Эдийн засгийн эрх чөлөө – хөгжлийн жинхэнэ шалгуур

Р.Амаржаргал
СЭЗИС, Глобал эдийн засгийн хүрээлэн 2025-10-30


Манай улсын төсвийн бодлого олон жилийн турш макро эдийн засгийн хэдэн тэнцвэр тойрон зангидагдаж ирсэн: төсвийн алдагдлыг тодорхой хувьд барих, инфляцыг хянах, ДНБ-ий өсөлтийг хадгалах гэх мэт. Эл парадигм нь өнөө цагийн шаардлага хангахгүй болжээ. Учир нь, иргэдийн бодит амьдрал, чанар, эдийн засгийн эрх чөлөө, боломжийн тэлэлт зэрэг суурь асуудлыг орхигдуулж буйг анзаарах цаг иржээ.

Улсын төсөв нь иргэдийн эдийн засгийн боломжийг хэрхэн тэлж байгаа, тэдний эрх чөлөөг хэрхэн баталгаажуулж байгаа зэрэг үндсэн асуултад хариу өгөх шинэ хандлага руу шилжих шаардлага тулгарч байна. Хуучин хэвшмэл төсвийн загвар нь нийгмийн бодит зөрчлийг шийдвэрлэхэд хангалтгүй байгааг нүүрсний хулгай, шатахууны хомсдол, багш эмч нарын ажил хаялт зэрэг үйл явдлууд тод харуулж байна.

“Хүний хөгжил бол хамгийн том мега төсөл” хэмээн тунхагладаг ч бодит байдал дээр хэнд, хэдийг, хэзээ, яаж хуваарилахыг цөөн хэдэн хүний шийдвэрээр тодорхойлдог тогтолцоо хэвээр байна. Төсвийн хуваарилалтад оролцох, ойр байх шалгуур нь “саарал ордонд ойрхон,” “цүнх баригч” байх, “эрх баригч намын нөлөө бүхий төлөөлөгч” байх. Төсөв нээлттэй, ил тод байх зарчмууд мартагдаад удаж байгаа бөгөөд ажил хаялт хийж байж л иргэд дуу хоолойгоо чүү ядан хүргэдэг болж хувирчээ.

Нийгмийн ялгарал улам гүнзгийрч байгаагийн бас нэг илрэл нь үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөг. Эрх мэдэлтнүүдийн халаасанд буй төгрөг энгийн иргэдийнхээс тэс өөр үнэ цэнэтэй болж, эдийн засгийн өсөлт “хаана, хэнд очиж наалдаад байна вэ?” гэсэн асуултыг улам хурцатгаж байна.

Эл нөхцөлд иргэд, бизнесийн эдийн засгийн эрх чөлөө – хөгжлийн жинхэнэ шалгуур болох ёстой бөгөөд улсын төсвийг энэ шалгуураар нягталж байвал зүйтэй. Амьдрал сайжирна гэдгийг ДНБ-ий өсөлтөөр бус, харин иргэдийн эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрхийн баталгаатай байдал, бизнес эрхлэх боломж, хүнд суртлаас ангид орчин бүрдүүлж байгаа эсэхээр хэмжих ёстой. Өмчөө хамгаалж, өсгөж, өвлүүлж чадах боломж нь иргэдийн хөгжлийн суурь нөхцөл юм. Эдгээр асуулт болон шалгуураар төсвийг шүүх хэрэгтэй.

Хөдөлмөрлөж байж л чинээлэг амьдрах ёстойг бүгд мэддэг ч хулгай хийх, эрх мэдэлд ойр байх нь хөрөнгөжихийн хамгийн дөт зам болоод байгааг өөрчлөх төсөв хэрэгтэй байна. Хулгай хийхгүй, цүнх барихгүй, бялдуучлалгүй, нэр төрөө гутаахгүй амьдрах боломжийг 2026 оны төсөв иргэдэд бүрдүүлэх үүрэгтэй. Ажил хаялт үгүйгээр нийгмээ өөрчлөх, дуу хоолойгоо хүргэх, тэтгүүлэх сэтгэлгээнээс ангижрах арга замыг төсөв тодорхойлж чадаж ёстой, үүрэгтэй.

Нийгмийн баялаг хязгаарлагдмал. Түүнийг хэрхэн хуваарилснаар иргэдийн боломж, бизнесийн эрх чөлөө тэлдэг. Нас, хүйс, хөдөлмөрийн чадвар, оршин суугаа газар, соёлын ялгаа зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэхгүйгээр социализмын үе шиг нэг хивэнд оруулах цутгах оролдлогоос төсөв зоригтой татгалзах ёстой.

Төсөв нь иргэнд өөрийгөө хэрэгжүүлэх боломжийг хэр нээж өгсөн, ямар сонголт байгааг тод илэрхийлсэн, гуйлгачин биш, нэр төртэй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, иргэний эрх чөлөөний илэрхийлэл байх ёстой. Төсвийг ингэж ойлгож, уншиж, зангидаж чаддаг болох, хуучин философиос салж, шинэчлэл рүү зоригтой шилжих цаг иржээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *