Beautiful Plants For Your Interior
БИД “БОЛОВСРОЛТОЙ БООЛУУД” БЭЛТГЭЖ БАЙНА УУ, ЭСВЭЛ “ИРГЭН” ТӨЛӨВШҮҮЛЖ БАЙНА УУ?
2026-04-05

Би боловсролын салбарт 43 жил болжээ. Орчин цагийн боловсролын тогтолцоог Монгол хөрсөнд буулгах гэж хичээж байгаа нэгэн. Чамлахаас чанга атга гэгчээр хийсэн бүтээсэн, олсон амжилт бий. Жишээ нь, СЭЗИС-ын оюутнуудын боловсрол мэдлэг, мэргэшлийн түвшинд дэлхийн аль ч улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь бахархууштай. Гэхдээ л …
Боловсролын салбарт сүүлийн жилүүдэд өрнөж буй бараг “хувьсгал” гэмээр огцом өөрчлөлт, хандлага нь сэтгэл түгшээх болов. Тун алдартай Google, мөн зарим AI компанийн томчууд тун удахгүй “их сургууль огт хэрэггүй болно”, өнөөгийн боловсролын бүх шатны сургууль “утга аа алдсан” гэж дүгнэж байх юм. Би ч гэсэн тэгж мэдэрч дүгнэж байгаа.
Өнөөдөр манай сургуулиуд мэдлэгийн “дамжаа”, харин диплом нь социализмын үед “амьдрах эрхийн үнэмлэх” төдий байсан, одоо мөн л тэр хэвээр. Бид хүүхдүүддээ томъёо цээжлүүлж, англиар ярихыг зааж байгаа ч “Хүн байхын учир”, “Иргэн байхын утга”-ыг заахаа бүрмөсөн орхив. Боловсролын тогтолцоо маань зөвхөн “зах зээлийн эрэлт”-ийн дагуу, түүний “эрэг шураг”, алсдаа “цүнх баригч” нарыг үйлдвэрлэгч болон хувирч, иргэн хүний оршихуйн философийг ор тас мартжээ.
Философигүй боловсрол бол “сүнсгүй хүүхэлдэй”
Иргэн байна гэдэг зөвхөн Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртлөхийн нэр биш. Энэ бол “Би хэн бэ?”, “Би яах гэж амьдарч байгаа юм бэ?” гэдэг асуултад хариулж чадах, ертөнцийг харах өөрийн гэсэн цонхтой байхыг хэлнэ. Гэтэл манай боловсролын систем иргэний энэхүү философи суурийг нь арчиж хаяад, зөвхөн зааврын дагуу ажилладаг “техник сэтгэлгээтнүүдийг” үйлдвэрлэж байна. Философийн боловсролгүй иргэн гэдэг бол нийгмийн шуурганд хаашаа ч хамаагүй хийсэх “үзэл суртлын тоглоом” гэдгийг та бид эрхбиш харж байна шүү дээ.
Гэдэс өлсгөлөн хүнээс иргэншил нэхэж болох уу?
Бид “иргэний ухамсар”, “ёс зүй” гэж мянга хашхираад нэмэргүй. Хүн ахуй амьдралын хясланд баригдаж, өнөөдрийн хоолныхоо төлөө тэмцэж байхад түүнээс “иргэншлийн философи” нэхэх нь сохор хүнээс өнгө асуухтай адил. Үйлдвэрлэх хүч, эдийн засаг хөгжиж байж л хүний тархи ахуйн дарамтаас чөлөөлөгдөнө.
Ахуйн дарамтаас ангижирсан цагт л хүн “Би хэн бэ?” гэж асуух сөхөөтэй болдог. Тиймээс боловсролын хүртээмж гэдэг бол зөвхөн сургуулийн барилга биш, харин иргэн хүн утга учиртай амьдрах тэрхүү эдийн засгийн боломж юм. Эдийн засгийн тасралтгүй, тогтвортой өсөлт юм. Түүнийг хангах эдийн засгийн эрх чөлөө юм. Дотоод гадаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн таатай орчин юм.
Орчин үеийн боловсрол үйлдвэрлэх хүчнийхээ хурдыг дагаж шинэчлэгдэх ёстой. Бид хүүхдүүддээ зөвхөн “ингэж болохгүй” гэдэг заншлын ёс зүй заадаг хоцрогдсон шатнаасаа салах цаг болсон. Өнөөдөр бидэнд институцийн хариуцлага хүлээдэг, эрх ба үүрэг нь цаасан дээр биш амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг шүүмжлэлтэйгээр харж чаддаг “дээд ухамсрын” боловсрол хэрэгтэй байна. Энэ боловсрол нь мөн л гүн ухааны суурьтай.
Дээрхээс дүгнэн асуудал дэвшүүлье: Хэрэв боловсрол маань иргэнийг төлөвшүүлж чадахгүй юм бол бид яах гэж тэр их мөнгийг зарцуулна вэ? Ясли цэцэрлэгээс нь эхлэн их сургууль хүртэл бидний бэлтгэж буй дипломтой атлаа иргэн болоогүй, мэдлэгтэй атлаа философигүй “шинэ үе” та биднийг хаашаа хөтөлж, юунд хүргэх бол?
Бидэнд хэрэгцээнд зориулагдсан “ажилчин” биш, хувь заяагаа өөрөө тодорхойлдог “эрх чөлөөт иргэн” хэрэгтэй байна. Үүний тулд боловсролын цөм нь ердөө л ИРГЭНШЛИЙН ФИЛОСОФИ байх ёстой. Ийм философи бүхий боловсролыг – хиймэл оюу ухаан, генетик, нано, биологи, квант зэрэгт суурилсан – орчин үеийн үйлдвэрлэх хүчин шаардаж байна.
Нийгмээрээ хэлэлцье: Бид дагалдан ажилтан уу эсвэл иргэн бэлтгэх ёстой юм уу? Боловсролын тогтолцоогоо яавал дээр вэ? Орчин үеийн сургуулийн загвар ямар байх вэ? Эдийн засаг санхүүгийн загвар нь ямар байх ёстой вэ? Энэ мэтчилэн та асуулт нэмээрэй. Учир нь хариу бэлэн биш ч, зөв асуулт тавьж чадвал тун хэрэгтэй юм.


