Beautiful Plants For Your Interior
УИХ-ын Даргад гайгүй хүн олдох уу?
2026-03-30
УИХ-ын дарга гэх албан тушаалыг бид нэг буруу уншаад байгаа юм даа. Хуралдаан даргалагч нэгэн гэж ойлгодог хэдий ч УИХ хэмээх байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хариуцдаг. Тиймээс ил далд мэдрэгдэх эрх мэдэлтэй байна.
Жишээ нь, УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд хаана хэзээ ямар бүрэлдэхүүнтэй (хэнийг оруулах= эс оруулах) групп гаргаж хааш нь явуулах (эс явуулах) зэргийг шийддэг. Зөвхөн энэ эрх нь гэхэд л УИХ-ын даргад асар их нөлөө олгож байгаа юм.
Өөр нэг жишээ, байнгын хороод, чуулганы хурлаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох эрх. УИХ-ын даргын зөвлөл дээр асуудлыг тогтсон байсан ч тун жижиг шалтаг гарган асуудлыг оруулах=оруулахгүй байх, хэлэлцүүлэгийг яаравчлах = сунжруулах зэргээр нөлөөлдөг. Мэдээж хэрэг энэ бүгдийн тайлбар болгон “улс орон, ард түмэн” гэх мэт том том зүйл ярина. Харин цаана нь улс төрийн (улс төр- бизнесийн, цэвэр амин хувийн гм) тодорхой бүлэглэлийн гайгүй сайн далдалсан эрх ашиг байдаг.
Тиймээс УИХ-ын дарга нь нэг намын дарга байна гэдэг нь арай дэндсэн хэрэг гэж АН эсэргүйцсэн нь зөв байсан. Гэхдээ эрх баригчид Намын дарга биш өөр хүнийг УИХ-ын Дарга болгоод тэр нь асуудалд тэнцвэртэй аль нэг талыг барихгүй хандана гэсэн ямар ч баталгаа байхгүй.
Энэ асуудлыг парламентын институцийн хүрээнд шийдэх гэж олон зуун жил оролдож байгаа ч субьектив оролцоо, үзэмжийг хязгаарлаж чадаагүй билээ. Харамсалтай нь манай улсад спикер болсон этгээдүүд намаас хараат байдлаас салах тэнхээгүй, энэ утгаараа парламентын засаглалыг бэхжүүлэх тухай ойлголтгүй яваа билээ.
Эл нөхцөлд байж болох нэг шийдэл нь дэг-ийг улам нарийвчлан тасралтгүй чамбайруулах юм. Тухайлбал, УИХ-ын даргын алхам бүрийг – хэнтэй уулзах=уулзахгүй, хаана байрлах гм гм – улам гүнзгийрүүлэн нарийвчлан тогтоох шаардлагатай.
Гэхдээ миний ойлгож байгаагаар – асуудал ХҮНДЭЭ байна , түүний зан, араншинд зэргээс ихээхэн хамаарч байна. Спикер хийх хүний өсөж өндийсөн орчин (өсөхийн өлсгөлөн хүмүүс ямар их гай болж байна), удам судар, мэдлэг боловсрол, суурь хүмүүжил цаашилбал,тухайн хүний хувийн зан чанар – шудрага, зарчимч, туйлширдаггүй, хүн чанар, бурууг сөрөх сэтгэлийн тэнхээ зэрэг чанарууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Товчхондоо, манайхаар бол л “хий нь гарсан” хүнийг тодруулан, маш нарийн бодож боловсруулсан УИХ-ын дэгтэй хослуулж өгөх ёстой билээ.


