Beautiful Plants For Your Interior
“САЙН МЭДЭЭНИЙ” ЦААНА: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ БАЙДАЛ

ДНБ өсч, жуулчид нэмэгдэж буй мэдээний цаана “саарал ордоны” эдийн засаг хэрхэн тэлж байна вэ?
─────────────────────────────────────
Саяхан Ерөнхий Ссайд хоёр “сайн мэдээ” хэмээн онцлон — ДНБ өсч, оросын жуулчид нэмэгдэж байгааг тодотгон мэдэгдэв. Гэхдээ эдгээр тоон үзүүлэлтийн цаана чухам юу болж байгааг нарийвчлан ажиглах хэрэгтэй.
Улс орнууд эдийн засгийн хоригоос болгоомжилж байхад Монгол улс гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ыг ад үзэн тасалдуулснаараа өөрөө өөртөө эдийн засгийн хориг тавьсантай адил нөхцөлд оржээ. Ерөнхий Сайдын тунхагласан “сайн мэдээ” ямар үнээр олдож байгааг асуух цаг болжээ.
ЭДИЙН ЗАСГИЙН “ТКАНЬ” УРАГДАЖ БАЙНА
Манай эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж байна: хувийн өмч хумигдаж, төрийн өмч нэмэгдэж, өр болон чанаргүй зээл өсч, төлбөр гүйцэтгэх чадвар муудаж байна. Эдийн засгийн маргаан, хууль зөрчсөн үйлдэл эрс нэмэгдэж, хуйлхидах, залилан зэрэг нь бизнесийн үндсэн соёл болж хувирав. Өмч хөрөнгөтэй байх баталгаа алдагдаж, улс төрчид өө атгасан, тйимээс хяналтгүй шаахуу хуулийн байгууллагынхан иргэдийг, ялангуяа бизнесийн хүмүүсийг дарамталдаг болоод удаж байна. Энэ байдлыг “саарал ордоныхон” нэг талаас үзээгүй, сонсоогүй мэт, нөгөө талаас өрсөлдөгчдөө нухчин дарах хэрэгсэл болгон чимээгүй дэмжиж буй юм.
ХОЁР СЕКТОРЫН ЭДИЙН ЗАСАГ
Монголын эдийн засагт “саарал ордоны” болон “борчуудын” гэсэн хоёр тусдаа сектор зэрэгцэн бүрэлдэн тогтов. “Саарал ордоны” буюу улсын болон орон нутгийн төсөвт ойр юм. Энэ сектор нь мэдээллийн эх сурвалжид давуу байдалтай, хязгаарлагдмал санхүүгийн нөөцөд нэвтрэх боломжтой, хуулийн хамгаалалтаар өөрийгөө бүрхэж чаддаг. Харин “борчуудын” эдийн засаг нь олон төрлийн татвар, хураамж, санхүүгийн болон захиргааны дарамтанд хавчигдан өндийх аргагүй болжээ.
Өндөр зээлийн хүү “борчуудын” бизнесийг санхүүгийн эх үүсвэрээс тасдан тусгаарласан бөгөөд тэднийг мөлхүүлж байхад “саарал ордоны” эдийн засаг төсвийн тендер, санхүүжилт болон эрх мэдлийн дэмжлэгт тулгуурлан санхүүгийн бэрхшээлгүйгээр өргөжин тэлж байна. “Саарал ордоны” эдийн засаг ажиллах хүчний эрэлтээ бизнес болон нийгмийн харилцааны ёс зүйг ил тод үгүйсгэдэг “цүнх баригчдын арми” бүрдүүлэн хангадаг болжээ.
УУЛ УУРХАЙН ОРЛОГО: ХААШАА УРСАЖ БУЙ ВЭ?
“Саарал ордоныг” тэтгэж буй зэс, нүүрс зэрэг уул уурхайн “гэнэтийн орлогын” тэлэлт нь улс орон цэцэглэн хөгжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч сүүлийн үед уул уурхайн орлого төсөвт төвлөрөхийн оронд гадаадад урсан алдагддаг болов. Учир нь “саарал ордоныхон” тэр мөнгийг Монголд оруулж ирэн хуваахаас хилийн чанад дахь хуваарилалтыг илүүд үздэг юм. Гадагш урсан гарсан мөнгийг “угааж” байгаа янз бүрийн схем хэрэгжиж байгааг судлаачид тэмдэглэж байна.
Хилийн чанадад үлдсэн мөнгө нь дотоодын хэрэглээ болон хөрөнгө оруулалтын эрэлтийг бууруулж, эдийн засгийн алдагдсан боломжийг тооцоолох боломжгүй болгожээ. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унахаар нийт орлого буурч байгаа боловч “саарал ордоныхонд” ногдох хувь хэмжээ буураагүй, харин ч нэмэгдсэн болохыг өнгөрсөн оны эцэст ард иргэдэд толилуулсан тавилттай “жүжиг” тодорхой харуулсан билээ.
ХОРТ ХАВДРЫН ЗҮЙРЛЭЛ
“Саарал ордоны” эдийн засагт шингэж буй мөнгөний мултипликатор нь өчүүхэн бөгөөд зүйрлэвэл хорт хавдар мэт билээ. Хорт хавдар томрохоор биеийн жин нэмэгдэж байгаа мэт, эдийн засгийн өсөлт юм шиг уншигдана. Гэвч хорт хавдар шинэ нөөц баялаг, үнэ цэнэ бүтээдэггүй — харин ч эрүүл эд эсийг сүйтгэж, цусны эргэлтийг өөртөө татдаг.
“Саарал ордоны” эдийн засаг тэлэх тусам Монголын эдийн засаг тамирдан, улам бүр сульдаж байна. Эл эдийн засгийн тэлэлтийн хоёр гол арга байна: нэгд, бусдын өмчийг булааж улсын өмч болгох, хоёрт, төрийн өмчит компаниудыг “борооны дараах мөөг шиг” ургуулах. Энэ засгийн газрын эдийн засгийн бодлого нь ердөө л энэ хоёроос хэтрэхгүй байна.
2025 оны эхний хагасын байдлаар төрийн өмчийн 116 компани 55 их наяд төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд Монголын эдийн засгийн бараг 75 хувийг эзэлжээ. Тэдгээрийн 80 хувь нь ашиггүй ажиллаж байна. Гэсэн хэдий ч “саарал ордоны” эзэгнэгчдийн нүдэнд эдгээр компаниуд “сайн” ажиллаж байгаа мэт харагдана — учир нь тэдэнд үр ашиг биш, харин тэднийг “сааж авах” боломж чухал болой.
ӨМЧИЙГ БУЛААХ МЕХАНИЗМ
“Энхрий хайртын” засаглалын жилүүдэд хувийн өмчийг булаан дээрэмдэх бүрэн төгс гэмээр механизм бүрдлээ. Тухайлбал: “саарал ордоны” нэгэн субьект хувийн өмчийн объектод нүд тавина, эрхшээлдээ оруулах санаа өвөртлөнө. “Хандив” нэхнэ. “Хандив” өгвөл түүнийгээ тогтмол хүртээд нэг хэсэгтээ “крыша” болж чимээгүй явна. Татгалзвал ардын дайсан болгон зарлаж, хэвлэл, нийгмийн сүлжээгээр сэвэн шуугиан дэгдээж, “эх орончдыг” дайчлан, улмаар цагдаа, прокурор, шүүх рүү шилжүүлэх болно.
Тэдний улс төр эдийн засгийн рентээ “аяга дүүртэл” асуудлыг дэвэргэх бөгөөд энэ хугацаанд хэдэн арван шимэгч — яллагч, өмчгөөлөгч, шинжээч нар малын сэг дахь цөвөр чоно мэт “найрлах” болно. Эцэстээ хэргийг “улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн” гэж дэвэргэж, “нийтийн сонсгол” хэмээх жүжиг тоглоно. Дийлэгч нь ард иргэдэд Цагаан сар, улсын баяраар хишиг тарааж, “буянтан” болж хувирдаг.
НЭЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ — ЦОРЫН ГАНЦ ШИЙДЭЛ
ГШХО-ыг, ялангуяа өмнөд хөршийн хөрөнгө оруулалтыг үгүйсгэж байгаа нь эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх зам биш. Далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог улсад нээлттэй эдийн засагт — аль болох чөлөөт худалдаа, арилжаа, хөрөнгө оруулалт — амин чухал шийдэл болно. Эдийн засгийн шинжлэх ухаанд судлаачид бараг санал нэгтэй байдаг хоёр зүйлийг сануулахад: инфляци хортой, чөлөөт худалдаа ашигтай.
Гадаадынханыг үзэн ядах, өөрсдийн бүтэлгүйтлийг гадаадад тохох хандлага нь бараг хэвийн үзэгдэл болсон бөгөөд улмаар дамжирсаар Гитлерийн бодлогын монгол хувилбар болох аюул нуугдаж буй. “Өөрөөсөө ялгаатай бүхнийг үзэн ядах” үзлээр ард иргэдийн тархийг угаах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Хамгийн аюултай нь — “арай үгүй байлгүй дээ, тэрийг хэн тоодог юм” гэж хойш суусаар, бидний нүдэн дээр ил өрнөссөр, нийгэм, “манай ажил нэг иймэрхүү” боллов.
Бичиг үсэгтэй, учир начрыг мэддэг хэсэг иргэд нэгдэж, өөр хоорондын маргалдааныг хойш тавьж, Монголын эдийн засгийн эрх чөлөөнд саад болж байгаа хүчинтэй эрс, шийдэмгий тэмцэх ёстой. Хүн бүр “мэдэх ёстой хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ” гэж биеэ оторлон хойш суусаар “Монголын Гитлер” төрүүлж болзошгүй. Энэ бол бодит аюул.
ГЕОПОЛИТИК БОЛОМЖ БА СТРАТЕГИЙН СОНГОЛТ
Монгол улс дэлхийн эдийн засгийн хоёрдугаар том зах зээлтэй хил залгаа. 2026 оноос нэгэн тавитаргүй нөхрөөс дайжсан олон улсын тэргүүнүүд Бээжинд шил шилээ даран “хадаг барин” очиж байна. Монгол улс сайн хөршийн хувьд “хадаггүй” яваад орох, нэрэлхэж, ичиж зовохгүйгээр шаардлагатай зүйлээ хэлэлцэх эрхтэй бөгөөд боломжтой.
Хятадын том бодлогын хэрэгжилтийг соргог ажиглан, оролцох юмандаа оролцоод явахад Монгол ямагт хожих байдалтай. Жишээлбэл, юань-долларын сөргөлдөөнийг харж байна. Хэрвээ тухайн үедээ юанийн своп хийгээгүй бол одоо байдал ямархуу байх байсан бол? Мөн хойд хөрш ОХУ-ын банк санхүүгийн байгууллагууд олон улсын хоригт орсны улмаас гуравдагч этгээдээр дамжуулан алдаг оног төлбөр хийж байна. Нийт гадаад төлбөр тооцооныхоо бараг 70 гаруй хувийг гуравдагч, дөрөвдөгч этгээдэр дамжуулж байна. Ийм маягаар хийх тооцооны гүйлгээний зардал нэмэгдэж, залилангийн эрсдэл нь дагалддаг. Энэ мэтчилэн эрсдэл ба боломжоо прагматик, туйлшралгүй, эрүүл саруул ухаанаар тооцож чадвал монголчууд хөгжих эрхээ эдлэнэ.
Улс төрийн барьцаа, хяхалт шахалтанд орсон “борчуудын” бизнес, эдийн засаг дангаараа босож ирэх хэцүү болов. ГШХО дахин орж ирэн бизнес цэгцэртэл олон жил шаардагдана. Гадагш дүйвсэн чадварлаг монголчуудыг даллан гуйж биш харин эдийн засгийн бодит боломж, ашиг сонирхолоор буцааж татах зам л байна.
ДҮГНЭЛТ
Хоёр секторт хуваагдсан Монголын эдийн засаг нь бүтцийн томоохон гажуудалд орсон бөгөөд түүнийг зөв замд оруулахад ихээхэн хугацаа, хөрөнгө мөнгө болон асар их чармайлт шаардагдана. Газар зүйн байрлал болон эдийн засгийн чадавхиа бодитоор тооцон, стратегийн зорилтод төвлөрч, олон улсын хамтын нийгэмлэг, эрх чөлөөт ертөнцийн үнэт зүйлсийг тээгч нэг хэсэг болж л Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авна.
Нэг, хоёр зуун жилийн өмнөх эдийн засгийн бодлогод шүтэж “босоод ирнэ” гэж бодвол энэ нь маш том эндүүрэл бөгөөд “амжилтанд” хүрлээ гэхэд асар өндөр үнэ цэнэ төлнө. Монголчууд тийм “үнэ” төлөх ёсгүй — гуйлгачин сэтгэлгээнээс салж, нээлттэй, эрх чөлөөтэй, соёлт хүн төрөлхтөнтэй хамт алхах ёстой.
Хамгийн гол нь, үндэслэлтэй тооцоо, судалгаанд тулгуурласан, улс нийгмийн ирээдүйг бодсон эрс, шийдэмгий алхамуудыг Засгийн газраас тэсэн ядан хүлээж байна.

