Beautiful Plants For Your Interior
Наадмын нээлт болон ирээдүйг эргэцүүлэхүй

Бидний мэдэх урлаг соёлын хамгийн том (том гэдэг нь монголчуудын ихээнхи нь үздэг хардаг гэсэн утгаар) гэмээр арга хэмжээ болох наадмын нээлт нь агуулга хэлбэрын хувьд сүүлийн гучаад жил чанарын өөрчлөлтгүй явж ирлээ дээ гэсэн бодол энэ жилийн наадмын нээлт үзэж суухад төрлөө. 90 оны дараа, өмнөх нийгэмд хориотой байсан Их монгол улс, Чингисын сэдэв шинээр орж ирсэн хэдий ч уг сэдвийг улиг болгожээ. Манай уран бүтээлчид уг сэдэвт хүлэгдсэн санагддаг.
Кино, телевизийн уран бүтээл, ном зохиол ч ялгаагүй. Эртний түүхийг ярьж танилцуулж байх нь чухал гэдэгтэй маргахгүй байх, гэхдээ уг сэдэв, материалыг нийгэм, ард олонд яаж хүргэх вэ гэдэг нь орхиж болохгүй асуудал байх. Хятад солонгос, японы сериалууд, тэр ч байтугай холливудын (жишээ нь спарта, трой, гладиаторууд гэх мэтчилэн) шилдэг киногоор, бид, эртний түүх “нэг иймэрхүү байж” хэмээн төсөөлж ирсэн хэдий ч, манай түүх – хүннү гүрэн, сянби, кидан, их монгол улс, ил хаант улс, бага хаадын үе, зүүнгарын улсын түүх зэрэг – эртний грек, ром гэх мэтчилэн дээрх орнуудын түүхээс агуу шүү дээ, манай уран бүтээлчид одоохондоо “гар нь хүрэхгүй” яваадаа гэж бодоод л явдаг.
Гэхдээ энэ бол мэдэж байгаа, түүхийн сэдвийг урлагийн хэлээр амлуулах асуудал. Харин бидний мэдэхгүй, бидний хувьд туйлын тодорхойгүй – ирээдүйн талаар хэлэх үзүүлэх зүйл юу билээ? Бараг юмгүй шүү дээ. Баяр наадмаар, биднийг ямар ирээдүй хүлээж байгаа, түүнийг хэрхэн төсөөлж байгаа талаар, нийгмийг чиглүүлсэн, зоригжуулан зохион байгуулсан, ялангуяа залуусын хүсэл эрмэлзлийг тодорхойлсон үзвэр, тайлал үгүйлэгдээд байгаа санагддаг юм. Нийгмийн ирээдүй ямар байх тухай “дарга нар, улс төрчид л хэлэх байхдаа” гэж бодож байвал эндүүрэл шүү. Монголын нийгмийн ирээдүй 50,100, 200 жилийн дараа ямар байхыг зөвхөн урлагийнхан, философчид л харж чадна.
=====================

Би багадаа А.Эйнштэйны хийл тоглож буй энэ зургийг хараад их л шохоорхдог байж билээ. Шинжлэх ухаан урлаг хоёрын нэгдэл, нэг нь нэгэндээ сүлэлдсэн байдлын илэрхийлэл гэлтэй. Түүхийн туршид шинжлэх ухаан ба урлаг хоорондоо салшгүй холбоотой, бие биенээ баяжуулж, тодорхой утгаар нөхцөлцөлдүүлж иржээ.
Шинжлэх ухаан зөвхөн математик, тооцоолол гэхээс чухам юу болохыг нь та бид бүрэн гүйцэт ойлгоогүй зөн совин байдаг. Шинжлэх ухаан нь асар их, нөр их хөдөлмөрийн хамт өмнөхөө үгүйсгэх сэтгэлийн тэнхээ, эр зориг байдаг. Шинжлэх ухаан гэдэг нь рациональ, логик сэтгэлгээ гэхээс урлагаар (Вагнерын хөгжим сонсоод төрж буй хүсэл тэмүүлэл, эр зориг гм) нөхцөлдсөн сэтгэл хөдлөл, тэсрэлт, гэгээрэл юм. Нийгмийн хамгийн болохгүй бүтэхгүй бүхнийг илчлэн, тодоос тод гэрэл тусган, та бидэнд ухаарал суулгах гэж урлаг, уран зохиолын ертөнцийнхөн зүтгэж байдаг. Урлаг уран зохиолын шаналал, бахираа зэргийг шинжлэх ухааны суут төлөөлөгчид хамгийн түрүүнд мэдэрдэг байх. Тиймээс ч агуу эрдэмтэд урлагт ойр байдаг болов уу? Ямар ч болсон шинжлэх ухаан – урлагийн энэхүү харилцан хамаарал нь хүн төрөлхтний хөгжлийн хөдөлгөгч хүч байсаар ирсэн.
Сүүлийн үед шинжлэх ухаан урлагийн нэгдэлд үзэл суртал гэх гайтай (хуучин нийгмийн үед шинжлэх ухаан, урлаг ангич намч байх тухай бидний толгойг их эргүүлсэн дээ) хүч нэмэгдэж, ирээдүйн тухай хэлэлцүүлгийг ширүүн тэмцлийн талбар болгон хувиргаж байна.
Нөгөө талаар, технологийн хурдацтай хөгжил, түүний хүмүүн нийгмийн бүтэц, зохион байгуулалт, улс төр-эдийн засгийн харилцаанд үзүүлж буй шууд болон дайвар нөлөөлөл нь хүн төрөлхтнийг үнэт зүйлийн хомсдол, мухардмал байдалд хүргэсэн шинэ эрин үеийг нээжээ. Глобалчлал, технологийн хүн даахгүй хурдацтай хөгжил, гайхамшгаас хүмүүс тамирдаж байна уу гэлтэй. Тиймээс ч энэхүү тодорхойгүй нөхцөл байдалд шийдэл эрэлхийлсэн ард иргэд, улс үндэстэн өөрийн онцлог, уламжлалт үнэт зүйлс, өрх гэрийн үнэт зүйлсээ хадгалахыг хүсэж, буурал түүхрүүгээ буцаж буй нь илэрхий. Та бидэн уламжлалт үнэт зүйлс, шашны үзэл санаагаа сэргээж, цэвэр рационализмын хүрээнээс хальсан алтернатив замыг санал болгож чадах субъектийг хайж байна.
Энэхүү субъект нь шинжлэх ухаан, урлаг юм. Өнөөгийн шинжлэх ухаан, соёл хоёулаа уламжлалт хэв маягийг бэхжүүлэх эсвэл бүрмөсөн устгах боломжтой. Ялангуяа хиймэл оюун ухаан ба шинжлэх ухааны дегуманизаци нь онцгой анхаарал татаж байна. Үзэл суртал шинжлэх ухааны ололт амжилтыг өөрийн зорилгодоо ичгүүр сонжуургүй ашигладаг боллоо. Урьдчилан таамаглах боломжгүй, тодорхойгүй, буруу явбал алсдаа хүнээ боолчлох, хүн нь өөрийн мэдэлгүй боол зомби болсон ирээдүйгээс та биднийг хамгаалах, хүмүүнлэг үнэт зүйлсийг хадгалан авч үлдэх эцсийн “цайз” нь урлаг – уяхан замбуу тивийн нар, сэрсэн тал – байж болох юм.
Хүмүүн төрөлхтөн бидний хувьд «гэрэлт ирээдүй» маань аймшиг, гай гамшиг бүү авчраасай гэж хүсэж залбирч суух биш уяхан замбуу тивийн нар, сэрсэн талын гүн ухаанаар нийгмээ ариусгах, ялангуяа залуусын үнэлэмж, үнэт зүйлсийн цөм болгоход анхаармаар байгаа юм. Ингэж чадвал та биднийг машинд дарлагдсан, гэрэл гэгээ багатай ирээдүй хүлээж буй мэтээр дүрсэлдэг холливудын уран зөгнөл биш харин хүний оюу ухаан, хүмүүн заяа эцэстэй ялан дийлж буй ирээдүйг зөгнөсөн дүрслэл үүснэ.
Хүмүүнлэг, өөдрөг дүр зургийг дагаад нийгэм, ирээдүйн талаар илүү өөдрөг үзэлтэй ард олон бүрэлдэх учиртай. Өнөөгийн залуусын байгаль дэлхийгээ нандигнасан, эрх чөлөөг эрмэлзсэн хандлага нь баярлууштай. Ирээдүйн талаарх бидний энэхүү мөрөөдөл нь биеллээ олох эсэх нь эрдэмтэд, нийгэм болон урлаг соёлын бүтээлч хамтлаг, холбоо, нийгэмлэгүүдийн хоорондын идэвхтэй яриа хэлэлцүүлгээс шууд хамааралтай. Ирээдүйн талаарх кино, уран зохиол болон урлагийн бусад хэлбэрүүдийн бүтээл нь энэхүү дүр төрхийг бүрдүүлэх бөгөөд төрийн зүгээс идэвхтэй дэмжүүштэй.
Мэдээж хэрэг рээдүйг эргэцүүлэх нь олон талт үйл явц юм. Энэ жилийн наадмын нээлтээс урган төрсөн бодол маань энэ юм.