robert E.Hall) болон Майкл Вүүд форд (Michael Woodford) нар макро тогтворжуулалтын микро эдийн засгийн үндсийг тодорхойлсон судалгаагаараа хүртэн, эл судалгаа нь эдийн засгийн онолын түвшнийг гүнзгийрүүлэн ахиулахад ихээхэн ач тустай болсон нь маргаангүй. Гэсэн хэдий ч эдийн засгийн онол, судалгааны хүрээнд бүрэн шийдэгдээгүй, академик болон бодлого боловсруулалтын түвшинд хариулт хүлээж буй тулгамдсан олон чухал асуудал байна. Зарим нэгээс нь дурдъя.

1. Технологийн дэвшил нь шинэ төрлийн ажлын байрыг нэмэгдүүлснээрээ, урт хугацаанд цалинг өсгөдөг гэж уламжлалт эдийн засгийн онолд үздэг. Гэвч хиймэл оюун (AI)-ы хурд, далайц нь шинэ ажлын байр бий болохоос илүү хурдацтай байгаа тул бүтээмжийн өсөлт, ажил эрхлэлтийн хамаарлыг шинээр тодорхойлох шаардлага гарч байна.

2. Уламжлалт эдийн засгийн онолууд (тухайлбал Кузнецийн муруй) эдийн засаг хөгжихийн хэрээр тэгш бус байдал буурна гэж таамагладаг. 

Гэвч бодит байдалд баялгийн бөөгнөрөл, төвлөрөл улам ихсэж, хөгжингүй болон хөгжиж буй орнуудад баялгийн ба орлогын хуваарилалтын зөрүү туйлширч байгаа нь татварын бодлого, хөрөнгө оруулалтын өгөөж болон цалингийн ялгааг хэрхэн зохицуулах вэ гэдэг шинэ модель загварыг шаардах болов.

3. Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны эдийн засгийн хүрээнд экологийндоройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зардлыг зах зээлийн механизмаар хэрхэн зөв үнэлэх нь асуудал болжээ. Байгалийн баялаг, цэвэр агаар бол “гадаад дайвар нөлөөлөл” (externalities) тул зах зээлийн үнэд шууд тусгагддаггүй явж ирсэн учраас “тогтвортой хөгжил”-ийн эдийн засгийн шинэ хэмжүүр нэн шаардлагатай байна.

4. Төвбанкуудын Мөнгөний бодлогын хязгаар лагдмал байдал ба инфляцын мөн чанар: Хүүгийн хэмжээ “0”, эсвэл сөрөг болох, мөнгөний уламжлалт бус тэлэх бодлого (QE) хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй инфляцыг мөнгөний бодлогоор зохицуулах боломж хязгаарлагдмал болжээ. Фридманы “Инфляц бол үргэлж мөнгөний үзэгдэл” гэх сонгодог онол нь геополитикийн хямрал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон цар тахлын дараах нөхцөл байдалд бүрэн тайлбар өгч чадахгүй байна. Инфляцын мөн чанар, мөнгөний бодлогын лимитийг судлах, судалгааны шинэ арга хэрэгсэл, шийдэл эрэлхийлэх нь Төвбанкуудын “толгойны өвчин” боллоо.

5. Гео-эдийн засаг ба даяарчлалын ухралтыг (Deglobalization) хараахан тайлбарлаж чадахгүй байна. Дэлхийн худалдаа чөлөөт зах зээлийн зарчмаас илүүтэй геополитик, үндэсний аюулгүй байдал, улс төрийн эвсэлд (Friend-shor¬ing, Reshoring) тулгуурлах боллоо. Бидний шүтэж ирсэн Рикардогийн “харьцангуй давуу талын онол”-д үндэслэсэн чөлөөт худалдааны модель задарч байна. Протекционизм болон технологийн дайн газар авч буй энэ үед дэлхийн худалдааны шинэ дэг журам, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг тооцоолох шинэ онол хэрэгтэй болов.

6. Төвбанкны дижитал валют (CBDC), крипто хөрөнгө ба приват токенууд нь уламжлалт банкны систем болон фиат мөнгөний үүрэг, сувгийг өөрчилж эхэлсэн. Улс орнуудын Төвбанкмөнгөний нийлүүлэлтийг хянах монопол онц эрхээ алдах эрсдэлтэй тулгарлаа. Энэ нь мөнгөний бодлогын дамжуулах сүлжээ механизмыг хэрхэн өөрчлөх, санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хадгалах тухай асуултыг дэвшүүлсэн байна.

7. Хүн амын насжилт ба Демографийн шокхойшлуулшгүй асуудал болсон. Дэлхий даяар, ялангуяа өндөр хөгжилтэй болон дундаж орлоготой орнуудад төрөлт бууран, ажиллах хүч цөөрч, хүн амын насжилт хурдацтай явагдаж буй энэ нөхцөлд өнөөгийн нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоо болон эрүүл мэндийн салбар ч, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйлс байх, эсэхийг онолын түвшинд хараахан тодорхойлж чадахгүй байна.

8. Монопол ба технологийн гигантуудын (Big Tech-Google, Apple, Microsoft, Amazon гэх мэт) зах зээлийн давамгайлал уламжлалт монополоос өөр байдлаар (өгөгдөл дээр тулгуурлан) зах зээлийг хяналтдаа авч байна. Дата болон өрсөлдөөнийг боомилдог дижитал платформыг хэрхэх ёстойг ойлгоход хүндрэлтэй болсон.

9. “Homo Economicus” буюу хүн үргэлж рациональ (оновчтой) шийдвэр гаргадаг гэх онолын суурь орвонгоороо эргэж байна. Зан үйл хөдлөлийн эдийн засаг нь (Behavioral Economics) хүмүүс сэтгэл хөдлөл, нийгмийн нөлөө, алгоритмын санал болгож буй сонголтын тулгалтад автдаг болохыг нотолсон. Одоогийн макро ба микро эдийн засгийн загваруудад иррациональ шийдвэр гаргалтыг математик тооцоололд хэрхэн оновчтой тусгах вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

10. Өрийн дарамт ба төсвийн тогтвортой байдал мөн л асуулт дагуулсаар. Дэлхийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх замаар эдийн засгийг дэмжих Кейнсийн ба Орчин үеийн мөнгөний бодлогын онол (MMT-Modern Monetary Theory) хоёрын зааг дээр маргаан үргэлжилж байна. Засгийн газруудад дефолт зарлахгүйгээр асар их өрийг хэрхэн удирдаж, ирээдүй үедээ дарамт болохгүй байх вэ гэдэг нь том сорилт юм.

Товчхондоо, эдгээр 10 асуудлыг өнгөрсөн зууны “Тоо ба эконометрикзагварчлал” суурьтай эдийн засгийн онол биш, харин технологи, квант, социологи, сэтгэл зүй, геополитикболон байгаль орчны зэрэг шинжлэх ухааны олон төрөл нягт уялдан сүлэлдэж байж л шийдэж магадгүй юм. Неоклассикэдийн засгийн ухааны Декарт-Ньютоны механикүзэлд суурилсан атомистик(atomistic) ба шугаман загварчлалын хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нөгөө талаас дээрх асуудлуудын шийдлийг юун түрүүнд политэкономийн хүрээнд эрэлхийлбэл үр дүнтэй байж болзошгүй хэдий ч онол, арга зүйн хувьд нааштай зүйл одоохондоо харагдахгүй байна.

====================================

Дээр дурдсан, онол арга зүйн хувьд шийдэл хүлээж буй асуудлууд нь тус тусдаа, салангид үзэгдлүүд биш, харин орчин үеийн нийгэм-эдийн засгийн цогц, нарийн төвөгтэй систем (Complex Adaptive System)-ийн харилцан хамааралтайг илэрхийлсэн феноменууд гэлтэй. Эдгээр асуудлыг тус тусад нь, салангид байдлаар судалж, тодорхой шийдэл хайж болох хэдий ч дэндүү олон бөгөөд нэн чухал хүчин зүйлсийг constant болгон тооцох ёстой болно. Асуудалд цогц, системийн арга зүйн шийдэл хайх (Systemic Methodology) шаардлагатай. Харилцан хамаарал, уялдаа холбоонд нь, цогцоор шийдэх гэсэн оролдлогын хүрээнд эдийн засгийн ухаан болон бусад шинжлэх ухааны зааг, огтолцол дээр судалгааны шинэ арга зүй, аргачлал бий болж байна. Эдгээрээс заримыг дурдъя.

