Ши Жиньпиний дөрвөн санаачилга —  алсын хараа юу уу, стратегийн хөшүүрэг үү?

Р.Амаржаргал, Ерөнхий Захирал, Глобал Эдийн Засгийн Хүрээлэн, СЭЗИС

2025-09-08 Өдрийн сонин №162

Oip

Ши Жиньпиний дөрвөн санаачилга —  алсын хараа юу уу, стратегийн хөшүүрэг үү?

Дэлхий ертөнцийг давхацсан олон, тогтмол шинжтэй болсон задрал бутрал, тогтворгүй байдал, сөргөлдөөн зөрчилдөөн, уур амьсгалын хямрал, технологийн хурдацтай өөрчлөлт, тэгш бус байдал зэрэг полиперма хямрал тодорхойлж буй энэ цаг үед Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин засаглалын шинэ загвар манай дэлхийд шаардлагатай байгааг ШХАБ-ын уулзалтын үеээр танилцуулав.

Ши Жиньпины харилцан уялдаа бүхий дөрвөн гол санаачилга болох Дэлхийн Хөгжлийн Санаачилга (GDI), Дэлхийн Аюулгүй Байдлын Санаачилга (GSI), Дэлхийн Соёл Иргэншлийн Санаачилга (GCI), болон Дэлхийн Засаглалын Санаачилга (GGI) нь хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн “нийтийн бараа” гэж зарлагдаж байгаа хэдий ч дэлхийн цоо шинэ дэг журам тогтоох, Хятадын олон улсын байр суурийг шинэ түвшинд гаргах зорилготой. Аливаа санаачлага тэр тусмаа глобал санаачлага нь тухайн субьектын эрх ашгийг нэн түрүүнд илэрхийлэх нь ойлгомжтой. Энэ утгаар эдгээр санаачлага нь юуны өмнө БНХАУ-ын эрх ашгийг илэрхийлсэн байж таарна. Гэхдээ Ши Жиньпиний дөрвөн санаачлага нь хятадын эрх ашиг, нэрийн өмнөөс биш, харин нийт хүмүүн төрөлхөтөний эрх ашгийг илэрхийлж байгаа, ёстой бидний ярьдаг “хувь хувьсгалын эрх ашиг нийцэж байгаа” гэвэл олон улсын тавцанд бодитойгоор хэрхэн хэрэгжиж байгааг шинжээчид, улс төрчид нягт ажиглаж, дүгнэлт хийх нь мадаггүй.

GDI: Хөгжлийг төвд тавих нь — глобал үнэт зүйл үү, хятадын ашиг сонирхол уу?

2021 онд танилцуулагдсан GDI нь НҮБ-ын 2030 он хүртэлх Хөгжлийн Хөтөлбөртэй уялдаж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, дижитал шилжилтыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахыг дэмжих зорилготойгоор зарлагдсан. Энэ хүрээнд Хятад улс 1100 гаруй төсөл, олон тэрбум ам.долларын санхүүжилтээр уг санаачилага аа дэмжиж, 70 гаруй улс орны дэмжлэгийг авсан байдаг.

GDI нь гарцаагүй анхаарал татахуйц, хүчтэй санаачилга боловч хэрэгжилт нь зарим улсыг “алаг үзсэн”, ил тод бус,  хүмүүнлэгийн гэхээсээ хятадын стратегийн ашиг сонирхол давамгайлсан гэж уншигддаг. Жишээ нь Газын зурвас, Украйны дайны талаарх энэ улсын байр суурь ойлгомжгүй, энх тайванг тогтоох бодит шийдэл, хөгжлийн төлөвлөгөө санал болгож буй эсэх нь тодорхой бус байна.

GSI: Энх тайван уу, эсвэл хамгаалалтын бамбай уу?

2022 онд танилцуулагдсан GSI нь аюулгүй байдлыг “түгээмэл, иж бүрэн, харилцан хамтын ажиллагаанд тулгуурласан, тогтвортой” байдлаар ойлгон хангах тухай санаа дэвшүүлсэн байдаг. Ингэхдээ улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, аливаа маргаан сөргөлдөөнийг тайван, энхийн замаар шийдвэрлэх, нэг талыг баримталсан буюу элдэв эвсэл блок үүсгэн шөргөлцөхгүй байх НҮБ-ын зарчим дүрмийг баримтлахыг уриалсан байдаг.

Саудын Араб, Ираны асуудалд зуучлан, Газын зурваст гал зогсоохыг удаа дараа шаардаж Израилыг буруутган шүүмжлэх нь GSI-тай нийцэж байгаа хэдий ч Хамасын бүлэглэлийн үйлдлийг буруушаагаагүй. БНХАУ-ын тунхаглаж буй GSI-ийн зарчмууд нь Украйнд үйлчлэхгүй байгаа нь ажиглагчдын хараанд өртөж байгаа. GSI хүрээнд Хятад улс зөв зүйтэй санаачилага илэрхийлж байгаа ч “ам ажлын зөрүү” бас байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

GCI: Соёл иргэншилийн гармони үү, эсвэл зөөлөн хүчний стратеги уу?

2023 онд танилцуулагдсан GCI нь соёл иргэншил, уламжлал соёлын ялгааг улс орнууд харилцан хүлээн зөвшөөрч, хүндэтгэх, аль нэгэн уламжлал соёлыг илүүд үзэхгүй байх, харилцан суралцах, хүмүүн болон соёлын солилцоог дэмжихийг уриалсан юм. Хятад улс залуусын солилцоо, визгүй зорчих бодлого, түм буман соёл зэрэгцэн цэцэглэж байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж буй нь уг санаачилгын биелэл гэлтэй.

Өнөө цагт хүмүүнлэг, соёл иргэншлийн харилцаа нь геополитикийн хөшүүрэг болж байгаа нь нууц бишээ. Соёл иргэншлийн ялгаа нь зэвсэгт мөргөлдөөн, дайн дажинд хүргэхгүй байхын тулд глобал лидерын ачаа үүрч буй их гүрнүүд “double standart” гаргахгүй байх, хамаг муу муухайг аль нэгэн соёл иргэншилд нялзаахгүй байх, зөөлөн хүчний бодлого нэрээр бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх  чухал билээ.

Олон ургалч үзэл, соёлыг дэмжиж, үндсэрхэг үзэл, неонационализмыг буруутгаж буй Хятадын албан ёсны байр суурь, GCI санаачлага нь одоохондоо бодит агуулга гэхээс илүү билэгдэлийн шинжтэй, зөрчилдөөнийг шийдэх хэрэгсэл гэхээсээ зөөлөн хүчний зорилгод үйлчилсэн байдалтай байна.

GGI: Шинэчлэл үү, эсвэл Дүр эсгэлт үү?

Ши Жиньпины саяхан дэвшүүлсэн санаачилга болох GGI нь глобал засаглалыг олон туйлт ертөнцөд нийцүүлэн шинэчлэхийг уриалжээ. Энэ нь, тусгаар тогтнолын хувьд улс орнууд бүгд эрх тэгш байх, олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын үүрэг ролийг дэмжихийн зэрэгцээ “цөөн хэдэн улсын тулгалтыг” шүүмжилсэн байдаг.

Хятад улс НҮБ-ын үүрэг ролийг чухалчлан үзэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалахдаа олон улсын, ялангуяа хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхийг уриалсан сайшаалтай юм. Гэсэн хэдий ч өрнөдийн орнуудын санаачилсан тогтоолуудыг эсэргүүцэж, илт эзэрхэн түрэмгийлэгчийг дэмжсэн, тал зассан байр суурийг байнга илэрхийлж байгаа нь Хятад улс олон улсын харилцааны шинэ  шудрага, олон талын оролцоог хангасан дэг журмыг тогтоох гэхээсээ юун түрүүнд стратегийн шинэ тэнцвэрийг бүрдүүлэх эрмэлзээтэй юм гэж судлаачид дүгнэж байгаа юм.

GGI нь цаг үеээ олсон чухал санаачилга мөн хэдий ч БНХАУ үнэхээр олон талын оролцоог хангасан засаглал тогтоохыг эрмэлзэж байна уу эсвэл өөрийн нэр нөлөөг л өргөтгөх зорилготой алхам уу гэдэг нь тэдний үйлдлээс удахгүй тод харагдах юм.

Эцсийн дүгнэлт: Алсын хараа ба бодит байдал

Ши Жиньпиний дөрвөн санаачилга нь глобал удирдлагын шинэ загварыг санал болгосон, харилцан уялдаатай, системтэй, алсын хараа бүхий санаачилга юм. Улс орнуудын, ялангуяа эдийн засгийн  хөгжлийн их хол зөрүүг арилгах, энх тайвныг дэмжих замаар аюулгүй байдлыг хангах, улс түмнүүдийн соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, глобал засаглалын тэгш оролцоог хангах зорилгуудыг тусгасан санаачилга юм.

Нөгөө талаас энэ бүх санаачилгын цаана БНХАУ стратегийн ашиг сонирхолтой илэрч байна. Улс орнуудын тусгаар тогтнол, дотоод үйл хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй, олон туйлт ертөнц зэрэг улс орнууд энх тайванаар зэрэгцэн орших таван зарчимд хамрагдах сэдвүүд нь Бээжингийн гадаад бодлогын үндсэн элементүүд гарцаагүй мөн. Харин эдгээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа нь ил тод биш, алагчилсан байдалтай, хяналтын институциональ бүтэц үгүй зэрэг нь энэ бүх санаачилгын эцсийн зорилгод тээнэгэлзээ төрүүлэх нь дамжиггүй.

Глобаль удирдагч, манлайлагч байхын тулд зөвхөн амбиц хангалтгүй ээ. Үүний тулд зарчимтай, тууштай, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, итгэл даах чадвар, улс хоорондын итгэлцэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн үлгэрлэн манлайлах чадавхи, үйл ажиллагааны ил тод байдал шаардагдана. Хятад улс эдгээр санаачилгуудыг бодитой, шударга, хамтын чармайлт, ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж чадвал глобал засаглалын шинэ эрин үеийг эхлүүлж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *