Beautiful Plants For Your Interior
УТААНЫ АСУУДАЛ: ПОЛИТЭКОНОМ ДҮГНЭЛТ
Монгол улс гадаад орчны агаарын бохирдлын улмаас жил бүр 905 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна.

Агаарын бохирдол, утааны асуудал “уламжлал ёсоор” өвлийн эхэн сард дэгддэг. Зарим нэгэн ил мэдээнээс дурьдвал Монгол улс гадаад орчны агаарын бохирдлын улмаас жил бүр 905 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна. Эдийн засгийн алдагдлыг задалбал:
– Эрүүл мэндийн халамж, үйлчилгээний зардал – 8 тэрбум төгрөг. Үүнээс хамгийн өндөр хувийг харвалт болон зүрх судасны өвчин эзэлж байна. Ажлын байрны бүтээмж бууралт – 16 тэрбум төгрөг. Үүнд гэр бүлийн гишүүд гадаад орчны бохирдлоос болж өвдсөн хүүхдүүдээ асрахаар ажлаасаа чөлөө авах цаг багтаж байгаа юм. Цаг бус эндэгдэл – 881 тэрбум төгрөг. Энэ нь гадаад орчны бохирдолтой холбоотой хамгийн өндөр өртөг юм.
Харин дотоод орчны агаарын бохирдлын улмаас 3.9 их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдалд орж байна. Үүнд:
-Эрүүл мэндийн зардал дотоод орчны агаарын бохирдлын улмаас жил бүр ойролцоогоор 47 тэрбум төгрөг байна. Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ жил бүр 360 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй цаг бус эндэгдэл 3.5 их наяд төгрөгөөр хэмжигдэх эдийн засгийн алдагдалд хүргэжээ. https://itoim.mn/a/2024/09/20/event/wel
2020 оноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ийн зөвлөмжийг олон арав дахин давсан байгаа. (Ulaanbaatar Air Quality – Live Ulaanbaatar, Mongolia AQI and PM2.5 Readings – Smart Air)
ЮНИСЕФ-ын мэдээгээр улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна. (https://www.unicef.org/mongolia/mn/environment-air-pollution)
Европын холбооны санхүүжилтээр гурван жил гүйцэтгэсэн “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-нд өгүүлснээр жил бүр 2839 хүн гадаад орчны бохирдлын нөлөөгөөр, харин дотоод орчны бохирдлын нөлөөгөөр жил бүр 4300 монгол хүн амь насаа алдаж байна. Энэ мэтчилэн түгшүүртэй, харанга дэлдсэн мэдээ судалгаа олон байна.
Төр засаг бас зүгээр суугаад байгаа юм биш. Тухайлбал, УИХ нь 2025 оны эхээр агаарын бохирдлын асуудлаар хэд хэдэн зарчмын хэлэлцүүлэг, ерөнхий хяналт-салбарын сонсгол явуулсан гэдэг. (https://www.parliament.mn/en/nn/73998/)
Засгийн газар 2025 оны 1 сард Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах тухай Зөвлөмж/хуулийн төсөл (Draft Law on Reducing Air and Environmental Pollution in Ulaanbaatar) танилцуулсан бөгөөд цаашид холбогдох санхүү, хэрэгжилтийг хэлэлцэх үүрэг өгсөн. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь нийслэлийн засаг даргын 2025 оны захирамжийн биелэлтийг хэлэлцсэн байдаг. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын сайт дээр агаарын бохирдлын бодит байдлыг тогтмол зарлаж байна.
===================================
Гэсэн хэдий ч, төр засаг асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь тэд гарц, шийдлээ олохгүй мунгинаж, элдэв популист амлалт өгч, түүндээ барьцаалагдан, цаг хугацааны цейтнотод явдагтай холбоотой. Хамгийн гол нь асуудлынх нь мөн чанар, хаана юу байгааг зөв тодорхойлж, шийдлийн гол цэгийг оновчтой оношилж чадахгүй байгаа явдал юм.
Утааны экономикс
Эдийн засгийн ухаан буюу экономиксын үүднээс утааны асуудлын шалтгааныг сөрөг дайвар нөлөөлөл гэгчээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгний (гэр хороолол, утаа гаргагч гэх мэт) санаатай санаагүй үйлдэл нь өрөөл бусдад гай болж байна гэсэн үг. Нүүрс (түүхий, кокс, хагас кокс гм түмэн тодотголтой) шатааж орон гэрээ дулаацуулж байгаа хүн гаргаж буй зардалаасаа илүү үр ашиг (benefit) хүртэж буй гэж үзвэл харин орон сууцанд амьдарч байгаа нэгэнд зардал буюу эрүүл мэндийн хохирол болно. Утаанаас үүдэлтэй амьсгалын замын халдварт өртсөн нэгний эрүүл мэндийн зардлыг “утаа үйлдвэрлэгч” хариуцахгүй, торгууль ч үгүй.
Приус машиныхаа янданг зарчхаад зугаалж байгаа нэгний нийгэмд учруулж буй хохирол мөн тооцогдохгүй байгаа. Тэр нөхөр бусдын эрүүл мэндийг хохироож байгаагаа мэдэх ямар ч хүсэл үгүй яваа. Мөн дулааны цахилгаан станцууд бидний орон байрыг дулаан байлгаж байгаа ч мөн л тодорхой хэмжээний утаа үйлдвэрлэдэг. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот төдийгүй аймгийн төвүүд бүгд утаанд баригдаж, далдуур түмэн хүн эрүүл мэндээрээ хохирч байна. Хот төлөвлөлтийг хийдэг, газар олголтыг авилга, хахуулийн эх үүсвэр болгож буй бүх шатны түшмэдийн буруу шийдвэр нь нийгэмд асар их хөнөөл хохирол авчирч буйг дэлгэн хариуцлага тооцохгүй явсаар билээ. Тухайлбал, салхины чиглэл. Улаанбаатар хотод ихэнхдээ хойноос болон баруун хойноос урагшаа салхилдаг гэсэн олон жилийн ажиглалтанд үндэслэсэн судалгаа байдаг. Гэтэл бид “утаа үйлдэрлэгчдыг” яг салхины аман дээр байрлуулдаг. Улаанбаатар хотын хүн амыг 300-400К байхад газар зохион байгуулалт, хот төлөвлөлт нь ийм л байсан. Хотын хүн ам 1.5 сая даваад ирэхээр тэр дээр үеийн шийдвэрийн үр дагавар нь тэс өөр “үнэ, өртөгтөй” болжээ.
Экономиксын хувьд асуудлыг шийдэх арга нь: “Агаар бохирдуулагч нь төлөх ёстой”. Агаарын бохирдлын татвар, хотын татвар, замын хураамж, онцгой татвар гэх мэтээр дамжуулан агаар бохирдуулагчийг шийтгэх ёстой. Мөн эрчим хүчний шинэ дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүчний өргөжилтийг төрөл бүрийн аргаар дэмжих, хүртээмжтэй орон сууцыг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийг сайжруулах гэх мэт олон шийдэл санал болгодог. Мөн дулаалга, эрчим хүчний тодорхой стандартуудыг нэвтрүүлэх, ялангуяа эрчим хүчний хэмнэлттэй гэрэл, цахилгаан барааны нийлүүлэлтийг урамшуулах, ипотекийн зээл, нийтийн тээвэр, хот төлөвлөлт, газар олголт, ногоон байгууламж зэрэг дулааны эрэлт нийлүүлэлтийг зохицуулсан шийдлүүд байгаа.
Гэхдээ цэвэр экономикс талаасаа үнэ төлбөргүй зүйл гэж байх ёсгүй, агаар бохирдуулагч нь санхүүгийн болон бусад төрлийн хариуцлага үүрэх ёстой гэж үздэг.
Утаан наймаалцах зах зээлийг бүрдүүлэх, утаа “үйлдвэрлэх хэмжээнийхээ” эрхийг худалдан авах механизм бүрдүүлэх талаар ч асуудал дэвшүүлдэг. Одоохондоо утаа наймаалцах зах зээл нь голдуу улс хоорондын түшинд хийгдэж байгаа юм. Тухайлбал, буурай хөгжилтэй (тиймээс дэлхийн агаар мандалд цацаж буй утаа нь бага) улс орнуудад ноогдож буй утааны квотыг хөгжингүй орон, эсвэл үндэстэн дамнасан корпораци худалдан авдаг механизм бөгөөд арилжаа нь хэрхэн явагддаг нь тийм ч ил биш. Эл төрлийн наймааг манай байгаль орчны яамныхан нууцлан, гадныхантай хийж, орлогыг нь төсвөөс гадуур зарцуулж буй тухай яриа нэг хэсэг гарч байсан.
Энэ бүгдийг шийдвэр гаргагч нар мэддэггүй юм аа гэхэд гадарлаж байх учиртай. Учир нь утааны асуудал нь хотын дарга мянга чармайгаад ганцаараа шийдэхгүй. Энэ бол хүрээлэн буй орчны, техникийн асуудал биш ээ. Энд л хамаг учир байгаа юм.
Утааны асуудал нь улс төр, эдийн засгийн асуудал юм. Улс төр эдийн засгийн асуудал гэх утгаараа төрийн болон улс төрийн институци, эрх мэдлийн хуваарилалт, эдийн засгийн хөшүүргүүдийн тухай асуудал болж хувирна. Уг асуудал нь улс төрийн хүсэл эрмэлзэл, институцийн чадавх, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байдаг. Монголд утааны асуудлыг шийдэх бодлого хэрэгжүүлэхэд авилга, танил тал, нутгархах, улс төр, албан тушаалын татаас гэх мэт түмэн хүчин зүйлс нэгэн зэрэг үйлчлээд эхэлдэг бөгөөд товчхондоо төр нийгмийн институцийн сул дорой байдал саад болдог. Эдгээр нь бохирдлыг бууруулах стратеги амжилтгүй болох гол шалтгаан юм.
2, Утааны политэкономи
Утааны асуудлын шийдэл хайх арга зүйг Политэкономийн онол талаас үндэслэсэн төлөөлөгчдөөс дурьдая. Пигу-ийн дайвар нөлөөлөл, Коузын наймаалцах цар хүрээ, Оолсоны хамтын чармайлт, Кузницын хүрээлэн буй орчны муруй зэрэг арга зүйг нэрлэж болно. Эдгээр онол нь утаанаас салж чадахгүй байгаа учир шалтгаан, төр засаг юу хийх талаар тодорхой хэлсэн байдаг.
Пигу-ийн дайвар нөлөөлөл ба зах зээлийн бүтэлгүйтэл.
Arthur Pigou (1920) нь дайвар нөлөөллийн концепцийг дэвшүүлсэн бөгөөд утаа нь сөрөг дайвар нөлөөллийн үр дагавар бодит жишээ гэж үздэг. Дээр товч дурдсан шиг нийгэмд бүхэлд нь учирч буй хохирол нь тухайн хүн бүрд учирч буй хохирлоос илүү байна гэсэн үг. Утаа гаргах нь таны хувьд хохирол багатай, бусдыг бодоод өөрөө, үр хүүхдээ даарч зутруулаад байлтай биш дээ. Бусад нь хордож байх нь надад хамаагүй гэсэн хандлага юм. Тиймээс утаа “үйлдвэрлэж буй” субъектуудыг татвар болон бусад зохицуулалтаар шийтгэх ёстой гэсэн гаргалгаа санал болгожээ. Гэхдээ энд нэг “но” байгаа. Ийм татвар ноогдуулах, зохицуулалтын хатуу арга хэмжээ авахын тулд улс төрийн зориг, төрийн төмөр нүүр, чадавх хэрэгтэй. Эл зориг, төрийн чадавх нь манайд байхгүй. “Ядраад”, “аргагүй эрхэнд” түүхий нүүрс түлж байгаа хүнийг торгох шийтгэх нь улс төрийн хувьд бараг боломжгүй.
Коузын теорем, өмчийн эрхийн асуудал
Ronald Coase (1960) дайвар нөлөөллийг шийдэх трансакци зардал нь харьцангуй хямд, өмчийн эрх нь маш тодорхой бол асуудлыг шийдэх боломжтой гэж үздэг. Хотын хувьд “утаа үйлдвэрлэгч” нь дэндүү тархай, дэндүү олон, (зөвхөн гэр хороолол төдийгүй, яндангаа зарчихсан приус гэх мэт) тэднийг бүгдийг нь хянан шийтгэх трансакци зардал дэндүү өндөр учраас хувь хүнтэй “зууралдах” арга үгүй. Тэгээд ч нэг хэсэг нь замбраагүй нүүрс шатааж байхад арай ухамсартай нэг нь өөрийгөө хязгаарлаж байвал хэн нь илүү хожоотой байх вэ? Эндээс “туулайдах” буюу нийтийн тээвэрээр билетгүй зорчигчийн тухай асуудал гарч ирдэг. Билетгүй зорчигч нь хожоод байгаа учраас бусад нь мөн билетгүй зорчих гэж оролдоно. Энэ мэт гинжин урвал явагдсаар хотын нийтийн тээвэр дампуурдаг тухай сурах бичгийн тайлбар буй. Үүнтэй мөн төстөй асуудал нь утаа билээ. Ямар ч гэсэн буух газар хариуцах эзэн буюу өмчийн эрхийг бүрэн бүртгэлжүүлж, хангаагүй нөхцөлд трансакцийн зардлыг дийлэхгүй. Тиймээс утааны асуудал шийдэгдэхгүй байгаа учир шалтгаан нь өмчийн эрх баталгаажаагүйтэй шууд холбоотой бөгөөд шийдэх хэрэгжүүлэх субьект нь төр, төрийн хүчтэй зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх механизм хайх хэрэгтэй гэж үздэг. Гэтэл эл асуудлыг хариуцан шийдэж байх учиртай төрийн албан хаагчид нь асуудлыг шийдэх, хөөцөлдөх хувийн ямар нэгэн ашиг сонирхолгүй. Хувийн ашиг сонирхол үгүй учраас тэд хөдлөхгүй. Харин ч энэ тэндээс нүүрс нийлүүлэх гэх мэт ханган нийлүүлэлтийн уртаас “урт гинжин” хэлхээс үүсгэж чадвал цавчаа хүртэх амин хувийн ашиг сонирхол гарч ирнэ. Тиймээс ийм ч, тийм ч нүүрс, ийм ч ид шидтэй гэх мэтийн рекламаар олны толгой эргүүлэх нь хялбар бөгөөд түшмэдүүдэд хувьд санхүү мөнгө, нэр нөлөөний ашигтай. Утааны асуудлыг хадгалан сунжруулах биш харин шийдэх амин хувийн ашиг сонирхол түшмэдүүдэд төрсөн нөхцөлд хонгилын үзүүрт гэгээ харагдана.
Хамтын чармайлт ба нийтийн бараа
Mancur Olson (1965) цэвэр цэнгэг агаар нь нийтийн бараа гэж тиймээс “туулайчид” буюу нийтийн барааг үнэ төлбөргүй хүртэгчид олширдог гэж үзсэн байдаг. Цэвэр агаарын төлөө тэмцээд “ялсан” нөхцөлд нийтийн хожоо нь жигд тараагдаж, тухайн хүн бүрд ноогдох бодит хэмжээ нь, тухайлбал мөнгөн дүнгээр, өчүүхэн бага байдаг. “Надад унах юм нь бага” гэж иргэд нийтээрээ үздэг бөгөөд тухайн үедээ нэг хэсэг халаглаад л дуусаа. Бүгдээрээ нэгэн зэрэг босоод жагсаал цуглаан хийгээд явна гэж үгүй. Харин утаа “үйлдвэрлэгч” нарт тухайлбал, татвар ноогдуулаад эхэлбэл, өөрөөр хэлбэл, тухайн хүнд ирж буй шийтгэл нь хүнд тусах учраас, утаа “үйлдвэрлэгчид” өөрсдийгөө зөвтгөх, хамгаалах маш хүчтэй “лобби” бүрдүүлдэг. Нүүрсээ үнэгүй тараа, үнэгүй орон сууцаар ханга, цахилгаан дулааны үнээ бууруул, сургууль цэцэрлэг ойртуул гэх мэт түмэн шалтаг шалтгаан дурдаж, төрөл бүрийн шаардлага тавина. (Тэдний тавьж буй шаардлагын дийлэнх нь бодитой, гарцаагүй анхаарах ёстой асуудал гэдгийг энд тэмдэглүүштэй). Төр засаг тэр бүх шаардлагыг нэг дор шийдэх боломжгүй. Хэдий нийгэм бүхэлдээ цэвэр агаар хүсэж байгаа ч дээрх асимметрия байгаа учраас утаанаас салж чадахгүй. Асуудлыг шийдэх нийгмийн зөвшилцлийн механизм бүрдүүлэх үүрэгтэй этгээдүүд нь хуруугаа ч хөдөлгөх сонирхолгүй болхыг дээр тайлбарласан.
Кузнецын хүрээлэн буй орчны муруй
Эдийн засгийн хөгжил эрчимжих хирээр, эхэндээ хүмүүсийн орлого нэмэгдэж улмаар утаа нэмэгдэж хурц асуудал үүсгэнэ. Хэсэг хугацааны дараа нь орлоготой, чинээлэг болсон иргэд цэвэр, бохирдолгүй орчин агаар нэхэмжлээд ирэхээр “утааны үйлдвэрлэл” аажимдаа буурна. Энэ бол цаг хугацааны асуудал, өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн ачаар иргэд ажил орлоготой болоод ирэхээр утааны асуудал мөн шийдэгдэнэ гэж үздэг. Онолын хувьд логиктой гаргалгаа мөн хэдий ч цаг хугацааны цейтнот гэж нэг юм байдаг бөгөөд улс төрийн эдийн засгийн онол нь асуудал хүссэнээр тийм амархан шийдэгдэхгүй шүү гэж тайлбарладаг. Төр засгийн чанар чадавх, хууль шийдвэрийн гүйцэтгэлийг хангах боломж чадавх, иргэний нийгмийн оролцоо зэргээс их зүйл хамаарна гэж үздэг. Иргэдийн орлогын түвшин нэмэгдсэн ч түүнийг дагаад хот дагасан шилжилт хөдөлгөөн, түгжрэл улмаар утаа нэмэгддэг бөгөөд төрийн институци сул бол асуудал сунжирч даамжирна.
Авилга ба рент хайгчид
Stigler(1971) and Peltzman(1976) хүрээлэн буй орчны стандартыг сулруулах арга замаар өртөг зардлаа бууруулах сонирхолтой бүлэглэлүүд шийдвэр гаргагчдыг авилгадах нь элбэг гэж тайлбарласан юм. Агаар бохирдуулагч ба хохирогчдын хооронд харилцан адилгүй үр дагавар үүсдэг нь нэг том асуудал юм. “Ядарсан хэдэн хүнийг ажлын байраар хангаж орлоготой байлгах гэж л эл үйлдвэрлэл явуулж байна, тэр ЖДҮ-ийн зээл хөнгөлөлт зэргийг эрхэм гишүүд дээгүүрээ хуваагаад авчихсан, надад олдох зүйл үлдсэнгүй, тэр банкны зээлийн хүүг би яаж дийлэх вэ дээ” гээд тайлбар тавих “утаа үйлдвэрлэгчид” дэндүү олон байгаа юм. Тэднийг утаа үйлдвэрлэгч гэхээс илүү сонгогч гэж харж буй тухайн намын түшмэд нэг их юм ярьж чадахгүй.
Нөгөө талаас утааны асуудлыг “шийдэх” гэсэн төрөл бүрийн нүүрс нийлүүлэгчдийн лобби дийлдэхгүй. Тэд хэнийг “худалдан авдаг” нь илт байгаа юм. Бродюр жил бүр сольдогтой адил. Утаатай тэмцэх учиртай шийдвэр гаргагчид өөрсдөө нүүрс нийлүүлэгч нарын төлөөний хүмүүс болсон байдаг.
Эмперик судалгаа ба хандлага
Kahn & Walsh (2014) нар утааны асуудлыг улс төрийн хүчний хуваарилалт, харьцаа, эдийн засгийн хөшүүрэгтэй холбон авч үзсэн байдаг. Сонгогч нартаа нүүр тулдаг учраас утааны асуудлыг шийдэх эрмэлзэл нь автократ дэглэмийг бодвол ардчилсан тогтолцоонд илүү гэсэн судалгаа бий. Гэхдээ манайд сонгуулийг зун явуулдаг бөгөөд тэр үед бүгдээрээ утааны асуудлыг хэдийнээ мартсан байдаг. Эрхэм гишүүнээсээ хариуцлага нэхдэггүй.
==================================
Монголд агаарын бохирдлын улмаас жил бүр 7139 хүн нас барж, ДНБ-ий 10%-тай тэнцэх эдийн засгийн алдагдал гарч байна. Энэ нь бодлогын түвшинд хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны шинэчлэл, институтийн уялдаа шаардлагатайг харуулж байна. (https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2024-09/investment_case_for_air_pollution_reduction_in_mongolia_executive_summary_mon.pdf)
Улс төрийн эдийн засгийн ухаан нь утааны асуудал бол техникийн асуудал биш юм харин төрөл бүрийн хөшүүрэг, нийгмийн аж байдал, төрийн чадавхыг бэхжүүлэх, ядууралтай тэмцэх зэрэг олон асуудлыг давхар бодолцсон шийдэл хайх ёстойг анхааруулдаг. Өргөс авч буй мэт суух босохын хооронд шийдэх асуудал биш. Боломжийн ассиметри буюу нэг талаас утааны асуудлыг шийдэх шуугианыг далимдуулан мөнгө хийх боломжийг хайсан түмэн этгээдүүд, нөгөө талаас эрүүл мэнд зэргээрээ шууд хохирч буй иргэдийн зохион байгуулалтад орох боломж чадвар тэс өөр юм. Тэр байтугай УИХ-д жагсаалтаар орж ирсэн, тойргоос сонгогдсон гишүүдийн утаанд хандах хандлага ялгаатай.
Асуудлын шийдэл нь эдийн засгийн өсөлт. Гэтэл эл өсөлтийг эрүүл саруул иргэн бүтээнэ. Эрүүл иргэд илүү бүтээмжтэй ажиллаж нийгмийн баялгыг арвижуулна.
Дахин давтан хэлэхэд Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн техникийн асуудал биш, харин улс төрийн эдийн засгийн сорилт юм. Үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхийн тулд институтийн чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг тооцсон хөрөнгө оруулалт хийх, бүс нутгийн болон хотын түвшний уялдаа холбоог сайжруулах шаардлагатай. Утааны асуудлыг шийдэхын тулд цэвэр технократ, цэвэр эдийн засгийн аргаар оншлож дүгнэх нь учир дутагдалтай юм. Асуудлыг политэкономи талаас нь гүнзгий судлах шаардлагатай.
References
Pigou, A. C. (1920). The Economics of Welfare.
Coase, R. (1960). The Problem of Social Cost. Journal of Law and Economics.
Olson, M. (1965). The Logic of Collective Action.
Stigler, G. J. (1971). The Theory of Economic Regulation. Bell Jour nal of Economics.
Peltzman, S. (1976). Toward a More General Theory of Regulation. Journal of Law and Economics.
Kahn, M. E., & Walsh, R. (2014). Cities and the Environment. NBER Working Paper No. 20503.
Kumekawa, I. (2024). Measuring the Cost of Pollution: Economic Life and Theory. Journal of Modern History.