1. Системийн динамик ба Нийлмэл сүлжээний онол (System Dynamics & Complex Network Theory). Уламжлалт эдийн засаг асуудлыг тус тусад нь задалж, шугаман хамаарлаар авч үзэж ирсэн бол энэ арга зүй нь систем бүхэлдээ хэрхэн ажилладгийг судалдаг бөгөөд эдийн засгийг өөр хоорондоо уялдан холбогдсон “сүлжээ” (nodes and links) гэж үзэн, нэг талд үүссэн шок(жишээ нь, Big Tech-ийн дата монопол) өөр салбарт (жишээ нь, хөдөлмөрийн зах зээл) хэрхэн нөлөөлөхийг математикболон компьютерын симуляцаар (Agent-Based Modeling) тооцоолдог. Өөрөөр хэлбэл, бодлогын нэг шийдвэр бусад салбарт ямар давхар дайвар нөлөө (feedback loops) үзүүлэхийг урьдчилан таамаглах боломж олгодог юм.

2. Доннат эдийн засаг ба хязгаартай системийн хослол (Doughnut Economics Methodology): Оксфордын эдийн засагч Кейт Раворт (Kate Raworth)-ын боловсруулсан энэхүү арга зүй эдийн засгийг экологийн болон нийгмийн лимитийн хязгаар дотор авч үздэг бөгөөд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт манай дэлхийн даацаас хэтрэхгүй байх хязгаарыг экологийн тааз (Ecological Ceiling); орлогын тэгш бус байдал, эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлтийн доод хэрэгцээг хангасан байх түвшнийг нийгмийн суурь (Social Foundation) гэсэн хоёр хязгаар тогтоожээ. Энэ бол ДНБ-ийг эдийн засгийн цорын ганц хэмжүүр болгохоос татгалзаж, баялгийн тэгш хуваарилалт, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт зэргийг нэгдсэн нэг загварт зангидан судлах гэж оролдож буй арга зүй юм.

3. Эрхэм зорилго (Mission) -баримжаалсан буюу төр, хувийн хэвшлийн стратегийн түншлэлийг онцолсон онол. Сүүлийн жилүүдэд багагүй тодорч буй эдийн засагч Мариана Маззукато (Mariana Mazzucato)-гийн дэвшүүлсэн энэ арга зүй нь “зах зээл бүтэлгүйтэхэд засах” биш, харин төр -хувийн хэвшил “зах зээлийг хамтдаа чиглүүлж бүтээх” зарчмыг санал болгодог юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран, тодорхой “Эрхэм зорилго” (Mission) дэвшүүлэн тавина. Жишээ нь, “2035 он гэхэд AI-д тулгуурласан, цахилгаан эрчим хүч, шатахуун түлшний хараат бус байдлаа бүрэн хангасан, динамикэдийн засагтай болох” Үүний тулд дэд бүтцийн санхүүжилт, технологийн хөгжил, ногоон шилжилт болон монополыг зохицуулах бодлогуудыг нэг стратегийн доор нэгтгэн чиглүүлэх нь зүйтэй бөгөөд амжилтад хүрсэн бэлэн практикбайгаа гэж үздэг.

4. Зан үйл хөдлөлийн ба эдийн засгийн дижитал архитектур (Behavioral & Institutional Economics with AI) гэсэн нэг шинэ чиглэл гарч ирсэн байна. Эдийн засгийн агентууд (хүмүүс, компаниуд) үргэлж оновчтой шийдвэр гаргадаггүй гэдэгт тулгуурлан, институц болон технологийн орчноор дамжуулан шийдвэрийг чиглүүлэх боломжтой. Үүний тулд Big Data болон AI ашиглан иргэдийн бодит зан төлөвттулгуурласан “Nudge” (дэмжих/түлхэх) институцийн механизмыг дижитал хэлбэрээр байгуулах санал дэвшүүлж байна. Энэ нөхцөлд жишээ нь, мөнгөний бодлогын дамжуулах механизмаас эхлээд дижитал валют болон зан төлөвийн гажигтай холбоотой асуудлуудад хүмүүсийн бодит шийдвэр гаргалтыг харгалзан дагалдуулж, тохируулга хийх зэрэг шинэлэг симуляц загваруудыг дэвшүүлсэн байдаг.

5. Поли-Перма хямрал ба Гео-стратегийн нэгдмэл загварчлалын (Poly-Perma crisis Mod¬eling) хүрээнд олон талт хямралыг (цар тахал, дайн, технологийн шок, инфляц) тус тусад нь биш, нэг цаг хугацаанд зангидан шинжлэх концепцийг дэвшүүлжээ. Геополитик, эдийн засаг, демограф болон технологийн эрсдэлүүдийг хамтад нь тооцдог сценари төлөвлөлтийн (Scenario Planning) шинэ математикаргуудыг хөгжүүлэх, тухайлбал, гео-эдийн засгийн задрал, өрийн тогтвортой байдал, нийлүүлэлтийн сүлжээ болон хүн ам зүйн шо кийг нэгдмэл эрсдэлийн менежментээр удирдах боломжийг эрэлхийлнэ.

6. Тоон үзүүлэлтийн хэмжүүрийг шинэчлэх концепц нь (Beyond GDP Metrics) уламжлалт макро эдийн засгийн хэмжүүрүүдийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Хэмжиж чадахгүй зүйлийг удирдаж чадахгүй учраас ДНБ (GDP)-ээс гадна Байгалийн капитал (Natural Capital), Нийгмийн капитал (Social Capital), ба Хүний капитал (Human Capital)-ыг хамтад нь нэгтгэсэн Баялгийн нэгдсэн баланс (Inclusive Wealth Index)-ыг ашиглах тухай санал дэвшүүлж байна. Энэ талаасаа баялгийн тэгш бус байдал, байгаль орчны үнэлгээ, үнэ цэн болон ажиллах хүчний шилжилтийг статистикийн түвшинд нэгдмэл байдлаар тооцон үнэлэх боломжийг эрэлхийлсэн концепц юм.

Дээр дурдсан концепцууд нь дөнгөж үүсэл, эхлэлийн шатандаа яваа гэдгийг тэмдэглэх ёстой бөгөөд онол арга зүйн хувьд бүрэн боловсорч амжаагүй байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний өмнө, эдийн засгийн онол судалгааны түвшинд хурцаар тавигдаж буй асуудлуудыг салбар дундын уялдааг хангах, статикбус динамик, магадгүй энтропи гэж авч үзэх ёстойг хүлээн зөвшөөрч буйн илрэл юм. Шинжлэх ухаан, технологи ба нийгмийн асар хурдтай өөрчлөлттэй хөл нийлүүлэхүйц дижитал ба алгоритмд суурилсан, уян хатан зохицуулалтыг эрэлхийлсэн алхмуудын эхлэл мөн билээ.

==============================

Эдийн засгийн сургаал нь анхандаа бие даасан шинжлэх ухаан бус, харин “Улс төрийн эдийн засаг” (Political Economy) нэртэйгээр философийн салбарын нэг хэсэг байсан түүхтэй. Өнөөгийн эдийн засгийн ухааны хямралт байдал нь тоон загвар, математик формализмд хэт автаж, хүний оршин буй утга учир, байгалийн болон түүхэн хөгжлийн хуулиуд, ёс суртахуун болон үнэт зүйлсээс холдож, туйлдсантай шууд холбоотой.

Философийн арга зүй, түүний дотор диалектик, феноменологи, болон гносеологийн хууль категориудыг ашиглан шийдлээ хүлээж буй эдийн засгийн онолын нарийн төвөгтэй асуудлыг шинжлэх нь цаг үеийн шаардлага юм.

Зарим нэгэн жишээ татья. Диалектикийн хуулиуд өнөөгийн эдийн засгийн системийн дотоод зөрчлийг олж харахад чухал түлхүүр юм. Өрийн хэмжээ нэмэгдэх,  орлогын тэгш бус байдал эсвэл байгаль орчны доройтол нь тодорхой тоон хязгаарт хүрээд цоо шинэ, өнөөгийн системийг бүхэлд нь нураах хэмжээнд хүргэж байгааг тооноос чанар шилжих хууль тайлбарладаг. Философийн энэ хуулиар эдийн засгийн шокууд зүгээр нэг хэлбэлзэл бус, системийг өөрчлөх зайлшгүй хувьсал болохыг тайлбарлаж болно.

Эсвэл Эсрэг тэсрэгийн нэгдэл ба тэмцлийн хуулийн дагуу Дижитал монопол ба хэрэглэгчийн эрх чөлөө, AI ба хөдөлмөрийн зах зээл хоорондын зөрчил нь эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч байж чадах боломжийг судлах арга зүй байна. Тэр ч байтугай капитализм өөрөө өөрийнхөө “эсрэг тал” (жишээ нь, платформ коммунизм эсвэл төрийн, нийтийн өмчийн шинэ хэлбэрүүд)-ыг гаргаж байгааг энэ хуулиар харж болно.

Онтологи ба эпистемологи талаас нь аваад үзвэл эдийн засгийн үндсэн ойлголтууд (мөнгө, үнэ цэн, өмч, зах зээл) нь бодит биет зүйлс биш, харин хүмүүсийн итгэл үнэмшил, нийгмийн гэрээ буюу “нийгмийн бүтээгдэхүүн” (Social Constructs) юм. Жишээ нь, криптовалют, төв банкны дижитал валют  гарч ирсэн нь мөнгө гэдэг зүйл “итгэл үнэмшил” дээр л оршдог болохыг улам тод харуулж байна. Харин танин мэдэхүйн хязгаар (Epistemological limits) талаас нь авч үзвэл  хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухаан болон нарийн төвөгтэй санхүүгийн сүлжээнүүдийг бүрэн дүүрэн танин мэдэж, хянаж чадах эсэх нь том асуулт юм. Бид өөрсдийнхөө үүсгэсэн “мангас”-аа ойлгох түвшиндээ хүрсэн үү?

Орчин үеийн эдийн засгийн этикийн асуудал ч шинээр тодорхойлогдох ёстой болжээ. Орчин үеийн эдийн засаг нь “ашиг орлого”, “үр ашиг” (efficiency) гэдгийг л шалгуур болгох нь ёс суртахууны хоосролд хүргэж байна гэж эрдэмтэй номтой хүмүүс шагширч байгаа билээ. Хүнийг зөвхөн ажиллах хүч, хэрэгсэл гэж үзэх нь хөдөлмөрийн зах зээл дээр AI-ээр хүнийг орлох, эсвэл дата монополоор хүнийг “бараа” болгож буй өнөөгийн нөхцөлд тулгаад ирлээ. Эдийн засгийг дахин “хүн төвтөй, хүнд үйлчлэх эдийн засаг”-ийн чиглэлд нь оруулахын тулд аксеологи (үнэт зүйлс)-ийн шинэ эргэлт хэрэгтэй.

Өнгөрсөн зуунд экзистенциализм ба хүний эрх чөлөөний асуудал хөндөгдөж, хүчээ авч эхэлсэн нь мөн л учиртай. Тэгвэл 21 дүгээр зуунд хиймэл оюун ухаан бүх ажлыг хийдэг болчихвол хүн төрөлхтөн юу хийж амьдрах вэ, ажил амьдралын утга учир юу байх билээ гэдгийг философичид асууж, хариулт хайж байна. Зарим судлаач хүний амьдрал угаасаа абсурд, эсвэл бид матриц дотор л төөрчихсөн яваа гэдгийг нотлох гэж оролдож байна. Энэ бол эдийн засгийн бус, цэвэр экзистенциал (оршихуйн) хямрал юм. Ажил эрхлэлтгүй нийгэм дэх хүний эрх чөлөө, бүтээлч байдал, амьдралын утга учир ямар байхыг одоохондоо уран зөгнөлт зохиол, кино л дүрсэлж байна.

Товчхондоо, эдийн засгийн ухааны онол, арга зүйн шийдэл хүлээж буй дээрх 10 асуудлыг философийн талаас харахад  бодгаль болон нийгмийн суурь утга учир луугаа эргэн очих, бүх парадигмаа эргэн харах цаг иржээ гэж сануулж байна.

========================================

Аливаа онол, арга зүй мухардалд орсон нөхцөлд эргээд суурь – гүн ухааны тавцан дээр эрэл хайгуул хийх шаардлага үүсэж байгаа учраас философи, нэн ялангуяа буддын философийн хүрээнд эрэл хайгуул хийх, тодруулбал Шүтэн барилдлагын философи дээр тулгуурласан “Шүтэн барилдлагын Эдийн засаг” (Dependent Origination Economics – DOE) гэсэн шинэ концепци дэвшүүллээ.

Ингэхдээ нэг зүйлийг чухалчлан анхааруулах ёстой байх. Санал болгож буй “Шүтэн барилдлагын Эдийн засаг” Буддын философийн (шашны биш шүү) хүрээнд шийдэл хайх тухай билээ. Төрөл бүрийн шашин ёс суртахууны номлолоор эдийн засгийн амьдралыг чиглүүлэх гэж оролдож ирсэн билээ. Харин энд санал болгож буй  “Шүтэн барилдлагын Эдийн засаг”  концепци нь буддын философийн категориуд, онол арга зүйг ашиглан эдийн засгийн шинжлэх ухаанд хүрээнд шийдэл хүлээж буй асуудлуудыг задлан судлах, нэгтгэн дүгнэх, харилцан хамаарлуудыг илрүүлэн авцалдуулах зэрэг буюу товчхондоо шүтэн барилдлагыг хангах, орчин үеийн эдийн засгийн мухардлуудыг тайлах  “онтологийн ба эпистемологийн” арга зүй байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.

Буддын философийн амин сүнс бол Шүтэн барилдлагын (Dependent Origination) сургаал билээ.

Уламжлалт эдийн засгийн ухаан нь асуудал бүрийг салгаж, “бие даасан, тусгаар үзэгдэл” (atomistic worldview) гэж үзэж ирснээрээ өнөөгийн поли-перма хямралын (Poly-perma crisis) учир начрыг олохгүй мунгинаж байна.  “Юмс үзэгдэл бие даан оршин тогтнох боломжгүй, зөвхөн шалтгаан ба нөхцөлийн харилцан хамаарал дотор л оршдог” хэмээх шүтэн барилдлагын арга зүй нь орчин үеийн эдийн засгийн асуудлуудыг судлах, шийдэл хайх өргөн орон зай олгоно. Тухайлан авч үзвэл,

1. Эго-төвтөй загвараас Эко-төвтөй (Шүтэн барилдлага) загвар луу

Уламжлалт эдийн засаг “Homo Economicus” буюу бусдаас ангид саланги, ашиг хонжоо хайгч хувь хүнийг эдийн засгийн загварынхаа цөм болгодог. Харин орлогын тэгш бус байдал, Big Tech-ийн монопол болон Уур амьсгалын хямрал, ёс зүйн доголдол, нийгмийн эв эе зэргийг дагалдах “дайвар нөлөөлөл” мэтээр үздэг. Шүтэн барилдлагын утгаар авч үзвэл “Би” ба “Бусад”, “Нийгэм” ба “Байгаль орчин” нь салангид тусгаар зүйлс биш. Корпорацийн ашиг орлогын уг сурвалж нь байгаль орчны баялаг, хүний хөдөлмөрийг ашигласнаас л үүдэлтэй бөгөөд байгаль болон нийгэм хямарвал компани өөрөө оршин тогтнох боломжгүй юм. Энэ хамаарлыг загварчилж чадвал жишээ нь, “интер-биинг” (Inter-being) буюу харилцан хамаарал шүтэн барилдлага бүхий бизнесийн болон татварын шинэ загвар гарч ирнэ.

2. Нийлүүлэлтийн сүлжээ ба гео-эдийн засаг

Гео-эдийн засгийн задрал ба Өрийн дарамт нь улс орнууд өөрсдийгөө дэлхийн системээс “тусгаарлаж чадна” гэж эндүүрснээс үүдэлтэй. Шүтэн барилдлагын гаргалгаа нь “Шалтгаан арилахад үр арилна” хэмээх бөгөөд нэг улсын ядуурал, өрийн хямрал, эсвэл байгалийн гамшиг нь дэлхийн нөгөө талын эдийн засагт заавал нөлөөлдөг (нэгэн биеийн сүлжээ). Иймд Протекционизм (өөрийгөө тусгаарлах) биш, харин дэлхийн эдийн засгийн сүлжээн дэх “Харилцан тэнцвэрт бодлого” (Mutual Interdependence Policy)-ыг тодорхойлох боломжтой.

3. Шунал ба хязгааргүй өсөлтийн парадокс (Байгаль орчин ба мөнгөний бодлого)

Эдийн засгийн онол нь хүний “хязгааргүй хэрэгцээ”-г хязгаартай ресурсоор хангах тухай өгүүлдэг тул тасралтгүй ДНБ-ий өсөлтийг шаарддаг. Гэтэл ДНБ нь хүний жинхэнэ хэрэгцээг хангаж буй нь эргэлзээтэй ба түүнийг өсөлтийг хангах гэж байгаль уур амьсгалын хямралыг гүнзгийрүүлж байна. Буддын арга зүй нь хүний шуналыг хязгааргүй өсгөж, түүнийгээ материаллаг баялгаар хангах гэж оролдох нь өөрөө “Зовлонгийн шалтгаан”  болохыг сануулдаг. Иймээс ДНБ-ий материаллаг өсөлтөөс илүүтэй “Агуулгын өсөлт” (Qualitative & Mindful Consumption)-ийг хэмждэг, хэрэглээний сэтгэл зүйг өөрчлөх “Мэдэж цадах” (Contentment) эдийн засаг эндээс эхэлнэ.

4. Хиймэл оюун ухаан (AI) ба Оршихуйн хоосон чанар (Sunyata)

AI болон автоматжуулалт нь хүний ажлын байрыг булааж, хүний оршин буй утга учирт заналхийлж байна (экзистенциал хямрал). Юмс өөрийн гэсэн “бие даасан чанар”-гүй буюу Хоосон (Шунята) байдаг гэж буддын философи үздэг бөгөөд энэ утгаараа хүний хийдэг биеийн, механик ба оюуны “ажил” нь хөгжлийн тодорхой шатанд хүний мөн чанарыг илрүүлэх, AI нь хүнийг өдөр тутмын хөдөлмөрийн ачааллаас чөлөөлж байгаа бол шүтэн барилдлагын үүднээс хүн төрөлхтөн өөрийн дотоод ухамсар, сэтгэлийн хөгжил, бүтээлч чадавх болон нийгмийн харилцаагаа хөгжүүлэх шинэ эрин рүү шилжиж буй хувьсал гэж харж болно.

5. Загварчлалын арга зүй талаас авч үзвэл “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent Origination Economics – DOE) нь шугаман биш (Non-linear) илэрхийлэлтэй юм. Одоогийн эдийн засгийн эконометрик загварууд (Regression models) нь шугаман ба статик байдаг тул цар тахал, санхүүгийн хямралыг таамаглаж чаддаггүй. Харин шүтэн барилдлагын гаргалгаа талаас үзвэл “Аничча” (Мөнх бус) ба Шүтэн барилдлага нь цаг хугацаа, орон зай бүрд бүх зүйл агшин тутамдаа хувьсан өөрчлөгддөгийг заадаг. Энэ нь орчин үеийн Agent-Based Modeling (Агент зан төлөвийн загварчлал) болон Quantum Economics (Квант эдийн засаг)-ийн философийн суурь болж, зах зээлийн динамик, огцом шилжилтүүдийг танин мэдэх боломжийг олгоно.

Энэ мэтчилэн үргэлжлүүлэн олон жишээ дурдаж болох боловч Шүтэн барилдлага бол зүгээр нэг философийн ухагдахуун биш, харин “Асар том Системийн сэтгэлгээний (Grand System Thinking) философи” байж болох юм. “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent Origination Economics – DOE) концепци нь үзэгдлийг салгаж биш, харилцан хамааралд нь харах (Holistic View), Шалтгаан-Нөхцөл-Үр дагаврын гинжин хэлхээг гүнзгий тооцох (Causal Chain Analysis), Хүний дотоод сэтгэл зүй, үнэт зүйл ба эдийн засгийн гадаад орчныг нэгэн цогц гэж үзэх (энтропик агуулга бүхий ухамсар ба матерын интеграци) гэсэн шалгууруудыг агуулдгаараа чухал юм.

Зах зээлийн болон классик эдийн засгийн механик загваруудаас татгалзаж, “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent Origination Economics – DOE) концепцийг академик болон практик түвшинд системчлэн хөгжүүлэхийн тулд дараах үе шаттай судалгааны матриц ба концепцийн хүрээг боловсруулахыг санал болгож байна.


1. Онол-Философийн суурийг тодруулах (Epistemological Foundation)

Шүтэн барилдлагын зарчмыг орчин үеийн эдийн засаг ба системийн онол, шинжлэх ухааны хэл рүү хөрвүүлэх.

  • “Шалтгаан – Нөхцөл – Үр” (Heterogeneity of Causes and Conditions):

Эдийн засгийн үзэгдлийг зөвхөн шугаман нэг шалтгаант (A →→B) загвараас татгалзаж, Үндсэн шалтгаан (Hetu) болон Нөхцөл/Бүрдэл (Pratyaya)-ийн огтлолцол дээр макро ба микро үзэгдэл бүрэлддэг механизмыг тодорхойлох.

  • “Аничча” (Мөнх бус) ба Зах зээлийн динамик:

Зах зээлийн тэнцвэрт байдал (Equilibrium) гэдэг нь статик төлөв биш, харин тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг агшин зуурын процессуудын динамик тэнцвэр болохыг математик-философийн үүднээс үндэслэх.

  • “Шунята” (Хоосон чанар) ба Үнэ цэнийн онол (Theory of Value):

Аливаа баялаг, мөнгө, эсвэл хөрөнгө нь өөрийн гэсэн бие даасан “дотоод үнэ цэн”-гүй, зөвхөн бусад системтэйгээ харилцан хамааралтай байж, үнэ цэн нь тодорхойлогддог болохыг  эдийн засгийн онолд хөрслүүлэн батлах.

2. Судалгааны арга зүй ба загварчлал талаас

Философийн үзэл баримтлалыг практикт хэмжих, загварчлах тооцооллын аргуудтай холбох.

  • Agent-Based Modeling (ABM) ба Сүлжээний онол:

Шүтэн барилдлагын зарчмыг компьютерын симуляцид буулгах арга замыг хайх. Микро түвшний агентууд (иргэд, компани, алгоритм)-ын харилцан үйлчлэлээс макро түвшний систем (хямрал, инфляц, тэгш бус байдал) хэрхэн урган гарч  байгааг загварчлах.

  • Causal Loop Diagrams (Системийн эргэх холбооны цагариг):

Жишээ нь дээр дурьдсан 10 асуудал бүрийг бие биетэй нь холбосон “Шүтэн барилдлагын зураглал” үүсгэх зэрэг байж болно.

Нэгтгэн дүгнэж үзвэл: Аливаа эдийн засгийн агент, капитал, эсвэл хямрал нь бие даасан үнэмлэхүй мөн чанаргүй (Sunyata). Тэд зөвхөн олон талт шалтгаан (Hetu) болон бүрдүүлэгч нөхцөл (Pratyaya)-ийн огтлолцол дээр оршин тогтнодог гэсэн онтологийн өөрчлөлтийг эдийн засгийн ухаанд шингээх бодит шаардлага байна. Энэхүү “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent Origination Economics)-ийн онолын концепцийг академик болон практик түвшинд системчлэн буулгах нь өнөөгийн эдийн засгийн шинжлэх ухаанд маш том дэвшил болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *