ДҮЛЗЭН-ТҮГЖИЛҮҮД БА ХЭЦҮҮ ХҮМҮҮС 

Сүүлийн үеийн засаг тойрсон шуугиан төр баригч  эрхмүүдийн хэн нь хэн болох жинхэнэ нүүр царайг бага ч болов илчиллээ. Тэдний тэнэг мангуу, урвагч шарвагч, аймхай хулчгар, бялдууч, чалчаа хоосон зэргийг (цаашид Дүлзэн-Түгжил гэх) ам амаа авалцан сошиал медиагаар, зарим нэгэн нь бах нь ханасан байдалтай шуугиулж байна. 

Шуудхан, ямар ард түмэн байгаа тийм л төр, ноёд эрхэмүүд байдаг гэдэгтэй маргалгүй, эрх мэдлийн ширүүн тэмцлийн утга агуулга, илэрч буй хэлбэрүүд, өрнөдөг механизмын талаар тогтож ярья[i].   

==============

Дүлзэн-Түгжилүүд  “яаж яваад энэ албан тушаалд хүрсэн юм бол?” гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Мэдлэг, боловсрол, сэтгэлгээ нь илт илүү, шударга, зарчимч, ёс зүй бүхий хүмүүс сүүдэрт үлдэж, харин ажил хэргийн (компетент) мэдлэггүй нь дээд албан тушаалд хүрсэн жишээ олон зуун жил үргэлжилж байгаа юм. 

Дүлзэн-Түгжилүүд улс төрийн хуйвалдаан эсвэл аз, тохиолдлоор гараад ирсэн гэж тайлбарлаж болох хэдий ч, олон зуун жил тасралтгүй амь бөхтэй оршсоор байгааг бодвол төрийн эрх мэдэлд хүрэх механизм, логик нь уг чанартаа компетент үгүй, зальт этгээдүүдийг шигшиж дэвшүүлдэг жамтай юм биш биз? Ер нь аливаа эрх мэдэл үнэхээр мэдлэггүй, мунхаг хүмүүсийг илүүд үздэг үү? Дүлзэн-Түгжилүүдийг шилж сонгодог, эрх мэдэлд хүргэдэг тогтолцоо нь тэр чигтээ буруу юм уу? 

Сонгогчид ухаалаг, “хаан сонголт” хийгээд хийгээд эцсийн дүндээ нөгөө л хэцүү нөхдөө гаргаад ирсэн байдаг нь гайхууштай. Үүний гол шалтгаан нь сонгогч та бидэнд агуулгаас хэлбэр нь илүү байдаг, хамгийн их шүүмжилж, үзэн яддаг өнгө мөнгөндөө өөрсдөө дуртайяа автаж, түүндээ боолгох дуртайд байгаа юм. 

Хүний дургүйг хүргэхийн тулд үнэнийг нь шууд хэлэхэд хангалттай болсон өнөө дээрхи дүгнэлт та бидний зэвүү хүргэж, “яршиг л байна” хэмээн сөрөг түмэн аргумент хайж болно оо. Ямар ч аргумент олсон ч эцсийн дүндээ өөрийн байр сууриа хамгаалсан, өөрийн алдаа дутагдлыг үл хүлээн зөвшөөрсөн, өөрөөтөө хир халдаахгүй, бусдад бурууг тохдог сэтгэл зүй та бидний далд ухамсарын гүнд байгаа.

Шинжлэх ухааны үзэж байгаагаар та бидний тархи, сэтгэлгээ сүүлийн 300-400 мянган жилд нэг их өөрчлөгдөөгүй юм байна. Хүний тархи анхнаасаа: ямар нэгэн аюулд хариу үйлдэл үзүүлэх, хурдан, энгийн шийдвэр гаргах үүрэгтэйгээр хувьсан өөрчлөгдөж ирсэн гэж судлаачид үзжээ. Хүний тархи нарийн төвөгтөй системийг задлан шинжлэх зориулагдсан биш харин хамгийн энгийн бинар буюу хоёр туйлт танайх манайх, найз дайсан, аюултай аюулгүй, хар цагаан сэтгэлгээнд дассан байдаг. 

Амьдрал, ертөнцөө хар-цагаанаар хардаг сэтгэлгээ өнөөдөр ч бидэнд оршсоор. Хүй нэгдлийн үед энэ сэтгэлгээ тустай байсан байх. Тэрнээс хойш хэдэн мянган жил өнгөрсөн. Өнөөгийн ертөнц — ээдрээтэй, тодорхой бус, мэдээллийн хэт их урсгалтай. Ийм нөхцөлд бүхнийг хар цагаанаар хардэг, энэ эртний сэтгэлзүй бидэнд тус болохоосоо гай болж байна. 

Эмх замбараагүй, ороо бусгай цаг үед та бид үнэн, асуудлын мөн чанар зэргийг эрэлхийлээд байдаггүй, харин сэтгэлийн амар амгалан тайвшрал хангахуйц энгийн, итгэл төгс тайлбар хүсэн хүлээж байдаг. Худал байсан ч гэсэн хамаагүй, хүсэж байгаа, сонсмоор байгаа зүйлийг нь амлавал дуртайяа хүлээж авдаг нь гэм биш зан юм. Хүн өөрөө өөрийгөө хуурсан ч хамаагүй, тов тодорхой нөхцөл байдлыг хүсдэг, хүлээн авахад бэлэн байдаг сэтгэл зүйн онцлогтой. Тиймээс ч, жишээ нь сонгуулийн явцад асуудлыг гүнзгий задлан шинжилж буй нь биш харин бэлэн зэлэн, цэцэн мэргэн хариулж байгаа нь олон түмэнд таалагдаж байдаг. Асуудлыг гүнзгий задлаж буй нь айдас төрүүлдэг бол популист хариулт өгч байгаа нь тайвшрал, итгэл горьдлого төрүүлдэг гэж 2017 онд Йелийн их сургуульд хийсэн нэгэн туршилтаар дүгнэгдсэн байдаг. Товчхондоо, хүн хичнээн ухаантай ч өрөөсгөл, нэг талыг барьсан байдлаа тэр болгон тавидаггүй юм. Бид чин үнэнийг биш харин өөрийн бодол байр суурийг нотлох баталгаа, гаргалгаа хайдаг. 

Энэ утгаараа энгийн, сэтгэл хөдөлгөм үлгэр зохиож чаддаг хүмүүс — биднийг амархан татаж чаддаг. Платоны хэлсэн “хүн сүрэг” тушаал команд хүсэн хүлээж байдаг. Хүн сүрэгт зоригтнууд хэрэгтэй болхоос ухаантнууд хэрэггүй. 

Тиймээс Дүлзэн-Түгжилүүдийг дээш нь залаад байгаа нь та бидний хувьсал хөгжил, түүний үр дагвар, бараг инстинкт, рефлексийн хэмжээнд байдаг ил далд ухамсар, сэтгэхүйн онцлогоос хамаатай. Ямар болсон шинжлэх ухаан нэг иймэрхүү дүгнэлт хийгээд байгаа. 

“Ноён урваач, нохой шарваач” гэдэг байх аа. Сонгуулийн ардчиллын хүрээнд та бид ноёныг хэлбэрийн төдий тодруулдаг болсон. Хөөр баяр болж тодруулсан нөхөр маань урваач байжээ. Угаасаа урваач байсан уу? Эсвэл ноён болоод урваач болсон уу? Та бид яг өөрөө сонгон, тодруулж байна гэсэн чинь үнэн хэрэг дээрээ бусдыг дагаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр сонголт хийсэн байж уу? Та бидний далд ухамсарт нөлөөлсөн “тархи угаалт”-ын дүнд энэ хэцүү хүмүүсийг бид гаргаад ирсэн юм уу? Хэн, яаж бидний тархийг угаав? гэх мэтчилэн түмэн асуулт цуварч эхэлнэ. Үргэлжлүүлэн ухаад байвал та бид өөрсдөө буруутан болох янзтай. 

========================= 

Эрх мэдэл, нэр нөлөөгөө тогтоох тэмцэл өөрийн гэсэн зүй тогтолтой. Агуу их суу зальтан, өөрөөр хэлбэл эрх мэдлийн төлөөх энэ ширүүн тулааны “дүрэм”-ийг ойлгож, дагаж чаддаг нь ялалт байгуулдаг жамтай. Эрх мэдэлд хүрэхийг хүсвэл энэ тоглоомын “дүрэм”-ийг сурахаас өөр аргагүй гэж Николло Макиавелли бараг 500 жилийн тэртээ хэлжээ. “Эрх мэдэл бол жүжиг. Энд хамгийн их мэддэг чаддаг нь бус, харин хамгийн сайн дүр эсгэж чаддаг нь ялагч байдаг” гэжээ.

Николло бичихдээ: “Хааны (саарал) ордон жинхэнээрээ, бодит байдал дээр ямар байдгийг та нар хар. Энэ бол байх ёстой ордон нь биш, харин байгаа нь л энэ. Эрх мэдлийн жинхэнэ орчин нь хов жив, матаас, айдас хүйдэс, эзэндээ үнэнч байдлаа илэрхийлэх зан үйл, өнгөц төрхийн шүтэн бишрэл юм.” “Хүмүүс …  олны өмнө чи өөрийгөө ямраар харуулах гэж оролдож, бүтээж байгаа дүрийг чинь л  хардаг, харин цөөн хүн л чамайг үнэндээ хэн бэ гэдгийг мэддэг” гэж бичсэн нь хүний мөн чанарыг нэг талаар илэрхийлсэн гэлтэй. Нөгөө талаар нийгмийн үнэлгээ хэрхэн бүрэлддэгийг илэрхийлсэн гүнзгий ойлголт юм. 

Товчхондоо, гадаад төрх байдал нь хүний дотоод мэдлэг, ур чадвараас илүү үнэлэгддэг. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэгтэй адил боловч ухааныг нь таних гэж бас мунгинана. Тиймээс та бидэнд ухааныг нь таних боломж, цаг зав олгохгүй байх нь эрх мэдэлд хүрэх суу залийн эхний алхам юм. Дүр эсгэх мастерууд үг яриа, үйлдэл, зан үйл, дүр төрхөө чин сэтгэлийн, итгэл төгс, сүр бардам, үнэн мэт харагдуулах чадвартай. 

Зөв юм яриад ч байгаа юм шиг, чин сэтгэлээсээ нийгмийн төлөө ч юм шиг, авлига зэрэг бузар булайтай тэмцэлдээд байгаа ч юм шиг хүнийг хараад жирийн иргэний хувьд сонголт хийх хэцүү. Тэдний эрс шийдэмгий байдал, уран цэцэн үгс, зүйрлэл, дэвшүүлж буй шийдэл, буруутныг маш амархан олж нэрлэж буй байдал зэрэг нь хэнийг ч гэсэн төөрөгдүүлэх боломжтой. 

Харин энэ фон дээр  “чоно махнаас гарсан” гэдэгт итгэдэггүй, аливаа юманд шүүмжит байр сууринаас хандаж, “бүхнийг эргэлзээнд өртүүлсэн”, юмс үзэгдлийн нарийн уялдаа, хамаарлыг гадарладаг хүн сул, бөөрөнхий, аймхай мэт харагдаж, ойлгогдож байдаг. Бодлогошронгуй, бүхнийг эргэцүүлэх гэж оролддог хүн шийдэмгий биш мэт харагддаг. Ёс зүйтэй, ядаж тууштай зарчимтай байх гэж чармайдаг хүнийг “яриа найраанд орохгүй” бүтэхгүй амьтан гэж хочилно. 

Хэрэв та эрх мэдлийн төлөөх тулалдааны ертөнцөд амьд үлдэхийг хүсвэл гэнэн итгэмтгий байж болохгүй. Цагийн байдлыг зөв мэдэрч “мишээж” чаддаг, амлалт, айдсаар дамжуулан нөлөөлж сурсан, овжин зальтай хүмүүсийг – энгийнээр цүнх баригчийг  “эзэн хаан” таалан, дээш татна.

Оюун ухаан эрх мэдэлд саад болдог уу?

“Горе от ума”  буюу ухаатны зовлон гэж бий.  Ухаантай байх нь эрх мэдэлд хүрэх замд нь гай болдог юм биш биз гэсэн асуулт гарч ирнэ. Сонсоход энэ нь гаж, утгагүй мэт санагдаж болно. Гэхдээ зарим тодорхой нөхцөлд “хэтэрхий ухаантай байх” нь эрх мэдэлд хүрэх замд хамгийн том саад болно. 

2017 оны нэгэн судалгаагаар, IQ өндөртэй хүмүүс эхэндээ тун дажгүй удирдагчид байдаг. IQ 120-оос дээш гармагц энэ оюун ухаан нь түүний эсрэг тоглож, удирдагч байх чадвар нь суларч эхэлдэг болохыг харуулжээ. Учир нь тэдний сэтгэлгээ, сэтгэн бодох процесс нь улам гүнзгийрэн, хэт нарийн болж, энгийн иргэн, олон нийт ойлгоход хүндрэлтэй болдог аж.

Үүнийг шинжлэх ухаан тайлбарлахдаа, хүмүүс харизмын хавханд амархан автдаг гэж үздэг. Харизмтай байх,  өөртөө итгэлтэй дүр нь ажил хэргийн мэдлэгтэй (компетент) байдлаас чухал. Дээр хэлсэнчлэн өөртөө итгэлтэй, улайрсан байдлыг ур чадвар, манлайлах чадвар гэж хүмүүс андуурдаг. Харизматик хүмүүс ажил хэргийн мэдлэг муу, манлайлах бодит ур чадвар үгүй ч, хүмүүст хүчтэй сэтгэгдэл төрүүлж чаддаг. Онгироо сагсуу, өөрийгөө “борлуулах чадвартай”, нарцисс буюу өөрөө өөртөө дурласан этгээдүүдийг хүмүүс дагадаг байна. 

Мөн өөрийн тогтсон итгэл үнэлэмж, үнэмшлээ л сонсох, баталгаажуулах хүсэлтэй бид, тэдгээртэй нь зөрчилдсөн бүхнийг үл тоох, баримт нотолгоо байсан ч үгүйсгэх хандлагатай байдаг. Сонгогчид айдас, уур хилэн, горьдлого найдвар зэрэг сэтгэлийн хөдлөл, эмоци дээр тулгуурлан голдуу сонголт хийдэг бөгөөд логик дүгнэлтийг гучдугаарт тавьдаг.  

Өмнөх ажил дээрээ сайн байсан юм чинь үүнийг хийж чадна, тэгээд ч “надад үнэнч, миний хүн хэмээн” дараа дараагийн албан тушаалд дэвшүүлээд, нэг мэдэхэд ажил хэргийн мэдлэг нь илт дутагдах албан тушаалд хэцүү хүмүүс очсон байдаг. Тэд  ажил нураадаг. Гай тарьдаг. 

Амьдрал дээр албан тушаалын мерит зарчимд тэр болгон үйлчлэхгүй. Улс төрийн хэлхээ холбоо, нутаг усны болон хамаатан садан, нэг ангийнхан, нэг фракци гэх мэт хүчтэй хүчин зүйлсийг тооцох ёстой. Дүлзэн-Түгжилүүд улс төрийн маневр хийх чадвар буюу зөв цагт нь зөв хүн, фракцийг дагах, “зөв цагт” хаяад явах мэдрэмжтэй. Хор найруулах чадвар, бялдуучлах, томчуудын нүдэнд байнга өртөж,  байнга гар дор нь байх, босст хэрэгтэй гэдгээ байнга нотолж байх, улмаар дасал болох зэрэг нь эрх мэдэлд хүргэх замын карт дотор байдаг зүйл. 

Дүлзэн-Түгжилүүд үе үе бөөнөөр гарч ирдэг нь уйдах буюу эрх баригчдын явуулж буй бодлогоос, үргэлжилсэн хоосон амлалтаас  сонгогчид залхаж буйн илрэл. Уйдсан, зарим талаар цөхөрсөн сонгогч та бид улсын наадмаар шинэ аварга үгүйлдэгтэй адил  шинэ, өөр бол хэн ч яах вэ гэж, “бор халзан хонь” байсан ч  сонгодог талтай. Энэ нөхцөлд нэр дэвшигчийн ажил хэргийн мэдлэг, зан чанар мөн л гучдугаар асуудал байдаг.  Төлөө биш эсрэг санал өгөх гэж бас нэг хүчин зүйл бий.  

Хэцүү (“ай даа энэ ч хэцүү хүн дээ” гэдэг утгаар хэрэглэв) хүмүүс гарч ирдэг бас нэг учир нь 18 нас, 55 нас хүрсэн байх, Монголд 5 жил тасралтгүй амьдарсан байх, зөвхөн УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлэх гэх мэт хязгаарлалт нь парламентын босгыг өндөрсгөх учиртай ч ихэнх тохиолдолд эсрэг нөлөө үзүүлдэг. Ажил хэргийн чадвар муутай “эрхмүүд”-ийг солих зайлуулах механизм байхгүй, байсан ч ажиллахгүй бол сул нөхөд эрх мэдэлтэйгээ суугаад л байна. 

«Служить бы рад, прислуживаться тошно» гэх зарчмыг баримтлагчид өнөөгийн улс төрийн тогтолцоонд дээш гарах тун хэцүү. Улс орон нийгмийн төлөө зүтгэхэд бэлэн,  харин зарцлагдан боолчлогдохыг үзэн яддаг, эрх чөлөөг эрхэмлэдэг, өөрийн үнэ цэнг мэддэг хүмүүст тун хэцүү цаг иржээ. 

=====================

Ухаантнуудын үг хэллэг, яриа нь бөөрөнхийлөөд байгаа мэт, хэт олон ньюанс агуулсан болдог. Түргэн шуурхай, “тийм үгүй, зөв буруу” гэх мэтийн шууд хариулт өгдөггүй, болгоомжилсон, элдэв нөхцөл дурдсан, эргэлзүүлсэн байдалтай байдаг. Тэд асуудлыг гүнзгий ухсан, мөн чанарыг нь хайсан задлан шинжилгээ, нэгтгэн дүгнэлтийг уураг тархиндаа хийж байхад хажуунаас нь хараад сууж буй нэгэнд, нийгэмд  дэмий цэцэрхэл, маяглал мэтээр ойлгогдож, “борлогдох” чанар нь эрс унадаг. 

Хэрвээ та ажигласан бол том том эрдэмтэд эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, түүх, цаг үеийн хурц, тулгамдсан асуудалд туйлын болгоомжтойгоор, ингэж ч магадгүй, тэгж ч магадгүй хэмээн их өргөн талбарт хариулт хайж эхэлдэг. Тун их эргэцүүлдэг. Өгөгдөл, урьдчилан гаргаж буй таамаглал, дэвшүүлж буй нөхцөлүүд зэргийг уялдаа холбоо, хөгжил хөдөлгөөнд нь аваад үзэхээр тодорхойгүй байдал илт байдаг бөгөөд түүнийгээ л олонд хүргэх гэж чармайдаг. Бодож, болгоомжилж, асуудлаа зөв томьёолох гэж чармайж буй хүмүүсийг, “энэ нэг ядаргаатай юм, цэцэрхээж дандаа ийм юм ярьж байдаг юм” гэх маягаар үл тоож, анзаарах ч үгүй орхидог.

Гэтэл Дүлзэн-Түгжилүүд, популистуудын хэлж ярихыг сонсвол: “би мэднэ, би засаж залруулна, дорхноо шийднэ” гэх мэт итгэлтэй нь аргагүй, ямар ч ардын жүжигчнээс дутахааргүй үндэсний лидерийн дүрд орчихсон мэдэгдэл хийдэг. 

Нийгэм, энгийн иргэдэд хэн нь илүү таалагдах вэ? Ялангуяа олон нийт бухимдсан, үймсэн үед Дүлзэн-Түгжилүүд, популистуудын үйлдэл хэдий бүтэхгүй, тархи угаасан, заль мэх, үнэн бодит байдлаас хол байсан ч олны сонсохыг хүсэн хүлээж буйг илэрхийлэн, сэтгэлийг нь сэргээж, горьдлого мөрөөдөл төрүүлж чаддаг. 

Нийгмийн ухамсар нь мэдлэг боловсролоор биш, харин төрүүлж буй сэтгэгдлээр, сэтгэлийн хөдөлгөөнөөр  бүрэлдэн нөхцөлддөг болохыг дээр дурдсан. 

Худал байсан ч хамаагүй чанга ярьж, ярьж буйдаа өөрөө итгэсэн, өөртөө итгэлтэй мэт дүр эсгэгч “удирдагч шиг” харагддаг байдлыг Даннинг-Крюгерийн эффект гэдэг.

“Тэнэг хүн өөрийгөө мэргэн ухаантан гэж итгэдэг, харин мэргэн хүн өөрийгөө тэнэг гэдгээ мэддэг.” гэж Шекспир нэгэнтээ  дүгнэжээ. Манайхаар бол “тэнэгийн дотор харанхуй” гэлтэй. Хүн тэнэг байх тусмаа асуудал нь юу болохыг мэдэхгүй учраас өөртөө илүү итгэлтэй байдаг, өөртөө илүү итгэлтэй байх тусмаа бусдад илүү итгэл төрүүлдэг, илүү итгэл төрүүлэх тусмаа хүмүүс түүнийг “удирдагч” гэж хүлээж авдаг.

Хамгийн мэдээжийн  зүйлийг өөртөө итгэлтэй ярих дадал зуршилтай, түрэмгий, нүүрэмгий, дээрэнгүй, ичих булчирхайгүй, дайрч давшилсан хүн суудал дээрээ хэдэн ч удаа холбирох чадварын цаана харанхуй бүдүүлэг, асуудлаа мэддэхгүй байгаагаа халхлан, жинхэнэ экспертүүдийг дарамталж буй бусармаг явдал өрнөж байдаг. Үүнийг В.М.Шукшиний “Срезал”  зохиолд сайхан дүрсэлсэн байдаг. Уг зохиолд гардаг тосгоны нэгэн гар шиг хүмүүс толгойд гарч ирээд хэдийнээ эзэгнэхэн суужээ. 

Тиймээс удирдагч болохын тулд “мэддэг биш, мэддэг мэт ярьж чаддаг” байх ёстой юм. 

Хэцүү хүмүүс эрх мэдэлд хүрээд юу болдог вэ? 

Эрх мэдэлд хүрсэн хэцүү  хүмүүс албан тушаал, түүнийг дагасан эрх дарх, ямба, хаялга зэргийн амтыг нэг авсан бол салах аргагүй болдог. Тэд системийг сайжруулах биш, харин өөртөө захируулахыг эрмэлздэг.

Энэ зорилгодоо хүрэх хамгийн найдвартай арга бол: өөрөөсөө сул хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх. Макиавелли үүнийг маш тодорхой хэлсэн байдаг: “Удирдагчийн оюуны чадамжийг үнэлэх энгийн арга бол түүний тойрон хүрээлэгчдийг харах хэрэгтэй.” Чи хэнтэй найз гэдгээ хэл, тэгвэл чамайг хэн болохыг хэлье.”

Саармаг хэцүү хүмүүс, Дүлзэн-Түгжилүүд өөрийгөө байнга “нөхөн үйлдвэрлэж” улмаар бүхэл бүтэн тогтолцоо, давхарга үүсгэдэг. 

Сул дорой удирдагч оюуны чадалтай, хүчтэй хүнээс айдаг. Хажууд нь гайгүй нэг өрсөлдөгч гараад ирэхийг тэсвэрлэхгүй. Тиймээс ажил хэргийн мэдлэгтэй, ухаантай хүмүүсийг биш харин бялдууч, дуулгавартай, лояал, аялдан дагагч, асуудал шийдэх биш харин нууж чаддаг хүмүүсийг хажуудаа татаж авчирдаг. Ингээд гинжин урвал үүснэ. Хуурамч, ажил хэргийн мэдлэг чадваргүй нэг хүн дээш гараад ирвэл, түүний доод албан тушаалтнууд ч мөн адил тийм ажил хэргийн мэдлэггүй, ур чадваргүй хүмүүс байх ёстой болдог. Ингэснээр бүх тогтолцоо саармаг, айдас, дүр эсгэлт, авлигад тулгуурлах болно.

Үүний жишээг холоос хайгаад хэрэггүй. Манай засгийн газар, агентлагийн гол гол албан тушаал төрөл бүрийн сайдын, намын үнэнч хүмүүсээр дүүрсэн болохыг хэвлэлээр тогтмол шуугьдаг болсон байна. Эл байдлын үр дагавар нь — эдийн засгийн сүйрэл, төрийн байгууллагуудын задрал. Гайгүй хүн тушаалд томилсон ч ажиллах бололцоог нь хангахгүй, хажууд бөөн шахааны нөхөд, мэдээлэгч, матаасчидаар бүслэн, гар хөлийг нь тушаад орхидог.

Дүлзэн-Түгжилүүдийн эрх мэдэлд автагдсан төр нь  гэрэл гэгээ, ил тод байдлаас айж, аль болох харанхуй сүүмэлзсэн, хаалттай байдлыг хүсдэг, үүнийгээ ч бүрдүүлдэг. Учир нь эл нөхцөлд тэдний алдаа дутагдал нь далдлагдаж, үл үзэгдэх билээ. Яг ийм учраас шүүмжлэл, эргэлзээ, шинжлэх ухаан — өөрөөр хэлбэл тэдний эрх мэдэлд сүүдэр тусгах магадлалтай бүгд тэдний “дайсан” болно. Нийгэм тэр чигээрээ эл “тоглоом”-ын нэг хэсэг болж улмаар нүднээс далд нам гүм байх, олон юм ярихгүй байх, даган баясах орчин, улмаар уламжлал бүрэлдэнэ. Хурц асуулт тавивал тэрслэгч, санал нийлээгүй нь урвагч болно. Яг ийм механизм бүрэлддэг тухай “Хунтайж”-даа Макиавелли яриад байгаа билээ.

Дүлзэн-Түгжилүүд, хэцүү хүмүүсээр удирдуулсан систем хөгжих боломжгүй. Дотроосоо ялзран мөхдөг. Хамгийн гунигтай нь ийм бүтэц өөрийгөө үргэлжлүүлэн нөхөн үйлдвэрлэдэг. Ажил хэргийн мэдлэггүй нөхөр албан тушаал ахих тутам түүний харьяанд ажил хэргийн үгээгүйчүүдийн хамтлаг буй болдог. Эл бүхнийг толгойлогч нь үнэнд гүйцэгдэхээс сүнс нь зайлтал айдаг. 

Яагаад бид ийм хүмүүсийг дахин дахин сонгосоор байдаг вэ?

Явсаар байгаад өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр бүтэлгүй, өөдгүй хэцүү хүмүүс, Дүлзэн-Түгжилүүдгэдгийг бид нарийндаа мэдсээр байж тэднийг дахин дахин өргөмжлөн сонгодог нь ямар учиртай вэ? Хүний эволюци, сэтгэл зүйн онцлогоос хамааралтай тухай өмнө нь өгүүлсэн. 

Дүлзэн-Түгжилүүдэд ёс суртахууны (совесть – одоо болтол бид орчуулж чадахгүй байгаа) шалгуурууд үйлчлэхгүй. Эрх мэдэл үү эсвэл ёс суртахуун уу?  гэх сонголтоос тэр этгээд эрх мэдлээ л сонгодог. Никола Макиавелли  тэр ёс суртахуун гэдэг юм чинь эрх мэдэлд хүрэх замд чинь гай, саад тотгор болно гэж шууд л хэлсэн байдаг. “Эрх мэдлээ хадгалахыг хүсэж байгаа бол шударга бус, хүн чанаргүй, ёс суртахуунгүй байхад суралцаж, хэрэгтэй үедээ энэ чадвараа ашиглаж чаддаг байх ёстой.” 

Улайм цайм худал хэлж, бусдыг гүтгэн доромжилж, гутааж, худалдагсан хэвлэл мэдээлэл, нийгмийн сошиал сүлжээгээр шудрага  хүний нэр төрийг баллахыг хэн хийж байгааг сонгогчид ард иргэд мэдсээр харсар байж тэднийг дэмжиж эрх мэдэлд дэвшүүлдэг. Үүний тайлбарыг Р.Коуз хийсэн байдаг. Түүнийхээр, ёс зүйн хязгаарлалтгүй хүн төрөл бүрийн арга заль ашиглаж, дүрмийн болон дүрмийн бус талбарт нэгэн зэрэг ажилладаг. Хоёр талбаай талбар дээр тоглож байгаа нь эхнээс давуу байдалтай байдаг. Хэцүү хүмүүс эргэлзээ, дотоод зөрчилгүй улайран дайрч, замдаа тааралдсан “машиндаад” гардаг. 

Энэ байдалд нийгэм, олон нийт дасаж, хүлээн зөвшөөрдөг нь хамгийн гунигтай бөгөөд аюултай билээ. Худал хуурмагийг бараг ажлын арга барил, харгислалыг хүч гэж ойлгодог,  ёс зүйгүй байдлыг нийгмийн тогтсон хэм хэмжээ “шинэ хэвийн байдал” гэж үздэг, бараг үнэлэмжийн хэмжээнд өргөмжилсөн нийгэм бүрэлджээ. Шударга бус арга эрх мэдэл авчирдаг. Бусдын тархи толгой эргүүлэх, худал хуурмаг байдал, залилан зэрэг нь суу заль гэж өргөмжлөгдөн, хэцүү хүмүүс, Дүлзэн-Түгжилүүдийн ажлын үндсэн арга хэрэгсэл болжээ.

Эл бүгдээс үүдэн философийн гэмээр нэг асуудал тодорно. Хэрвээ  систем ёс суртахуунгүй байдлыг өөгшүүлдэг юм бол бид ёс суртахуунтай нийгмийг бүтээж чадах уу? Эсвэл эрх мэдэл бол зайлшгүй цинизмд тулгуурладаг гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй юу? Хэрвээ ухаалаг, ёс зүйтэй, шударга хүмүүс үүрд сүүдэрт үлдэж, байнга хавчигдан шахагдаж байдаг бол, цээжээ дэлдэн чанга орилогчид, бүдүүлэг, ичиж зовох гэдгийг мэддэггүй хүмүүс тайзан дээр гарч, гол тоглогчид болдог юм бол яах вэ? 

Миний ойлгож байгаагаар засаглал, эрх мэдлийн жинхэнэ мөн чанарыг ойлгосноор бид өөрсдийгөө болон нийгмээ түүний гажуудлаас урьдчилан сэргийлж, хамгаалж чадна. Аливаа нэгэн гаж үзэгдэл тухайлбал, худалтай тэмцэхийн тулд бид түүнийг таних хэрэгтэй. Худал хуурмаг, залилан, ичгүүр сонжуургүй байдал зэргийг хараагүй мэт, байхгүй мэт үгүйсгэсэн байдлаар хандах бөгөөс асуудал шийдэгдэхгүй. Харин эл бүх бузар булайн бүтэц, механизмыг илчлэн, ямар арга замаар муу муухай эрх мэдэлд очиж байгааг задлан шинжилж, тодорхойлох нь чухал.

Хэрвээ эр зориг, ёс зүйг мэргэн ухаан бодолтой, интеллекттэй хослуулан уялдуулж чадвал ажил хэргийн мэдлэг үнэлэгддэг, эргэх холбоо нь олны тархи угаах биш харин ил тод байдлын баталгаа болсон, алиа салбадай зугаа цэнгээний биш, харин хөгжилд хөтлөгч төр бүрэлдэх юм. 

Төрөө хамгаалах бүтэц, механизм ажиллах ёстой. Төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, тэнцвэржүүлэх, харилцан хяналтын механизмыг бүрэн хэмжээгээр ажиллуулах шаардлагатай. Хараат бус, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоо, зөвшилцлийн механизмыг бүрэн утгаар ажиллуулж сурах ёстой юм. 

Ямар ард түмэн байна, яг тийм төр байгаа гэдгийг ч мартаж болохгүй.

Мэдээж хэрэг энэ бүгдийн цаана хүн байх ёстой. “Хоёр хүн явж байвал нэг нь дарга, ганцаараа бол малгай нь дарга” гэсэн зүйр үгний утга нь хүний субъектив хүсэл зоригоос ангид институционал бүтэц байх тухай билээ. Эл бүтэц дотор буй улс төр гэдэг нь улс дотор өөрийгөө хэрхэн авч явах, захирах захирагдах ёс хэм хэмжээ, тоглоомын дүрмийг илэрхийлсэн ойлголт юм. 

Хүн өөрөө асуудалд буурь суурьтай хандах, тунгаан эргэцүүлэн бодох чадвартай байхын тулд тодорхой улс төрийн мэдлэг боловсролтой байх ёстой. Энэ мэдлэг боловсролыг эзэмших нь иргэний үүрэг юм. 

Чигч шулуун зарчимтай, ажил хэргийн өндөр мэдлэгтэй, нийгмийн төлөө гэсэн чин  сэтгэлтэй, алд биеэ алдагдахуйд биш ахуй төрөө хямрахаас эмээдэг төрийн хар хүмүүсийн албан тушаал дээд зэргийн хүндлэл хүлээх ёстой. 

Харанхуйн мөн чанарыг ойлгоно гэдэг нь түүнд захирагдах гэсэн үг биш — харин гэрэл гаргах хүчийг олох гэсэн үг юм.


  


[i] Үнэндээ энэ сэдвийг хэдэн мянган жилийн өмнө Лаоцы, Платон зэрэг мэргэдээс эхлээд Н.Макиавелли хүртэл дэлгэрэнгүй хөндөж, анатомийг нарийвчлан судалсан байдаг. Ямар ч болсон 2500 гаруй жилийн турш өөрчлөгдсөн зүйл ховор.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *