Beautiful Plants For Your Interior
Улс төрийн илтгэлгүй Их Хурлын тухай

Саяханы АН-ын Их хурал дээр Намын даргын нээлтийн үгийг уншиж байхад сөрөг хүчний лидерын популист риторик давамгайлсан, “сонгодог яриа” л байна, шинэ соргог зүйл алга даа гэсэн бодол төрөхийн зэрэгцээ Дарга нар дандаа л speech хийх юм, яахлээрэй дандаа speech вэ гэсэн асуулт гарч ирэв. Speech гэх лээр “цээжээрээ сайхан бурж” байгаа хүн санаанд буугаад байдаг юм. Дэлхийд алдартай speech олон байдаг аа. Гэхдээ манай дарга нарын speech дэндүү ядмаг л даа.
Сүүлийн хорь гаруй жилийг харвал намуудын их хурал дахь үг яриа хэвшмэл болсон нь харамсалтай. Улс төрийн намуудын “Бага”, “бүгд”, “бодлогын хороо” гэх мэт тодотголтой хурал ч мөн өнгөц, шоу маягийн болсон. Өөрийгөө магтах, эрх баригч нарыг шүүмжлэх, сонгогчдын “цор ганц аврал” хэмээн өөрийгөө тунхаглах — эдгээр нь намын гишүүдийн сэтгэлийг бүлээсгэж, олон нийтийн уур хилэнг өдөөхөд л чиглэсэн хоосон риторик болоод байна.
Гэтэл нам бол улс төрийн байгууллага, их хурал нь дөрөв таван жилд ганц удаа (онц, ээлжит бус биш) хийгддэг өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ. Ийм тавцан дээр намын дарга зүгээр нэг мэндчилгээний үг хэлэхийн оронд улсад төрд өрнөж буй процессд гүн гүнзгий оношилгоо хийсэн, гарц шийдвэр, ирээдүйг тодорхойлсон, нийгмээ манлайлах чадвараа илэрхийлсэн жинтэй улс төрийн илтгэл тавих ёстой. Тэр илтгэлийг тойрсон нухацтай хэлэлцүүлэг баймаар, гэтэл өнөө цагийн их хурал нь шоу болжээ.
Дэлхий даяараа л шоу ш дээ гэх байх л даа. Гэхдээ тэр шоу хийгээд буй өрнөдын намууд институцийн хувьд хэдийнээ төлөвшсөн, асуудлаа шийдэх уламжлалт механизмтэй, улс төрийн соёл, дотоод ардчилал нь хангагддаг механизмтай билээ. Харин бид өнгөн талыг нь муухан хуулбарлаж сууна гэж дүгнэвэл хатуудахгүй байх. Монголын улс төрийн намууд өрнөдын намуудын улс төрийн соёл, дотоод ардчилалыг эзэмштэл зай ч бий, лай ч бий.
27 жилийн тэртээ, МҮАН-ын даргын албыг би бас хашиж байсан. Тэр үед намын их хуралд танилцуулах улс төрийн илтгэлийг бэлтгэх ажлын хэсэг гаргаж, чадалтай хүмүүсийг нам болон нам бусчуудаас шилж сонгон багтаадаг байлаа. Улс төр, эдийн засаг, эрх зүй, гадаад харилцаа гэх мэт чиглэл чиглэлийн дэд хэсгүүд байгуулан илтгэлийн төсөл бэлдүүлдэг байлаа. Тэр ч байтугай үг үсэг, найруулга тал дээр эрдэмтэн мэргэдийг урин гуйж шүүлгэж, эцэст нь удирдах зөвлөлөөр хэлэлцэн Их хуралдаа толилуулдаг байсан. Ингэж намын хамтын оюун ухааныг дайчилдаг байлаа. Нүсэр нөр их ажил байсан ч Их Хуралдаа, Улс төрийн илтгэл тайландаа асар их ач холбогдол өгдөг байжээ.
Харин одоо, намууд улс төрийн илтгэлээс төвөгшөөн, зугтдаг болжээ. Улс төрийн илтгэлээс зугтаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай: намын ажлын ач холбогдолыг дутуу үнэлэх, улс төрийн шинжилгээ хийх интеллектуал чадавхийн дутагдал, намын доторх хамтын оюун ухааныг дайчлах хүсэл эрмэлзэл үгүй байх. Намыг албан тушаалын наймаа, дуудлага худалдааны газар мэтээр төсөөлж, түүний зохион байгуулах, манлайлах зэрэг үүргийг санаатайгаар орхигдуулан, үгүйсгэсэн нөхцөлд улс төрийн илтгэл гэх мэт илүүц байдаг биз.
Үр дагавар нь тодорхой. “Төлөө” биш “Эсрэг” дээр нийгмийг нэгтгэхийг оролдсоноор эв нэгдэл бус хагарал бий болно. Амлалт өгөөд хариуцлага хүлээхгүй явах нь төрд итгэх итгэлийг аажмаар устгана. Үүний тод илрэл нь 2025 оны авлигын ойлголтын индекс — 182 орноос 124-рт, ердөө 31 оноотой байгаа нь тохиолдлын зүйл биш.
Популизм богино настай — энэ бол нэгэнт батлагдсан үнэн. Харин бичиг үсэгт тайлагдалтаар дэлхийд тэргүүлдэг монголчууд яагаад ийм риторикт өнөөг хүртэл татагддаг вэ? Шүүмжит сэтгэлгээ яагаад хомс вэ? Эдгээр асуултанд хариу хайх нь өнөөдрийн улс төрийн намын үйл ажиллагааны нэг чиглэл, чухал ажил биш гэж үү?


